| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/50 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/50
2024 01 31 2024/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт М-ын Г-д холбогдох эрүүгийн 2325000000588 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн, Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, А овогт М-ын Г- /рд: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0 дугаар гудамжны 0 тоот хашааны гадна байршуулсан байсан хохирогч Ц.Т-гийн жолоодож явсан У.Л-ийн эзэмшлийн тоёота приүс 20 загварын 00-00 дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...Архинаас болоод ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Уучлаарай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Ц.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хүүхдээ өглөө бүр цэцэрлэгт нь машинаар хүргэж өгдөг. Тэр өдөр ч гэсэн хүүхдээ хүргэж өгөх гээд өглөө босоод машинаа хашаан дотроо асааж халаасан. Тэгээд хүүхдээ босгож, хувцсыг нь өмсгөж цайг нь уулгаад яг авч явахад бэлэн болгоод өөрөө гэрээсээ гарч хашааны том хаалгыг онгойлгож машинаа гаргаж зогсоогоод эргэж хашаандаа орж машин гаргасан хаалгаа дотор талаас нь цоожлоод гэртээ орж хүүхдээ аваад гараад ирсэн чинь хэн нэгэн хүн миний машиныг унаад гэр хорооллын эцсийн буудал зүгт явж байсан. Миний машин асаалттай байсан болохоор цоожгүй онгорхой, түлхүүр нь дотор талдаа байсан юм. ...Хүн машин унаад явж байхыг хараад эргэж гэртээ хүүхдээ үлдээгээд машиныг минь унаад явсан зүгт явсан. Тэгээд гэр хорооллын эцсийн буудал болон тэр хавийн гудамжаар машинаа хайгаад явж байхад миний машин гэр хорооллын эцсийн буудал дээр байдаг “Отгонтэнгэр” дэлгүүрийн хойд талын замаар баруун талаасаа юу, хойд зүгээс үү мэдэхгүй гараад ирсэн. Тэгэхээр нь би урдуур нь орсон чинь зогссон. Тэгэхээр нь жолооч талын хаалган дээр яваад очиход согтуу туранхай шар царайтай залуу жолоодоод явж байсан. Энэ үед машинаас хоёр байна уу гурван хүн буугаад зугтаасан. Тэгээд цагдаа дуудаж бариулсан. 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанхүүгийн Л-э гэж хүний нэр дээр бүртгэлтэй. Миний хадам аав М- 3 жилийн өмнө 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хадам аав М- өөрөө эзэмшиж байгаад 2023 оны намар хүүхдээ цэцэрлэгт зөөхөд машин хэрэгтэй гээд энэ машиныг надад бэлэглээд явсан. Одоо миний машин гэж ойлгож болно. ...”, “...Намайг хашааны хаалгаар гараад ирэхэд баруун зүгт буюу гэр хорооллын эцсийн буудал зүгт миний машин явж байсан. Араас нь харахад хойд талын цонхоор нь жолоочийн суудал дээр нэг хүн харагдсан. Бусад суудал дээр нь хүн суугаагүй байсан. Тэгэхээр нэг л хүн миний машиныг авч явсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13х/,
- Гэрч В.Ц-а мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г-тэй уулзаад архи уух гэж байхад худгийн хажууд зам дээр цагаан өнгийн Тоёота Приүс-20 загварын машин ирж зогсоод жолооч талын хаалганы цонхоор нэг хүн намайг дуудсан. Харсан чинь гэр нь Цагаанчулуут багт байдаг Г- гэж залуу байсан. Г- Г- бид хоёрыг дуудахаар нь очсон чинь найзынхаа машинд суу. Миний машин гэж хэлсэн. Тэгэхээр нь Г- бид хоёр чи ийм машинтай байсан юм уу гээд машинд нь суусан. Тэгтэл Г- ийшээ яваад хүн аваад ирье гээд эргээд ахмадын буудал руу явж ахмадын буудлаар тойроод Даваат багт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл-2” дэлгүүрийн ойролцоо очиж зам дээр зогсоод эндээс нэг хүн гарч ирнэ гээд хэсэг зогсож байгаад за за гарч ирэхгүй юм байна гээд эргэж яваад гэр хорооллын эцсийн буудлын урд талд байдаг сүмийн харалдаа байдаг засмал замаар баруун талаасаа орж ирээд эцсийн буудал дээр “Отгонтэнгэр” дэлгүүрийн хойд талд эргэх үед нэг залуу бид нарын урдуур орж ирээд дайруулах шахам зогссон. Энэ үед Г- машинаа зогсоосон чинь нөгөө залуу миний машиныг чи яахаараа хулгай хийдэг юм бэ гээд Г-г бариад авахаар нь Г- бид хоёр хэрэгт орох юм байна гээд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17х/,
- Гэрч У.Л-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би уг 00-00 УНП улсын дугаартай тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сард зарын дагуу хүнээс худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь одоо миний эзэмшил, ашиглалтад байдаггүй. Тухайн тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгслийг хүн зөвшөөрөлгүй авч явсантай холбоотой гаргах гомдол байхгүй. Учир нь би тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулаад итгэмжлэл хийж өгөөд явуулсан учраас. Санал, гомдол гаргах бол тухайн худалдаж авсан хүн нь л гаргах байхаа. Уг асуудал надад хамааралгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
-Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 онд фейсбүүк үзэж байгаад 00-00 УНП улсын дугаартай тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарыг хараад тухайн зар дээр байсан гар утсаар холбогдож 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзэж хараад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн охин М-ы И-гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн 7 сая төгрөгөөр худалдаж авсан. ...Би эхнэрийнхээ хамт 2023 оны 10 дугаар сарын дундуур Орхон аймагт хүргэн Ц.Т-гийн гэрт ирж хэд хоноод буцсан. Охин У- хувийн байгууллагад ажилладаг, зээ охин гэр хорооллоос хотын төв рүү цэцэрлэгт явдаг, охин, хүргэн хоёр өөрсдөө машин унаагүй хүүхдээ хүйтэнд цэцэрлэгт зөөхөд хэцүү байхаар нь өөрийн 00-00 УНД улсын дугаартай тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг эхнэр, хүүхдээ ажил, цэцэрлэгт нь зөөж бай гээд хүргэн Ц.Т-д бэлэг болгож өгсөн. Одоо дээрх машин хүргэн Ц.Т-д байгаа. Би нэгэнт машинаа хүргэндээ бэлэг болгон өгсөн болохоор миний зүгээс гаргах гомдол, санал байхгүй. Хүргэн Ц.Т- л энэ асуудлаа шийдвэрлэх байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
-Гэрч Д.У- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би нөхөр хүүхдийнхээ хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 8-10 тоотод оршин суудаг. Миний аав, ээж Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд аав минь 00-00 УНП улсын дугаартай тоёота приүс маркийн машиныг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худалдаж аваад өөрөө эзэмшиж, ашиглаж байгаад 2023 оны 10 дугаар сард манай гэрт ирээд буюу Орхон аймагт ирээд явахдаа өвлийн хүйтэнд миний машинаар хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж бай гээд миний нөхөрт бэлэг болгон өгөөд явсан. Би өөрөө хувийн гоо сайхны салонд гоо сайханч ажилтай. хүүхэд минь 2 настай, Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгт явдаг болохоор өглөөд нөхөр маань хүү бид хоёрыг ажил, цэцэрлэгт нь 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгдөг. Энэ хэрэг болсон өдрийн өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө яг л явдгаараа нөхөр бид хоёр хүүхдээ аваад явах гээд 07 цаг өнгөрч байхад нөхөр машинаа халааж байгаад намайг хүүхдээ аваад гэрээс гарах хооронд машинаа хашааны гадна гаргаж тавиад эргээд гэрт орж ирсэн. Бид хоёр удалгүй хүүхдээ аваад гэрээсээ гараад хашааны хаалга руу явж байхад машин хөдлөөд явах чимээ гарахаар нь гүйгээд хашааны хаалгаар гарч ирэхэд манай машин ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад манай гудамжны үзүүрийн хойд зүг рүү тойроод явсан. Тэгээд манай нөхөр араас нь орилоод гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
