Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 169

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар С.Надмидцэрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201615000276 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЕ87020201 тоот регистрийн дугаартай, Бэрсүд овогт Сэрээнэнгийн Надмидцэрэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Надмидцэрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Баянхонгор аймаг руу явах замдаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17-18 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг хот хоорондын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх мөн 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Батмөнхийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч С.Нарантуяа мөрдөн байцаалтанд өгсөн ... Би талийгаач Батмөнхтэй 1991 оны 09 сарын 13-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд гэрлэж байсан. Талийгаач Батмөнх 2016 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумруу ээж Сангицэмид болон ах дүү нартай уулзаад самар түүнэ гээд явсан. 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн би хөдөө утасны сүлжээ гараад, талийгаач Батмөнх рүү залгаад хаана явна гэж асуухад талийгаач Батмөнх би Өвөрхангай аймгаас гараад явж байна гэж хэлсэн. Талийгаач Батмөнх 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр осолд орж нас барьсан. Талийгаач Батмөнх надтай 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн утсаар ярихдаа Би Өвөрхангай аймгаас гараад явж байна. Эндээс Баянхонгор аймаг ороод, сум рүү гэр лүүгээ явна гэж хэлсэн. Талийгаач Батмөнх 2016 оны 06 дугаар сард шамравны хагалгаанд орсон. Тэрнээс өөр өвчин эмгэг байгаагүй. Талийгаач Батмөнх 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хот 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж байсан. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн бичиг баримт байхгүй ... надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг түргэн шуурхай шийднэ өгнө үү. Би хөдөө мал дээрээ ганцаараа байдаг бүл зав байхгүй тул шүүх хуралд суухгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 111/,

Гэрч Б.Жамбалдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд байдаг юм. Тэгээд би С.Сэргэлэн, Э.Эрдэнэбаяр, Надмидцэрэн, С.Батмөнх нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин суманд самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймагруу буцсан юм. Бид нар Хархориноос 2 мотоцикль, нэг машинтай гарсан. Хархориноос гарахдаа би өөрийнхөө мотоциклийг унаад, Э.Эрдэнэбаяр С.Батмөнх ахын мотоциклийг нь унаад, Э.Эрдэнэбаярын эхнэр өөрийнхөө машиныг бариад С.Сэргэлэн ах, С.Батмөнх ах хоёр машинд суугаад Хархориноос гарсан юм. Хархориноос гарахад бид нарыг С.Батмөнх ахын 2 найз нь гаргаж өгсөн. Тэр хоёр найз нь 2 ширхэг том пиво, 1 ширхэг 0,5 грамтай архи авчраад би нарыг гаргаж өгсөн юм. Тэр хоёрын авчирсан архи, пивыг С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэгээд С.Батмөнх ах мотоциклио барьж чадахааргүй согтохоор нь Э.Эрдэнэбаяр, С.Батмөнх ахын мотоциклийг бариад явсан юм. Тэгээд бид нар Өвөрхангай аймгийн төвийн баруун гуанзан дээр хоол идсэн. Тэр үед С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр дахиад нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд бид нар цаашаа Баянхонгор луу хөдөлсөн. Э.Эрдэнэбаяр бид хоёр мотоцикль бариад, Э.