Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1572

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 370 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э- хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хариуцагч Ц.Ц-гийн хүүтэй мөнгө зээлээч гэсэн саналын дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Нийт зээлдүүлсэн мөнгө нь 15 500 000 төгрөг, сар тутмын хүү нь 1 200 000 төгрөг, нийт 13 сарын хүү болох 14 720 000 төгрөг төлөх байснаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 300 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 500 000 төгрөг нийт 3 850 000 төгрөгийг хүү гэж төлсөн.

Нэхэмжлэгийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, удахгүй өгнө гэж өдий хүрсэн байгаа. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд Ц.Ц-гаас үндсэн зээлийн төлбөр 15 500 000 төгрөг, хүү 8 870 000 төгрөг, нийт 24 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөнгө зээлэх тухай бүрдээ амаар гэрээ хэлцэл хийсэн. Дээрх зээлсэн мөнгийг 2016 оны 12 дугаар сард дуусгаж, өгнө гэж хариуцагч Ц.Ц- гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүрэгт 24 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан ба зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.Ц- нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн С.Э-аас мөнгө зээлсэн, энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад эргэн төлөлтийн байдлыг дутуу тооцсон байна. Ц.Ц- нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш С.Э-аас Хаан банкны харилцах дансанд төлж байсан. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин 976 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 77 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 320 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 165 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 120 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 160 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 600 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 300 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт төлөлтийн байдлаар 11 508 000 төгрөгийг төлсөн. Үүнийг анх авсан 15 500 000 төгрөгөөс хасах бол бодит өр нь 3 992 000 төгрөг болж байгаа. С.Э-, Ц.Ц- нар нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн байх ёстой бөгөөд талууд аман хэлбэрээр хэлцэл хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан байгаа. Иймд Ц.Ц- нь зээлийн хүү болон алданги төлөх үүрэггүй байна. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 3 992 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа тул үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-гаас 3 992 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 378 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 78 822 төгрөг гаргуулж С.Э-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00997 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдолтой байна.

Шийдвэрийн Ц.Ц-гаас 3 992 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэсэн хэсгийг зөвшөөрч үлдсэн 20 378 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд амаар болон бичгээр 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э- нь үндсэн зээл 15 500 000 төгрөг, хүү 8 870 000 төгрөг, нийт 24 370 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Ц.Ц- 3 992 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Ц- нь нэхэмжлэгч С.Э-аас 15 500 000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдож байх ба талууд зээлийн хэмжээний талаар маргаагүй, харин төлөгдсөн үнийн дүн зөрүүтэй, зээлийн хүү тооцох эсэх талаар маргажээ.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Ц.Ц-гийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичсэн 8 хувийн хүүтэй зээлсэн гэх бичигт зээлдүүлэгчийн нэр, үнийн дүн нь нэхэмжлэлд заагдсанаас зөрүүтэй байх тул уг баримтыг үндэслэн зээлийн хүү төлөх тухай гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй болно.

 

Хариуцагч Ц.Ц- нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 14 удаагийн гүйлгээгээр нийт 7 658 000 төгрөгийг Хаан банкин дахь 5015148956 тоот дансанд төлсөн болох нь хариуцагч Ц.Ц-гийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн    дугаар тал/ Уг Хаан банкны 5015148956 тоот дансыг нэхэмжлэгч С.Э- өөрийн данс болохыг болон талуудын хооронд зээлийн харилцаанаас өөр мөнгөн төлбөрийн үүрэг үүсээгүй талаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж тайлбарласан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 3 850 000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авснаа зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн нийт төлсөн 11 508 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэх 3 992 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 840 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                    С.ЭНХТӨР