Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

 

 

 

2024     02          01                                          2024/ШЦТ/56

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогч Б.У-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн С-од холбогдох эрүүгийн 2325003270592 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 00 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “хх” ТӨҮГ-т “......... дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суудаг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-гийн С- /РД:АЭ66101917/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 цаг 04 минут 39 секундэд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” хүнсний дэлгүүрийн гадна талд хохирогч Б.У-тай үл залих зүйлээс маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь “титэм заадаснаас духны баруун хэсгийн гадна ялтас хүртэл, суман заадас дагуудаа ламбдойд заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, их тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнгийн аалзан доорхи цусан харвалт, духнаас зулайн ар хэсэг хүртэл үргэлжилсэн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхи, дух, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун, зүүн гуя, хэвлийд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.С- шүүх хуралдаанд: “...Хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...   гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Б.У- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай автотээврийн цехийн 45 жилийн ойн арга хэмжээ Оросын булгийн урд талд байдаг амралтын газрын хашаанд болсон. Тус арга хэмжээнд би 10-15 цагийн хооронд оролцоод буцаж гэртээ ирсэн. Тэгтэл 18 цаг 40 минутын үед над руу механикч М- удаа дараалан залгаад “намайг Оросын булгаас ирээд аваач” гэж ярьсан. Тэгэхээр нь би барагцаагаар 19 цаг өнгөрч байхад ганцаараа такси бариад арга хэмжээ болсон газраа очсон. Тэгтэл хүмүүс тараад ачаа тээшээ баглаад бужигнаж байсан. Над руу тэгтэл М- утсаар ярихаар нь би энд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг М-, М- 2 ирж авсан. Ингээд бид гурав город руу буцах замдаа С-, М- нарыг очиж авсан. Тэгээд бид гурав Эрдэнэт рүү хөдөлсөн бөгөөд би жолооч талын ард захад нь сууж явсан. Миний хажууд буюу дунд М-, М-ийн баруун талд С-, жолоог М- барьж, түүний хажууд М- сууж явсан. С-, М- нар нь машинд суухдаа бид нарыг удаан ирж авлаа гээд бухимдалтай байсан. Замдаа явж байхад М-, С- нар нь М-, М- бид гурвыг пизда гээд дуудаад байсан. Тэгсэнээ дэлгүүр дээр зогсчих гээд байхаар нь би бас зогсчих гэж хэлсэн. Ингээд нэг том талбайтай дэлгүүрийн гадаа ирж зогсоод би дэлгүүр орж 1 шил архи, 1 литрийн цэвэр ус авсан. Намайг машинд суухад “ийм ус уухгүй, газтай ус ууна” гэж хэлтэл М- нь миний авсан усыг солих гээд дэлгүүр явсан. Би М-ид хандан “яахаараа ус голдог юм бэ” гэтэл тэрээр машинаас буусан. Энэ үед М- бид 2 арын суудал дээр сууж байсан бөгөөд урд С-, М- нар сууж байсан. Тэгээд С- машинаас бууж араас нь М- буусан, тэгэхээр нь би бас машинаас буусан. Намайг дөнгөж буунгуут С- над руу дайраад цохих гээд байсан бөгөөд М- дундуур орж хоёр тийшээ болгосон. Мөн С- нь намайг өшиглөсөн. Тэгээд байж байтал С- нь намайг заамдаж аваад миний толгойн зүүн хэсэгт гараараа 1 удаа цохиход би хойшоо савж унасан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Миний хувьд жаахан айраг уусан бөгөөд зүгээр байсан, М-, М- нар эрүүл байсан. С-, М- нар халамцуу байсан. Би Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2023.09.18-ны өдөр гаргасан 785 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн нүдний зовхи, дух, хүзүүнд цус хуралт гэмтлийг С- нь гараараа цохиж учруулсан. Мөн намайг заамдсан. Тэрээр намайг цохих гэж дайраад хүмүүс дундуур орж ирж салгаж байсан. Мөн баруун, зүүн гуя, хэвлийд цус хуралт гэмтлийг С- намайг хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. Тэгээд сүүлд С- намайг цохиход би хойшоо савж унасан бөгөөд тэгээд тархины гэмтлүүд учирсан. Зүүн шуу, баруун бугалганд цус хуралт гэмтлийг намайг ухаан алдсанаас хойш татаж босгох, суулгах зэрэг үйлдэл хийхэд учирсан байх. Тухайн үед намайг С-оос өөр цохисон хүн байгаагүй. Би М-, М- нарыг хэл амаар доромжлоод мөн намайг доромжпоод байхаар нь би “юунд ингэж байдаг юм бэ” гэж л хэлсэн. Тэрэнд нь уурссан юм уу яагаад намайг цохисныг мэдэхгүй байна…Одоо амт үнэр мэдэхгүй болсон, яваандаа унаж татдаг болно гэсэн тийм учраас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Ер нь байнга л эмчилгээтэй байгаа...12 сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Ажлаа хийж байгаа. Миний болон эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал, шашны зан үйлтэй холбоотой зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй болсон учраас зээлээ төлөх боломжгүй болсон учраас хүнээс хүүтэй мөнгө зээлсэн   нийт  196,639,867 төгрөгөөс эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг өгсөн, үүнийг хасаад 190,639,867 төгрөг болж байгаа. Сүүлд эмчилгээ хийлгэсэн зардал 1,229,460 төгрөг нийт 191,869,327 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71х/,

