Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/00060

 

Б.Иийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/03287 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00047 дугаар магадлалтай,

 Б.Иийн нэхэмжлэлтэй,

“ГМ” ХХК, Х.А нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Х.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагч Х.Агийн өмгөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Э.Т, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч “ГМ” ХХК, Х.А нарт холбогдуулан тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. Хариуцагч Х.А нэхэмжлэгч Б.Ид холбогдуулан хамтын үйл ажиллагааны орлогоос өөрт оногдох хэсэгт 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргажээ.

Энэ хэрэгт Э.Т, Г.Ш нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/03287 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Х.А, “ГМ” ХХК нарт холбогдуулан гаргасан тоног төхөөрөмж гаргуулах тухай Б.Иийн нэхэмжлэлийг, Б.Ид холбогдуулан гаргасан орлогоос оногдох хэсэгт 10,200,000 төгрөг гаргуулах тухай Х.Агийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 214,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00047 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/03287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Агаас хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож, хариуцагч “ГМ” ХХК-д холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Ид холбогдох 10,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Агийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Х.Агаас 214,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 106.1 “Өмчлөгч хөрөнгө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг Х.Агаас гаргуулж, Б.Ид гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Х.Ад холбогдуулан гаргасан учир шүүхээс Х.Агаас тоног төхөөрөмж гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч бодит байдал дээр уг тоног төхөөрөмж нь гуравдагч этгээд болох Э.Тын эзэмшилд байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс тоног төхөөрөмжийг хэний өмчлөлд байгаа талаар асууж тодруулаагүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн.

Магадлалын 4.4 дэх хэсэгт “дээрх тоног төхөөрөмж нь хариуцагч Х.Агийн эзэмшилд байгаа талаар зохигч маргаагүй” гэсэн, шүүхээс энэ талаар тодруулаагүй байж, маргаагүй гэдэг үндэслэлээр Х.Агийн эзэмшилд байхгүй тоног төхөөрөмжийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн цаашлаад шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл байдал бүрэлдэхгүй болно. Хоёр шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн байна.

4.2.Талууд хамтран ажиллаж уг тоног төхөөрөмжүүдийг олсон орлогоос худалдаж авсан бөгөөд уг тоног төхөөрөмж нь 4 хүний өмчлөлийн тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 3.3-т “Талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, маргааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө мөн эсэхэд зохигчид тухайн гэрээнээс гарах үедээ маргаагүй. Өөрөөр хэлбэл, хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүд нь талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд, мөн талуудын төлсөн хураамжийн хэмжээгээр бий болсон дундаа өмчлөх хөрөнгөд хамааралгүй, харин нэхэмжлэгчийн эсхүл, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхэд маргасан байна гэж дүгнэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь уг тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлийн зүйл гэж маргаагүй бөгөөд 4 хүний өмчлөлийн зүйл гэж маргасан байхад шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эсхүл, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхэд маргасан байна гэж буруу дүгнэж, хэргийн оролцогч нарын эрх ашгийг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн байр суурийг үндэслэлгүйгээр буруу ойлгож шийдвэрлэсэн байна. Мөн талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасны дагуу хамтран ажиллаж байсан талаар маргадаггүй.

Тавилга үйлдвэрлэл гэдэг бол маш олон төрлийн ажиллагаанаас бүрддэг эдгээр 4 хүний ажлын үүргийн хуваарилалтын тухайд Э.Т нь будаг болон тавилга угсралт, Х.А нь зүсэгч, Б.И, Г.Ш нар нь айлаар явж захиалга хэмжээ авах, хүргэлт хийх, дизайнер гаргах зэрэг тус тус ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Талууд нь харилцан хамааралтай байж тавилга үйлдвэрлэл явагдаж, эцсийн бүтээгдэхүүн болдог байсан нь талуудын тайлбараар нотлогддог. Шүүх хуралд нэхэмжлэгч Б.И нь Г.Ш бид хоёр дизайн гаргаж байсан. Ер нь бол чадах зүйлсээ хуваагаад хийж байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.25-ны өдрийн 184/ТМ2022/03565 дугаартай шүүх хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 4.2-т “Хариуцагч Х.А нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Тодруулбал, хариуцагч нь өөрийгөө тухайн тоног, төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон дээрх нотлох баримтыг баримтаар үгүйсгэх үүрэгтэй гэвч баримтаар үгүйсгээгүй гэжээ.