-М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би одоо сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Нэг өглөө гэр хорооллын эцсийн буудал руу алхаж явсан чинь нэг асуулттай тоёота приүс маркийн машин нэг хашааны гадна зогсож байсан. Тэгэхээр нь би ороод унаад явчихсан юм. Гэр хорооллын эцсийн байдал руу явсан. Тэндээс хоёр найзыгаа суулгаад тэгээд хаашаа явсан юм бэ мэдэхгүй. Тэгээд Отгонтэнгэр дэлгүүрийн урдаас баригдсан. Надтай сууж явсан хүмүүс ярихдаа чи ахмадын буудлын тийшээ яваад эргэж явж байгаад баригдсан гэж хэлж байна лээ. Би Цагаанчулуут багийн 0-0 тоотод ганцаараа амьдардаг. 10 сарын 25-ны өдрийн орой гэр хорооллын эцсийн буудал дээгүүр хүмүүстэй архи ууж явж байгаад шөнө гэртээ ганцаараа харьж очоод маргааш өглөө нь шараа тайлах гээд явж байсан юм. Миний урд өдрийн уусан архи гүйцэд гараагүй манараатай л явж байхад тэр машинтай таарсан. Би гэрээсээ гараад гэр хорооллын эцсийн буудал руу явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Хохирогч Ц.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0 дугаар гудамжны 0 тоот гэрийнхээ хашааны гадаа Тоёота приүс 20 маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай үлдээгээд хүүхдээ авахаар гэр лүүгээ орсны дараа шүүгдэгч М.Г- нь тээврийн хэрэгслийг бариад явсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүгдэгч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Т-гийн “...Би хүүхдээ өглөө бүр цэцэрлэгт нь машинаар хүргэж өгдөг. Тэр өдөр ч гэсэн хүүхдээ хүргэж өгөх гээд өглөө босоод машинаа хашаан дотроо асааж халаасан. Тэгээд хүүхдээ босгож, хувцсыг нь өмсгөж цайг нь уулгаад яг авч явахад бэлэн болгоод өөрөө гэрээсээ гарч хашааны том хаалгыг онгойлгож машинаа гаргаж зогсоогоод эргэж хашаандаа орж машин гаргасан хаалгаа дотор талаас нь цоожлоод гэртээ орж хүүхдээ аваад гараад ирсэн чинь хэн нэгэн хүн миний машиныг унаад гэр хорооллын эцсийн буудал зүгт явж байсан. Миний машин асаалттай байсан болохоор цоожгүй онгорхой, түлхүүр нь дотор талдаа байсан юм... гэр хорооллын эцсийн буудал болон тэр хавийн гудамжаар машинаа хайгаад явж байхад миний машин гэр хорооллын эцсийн буудал дээр байдаг “Отгонтэнгэр” дэлгүүрийн хойд талын замаар баруун талаасаа юу, хойд зүгээс үү мэдэхгүй гараад ирсэн. Тэгэхээр нь би урдуур нь орсон чинь зогссон. Тэгэхээр нь жолооч талын хаалган дээр яваад очиход согтуу туранхай шар царайтай залуу жолоодоод явж байсан... Араас нь харахад хойд талын цонхоор нь жолоочийн суудал дээр нэг хүн харагдсан. Бусад суудал дээр нь хүн суугаагүй байсан. Тэгэхээр нэг л хүн миний машиныг авч явсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч В.Ц-ын “...Г-тэй уулзаад архи уух гэж байхад худгийн хажууд зам дээр цагаан өнгийн Тоёота Приүс-20 загварын машин ирж зогсоод жолооч талын хаалганы цонхоор нэг хүн намайг дуудсан. Харсан чинь гэр нь Цагаанчулуут багт байдаг Г- гэж залуу байсан. Г- Г- бид хоёрыг дуудахаар нь очсон чинь найзынхаа машинд суу. Миний машин гэж хэлсэн. Тэгэхээр нь Г- бид хоёр чи ийм машинтай байсан юм уу гээд машинд нь суусан. Тэгтэл Г- ийшээ яваад хүн аваад ирье гээд эргээд ахмадын буудал руу явж ахмадын буудлаар тойроод Даваат