 

- Гэрч У.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Миний аав У- нь өнөөдөр 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. Энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “ххх” ТӨҮГ-ын автотээврийн цехийн 45 жилийн ойн баяр өнөөдөр Оросын булаг гэх амралтын газар болж 18 цагт өндөрлөсөн. Тэгээд би тухайн баяр дуусаад гэртээ ирсэн. Мөн манай аав тухайн баярыг дуусгаад гэртээ ирсэн байх бид хоёр тусдаа явсан. Тэгсэн аавын ажлын газрын хүн болох Б- гэх хүнээс сонсоход манай аав М- намайг хүрээд ир гэнээ хоёулаа хамт очих уу? гэж Б- гэх хүн рүү залгасан гэсэн тухайн хүн ажилтай байсан учир манай аавтай хамт явж чадаагүй гэсэн. Тэгээд аав ганцаараа явж М- гэх хүнтэй уулзсан юм шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай аав ажлын газрын хүн болох Э- гэх хүн рүү залгаад С-, М- хоёр маргалдаад байна. Мөн М-, М- хоёрыгоо дээрэлхээд байна би салгаж дийлэхгүй байна чи ирж энэ хэдийнхээ учрыг олоо гэж гар утсаар ярьсан гэж Э- гэх хүн надад хэлсэн. Тэгээд 1-17 дугаар байрны гадаа очиж уулзахад манай аав болон С-, М-, М-, М- нар нь хамт байж байсан гэсэн тэгээд Э- нь манай аавыг сугадаад М-, С- нарын хамтаар аавыг гэрт нь оруулж өгөөд хэсэг сууж байтал манай ээж ах чинь тархиа бариад хэвтээд байна нэг л биш байна гэж хэлэхэд Э- нь орж хараад тэгээд аавыг ээжийн хамтаар аваад эмнэлгийн хүлээн авах орсон тэгээд үзүүлж тархины зураг авхуулсан чинь тархины бяцралтай, духны яс цөмөрсөн, 3 газар цууралт үүссэн байна гэж эмнэлгийн хариу гарсан гэсэн. Одоогоор тэгээд ухаангүй сэхээнд байна. Манай аав У- нь ер бол архи ууддаггүй. Мөн дээрх хүмүүстэй ажлын хамт олны харилцаатай миний мэдэхээр харин М- нь манай аавтай гэр бүлийн найзууд арай дотно байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78х/,

 

- Гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “…Өчигдөр Оросын булагт манай цехийн 45 жилийн ойн баяр болоод тэмдэглээд орой нь баяр дуусаад 18 цагийн үед худалдааны гудамжинд байдаг Худалдааны төвөөс авсан ширээ сандалаа ажлын залуу М-тэй хамт зөөж оруулж байхад У- гээд манай ажлын ах над руу залгаад та хоёр юу хийж байна Оросын булаг дээр М- үлдчихсэн намайг ирээд аваач гээд яриад байна, та хоёр хаана байна, би яваад очъё гэж У- ах яриад удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид хэд ширээ сандлаа зөөж дуусчихаад миний 00-00 УБУ улсын дугаартай Рэйнж рөүвэр загварын машинтай М-, У- ахын хамт 19 цагийн орчим Оросын булаг руу яваад очтол амралтын газарт М- байхгүй байсан. Тэгээд утсаар нь яриад айлын гаднаас очиж авсан. Тэгээд очиход М-, С- нар байж байсан. Тэгээд суулгаад буцаад Эрдэнэт рүү явсан. Хороолол руу орж ирээд Ххх гэх дэлгүүр дээр зогсоод У- ах М- бид гурав ээлжлээд дэлгүүр ороод У- нэг шил архи устай аваад гарч ирээд хөдлөх гэсэн чинь У- ах түр байж бай авсан архиа нэг тойруулчихаад явъя гээд архиа задлаад М- ахад У- ах хийж өгтөл би ус уудаггүй Кука ууна гээд У- ах руу агсараад эхэлсэн. Тэгээд М- Кука авахаар дэлгүүр лүү орох хооронд У- ах М- хоёр муудалцаад заамдалцаад авсан чинь М- би буулаа гэсэн чинь У- ах би чамайг буулгахгүй машиндаа сууж бай гэх хооронд С- ах та хоёр одоо болно боль гэж хэлсэн чинь нөгөө хоёр машинаас буугаад машины ард муудалцаад байхаар нь С- ах бид буугаад М-ийг салгах гээд би дундуур нь ороод М-тай зууралдаад байж байтал нэг мэдэхэд У- ах газар уначихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би очоод У- ахыг сэрээх гэж оролдоод байж байхад М- дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд М- бид хоёр У- ахыг өргөх гээд дийлээгүй чирээд машин руу дөхүүлээд машинд оруулах гэж нийлээн юм болж машиндаа оруулаад бид хэд бүгдээрээ машинд суугаад У- ахын гэр буюу 1-17- ийн байрны үүдэнд зогсоол дээр зогссон. Тэгээд У- ах сэргээд 30 орчим минут авсан архиа тойруулаад ууж байгаад У- ахыг гэрлүү нь оруулах гээд бид хэд явж байхад орцны үүдэнд Э- гээд манай залуу бууж ирж таараад М- С- Э- гурав У- ахыг аваад орсон. Тэгээд би тэндээс яваад гэртээ харьсан. ...С- ах л унагаасан. Харин яаж унагаасан талаар нь би хараагүй. Би цаана нь М-тай зууралдаад байж байгаад нэг харсан чинь У- ах газар уначихсан байсан. М- У- ах хоёр маргалдаж байхад С- боль гэж хэлсэн чинь У- ах С-ыг чи дуугүй бай гээд нэг цохиод авсан. Тэгээд бас оросын булгаас ирж явахад М-д С- би урд сууна гэж хэлж зогсож байрыг нь сольсон. Өөрөөр маргалдсан зүйл байхгүй. Би саарал өнгийн өмд, хар хөх өнгийн куртик, ягаан өнгийн футболкатай байсан. С- дарга бараан өнгийн дээлтэй, бараан өнгийн бүрх малгайтай, хар хромон гуталтай явсан. М- ах саарал алаг өнгийн пиджактай, цайвар өнгийн малгайтай байсан. У- ах бараан өнгийн хантааз, цайвар өнгийн цамцтай байсан. М- нь саравчтай малгай, бараан өнгийн куртиктэй явсан. Би болон М- эрүүл байсан. М-, С- нар согтуу, У- ах тэр хоёроос арай гайгүй согтолттой байсан. Тухайн үед дэлгүүрийн гадаа байхад М- нь би газтай ус ууна гээд У-тай маргалдсан бөгөөд тэгээд М- нь би явна гээд машинаас буух гэтэл У- нь байж бай гээд түүнийг машинаас буулгахгүй зууралдаад байсан. Тэгээд М- машинаас буугаад У-гийн хаалгаар очоод гадаа М-, У- нар нь хоорондоо заамдалцаж аваад байсан. Тэгээд С- бид 2 машинаас буусан бөгөөд С- нь У- руу бас дайраад байсан. Тэгээд би М-ийг аваад жаахан холдоход У- ах арагшаа савж уначихсан байсан. Би С-ыг юугаар цохисныг мэдээгүй, ямар ч байсан гартаа барьсан зүйл харагдаагүй. Тухайн үед машин дотор байхад С- нь “та хоёр боль” гэхэд У- нь чи дуугүй бай гээд түүний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд С- уурлаад У- руу дайрах болсон..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82х/,

 

- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: ”…У- ах хүнсний дэлгүүр лүү ороод нэг шил архи аваад гарч ирэхэд архины даруулга гэж газтай ус ав гэж хэлэхээр нь би буцаж дэлгүүр рүү ороод ус аваад гараад иртэл У- ах газар цемтен дээр тархи хэсгээрээ унаж байсан тэгээд би гүйгээд очиход амнаас нь хөөс гараад чичирж байсан, М- бид хоёр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан учраас түргэн тусламж дуудъя гэж хэлэхэд хэн хэлснийг нь мэдэхгүй байна гэрт нь хүргэж өгье гэж хэлж байсан учраас М- бид хоёр У- ахыг хоёр талаас нь өргөж суулгах гэтэл дийлэхгүй байсан учраас У- ахыг газраас хөндийрүүлж энгэрийн товчийг тайлж агаар амьсгалуулсан, тэгээд 10-аад минутын дараа М- бид хоёр өргөөд машинд суулгаад У- ахын гэрийн гадна очоод С- даргадаа хэлээд би яваад өгсөн. Б.У- ах М- бид хоёрыг өмөөрөөд С-, М- нартай маргалдсан юу гэж маргалдсан бэ гэхээр бид гурав та хоёрыг очиж авсан буруу юм уу яагаад хүүхдүүдийг дээрэлхээд байгаа юм бэ гэж М-, С- нарт хэлж байсан тэгээд хүнсний дэлгүүр орсон учраас өөр зүйл мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89х/,

 

- Гэрч А.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би архи уучихсан байсан болохоор У- М-, М- нарт хандан ирээд авчих гээд байхад удаж ирлээ, орхиод явчихсан гэх зэргээр үг хаяж жоохон агсарсан. Тэгээд Эрдэнэт рүү орж ирээд хороололд нэг дэлгүүрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд би архи ууж байгаад би Кука ууна гээд агсарсан гэж М- надад өнөөдөр хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гадаа зогсож байхад сэргэсэн чинь У-тай маргалдчихсан хэрүүл болж байхаар нь би явлаа эндээс УБ каб дуудаад эсвэл такси бариад явлаа гэсэн чинь У- намайг явуулахгүй чи байж бай гэхээр нь би явна гээд У- явуулахгүй явуулахгүй гээд хэсэг маргалдаж байгаад М-ын машинаас буусан чинь араас У- М- хоёулаа ирээд У- явуулахгүй гээд М- болохоор ахаа та байж бай одоо яваад хэрэггүй гэхээр нь би М-ыг гараараа түлхэж холдуулсан чинь дахиад М- намайг барьж аваад бид хоёр ноцолдож байх хооронд С-ын урд У- унаж байсан. Тэгээд С- яаг У-г цохисон юм уу, түлхсэн юм уу, яаг юу болсон талаар нь сайн харж чадаагүй. М-той ноцолдоод байсан. Тэгээд М- У- ахыг цохичихлоо ш дээ гээд орилоод намайг хаяад У- руу гүйгээд явчихсан. Тэгээд У-г М- М- машинд суулгах гээд өргөж оруулаад бид хэд бүгдээрээ хөдлөөд У-гийн гэрийн гадаа ирээд тэгээд архиа ууцгааж байсан. У- миний хажууд суучихсан өмднийхөө шороог гөвж байсан. Тэгээд бид хэд сууж байхад Э- гээд хамт ажилладаг залуу ирээд У-г аваад гэр лүү орсон. Тэгээд би бас гэрт нь орчихсон байсан чинь гэрт нь Э- С- хоёр байж байсан. Тэгээд нэг дөрвөлжин шилтэй архи ууж байгаад би С-той муудалцаад байснаа санаж байна. Тэгсэн чинь У-гийн эхнэр М- С- та хоёр яагаад орилолдоод байгаа юм манай нөхөр ч гэртээ ингэж орилдоггүй гэж хэлж байсан. Тэгээд би У-гийнхаас гарсанаа санаж байна 02 цаг 50 минутад гар утас дуугараад аваад ярьсан чинь цагдаагаас хүн залгаад чи хаана байна гэхээр нь би Оросын булагт байна гэж хэлээд утсаа салгаад энэ чинь юу болсон билээ гэж бодоод Б- механик руугаа залгасан. Тэгсэн чинь У- эмнэлэгт ухаангүй байгаа гэхээр нь би гэрээсээ гараад эмнэлэг дээр очсон. Тэгээд очиход ар гэрийнхэн нь бас Үүрцайх гээд манай механик байж байсан. Тэгээд М- намайг алгадаж аваад чи найз нь байж цохиулсан зодуулсан гээд хэлчихгүй яасан юм бэ найз нь байж гээд уйлаад байсан. С- тэр хоёр нэг юм болоол унагаасан. Харин яаж унагаасан талаар нь би хараагүй. Цаана нь М-той ноцолдож байхад У- унаж байсан. Машин дотор байхад бид хэд маргалдацгааж байсан чухам яг юунаас болж маргалдсан талаар нь би мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95х/,

 

-Иргэний нэхэмжлэгч Н.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.У- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,255,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 785 дугаартай:

1. У-гийн биед титэм заадаснаас духны баруун хэсгийн гадна ялтас хүртэл, суман заадас дагуудаа ламбдойд заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, их тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнгийн аалзан доорх цусан харвалт, духнаас зулайн ар хэсэг хүртэл үргэлжилсэн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхи, дух, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун, зүүн гуя, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 110-112х/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаартай:

1. Б-ын У- /РД:, эрэгтэй, 54 настай/-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна.

2. Б.У- гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид мэдрэл, сэтгэцийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

4. Шинжилгээний явцад асуултад дурдагдаагүй боловч хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэхүйц ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 120-122х/,

 

- Шүүгдэгч Б.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

 

Дээрх нотлох баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” хүнсний дэлгүүрийн гадна талд хохирогч Б.У-тай үл залих зүйлээс маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь “титэм заадаснаас духны баруун хэсгийн гадна ялтас хүртэл, суман заадас дагуудаа ламбдойд заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, их тархины 2 тал бөмбөлгийн дунд ховил болон дух, чамархайн дэлбэнгийн аалзан доорхи цусан харвалт, духнаас зулайн ар хэсэг хүртэл үргэлжилсэн хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхи, дух, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун, зүүн гуя, хэвлийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо болон шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч Б.С- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У-гийн “...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай автотээврийн цехийн 45 жилийн ойн арга хэмжээ Оросын булгийн урд талд байдаг амралтын газрын хашаанд болсон. Тус арга хэмжээнд би 10-15 цагийн хооронд оролцоод буцаж гэртээ ирсэн. Тэгтэл 18 цаг 40 минутын үед над руу механикч М- удаа дараалан залгаад “намайг Оросын булгаас ирээд аваач” гэж ярьсан. Тэгэхээр нь би барагцаагаар 19 цаг өнгөрч байхад ганцаараа такси бариад арга хэмжээ болсон газраа очсон. Тэгтэл хүмүүс тараад ачаа тээшээ баглаад бужигнаж байсан. Над руу тэгтэл М- утсаар ярихаар нь би энд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг М-, М- 2 ирж авсан. Ингээд бид гурав город руу буцах замдаа С-, М- нарыг очиж авсан... нэг том талбайтай дэлгүүрийн гадаа ирж зогсоод би дэлгүүр орж 1 шил архи, 1 литрийн цэвэр ус авсан. Намайг машинд суухад “ийм ус уухгүй, газтай ус ууна” гэж хэлтэл М- нь миний авсан усыг солих гээд дэлгүүр явсан. Би М-ид хандан “яахаараа ус голдог юм бэ” гэтэл тэрээр машинаас буусан. Энэ үед М- бид 2 арын суудал дээр сууж байсан бөгөөд урд С-, М- нар сууж байсан. Тэгээд С- машинаас бууж араас нь М- буусан, тэгэхээр нь би бас машинаас буусан. Намайг дөнгөж буунгуут С- над руу дайраад цохих гээд байсан бөгөөд М- дундуур орж хоёр тийшээ болгосон. Мөн С- нь намайг өшиглөсөн. Тэгээд байж байтал С- нь намайг заамдаж аваад миний толгойн зүүн хэсэгт гараараа 1 удаа цохиход би хойшоо савж унасан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч У.Б-гийн “...Миний аав У- нь өнөөдөр 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ тархиндаа хүнд гэмтэл авсан байсан... 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “ххх” ТӨҮГ-ын автотээврийн цехийн 45 жилийн ойн баяр өнөөдөр Оросын булаг гэх амралтын газар болж 18 цагт өндөрлөсөн. Тэгээд би тухайн баяр дуусаад гэртээ ирсэн...хэсэг хугацааны дараа манай аав ажлын газрын хүн болох Э- гэх хүн рүү залгаад С-, М- хоёр маргалдаад байна. Мөн М-, М- хоёрыгоо дээрэлхээд байна би салгаж дийлэхгүй байна чи ирж энэ хэдийнхээ учрыг олоо гэж гар утсаар ярьсан гэж Э- гэх хүн надад хэлсэн. Тэгээд 1-17 дугаар байрны гадаа очиж уулзахад манай аав болон С-, М-, М-, М- нар нь хамт байж байсан гэсэн тэгээд Э- нь манай аавыг сугадаад М-, С- нарын хамтаар аавыг гэрт нь оруулж өгөөд хэсэг сууж байтал манай ээж ах чинь тархиа бариад хэвтээд байна нэг л биш байна гэж хэлэхэд Э- нь орж хараад тэгээд аавыг ээжийн хамтаар аваад эмнэлгийн хүлээн авах орсон тэгээд үзүүлж тархины зураг авхуулсан чинь тархины бяцралтай, духны яс цөмөрсөн, 3 газар цууралт үүссэн байна гэж эмнэлгийн хариу гарсан гэсэн. Одоогоор тэгээд ухаангүй сэхээнд байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.