Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2425000000155 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” зочид буудалд Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгой тус газар нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харийцлагыг зөвшөөрч байна. Хохирогчид 1 300 000 орчим төгрөг төлсөн” гэв.

 

            Хохирогч Ч.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Б-н “2024 оны 02 дугаар сарын 03-ны орой цагийг нь санахгүй байна, ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байхад арван жилийн ангийн хүүхэд болох С  над руу залгаж ангийнхан чинь уулзаж байна. Чи ирэх юм байгаа биз дээ заавал ирээрэй гэж дуудсан, шөнө 00 цагийн орчим караоке хаалгаа барихаар нь бид нар Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” нэртэй буудал руу очсон. Буудлын өрөөнд байхад Б , С  хоёр гадагшаа гарч 3 шил архи авчирсан. Сүүлд архи ууж байхад Н  , С , Э , Б  нар орон дээр хэвтэж байсан ба архи ууж байхад намайг юм хэлэхээр Б  миний хэлсэн зүйлийг үгүйсгэж, үг сөрөөд байсан. Энэ үед би Б д хандаж асуудал байгаа бол хоёулаа гараад учраа олъё гэж хэгтэл тэгье гэсэн утгатай үг хэлсэн. Ингээд намайг бие засах өрөө рүү ороод гарч иртэл Б  миний араас хүрч ирээд баруун нүд рүү гараараа цохиж буйдан руу түлхэж унагаасан. Би унахдаа Б гийн хувцаснаас зуурч хамт унасан. Би буйдан дээр унах үедээ Б гийн дээр нь гарч суугаад хоорондоо зууралдсан ба энэ үед Б  ширээн дээрээс архины шил аваад толгой болон нүүр рүү маш олон удаа цохисон. Намайг Б д зодуулж байхад Б  голоор орж ирээд салгасан. Үүний дараа би гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хамгийн эхлээд миний баруун нүд рүү нэг удаа гараараа хүчтэй цохисон. Дараа нь буйдан дээр зууралцаж байхад архины шилээр 3-4 удаа толгой нүүр рүү цохисон. Надад Б г цохиж зодсон зүйл байхгүй. Энэ явдлын дараа Б  болон түүний эхнэр нь надтай хамт эмнэлэгээр явсан. Шинжилгээ өгөх үед хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Тархиар хааяа таллаж өвдөөд байна, мөн шилэн хүзүү хөшөөд байна. Өөрөөр бол биеийн байдал дажгүй байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар бие засах өрөөнөөс гарч ирэх үед Б  миний нүүр хэсэг рүү маш хүчтэй нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамрыг хугалсан. Харин дараа нь архины шилээр толгой руу хэд хэдэн удаа цохиж толгой хагалсан. Тэр шөнө Б  намайг зодож улмаар миний биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-11-р тал/

2. Гэрч Ө.Б-н “шөнө дунд 103 тоот өрөөнд хүмүүс шуугиад байхаар нь явж очоод чимээгүй байх талаар сануулсан. Шөнө цагийг нь санахгүй байна 103 тоот өрөөнд хүмүүс шуугиад байхаар нь яваад ортол нэг 35-40 орчим настай шар залуугийн толгой хагарчихсан, нүүр нь цус болсон байдалтай байсан ба юу болсон талаар асуухад толгой нь хагарсан залуу архины шилээр толгой руугаа цохиулаад хагарчихлаа гэсэн мөн дэргэд нь байсан үеийнх нь насны бор царайтай залуу би архины шилээр цохиод толгойг нь хагалчихсан гэж хэлэхээр нь би толгойгоо хагалуулсан эрэгтэйг яг одоо явж эмчид үзүүл, цагдаа дууд гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/

3. Гэрч Н.С гийн “Хүмүүс хоорондоо маргалдах чимээ гарахаар нь өндийгөөд хартал Б ын толгойноос цус гоожиж нүүр нь цус болсон байсан. Мөн тухайн үед Б , Б  хоёр хоорондоо хэрэлдэж байсан ба голоор нь Б  орчихсон салгаж байсан. Тэр хоёрыг больцгоо гэж хэлээд зогсож байтал Б  Б д хандаж чи миний толгойг архины шилээр цохиж хагалсан гэж уурлаж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай “Хэсэг газрын үзлэгт “духны дунд дээд хэсэгт V хэлбэрийн, зулайн ар хэсэгт хөндлөн байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд хавдсан. Цээжний зүүн дээд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт шаргал өнгийн цус хуралттай. Тэмтрэлтээр хамарт эмзэглэлттэй, тэгш хэм алдагдсан. Ч.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 21-22-р тал/

5. Яллагдагч Э.Б-г ийн “уурандаа Б ын нүүр рүү 3-4 удаа, толгой руу нь архины шилээр 2-3 удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” зочид буудалд Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр толгой тус газар нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Б-н “...Б  миний араас хүрч ирээд баруун нүд рүү гараараа цохиж буйдан руу түлхэж унагаасан. Би унахдаа Б гийн хувцаснаас зуурч хамт унасан. Би буйдан дээр унах үедээ Б гийн дээр нь гарч суугаад хоорондоо зууралдсан ба энэ үед Б  ширээн дээрээс архины шил аваад толгой болон нүүр рүү маш олон удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Б-н “...35-40 орчим настай шар залуугийн толгой хагарчихсан, нүүр нь цус болсон байдалтай байсан ба юу болсон талаар асуухад толгой нь хагарсан залуу архины шилээр толгой руугаа цохиулаад хагарчихлаа гэсэн мөн дэргэд нь байсан үеийнх нь насны бор царайтай залуу би архины шилээр цохиод толгойг нь хагалчихсан гэж хэлэхээр нь би толгойгоо хагалуулсан эрэгтэйг яг одоо явж эмчид үзүүл, цагдаа дууд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Н.С гийн “...Б  Б д хандаж чи миний толгойг архины шилээр цохиж хагалсан гэж уурлаж байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.Б-г ийн “...уурандаа Б ын нүүр рүү 3-4 удаа, толгой руу нь архины шилээр 2-3 удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” зочид буудалд Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр толгой тус газар нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Э.Б-г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Ч.Б д хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д зааснаар хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А