Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2021/00057

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, эмэгтэй, 35 настай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Шивээ гудамж, 2-1 тоотод оршин суух, Боржигон овогт Г-ын Г /РД:..................., утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Шивээгийн 2-1 тоотод оршин суух, Боржигон овогт М-ын Б /РД:.................., утас:/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие*******тэй 2005 онд анхлан танилцаж 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлээ батлуулан амьдарсан билээ. Хамтран амьдарч байх хугацаандаа бидний гэр бүлд ямар нэгэн хүчирхийлэл дарамт байгаагүй. Бид 2009 оны 01 дүгээр сарын 27-нд анхны охиноо төрүүлж, 2014 оны 08 дугаар сарын 07-нд бага охиноо төрүүлсэн. Нөхөр болох******* нь 2012 оноос барилгын ажил хийдэг болсон. 2013 оны 06 дугаар сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын цэцэрлэгийн барилга барих ажлаар яваад тэндээ өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурах харилцаа тогтоож, улмаар энэ байдал нь даймжран 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мод бэлтгэлийн ажлаар Сэлэнгэ аймаг руу явлаа гэж худал хэлэн бие давхар намайг бага насны охины минь хамтаар орхин явсан. Тэр цагаас хойш гэртэй ирээгүй ба намайг төрөхөд ирээгүй. Миний бага охин төрлөхийн зүрхний өвчтэй төрсөн. Эмнэлгийн хяналтанд байдаг. Ийм өвчтэй охинтой болсон гэдгээ хэлэхэд ч бидэнд өдийг хүртэл тусламж, дэмжлэг үзүүлдэггүй, хариуцлагаа ч хүлээдэггүй юм. Би ах, дүү нараас нь хаана байгааг нь хэлэхийг хүсч байсан. Гэтэл тэд нар нь бидэнтэй холбоо барьдаггүй мэдэхгүй гээд утасны дугаарыг нь ч өгөөгүй. Би өөрөө хайж утасны дугаарыг нь амьдарч байгаа газрыг нь олсон. Одоогоор Дорноговь аймгийн Сайншандад гэр бүл зохион амьдарч байгаа. Энэ хугацаанд өөр хэн нэгэнтэй харилцаа тогтоож амьдраагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сараас эхлэн хамт ажилладаг ажлын хүнтэйгээ харилцаа тогтоож, хамтран амьдрахаар шийдсэн. ...*******т нь томилолтоор явсан гэж ярьж байна. Хичнээн томилолтоор явж ажилладаг байсан ч гэртээ сардаа нэг удаа ч юм уу ирээд явдаг байсан. Энэ хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан. Мэдээж хэрэг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд хэрэлдэхгүй байна гэж байхгүй. Энэ шалтгаанаас болоод гэр бүл салахад хүрсэн. Түүнээс бол томилолтоор явснаас болоогүй гэж үзэж байна. 2013 оны 07 дугаар сараас цаанаа гэр бүл үүсгэсэн асуудал, энэ нь үргэлжилж явсаар байгаад 2013 оны 10 сард гэртээ ирээд 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ явсан. Цаанаа ямар ажил хийж явдгийг нь би бол сайн мэдэхгүй. Яг нүдээрээ хараагүй ч би гадарлаж байсан. Өөрөө надад утсаа үлдээгээд явахад нь утсан дээр нь ярьсан хэлсэн бүх бичлэг нь үлдсэн байсан. Эргээд би тухайн асуудлыг хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би бол тэр үед бага хүүхдээ гаргах үгүйгээ шийдээгүй, тэгээд нэг охинтой байсан болохоор гаргая гэж бодсон. Охин маань 2014 оны 08 дугаар сард гарсан. Миний хувьд зүгээр хэрүүл маргаан байгаагүй гэж бодож байна. Иймд, бидний хүүхдүүд болох Б.Х, Б.М нарыг миний асрамжид үлдээж, эцэг*******ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлт цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-1 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхбаатарын Билэг миний бие нь /РД:ЗБ83103012/ Боржигон овогт *******тэй 2008 оноос 2014 он хүртэл цуг амьдарч, тэр хугацаанд 2 охинтой болсон. Би дандаа томилолтын ажил хийдэг байсан учраас хөдөө яваад өгдөг байсан. Зүүнхараа руу мод бэлтгэлийн ажилд явсан. Бие сэтгэл холдоод дандаа хэрүүл маргаан гараад, нүүр нүүрээ харж хэрэлдэхгүй ч гэсэн байнга утасны цаанаас хэрэлддэг болсон. Гэр бүлээсээ хол ажиллаж байх хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, гэр бүлтэй болсон тул өөрийн охин Б.Халиунаа Б.Маргад нарыг ээжийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. *******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар 2005 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.Халиунаа, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Маргад нар төрсөн болох нь Б.Х, Б.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, *******,******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хүүхэд асуусан тэмдэглэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч талууд эргэн эвлэрэх ямар ч боломжгүй болсон учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл хэрэгт авагджээ.

Тэдний хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, зохигч нар тусдаа амьдралтай болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан үзэж 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Х, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.М нарыг эх *******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч*******ээс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр зохигч гэрлэлтээ цуцлуулсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх ******* саад учруулахгүй байх үүрэгтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдав.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 329 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 156 329 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт М-ын Б-т /РД:2/, Боржигин овогт Г-гын Г/РД:................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Х, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.М нарыг эх Г.Г-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Х, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.М нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх ******* мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 329 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 156 329 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА