Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00694

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00694

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г Б ХХК -ны нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Д.А-т холбогдох

 

  Кредит картын зээлийн гэрээний төлбөрт 21 959 318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч Р.С, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь 

  Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь 2018 оны 2 сарын 15-ны өдөр ЗГ/00000 дугаартай кредит картын гэрээг Г Б ХХК-тай байгуулж 15 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авч, сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2020.12.17-ний өдрийн байдлаар 390 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд Д.А-ээс Г Б ХХК-тай байгуулсан ЗГ/00000 кредит картын зээлийн гэрээний төлбөрт 15 373 770 төгрөг, бэлэн зарцуулалтын хүү 5 482 940 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 697 720 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 404 888 төгрөг, нийт 21 959 318 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Бид эвлэрэх асуудлаар ярилцсан боловч хүүг багасгах асуудлаар харилцан тохиролцоонд хүрээгүй гэв.

  Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Д.А нь Г Б ХХК-тай 2018 оны 2 сарын 15-нд гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авч ашиглаж ирсэн. Эдийн засгийн хямрал, дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын улмаас Монгол улс төдийгүй дэлхий нийтээрээ аж ахуйн нэгж, иргэдийн эдийн засаг хүнд байдалд орж, хөл хорио тогтоогдож, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй туйлын хүнд байдалд ороод байна. Иймээс Г Б ХХКны картны зарцуулалтын хүү болон хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсний дагуу 30%-иар төлүүлэхээр багасгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Г Б ХХК ХХК хариуцагч Д.Ат холбогдуулан кредит картны зээлийн гэрээний төлбөрт 15 373 770 төгрөг, бэлэн зарцуулалтын хүү 5 482 940 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 697 720 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 404 888 төгрөг, нийт 21 959 318 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч тал  үндсэн төлбөрийн 15 000 000 төгрөгийг зөвшөөрч харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн 30 хувиар тооцож төлөхөөр зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 оны 2 сарын15-ны өдөр ЗГ/00000 дугаартай кредит картын гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 7,8/

Хариуцагч Д.А нь кредит картыг гэрээний 24 сарын хугацаанд ашиглаж, эргэн төлөлт хийж байсан болон төлөгдөөгүй төлбөр, тооцооллын талаар маргаагүй байх ба зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2020.12.17-ний өдрийн байдлаар 390 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан болох нь хэрэгт авагдсан зээл тооцооллын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал эдгээр асуудлаар маргаангүй байна./хх-ийн 9-13/

Шүүх дээрх гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г Б ХХК ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж, шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр, хариуцагч тал цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн эдийн засаг хүнд байдалд орж, хөл хорио тогтоогдож, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдлын талаар тайлбарлаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэж, банкны картны зарцуулалтын хүү болон хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 30 хувиар тооцуулах тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэсэн хуулийн дээрх заалт нь талуудын байгуулсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн зохицуулалтад хамааралгүй байх ба талууд байгуулсан гэрээгээрээ анз, алданги тохироогүй болно.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Д.Аээс кредит картны зээлийн гэрээний төлбөрт 15 373 770 төгрөг, бэлэн зарцуулалтын хүү 5 482 940 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 697 720 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 404 888 төгрөг, нийт 21 959 318 төгрөг гаргуулж Г Б ХХК ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Аээс кредит картны зээлийн гэрээний төлбөрт 21 959 318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г Б  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267 747 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжинд 267 747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