Талууд хамтран ажиллаж эхлэхдээ амаар тохиролцож үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гэрээ хийгээгүй байдаг. Мөн хариуцагч нь уг тоног төхөөрөмжийг зөвхөн өөрийн хөрөнгө гэж маргаагүй бөгөөд 4 хүний хамтын хөрөнгө гэж маргасан байдаг. Хамтын ажиллагааны орлого нь Г.Шийн ......... банкны .............. тоот дансанд төвлөрдөг байсан бөгөөд хариуцагчийн зүгээс уг төхөөрөмжийн үнийг 4 хүний хамтын орлогоос төлсөн гэдгийг нотлох үүднээс Г.Ш, Б.И нарын дансны хуулгыг гаргуулсан. Дансны хуулгаар хамтран ажиллаж байхдаа олсон орлогоос төлсөн нь хангалтай нотлогдог. Тухайлбал, Б.И нь 2021.08.06-ны өдөр 5,000,000 төгрөгийг н.Д .......... банкны ............. тоот данснаас Оргил гэсэн гүйлгээний утгатайгаар өөрийн эзэмшдэг ............ банкны ............. тоот руу шилжүүлэн (Итгэлийн дансны хуулгын Раgе 3 буюу 247 дугаартай дансны гүйлгээ) авсан. Уг зээлсэн мөнгийг тоног төхөөрөмж зарсан Д.Д-ний ............. Банкны .......... тоот данс руу “тоног төхөөрөмж урьдчилгаа 5 сая төгрөг гэсэн гүйлгээний утгатайгаар (Итгэлийн дансны хуулгын Раgе 3 буюу 250 дугаартай дансны гүйлгээ) шилжүүлсэн бөгөөд тоног урьдчилгаа мөнгийг хүнээс зээлж бүрдүүлсэн байдаг.

Б.Иийн хүнээс зээлж тоног төхөөрөмжийн урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг Г.Ш нь дараах байдлаар төлж барагдуулсан бөгөөд урьдчилгаа мөнгө нь эцсийн дүндээ Г.Шийн данснаас гарсан байдаг. Г.Ш нь 2021.08.09-ний өдөр Г.Б-ийн ........... Банкны ........... тоот данснаас 6,000,000 төгрөгийг Г.Шт зээлэв гэсэн гүйлгээний утгатайгаар (н.Ш-ийн дансны хуулгын Раgе 6 328 дугаартай гүйлгээ) өөрийн эзэмшдэг ......... Банкны .......... тоот данс руу шилжүүлэн авч Б.Иийн н.Д-аас зээлсэн 5 сая төгрөгийг (н.Ш-ийн дансны хуулгын Раgе 6 330 дугаартай гүйлгээ) төлсөн байдаг.