М-ын “…Хороолол руу орж ирээд Ххх гэх дэлгүүр дээр зогсоод У- ах М- бид гурав ээлжлээд дэлгүүр ороод У- нэг шил архи устай аваад гарч ирээд хөдлөх гэсэн чинь У- ах түр байж бай авсан архиа нэг тойруулчихаад явъя гээд архиа задлаад М- ахад У- ах хийж өгтөл би ус уудаггүй Кука ууна гээд У- ах руу агсараад эхэлсэн. Тэгээд М- Кука авахаар дэлгүүр лүү орох хооронд У- ах М- хоёр муудалцаад заамдалцаад авсан чинь М- би буулаа гэсэн чинь У- ах би чамайг буулгахгүй машиндаа сууж бай гэх хооронд С- ах та хоёр одоо болно боль гэж хэлсэн чинь нөгөө хоёр машинаас буугаад машины ард муудалцаад байхаар нь С- ах бид буугаад М-ийг салгах гээд би дундуур нь ороод М-тай зууралдаад байж байтал нэг мэдэхэд У- ах газар уначихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би очоод У- ахыг сэрээх гэж оролдоод байж байхад М- дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд М- бид хоёр У- ахыг өргөх гээд дийлээгүй чирээд машин руу дөхүүлээд машинд оруулах гэж нийлээн юм болж машиндаа оруулаад бид хэд бүгдээрээ машинд суугаад У- ахын гэр буюу 1-17- ийн байрны үүдэнд зогсоол дээр зогссон. Тэгээд У- ах сэргээд 30 орчим минут авсан архиа тойруулаад ууж байгаад У- ахыг гэрлүү нь оруулах гээд бид хэд явж байхад орцны үүдэнд Э- гээд манай залуу бууж ирж таараад М- С- Э- гурав У- ахыг аваад орсон. Тэгээд би тэндээс яваад гэртээ харьсан...С- ах л унагаасан. Харин яаж унагаасан талаар нь би хараагүй...” гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б.М-ийн ”…У- ах хүнсний дэлгүүр лүү ороод нэг шил архи аваад гарч ирэхэд архины даруулга гэж газтай ус ав гэж хэлэхээр нь би буцаж дэлгүүр рүү ороод ус аваад гараад иртэл У- ах газар цемтен дээр тархи хэсгээрээ унаж байсан тэгээд би гүйгээд очиход амнаас нь хөөс гараад чичирч байсан, М- бид хоёр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан учраас түргэн тусламж дуудъя гэж хэлэхэд хэн хэлснийг нь мэдэхгүй байна гэрт нь хүргэж өгье гэж хэлж байсан учраас М- бид хоёр У- ахыг хоёр талаас нь өргөж суулгах гэтэл дийлэхгүй байсан учраас У- ахыг газраас хөндийрүүлж энгэрийн товчийг тайлж агаар амьсгалуулсан, тэгээд 10-аад минутын дараа М- бид хоёр өргөөд машинд суулгаад У- ахын гэрийн гадна очоод С- даргадаа хэлээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.М-ийн “…Тэгээд Эрдэнэт рүү орж ирээд хороололд нэг дэлгүүрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд би архи ууж байгаад би Кука ууна гээд агсарсан гэж М- надад өнөөдөр хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гадаа зогсож байхад сэргэсэн чинь У-тай маргалдчихсан хэрүүл болж байхаар нь би явлаа эндээс UB каб дуудаад эсвэл такси бариад явлаа гэсэн чинь У- намайг явуулахгүй чи байж бай гэхээр нь би явна гээд У- явуулахгүй гээд хэсэг маргалдаж байгаад М-ын машинаас буусан чинь араас У- М- хоёулаа ирээд У- явуулахгүй гээд М- болохоор ахаа та байж бай одоо яваад хэрэггүй гэхээр нь би М-ыг гараараа түлхэж холдуулсан чинь дахиад М- намайг барьж аваад бид хоёр ноцолдож байх хооронд С-ын урд У- унаж байсан. Тэгээд С- яг У-г цохисон юм уу, түлхсэн юм уу, яг юу болсон талаар нь сайн харж чадаагүй. М-той ноцолдоод байсан. Тэгээд М- У- ахыг цохичихлоо ш дээ гээд орилоод намайг хаяад У- руу гүйгээд явчихсан. Тэгээд У-г М- М- машинд суулгах гээд өргөж оруулаад бид хэд бүгдээрээ хөдлөөд У-гийн гэрийн гадаа ирээд тэгээд архиа ууцгааж байсан. У- миний хажууд суучихсан өмднийхөө шороог гөвж байсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.М-ын “...Б.У- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,255,000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 785 дугаартай дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Б.С- нь хохирогч Б.У-гийн хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.С-ын гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...эмчилгээ, сувилгаатай холбоотой зардал 5,548,100 төгрөг, цалин, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжтэй байсан хугацааны цалин хөлс, эхнэр М.Мөнхтуяагийн цалин нийгмийн даатгалын шимтгэл 34,144,468 төгрөг, гадаадад хийгдэх оношлогоо, нөхөн сэргэх эмчилгээтэй холбоотой гарах зардал 106,080,336 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөг, шашны зан үйлтэй холбоотой зардал 7,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 дугаар зэрэглэлээр бодож 25,294,500 төгрөг, гэмтэл авсны улмаас цалингийн зээлийг бусдаас хүүтэй мөнгө авч төлсөн 8,479,062 төгрөг нийт 196,639,867 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Б.С-оос эмчилгээнд зориулж өгсөн. 6,000,000 төгрөгийг хасаж нийт 190,639,876 төгрөг дээр сүүлд эмчилгээ хийлгэсэн 1,229,460 төгрөг нийт 191,869,327 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж, иргэний нэхэмжлэгч Н.М- “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,255,000 төгрөгийн зардал гарсан...” гэж тус тус нэхэмжилсэн.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтээр Б-ын У-гийн сэтгэцэд хор уршиг учирсан, гуравдугаар зэрэглэлд хамаарна гэсэн байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,

Дөрөв дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох аргачлал” -гуравдугаар зэрэглэл: “...хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Б.У-гийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар эмчилгээ, унааны зардал 4,634,846 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд дээрх аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 15 хувиар бодож 9,900,000 төгрөг нийт 14,534,846 төгрөгнөөс шүүгдэгчийн өгсөн 6,000,000 төгрөгийг хасаж 8,534,846 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.У-д олгож, шашны зан үйлтэй холбоотой зардал 7,500,000 төгрөг /нотлох баримтгүй/, өөрийн болон эхнэр М.Мөнхтуяагийн 3 сарын цалин нийт 34,144,468 төгрөг /нотлох баримтууд дутуу, Б.У-гийн цалингийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаас цалинг бодох боломжгүй, эхнэр М.Мөнхтуяа нь даатгал төлсөн, ажилгүй байсан гэж үзэх боломжгүй/, гэмтэл авсны улмаас цалингийн зээлийг бусдаас хүүтэй мөнгө авч төлсөн 8,479,062 төгрөг /нотлох баримтгүй/, гадаад эмчилгээ хийлгэх холбоотой зардал 106,080,336 төгрөг /тодорхой бус баримтуудтай/, өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөг /хууль зүйн үндэслэлгүй/ нийт 183,334,481 төгрөгний хэсгийг хохирогч Б.У- нь нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж,

иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 183,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 5,072,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж,

уг гэмт хэргийн улмаас хор уршиг арилаагүй учраас хохирогч Б.У- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж  шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.С- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгож, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо “...Б.С-ыг гэм буруутайд тооцсон. Б.С- нь дээд боловсролтой “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан. Урьд захиргааны арга хэмжээ ч авхуулж үзээгүй анх удаа  тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдснээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Дээр нь хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардалыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, ажил төрөл эрхэлдэг, ажил төрлөө хийж байж хохирогчийн цаашид гарах хохирол төлбөрийг төлнө. Иймд энэ байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан 15,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг дэмжиж байгаа  тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...торгох болон хорих гэсэн ялтай. Сонгох санкцтай хэрэг. Улсын яллагчаас торгох ялыг оногдуулах санал гаргаж байна. Хохирогч онлайнаар оролцож байгаа учраас өөрөө бас дүгнэлтээ хэлэх байх. Гэмт хэргийн хувьд учирсан гэмтэл хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж шийддэг. Өнөөдөр үйлчлүүлэгч маань ажилдаа орсон хэвийн байгаа юм шиг харагдаж байгаа боловч өнөөдрийн байдлаар ажлаа хийхэд толгой өвдөх, даралт ихсэх гэх мэт зүйлүүд илэрч биеийн байдал улам дордох зэрэг байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдээд хохирогч болоод ар гэрийнхэн нь уналт таталт явагдаад эхэлсэн. Цаашид ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсч магадгүй байна гэж эмч нарын зүгээс сануулсан учраас арай торгох ял өгч толгойг нь илэхгүй байлгүйдээ гэж надад хэлсэн учраас өмгөөлөгч хүний  хувьд үйлчлүүлэгчийнхээ санал бодлыг шүүхэд хэлэх үүрэгтэйн дагуу дээрх тайлбарыг гаргаж байна...” гэсэн,

хохирогч Б.У- “...Миний хувьд маш их гомдолтой байгаа, иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сди”-г хэрэгт хавсаргаж,

шүүгдэгч Б.С-од урьд авсан хувийн батаглаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х овогт Б-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн С-ыг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-од оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “сди” 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.У-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 183,334,481 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-оос нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