багт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл-2” дэлгүүрийн ойролцоо очиж зам дээр зогсоод эндээс нэг хүн гарч ирнэ гээд хэсэг зогсож байгаад за за гарч ирэхгүй юм байна гээд эргэж яваад гэр хорооллын эцсийн буудлын урд талд байдаг сүмийн харалдаа байдаг засмал замаар баруун талаасаа орж ирээд эцсийн буудал дээр “Отгонтэнгэр” дэлгүүрийн хойд талд эргэх үед нэг залуу бид нарын урдуур орж ирээд дайруулах шахам зогссон. Энэ үед Г- машинаа зогсоосон чинь нөгөө залуу миний машиныг чи яахаараа хулгай хийдэг юм бэ гээд Г-г бариад авахаар нь Г- бид хоёр хэрэгт орох юм байна гээд зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.М-ы “...Би 2021 онд фейсбүүк үзэж байгаад 00-00 УНП улсын дугаартай тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарыг хараад тухайн зар дээр байсан гар утсаар холбогдож 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзэж хараад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн охин М-ы И-гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн 7 сая төгрөгөөр худалдаж авсан...Охин У- хувийн байгууллагад ажилладаг, зээ охин гэр хорооллоос хотын төв рүү цэцэрлэгт явдаг, охин, хүргэн хоёр өөрсдөө машин унаагүй хүүхдээ хүйтэнд цэцэрлэгт зөөхөд хэцүү байхаар нь өөрийн 00-00 УНД улсын дугаартай тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг эхнэр, хүүхдээ ажил, цэцэрлэгт нь зөөж бай гээд хүргэн Ц.Т-д бэлэг болгож өгсөн. Одоо дээрх машин хүргэн Ц.Т-д байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.У-ын “...Миний аав, ээж Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд аав минь 00-00 УНП улсын дугаартай тоёота приүс маркийн машиныг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худалдаж аваад өөрөө эзэмшиж, ашиглаж байгаад 2023 оны 10 дугаар сард манай гэрт ирээд буюу Орхон аймагт ирээд явахдаа өвлийн хүйтэнд миний машинаар хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж бай гээд миний нөхөрт бэлэг болгон өгөөд явсан. Би өөрөө хувийн гоо сайхны салонд гоо сайханч ажилтай.,хүүхэд минь 2 настай, Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгт явдаг болохоор өглөөд нөхөр маань хүү бид хоёрыг ажил, цэцэрлэгт нь 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгдөг. Энэ хэрэг болсон өдрийн өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө яг л явдгаараа нөхөр бид хоёр хүүхдээ аваад явах гээд 07 цаг өнгөрч байхад нөхөр машинаа халааж байгаад намайг хүүхдээ аваад гэрээс гарах хооронд машинаа хашааны гадна гаргаж тавиад эргээд гэрт орж ирсэн. Бид хоёр удалгүй хүүхдээ аваад гэрээсээ гараад хашааны хаалга руу явж байхад машин хөдлөөд явах чимээ гарахаар нь гүйгээд хашааны хаалгаар гарч ирэхэд манай машин ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад манай гудамжны үзүүрийн хойд зүг рүү тойроод явсан. Тэгээд манай нөхөр араас нь орилоод гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрч У.Л-э, Ш.М- нарын мэдүүлгээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд 00-00 УНП улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь Ц.Т- болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч М.Г-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Г-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Т- хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгч М.Г- “...Дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч М.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Г-г 3 /гурван/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэсвгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