Уг н.Б-ээс зээлсэн мөнгийг Г.Ш нь 2021.09.08-ны өдөр 6,240,000 төгрөг болгож шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд хариуцагч Х.А нь дараах мөнгийг Г.Ш рүү шилжүүлсэн байдаг. 2021.08.19-ний өдөр Х.А өөрийн эзэмшдэг ........ банкны ............ тоот данснаас 1,000,000 төгрөг (н.Ш-ийн ........ банкны дансны хуулгын Раgе 6 буюу 450 дугаартай гүйлгээ), мөн тус өдөрт 9,300,000 төгрөгийг шилжүүлсэн (н.Ш-ийн ........ банкны дансны хуулгын Раgе 6 буюу 472 дугаартай гүйлгээ) тус тус шилжүүлсэн байна. Х.А нь Г.Ш рүү мөнгө шилжүүлсэн буюу хамтран ажиллаж байсан орлогоо Г.Шийн дансанд төвлөрүүлж үүнээс тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг төлсөн байна. 2021.08.21-ний өдөр Г.Ш нь өөрийн .......... банкны ............ тоот данснаас 500,000 төгрөгийг Д.Д-ний ....... банкны ............... тоот данс руу “тоног төхөөрөмж” гэсэн гүйлгээний утгатайгаар (н.Ш-ийн дансны хуулгын Раgе 17 1417 дугаартай гүйлгээ) шилжүүлсэн. Энэ хугацаанд Х.А нь хамтын орлогын мөнгө болох дараах орлогыг Г.Ш рүү хийгээд байна. 2021.09.20-ны өдөр Х.Агийн эзэмшдэг ............... тоот данснаас 2,900,000 төгрөг (н.Ш-ийн дансны хуулгын Раgе 12 1017 дугаартай гүйлгээ)-ийг Г.Ш рүү шилжүүлсэн. 2021.09.25-ны өдөр Х.Агийн эзэмшдэг .............. тоот данснаас 1,900,000 төгрөг (н.Ш-ийн дансны хуулгын Раgе 13 1130 дугаартай гүйлгээ)-ийг Г.Ш рүү шилжүүлсэн.

Дээрх дансны хуулгуудаас талууд хамтран ажиллаж, орлогоо Г.Ш рүү шилжүүлж, тэрээр түүнээс тоног төхөөрөмжийн мөнгийг төлснийг дүгнэж болох бөгөөд анхан шатны шүүх нь энэхүү дансны хуулгуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс Б.Иийн гаргаж өгсөн дансны хуулгын хүрээнд хэргийг дүгнэж, талуудын дансны хуулгыг дүгнээгүй, дүгнэлт өгөөгүй буюу ИХШХШТХ-ийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу Б.И, Г.Ш, Х.А, Э.Т нарын дансны хуулгыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.03.23-ны өдрийн 001/ШХТ2023/00319 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч “ГМ” ХХК болон Х.Ад холбогдуулан тоног төхөөрөмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Х.А, Э.Т, Г.Ш нартай хамтарч тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар болсон, уг үйлдвэрлэлд шаардлагатай хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг зарын дагуу Д.Д-өөс худалдан авч, өөрийн дансаар үнэ 12,500,000 төгрөг шилжүүлсэн, тоног төхөөрөмжөө 2021.08.06-ны өдөр түрээсийн байранд байрлуулж, үйл ажиллагаанд ашиглаж байсан. Х.А, Э.Т нар нь 2021 оны 11 сард Г.Ш бид 2-т хамтран ажиллах боломжгүй гэсэн, тоног төхөөрөмжийг өгөхгүй хууль бусаар саатуулж байгаа тул эдгээрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Х.А нь 2021.07.26-ны өдөр “ГМ” ХХК-ийг байгуулсан. Компани байгуулах болон ажлын байр түрээслэх ажилд Б.И, Г.Ш нар оролцоогүй, тавилга үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг зарын дагуу хайж Д.Д-өөс 12,500,000 төгрөгөөр худалдан авсан, урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 3 сард багтаан төлөхөөр тохиролцсон. Б.И иргэний үнэмлэхтэй байсан тул гэрээг түүний нэрээр байгуулж, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Б.И, Г.Ш нар нь бусдаас зээлж төлөх, уг мөнгийг болон үлдэх төлбөрийг хийсэн ажлын орлогоос төлөхөөр тохирч, үнийг бүрэн төлсөн. Бидний хамтын ажиллагааны ихэнх орлого Б.И, Г.Ш нарын дансаар орж, зарлагадаж байсан” гэж тайлбарласан.

Хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Б.Ид холбогдуулан 10,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, “...хамтран ажиллах явцад Б.Иийн төрсөн дүү н.Сүүнээ, түүний нөхөр Ш.Мөнхбаяр нарын гэрт 2021.09.21-ний өдөр 40,800,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга хийж өгсөн, тавилгын материалыг бид өөрсдийн хөрөнгөөр авсан, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг Ш.Мөнхбаяр шилжүүлсэн гэж Б.И хэлсэн, тавилгын орлого нь 4 хүний хамтын орлого тул үнэ 40,800,000 төгрөгөөс ногдох 10,200,000 төгрөгийг Б.Иээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...дүүдээ тавилга хийж өгсөн, төлбөр аваагүй” гэсэн тайлбар гаргасан байна.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Т, Г.Ш нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, Э.Т “...хамтран ажиллах хугацаанд бүх захиалгын мөнгийг Б.И, Г.Ш нарын дансаар авч байсан, маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн мөнгийг бид орлогоосоо төлсөн тул эдгээр тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг Б.И, Г.Ш төлсөн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн, Г.Ш “...Х.А, Э.Т нарын хувьд зарим тавилга үйлдвэрлэх ажилд оролцож, оногдох төлбөрийг авдаг байсан. Хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорогч төхөөрөмжүүдийг Б.И худалдан авч, төлбөрийг нь төлсөн тул түүний өмчлөлийн зүйл” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Иийн үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Х.Агийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ “...зохигчийн хооронд хамтын үйл ажиллагаа байсан нь тавилгын захиалга хүлээн авсан, урьдчилгаа мөнгө болон материал хүлээн авсан, ажил гүйцэтгэх явцад гарсан зардал зэргийг харилцан бие бие рүүгээ шилжүүлж байсан дансны хуулга, ...анх хамтарч ажиллахаар болсон гэх талуудын тайлбараар тогтоогдсон, тоног төхөөрөмжийн үнэ ...нэхэмжлэгчийн ...урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг зээлж өгсөн, уг зээлийг буцаан төлөхдөө 6,000,000 төгрөг зээлж 5,000,000 төгрөгийн зээлээ хаасан, талуудын хамтын үйл ажиллагаа, тавилгын захиалга, үйлдвэрлэлийн төлбөр, зардлаас төлж байсан үйл баримт дээрх банкны хуулгаас харагддаг. Энэхүү үйл баримтыг буюу хариуцагчийн “...орлогоос төлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, өөрийн өмчлөлийн эд зүйл болохыг нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхгүй ба хариуцагч талын тоног төхөөрөмж эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус эзэмшил гэж дүгнээгүй болно. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлд заасан хамтын үйл ажиллагаа, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Сөрөг шаардлага, үндэслэлийн талаар, хариуцагч нь ...тайлбараа баримтаар нотлоогүй” гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Х.Агаас тоног төхөөрөмж гаргуулж, хариуцагч “ГМ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, маргааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь дундаа өмчлөх хөрөнгө мөн эсэхэд зохигч тухайн гэрээнээс гарах үедээ маргаагүй. Өөрөөр хэлбэл, хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүд нь талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд, мөн талуудын төлсөн хураамжийн хэмжээгээр бий болсон дундаа өмчлөх хөрөнгөд хамааралгүй, харин нэхэмжлэгчийн эсхүл, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхэд маргасан байна. Иймд дээрх тоног төхөөрөмжийг талуудын төлсөн хураамж, мөн дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэхгүй. Х.Агаас тоног төхөөрөмжийн үнэ 12,500,000 төгрөгийг Б.Ид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, иймд Х.Аг тоног төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэж үзэхгүй.” гэж тайлбарлажээ.

10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

11.Нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, маргааны зүйлтэй холбоотой үйл баримтыг өөр өөрөөр үнэлснээс нэхэмжлэгч нь тухайн эд зүйлийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус байх эрх зүйн үндэслэлийн талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийжээ.

12.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.И, хариуцагч Х.А, гуравдагч этгээд Г.Ш, Э.Т нар 2021 оны 07 сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл түрээсийн байранд хамтарч тавилга үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

13.Хамтын үйл ажиллагаа явуулахын тулд гэрээний талууд гэрээнд заасан хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахыг, хураамж нь мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэртэй байж болохыг, гэрээгээр өөрөөр тохиролцоогүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байхаас гадна дундын хөрөнгийн үр шим, дундын хөрөнгөөс шинээр бий болсон хөрөнгө нь талуудын дундаа хамтран өмчлөх хөрөнгө болохыг Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан байна.

Зохигчийн тайлбарт дурдсанаар хамтын үйл ажиллагааг эрхлэхдээ нэхэмжлэгч Б.И, гуравдагч этгээд Г.Ш нар захиалга, хэмжээ авах, дизайн гаргах, хүргэлт хийх ажлыг, хариуцагч Ш.Алтаншагай зүсэлт хийх ажлыг, гуравдагч этгээд Э.Т тавилга угсрах ажлыг хариуцах зэргээр хэн аль нь хөдөлмөрийн оролцоогоор хамтран ажиллахаар тохиролцсон талаар болон маргааны зүйл болсон хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжийг үйлдвэрлэлд зориулж зарын дагуу бусдаас худалдан авч, хамтын ажиллагаанд ашиглаж байсан, ажлын байрыг бусдаас түрээсэлснийг маргаагүй байна.

14.Зохигч гагцхүү тухайн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авснаар түүний өмч болж, улмаар хамтран ажиллах гэрээнээс гарах үед буцаан шаардах эрхтэй, эсхүл хамтын үйл ажиллагааны орлогоор худалдан авснаар шинээр бий болсон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болсон эсэхэд маргажээ.

15.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.И нь тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэх үндэслэлгүй, төлбөрийг талуудын хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос төлсөн болох нь тогтоогдсон, иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас уг эд хөрөнгийг шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тоног төхөөрөмжийн өмчлөгч гэж үзэх, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Иийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

16.Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг буруу тодорхойлж “...зохигч тоног төхөөрөмжийг хамтын үйл ажиллагааг эрхлэхэд зориулагдсан дундын өмч гэж маргаагүй, нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн алины өмчлөлийн хөрөнгө эсэхэд маргасан, иймд тоног төхөөрөмжийг талуудын төлсөн хураамж, мөн дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэхгүй...” гэсэн, мөн Б.Иээс Д.Д-нд 12,500,000 төгрөг шилжсэн баримтаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг төлсөн нь тогтоогдсон учир түүнийг өмчлөгч болсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь тухайн тоног төхөөрөмжийг худалдан авах үед хамтран ажиллах гэрээнд оролцогч Б.И, Г.Ш, Х.А, Э.Т нарт төлбөр төлөх санхүүгийн эх үүсвэргүй байсныг зохигч маргаагүй бөгөөд Б.И, Г.Ш нар бусдаас мөнгө зээлж 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгч, үлдэх хэсгийг хамтын үйл ажиллагааны орлогоор төлөхөөр тохиролцсон, хамтын үйл ажиллагааг эрхлэхдээ талууд тавилга үйлдвэрлэхтэй холбоотой бусдаас шилжүүлсэн орлогыг хэн аль нь өөрийн дансаар авч буцааж хэрэглэж байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна Б.И нь өөрийн данснаас Д.Д-нд тоног төхөөрөмжийн үнэ утгаар мөнгө шилжүүлсэн байдал нь зөвхөн түүнд өмчлөх эрх үүссэнийг нотлохгүй, уг мөнгө өөрийн хөрөнгө болохыг, тухайлбал, хамтын үйл ажиллагаанаас олсон орлогод хамааралгүйг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00047 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/03287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тгийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.А /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П/-ын 2023.02.03-ны төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД