| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
2024 01 31 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Б-гийн З-д холбогдох эрүүгийн 2325000000486 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 00 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй 0 настай дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “хх” ТӨҮГ-т .... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Б-гийн З- /рд: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.З- нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” төвийн гадаа 2023 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 10 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч Б.У-ийн зүүн чих рүү цохиж эрүүл мэндэд нь “чихэнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр Ххх төвд ажлын газрынхантайгаа хамт пиво уусан. Тэгээд сууж байхад Н- гэх хүн намайг ажлын газрын О- гэх хүнтэй явалдсан гэж хэлсэн. Тэгээд би уурлаад Н-тэй маргалдсан. Нөхөр нь өмөөрөөд нөхөртэй нь маргалдсан. Яллах дүгнэлт дээр гарч байгаа шиг пивоны бакал авч дайрсан асуудал байхгүй мөн би нэг л удаа цохисон. Яллах дүгнэлтэд 2 удаа цохисон гэж гараад байгаа. Мөн Н- гэх хүн намайг маш олон удаа цохисон. Энэ талаар огт дурдагдаагүй. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан учраас өнөөдөр би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Б.У-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой эхнэр Н- болон ажлын газрын хүмүүстэй хамт хоол идэж ганц нэг пиво уухаар “Ххх" төвийн 1 давхарт байрлах зоогийн газарт орсон. Бид нар хамтдаа нэг тусгай өрөөнд нь орж цуг суусан. Үүний дараа хоол идэж ганц нэг пиво ууж юм ярьж сууцгаасан. Уг нь бид нар тоглоомоор нэгнийгээ явуулж инээлдэж сууж байсан боловч гэнэт З- манай эхнэртэй маргалдах шиг болж улмаар над руу уурласан. Энэ үед З- бид хоёрын дунд маргаан үүсэхэд хамт байсан хүмүүс больцгоо гээд бид нар хамтдаа гадаа гарсан. Угаасаа зоогийн газрын хаах цаг болчихсон байсан. Би гадна гараад З-д хандан ах нь тоглоом хийж байгаад буруу зүйл ярьж хэлсэн бол уучлаарай гэж хэлээд ярилцахаар хамт байсан хүмүүсээсээ холдож Ххх төвийн араар алхаж зүүн талд нь очиж зогссон. Энэ үед бид хоёр нуруунаасаа тэврэлдээд алхсан ер нь бараг эвлэрчихсэн байсан. Гэтэл З- намайг гараараа арагш түлхэж баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гайхаад чи эвлэрнэ гэж хэлчихээд яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд З- руу ойрттол дахин баруун гараараа миний зүүн чих рүү хүчтэй цохисон. З- намайг 2 удаа цохисон учраас бариад авъя гэж бодоод урагшаа алхтал миний зүүн чихнээс нэг зүйл доошоо урсаж эхэлсэн. Гараараа хүрч үзтэл цус гоожиж байсан үүнийг хараад би цуг явсан хүмүүс рүүгээ гүйж очоод З- намайг цохичихлоо миний чихнээс нэг юм гоожоод байна, хараад өгөөч гэж хэлсэн. Мөн З- араас хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад байсан. ...Энэ явдлын маргааш З- надтай уулзаад уучлал гуйсан. Надад З-тай холбоотой гаргах сэтгэл санааны хохирол, гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9х/,
- Гэрч Л.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Дотор ороод бид нар нэг vip өрөөнд нь орсон. Үүний дараа хоол цай идэнгээ тоглоом шоглоомоор би З-д хандан чи ажлын газрын О-тай ямар холбоотой юм бэ гэж хэлэхэд эхлээд З- зүгээр инээгээд тэр чинь манай хүүхдийн зүгээр зургийн багш нь байгаа юм гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа З- өөр дээр нь хундагатай архи ирэх үед сандлаасаа босож ирээд хар пизда нараа дуугүй байж бай, миний хэлэхийг сонс гэж хашхирсан. Тэр үгийг хамт байсан хүмүүс сонсоод чи юу яриад байгаа юм бэ, хүмүүсийг тэгж хэлж болохгүй гэж З- руу бухимдсан. ...Өрөөнд байхад З- ширээн дээр байсан лаазтай пиво авч манай нөхөр рүү цохих гэж далайгаад надтай гараад үзчих хүн байна уу гээд зодолдох гэхээр нь тэнд байсан хүмүүс боль гээд салгасан. Үүний дараа бид нар зоогийн газраас гарахад З- хамт байсан хүмүүстээ хандан бид хоёр ийшээ яваад учраа ольё, та нарын хэн ч битгий оролцоорой гээд тэврэлдээд "Ххх" төвийн зүүн тийшээ тойроод алхсан. Тэгэхээр нь бид нар удахгүй ирэх байх гэж бодоод зам дээрээс такси бариад Гантуяаг явуулсан. Удалгүй манай нөхөр хүрч ирээд З- намайг цохисон гээд зүүн чихнээс нь цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,
- Гэрч Э.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой ажлын газрын хүмүүстэй хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Урт булаг багт байрлах Ххх төвийн зоогийн газарт орсон. Дотор ороод бид нар хоол цай идэнгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Цагийг нь сайн санахгүй байна. юм яриад сууж байтал Н- эгч тоглоомоор З- ахыг хүүхдийнхээ хичээл ордог багштай уулздаг гэсэн утгатай зүйл хэлээд бөөнөөрөө инээлдээд байсан. Тэгтэл З- ах уурлаад тэр эмэгтэй чинь миний хүүхдийн зургийн багш, хажуу айл, ямар нэгэн дотно харилцаа байхгүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Ингээд дотор бага зэрэг маргаан үүссэн. Шөнө 00 цагийн үед зоогийн газар хааж бид нар такси барихаар гадаа гарсан. Явах гээд үүдэнд зогсож байтал У-э, З- ах хоёр тэврэлдээд Ххх төвийн хойшоо харанхуй хэсэг рүү алхаад явсан. Удалгүй У-э ахын зүүн чихнээс цус гоожчихсон бид нарт З- миний чих рүү цохисон миний чих яасан байна. цус гоожоод байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 802 дугаартай:
1.Б.У-ийн биед чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох курмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21х/,
-Иргэн Л.Н-ээс Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 6х/,
- Шүүгдэгч Б.З-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.З- нь хохирогч Б.У-ийн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.З- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” төвийн гадаа 2023 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 10 цагийн орчимд маргалдаж улмаар хохирогч Б.У-ий зүүн чих рүү цохиж эрүүл мэндэд нь “чихэнд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.З-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.У-ий “...Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой эхнэр Н- болон ажлын газрын хүмүүстэй хамт хоол идэж ганц нэг пиво уухаар “Ххх" төвийн 1 давхарт байрлах зоогийн газарт орсон. Бид нар хамтдаа нэг тусгай өрөөнд нь орж цуг суусан. Үүний дараа хоол идэж ганц нэг пиво ууж юм ярьж сууцгаасан. Уг нь бид нар тоглоомоор нэгнийгээ явуулж инээлдэж сууж байсан боловч гэнэт З- манай эхнэртэй маргалдах шиг болж улмаар над руу уурласан. Энэ үед З- бид хоёрын дунд маргаан үүсэхэд хамт байсан хүмүүс больцгоо гээд бид нар хамтдаа гадаа гарсан... Би гадна гараад З-д хандан ах нь тоглоом хийж байгаад буруу зүйл ярьж хэлсэн бол уучлаарай гэж хэлээд ярилцахаар хамт байсан хүмүүсээсээ холдож Ххх төвийн араар алхаж зүүн талд нь очиж зогссон. Энэ үед бид хоёр нуруунаасаа тэврэлдээд алхсан ер нь бараг эвлэрчихсэн байсан. Гэтэл З- намайг гараараа арагш түлхэж баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон...Энэ явдлын маргааш З- надтай уулзаад уучлал гуйсан. Надад З-тай холбоотой гаргах сэтгэл санааны хохирол, гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн,
Гэрч Л.Н-ийн “...Дотор ороод бид нар нэг vip өрөөнд нь орсон. Үүний дараа хоол цай идэнгээ тоглоом шоглоомоор би З-д хандан чи ажлын газрын О-тай ямар холбоотой юм бэ гэж хэлэхэд эхлээд З- зүгээр инээгээд тэр чинь манай хүүхдийн зургийн багш нь байгаа юм гэж хэлсэн... бид нар зоогийн газраас гарахад З- хамт байсан хүмүүстээ хандан бид хоёр ийшээ яваад учраа ольё, та нарын хэн ч битгий оролцоорой гээд тэврэлдээд "Ххх" төвийн зүүн тийшээ тойроод алхсан. Тэгэхээр нь бид нар удахгүй ирэх байх гэж бодоод зам дээрээс такси бариад Гантуяаг явуулсан. Удалгүй манай нөхөр хүрч ирээд З- намайг цохисон гээд зүүн чихнээс нь цус гоожиж байсан...” гэсэн,
Гэрч Э.Н-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой ажлын газрын хүмүүстэй хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багт байрлах Ххх төвийн зоогийн газарт орсон...Н- эгч тоглоомоор З- ахыг хүүхдийнхээ хичээл ордог багштай уулздаг гэсэн утгатай зүйл хэлээд бөөнөөрөө инээлдээд байсан. Тэгтэл З- ах уурлаад тэр эмэгтэй чинь миний хүүхдийн зургийн багш, хажуу айл, ямар нэгэн дотно харилцаа байхгүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Ингээд дотор бага зэрэг маргаан үүссэн. Шөнө 00 цагийн үед зоогийн газар хааж бид нар такси барихаар гадаа гарсан. Явах гээд үүдэнд зогсож байтал У-э, З- ах хоёр тэврэлдээд Ххх төвийн хойшоо харанхуй хэсэг рүү алхаад явсан. Удалгүй У-э ахын зүүн чихнээс цус гоожчихсон бид нарт З- миний чих рүү цохисон миний чих яасан байна цус гоожоод байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 802 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.З- нь хохирогч Б.У-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.У-э нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.З-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Б.З- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.З- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Б-гийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн З-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З- нь 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