Эрдэнэбаярын эхнэр машинаа бариад С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр машинд суугаад хөдөлсөн. Тэгээд Хайрхандулаан сумын нутагт Э.Эрдэнэбаяр бид хоёр мотоцикльтойгоо урд талд нь нилээн зайтай явсан явж байгаад машинтай хэдийгээ ирэхгүй болохоор нь зогсоод хүлээж байгаад утсаар ярихад утасны сүлжээ барьж байсан ба, Надмидцэрэн би осол гаргачихлаа гэж өөдөөс ярихаар нь, Э.Эрдэнэбаяр бид хоёр буцаад мотоциклиороо очсон. Гэтэл Надмидцэрэнгийн барьж явсан машин засмал замынхаа хойд талд замаасаа гараад замруугаа толгой хэсэг нь харчихсан зогсож байсан. Машин нь бүтэн эргээд замын хажууд зогссон юм шиг байна лээ. Тэгээд бид хоёрыг яваад очсон чинь Надмидцэрэн, Батмөнх ахын толгойг нь түшчихсэн сууж байсан. Харин С.Сэргэлэн ах хажууд нь хэвтэж байсан. Би Эрдэнэбаярыг тэр хэдтэй үлдээгээд өөрийнхөө мотоциклиор Хайрхандулаан сумруу явж түргэн дуудаж ирсэн. Тэгээд Хайрхандулаан сумын эмнэлэг очиж үзчихээд Батмөнх ахыг аваад сумын төв оруулсан. Батмөнх ах Хайрхандулаан сум орохдоо бол амьд байсан. Дараа нь дахиж ирээд С.Сэргэлэн ахыг аваад сумын эмнэлэгт ирсэн. С.Батмөнх ах Хайрхандулаан сумын эмнэлэгт очоод 2 цаг орчим болоод нас барсан. Тухайн осол яаж гарсан талаар мэдээгүй, Надмидцэрэнгийн ярьж байгаагаар машиных нь дугуй хагараад осол гарсан гэсэн. Надмидцэрэн машинаа жолоодоод дотор нь С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр сууж явсан юм. С.Батмөн ах жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь С.Сэргэлэн ах сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэр осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй. Дугуй нь хагарсан юм шиг байна лээ. Тэр машин нь Надмидцэрэнгийн өөрийнх нь машин байгаа юм. С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. гэхдээ согтуу байгаагүй. Харин Надмидцэрэн бол эв эрүүл байсан. С.Батмөнх гуай хаанаа ямар гэмтэл авсныг мэдэхгүй эмнэлэгт ирээд нас барчихсан. С.Сэргэлэн гуайн баруун гуяны мах нь тасарсан байсан. Өөр гэмтэл аваагүй .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Гэрч С.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд гэртээ байж байхад манай найз С.Батмөнх утсаар залгаад Хархорин суманд байна. Хүрээд ир хамт самарт явъя гайгүй байна гэхээр нь би хүргэн Э.Эрдэнэбаярыг Жалбалдоржтой хамт аваад Хархорин сумруу 2 мотоцикльтой бид гурав явсан юм. Тэгээд Хархоринд бид нар Батмөнхтэй хамт самарт явж байхад Э.Эрдэнэбаяр Баянцагаан сум руугаа буцчихаад эхнэртэйгээ машинаа аваад ирсэн юм. Тэгээд бид нар хэд хоног самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр самарнаасаа бууж ирээд Хархорин суманд нэг хоночхоод маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хархорин сумаас Баянхонгор аймагруу Э.Эрдэнэбаяр, С.Надмидцэрэн, С.Батмөнх, Б.Жамбалдорж бид нар буцсан юм. Хархорин сумаас Баянхонгор аймаг руу буцах гээд гарах гэж байхад манай найз С.Батмөнхийн 2 найз нь бид нарыг гаргаж өгсөн. Тэр хоёр хүн 2 ширхэг том пиво, нэг шил архитай ирсэн.Тэр архи пивыг С.Батмөнх бид хоёр, гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт хувааж уусан. Харин Э.Эрдэнэбаяр, Надмидцэрэн, Г.Жамбалдорж нар бол огт архи пиво уугаагүй, эв эрүүл байсан. Тэгээд Хархориноос гарах гэтэл С.Батмөнх жаахан согтоод, ядраад байна машинд суугаад явъя, чи миний мотоциклийг бариад явчих гэж Э.Эрдэнэбаярт хэлсэн юм. Тэгээд манай дүү С.Надмидцэрэн өөрийнхөө машиныг бариад С.Батмөнх бид хоёр машинд нь суугаад Хархориноос гарсан. Харин манай хүргэн Э.Эрдэнэбаяр С.Батмөнхийн мотоциклийг бариад Жамбалдорж өөрийнхөө мотоциклийг унаад Хархориноос гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн баруун гуанзан дээр ирээд бид нар хоол идсэн юм. Тэнд хоол идчихээд явах гэтэл С.Батмөнх гуанз дээрээс нэг шил архи авсан. Тэр архинаас С.Батмөнх бид хоёр нэг нэг удаа татсан. Тэгээд манай хүргэн Э.Эрдэнэбаяр С.Батмөнхөд та мотоциклио одоо барь би машинаа бариад явъя гэж хэлсэн чинь С.Батмөнх Эрдэнэбаярт ахынхаа мотоциклийг Баянхонгор хүртэл бариад явчих ах нь машинд чинь суугаад явчихъя гэж хэлсэн. Тэгээд Э.Эрдэнэбаяр С.Батмөнхийн мотоциклийг цааш нь дахиад унаад явсан. Манай дүү Надмидцэрэн машинаа бариад би арын суудал дээр нь суугаад, жолоочийн хажууд С.Батмөнх суугаад цаашаа Баянхонгорлуу явсан. Тэгээд бид нар замдаа машины хөгжмийг нь унтраагаад өөрсдөө дуулаад явсан. Тэгээд Баянхонгор луу явж байхад гэнэт л манай машин онхолдоод явчихсан. Юунаас болсон талаар бол мэдэхгүй. Надмидцэрэнгийн ярьж байгаагаар дугуй нь хагарсан байх. Би осол гарсны дараа машины арынхаа суудал дээр байсан. С.Батмөнх машинаас гараад шидэгдсэн байсан. Тэгээд би машинаас гарч чадахгүй байж байтал Надмидцэрэн намайг машинаас гаргасан. Дараа нь Надмидцэрэн С.Батмөнхийн толгойг нь тэврээд уйлаад байсан. Эрдэнэбаяр, Жамбалдорж хоёр мотоцикльтой түрүүлээд явсан байсан юм. Тэгээд тэр хоёрт утсаар хэлсэн чинь удалгүй буцаад ирсэн. Жамбалдорж түргэн дуудах гээд сум руу явсан. Тэгээд удалгүй сумын эмнэлэг ирээд С.Батмөнхийг аваад явсан. Тэгээд жаахан байж байгаад дахиж ирээд намайг аваад явсан. Тэр үед сум ороход С.Батмөнх амьд байсан юм. С.Батмөнх бид хоёрыг нэг өрөөнд оруулж хэвтүүлсэн. Эмч нар нь С.Батмөнхөд эмчилгээ хийж байсан. Гэтэл эмч нар намайг өөр өрөөнд оруулж хэвтүүлсэн. Би эмчилгээ хийлгэчихээд унтаж байтал Эрдэнэбаяр орж ирээд С.Батмөнхийг нас барчихлаа гэж хэлсэн. Надмидцэрэн машинаа жолоодоод дотор нь С.Батмөнх бид хоёр сууж явсан юм. С.Батмөнх жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь би сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэр осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй. Дугуй нь хагарсан юм шиг байна лээ. Манай дүү Надмидцэрэн согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл байсан. Тэр ослоос болж манай найз С.Батмөнх биедээ гэмтэл аваад нас барсан. Миний баруун гуяны дотор талд мах нь тасарсан байсан. Өөр гэмтэл аваагүй. Надмидцэрэн нүүр нь жаахан шалбарсан байсан. Өөр гэмтэл авсан хүн байхгүй. Тэр машин нь Надмидцэрэнгийн өөрийнх нь машин байгаа юм. С.Батмөнх бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. гэхдээ согтуу нь гайгүй байсан. С.Батмөнх жолоочийн хажууд, би арын суудал дээр сууж явсан. Надмидцэрэн машин барьж явсан. Өөр хүн машинд сууж яваагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Гэрч Э.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд байдаг юм. Тэгээд би С.Сэргэлэн ах, С.Батмөнх ах, Жамбалдорж, эхнэр Надмидцэрэн нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин суманд самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг руугаа буцсан юм. Тэр үед эхнэр бид хоёр машинтайгаа, С.Батмөнх ах, Жамбалдорж хоёр мотоцикльтой явсан юм. Бид нар Хархориноос гарахдаа Жамбалдорж өөрийнхөө мотоциклийг унаад, би С.Батмөнх ахын мотоциклийг нь унаад, манай эхнэр өөрийнхөө машиныг бариад С.Сэргэлэн ах, С.Батмөнх ах хоёр манай машинд суугаад Хархориноос гарсан юм. Хархориноос гарах гэж байхад бид нарыг С.Батмөнх ахын 2 найз нь гаргаж өгсөн. Тэр хоёр найз нь 2 ширхэг том пиво, 1 ширхэг 0,5 грамтай архи авчираад бид нарыг гаргаж өгсөн юм. Тэр хоёрын авчирсан архи, пивыг С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэгээд С.Батмөнх ах мотоциклио барьж чадахааргүй согтохоор нь би С.Батмөнх ахын мотоциклийг бариад явсан. Тэгээд бид нар Өвөрхангай аймгийн төвийн баруун гуанзан дээр ирээд хоол идсэн. Тэр үед С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр дахиад нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд бид нар цаашаа Баянхонгорлуу хөдөлсөн. Жамбалдорж бид хоёр мотоцикль бариад, манай эхнэр машинаа бариад С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр машинд суугаад хуучнаараа хөдөлсөн. Би С.Батмөнх ахад мотоциклийг нь өгөх гэтэл аймаг хүртэл бариад явчих гэхээр нь дахиад Батмөнх ахын мотоциклийг бариад цаашаа явсан юм. Тэгээд Хайрхандулаан сумын нутагт Жамбалдорж бид хоёр мотоцикльтойгоо машинтай хэдийнхээ урд талд нь нилээн зайтай явсан явж байгаад ирэхгүй болохоор нь зогсоод хүлээж байгаад би эхнэр лүүгээ утсаар залгаад ярихад утасны сүлжээ барьж байсан. Тэгээд манай эхнэр Надмидцэрэн би осол гаргачихлаа гэж өөдөөс ярихаар нь, Жамбалдорж бид хоёр буцаад мотоциклиороо очсон. Гэтэл манай эхнэрийн барьж явсан 27-73БНА улсын дураагтай Прүс-11 маркийн машин засмал замынхаа хойд талд замаасаа гараад замруугаа толгой хэсэг нь харчихсан зогсож байсан. Манай машин нь бүтэн эргээд замын хажууд зогссон юм шиг байна лээ. Тэгээд бид хоёрыг яваад очсон чинь манай эхнэр Батмөнх ахын толгойг нь түшчихсэн сууж байсан. Харин С.Сэргэлэн ах хажууд нь хэвтэж байсан. Жамбалдорж намайг тэр хэдтэй үлдээгзэд өөрийнхөө мотоцикпиор Хайрхандулаан сумруу явж түргэн дуудаж ирсэн. Тэгээд Хайрхандулаан сумын эмнэлэг ирж үзчихээд Батмөнх ахыг аваад сумын төв оруулсан. Батмөнх ах Хайрхандулаан сум орохдоо бол амьд байсан. Дараа нь дахиж ирээд С.Сэргэлэн ахыг аваад сумын эмнэлэгт ирсэн. С.Батмөнх ах Хайрхандулаан сумын эмнэлэгт очоод 2 цаг орчим болоод нас барсан. Тухайн осол яаж гарсан талаар мэдээгүй, манай эхнэрийн ярьж байгаагаар машиных нь дугуй хагараад осол гарсан гэсэн. Манай эхнэр өөрөө машинаа жолоодоод дотор нь С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр сууж явсан юм. С.Батмөнх ах жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь С.Сэргэлэн ах сууж явсан. Өөр хүн байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Шүүгдэгч С.Надмидцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд бид нар Хархорин суманд хамт самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр самар түүхээ болиод Хархорин сумруу хөдөөнөөс нь ирсэн. Хархоринд нэг хончихоод Баянхонгор аймагруугаа буцсан юм. Бид нарыг Хархорин сумаас гарах гэж байхад С.Батмөнх ахын 2 найз нь гаргаж өгсөн юм. Тэр хүмүүс 2 том пиво, нэг шил архитай ирээд бид хэдийг гаргаж өгсөн. Тэр авчирсан архи пивыг манай ах С.Сэргэлэн, С.Батмөнх ахтай хамт бас нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэр архи пивоноос манай нөхөр Э.Эрдэнэбаяр, нутгийн хүн Жамбалдорж бид гурав огт уугаагүй, тэгээд Хархориноос гарах гэтэл С.Батмөнх ах нь ядраад байна чи миний мотоциклийг унаад Өвөрхангай аймаг оруулаад өгөөч гэхээр нь манай нөхөр С.Батмөнх ахын мотоциклийг унаад, би өөрийнхөө машиныг унаад Хархорин сумаас гарсан юм. Тэгээд Өвөрхангай аймгийн баруун талын гуанзан дээр ирээд хоол идсэн. Тэр үед С.Батмөнх ах гуанзнаас гараад явсан юм. Тэгээд буцаж орж ирэхдээ эхнэртэйгээ утсаар ярьчихлаа гээд нэг шил архи бариад ороод ирсэн. Тэр архийг С.Сэргэлэн ах, С.Батмөнх ах хоёр хувааж уусан юм. Тэгээд хоол идчихээд явахдаа би машин барихгүй гээд машиныхаа жолоочийн эсрэг талд суусан. Тэгээд манай нөхөр С.Батмөнх ахын мотоциклийг нь өгөх гэтэл Батмөнх ах Баянхонгор аймаг хүртэл бариад явчих, ах нь цаашаа 200 гаран км шороон замаар явах болохоор ядраад байна гэсэн. Тэгээд манай нөхөр дахиад С.Батмөнх ахын мотоциклийг бариад Баянхонгор аймагруу явсан. Харин би өөрийнхөө машиныг дахиад бариад явсан. Миний хажууд С.Батмөнх ах суугаад, арын суудал дээр С.Сэргэлэн ах суугаад явцгаасан. Тэгээд замдаа би машиныхаа хөгжмийг асаагаад явж байхад С.Батмөнх ах хөгжмөө унтраачих, өөрсдөө дуулаад явъя гэхээр нь би машиныхаа хөгжмийг унтраасан чинь С.Батмөнх ах, С.Сэргэлэн ах хоёр дуулаад явсан. Тэгээд Баянхонгор луу засмал замаар явж байсан чинь гэнэт машины үрүүл мурилзаад явчихсан. Тэгээд рүүлийг нь дийлэлгүй замын хажууруу ороод онхолдсон. Би тэрүүхэн зуур бол юу болсон талаар мэдээгүй, нэг мэдэхэд би машиныхаа үрүүл дээр сууж байсан. Хажууд сууж байсан С.Батмөнх ах байхгүй байхаар нь машиныхаа хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй болохоор нь цонхоор нь гарсан. Тэгээд машинаасаа гараад ирсэн чинь С.Батмөнх ах машины хажууд хэвтэж байсан. С.Сэргэлэн ах машины арын суудал дээр байхаар нь хаалгыг нь онгойлгож гаргаж авсан. Тэгээд С.Батмөнх ахыг муухан дуугараад хэвтээд байхаар нь толгойг нь тэврээд уйлж байгаад толгой дор нь тэрлэг, дээлээр дэр хийсэн. Тэр үед манай нөхөр, Жамбалдорж хоёр түрүүлээд мотоцикльтой явсан байсан болохоор араас нь утсаар залгаад аваар хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр буцаж ирээд Жамбалдорж эмнэлэг дуудах гэж Хайрхандулаан сумруу мотоциклиороо явсан. Тэгээд эмнэлэг ирээд С.Батмөнх ахыг үзчихээд сумруу аваад явсан. Тэгээд эмнэлгийн машин буцаж ирээд С.Сэргэлэн ахыг аваад явсан. Тэгээд манай нөхөр Жамбалдорж ах хоёр мотоцикльтойгоо сумруу дагаад явсан. Харин би машин дээрээ үлдсэн. Тэгээд нэлээн байж байхад цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгээд би Хайрхандулаан сумын цагдаа нартай хамт сумын төв ороход С.Батмөнх ахын бие нь нэлээн муухан болтой дуугарч байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд машиныг чинь ачих гэж байна гэхээр нь буцаад осол болсон газар луугаа Жамбалдоржтой хамт явсан. Тэгээд тэр газар очоод байж байхад манай нөхөр араас утсаар залгаад С.Батмөнх ахыг нас барчихлаа гэсэн. Тэгээд машинаа ачуулчихаад буцаад сумын төв орсон. Машинд сууж явсан хүмүүсээс С.Батмөнх ах нас барчихсан. Харин С.Сэргэлэн ахын баруун гуянд гэмтэл учирсан. Өөр гэмтэл аваагүй, өөр хүн бол байгаагүй. Би жолооны үнэмлэхтэй, машин барьж явахдаа би огт үүрэглээгүй, хажууд ах нар дуулаад явсан юм ... Би тухайн үед 30-40 километр цагийн хурдтай явсан юм. Миний унаж явсан гэх тээврийн хэрэгслийн жолоочийн талын дугуй хагарсны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88, 91-92/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Х.Түмэнбайлдагчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “... 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн автомашин жолоодож явсан С.Надмидцэрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9 дүгээр бүлгийн 9.2 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явснаас зам тээврийн осол гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 27-73БНА улсын дугаартай Тоёота прүс-11 маркийн автомашин жолоодож явсан С.Надмидцэрэн нь осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн ... С.Батмөнхийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний бяцрал, дотуур цус алдалт, баруун чихний дэлбэн, эрүүний язарсан шарх, эрүү, зүүн сарвуу ны ар хэсэг, зүүн дунд, долоовор хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь элэгний бяцралтын улмаас дотуур цус алдаж нас барсан байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74/,  

Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 11 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн ... уг тээврийн хэрэгслийн кабин оройн хэсгээрээ засварлах боломжгүй болтол цөмөрсөн, салхины шил, арын шил, зөв талын урд хаалганы шилнүүд бүгд хагарсан, 2 толь хагарсан байна. Капод зөв талын крыло цөмөрсөн, хойд буфер цөмөрсөн, буруу талын урд дугуйн покрышка обуднаасаа мултарч хий нь гарсан байна. Энэ эвдрэл гэмтэл нь осол болсны дараа гарсан байна. /Баруун урд талын дугуй нь дугуй засвар дээ аваачиж Э.Эрдэнэбаяр, Н.Түмэннасан, С.Амармөнх нарын хамт хий үзхэд дугуй хагараагүй ослоос болж покрышка обуднаас мултарч хий нь гарсан байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 8-10/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14, 18-29/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 30-36/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 110, 115/,

Талийгаач С.Батмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/,

С.Надмидцэрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/

Баянхонгор аймгийн Баянговь сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 126/,

С.Надмидцэрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон түүний хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 131-141/,

Хохирогч С.Нарантуяагийн гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 142/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 145-146/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 149/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч С.Надмидцэрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Баянхонгор аймаг руу явах замдаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17-18 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг хот хоорондын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх мөн 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Батмөнхийн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Нарантуяа /хх-ийн 46-46, 111/, гэрч Б.Жамбалдорж /хх-ийн 49-51/, гэрч С.Сэргэлэнгийн /хх-ийн 52-54/, Э.Эрдэнэбаярын /хх-ийн 55-57/, шүүгдэгч С.Надмидцэрэнгийн /хх-ийн 86-88, 91-92/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Х.Түмэнбайлдагчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 11 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/, Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 8-10/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14, 18-29/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 30-36/, Талийгаач С.Батмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 149/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Надмидцэрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Надмидцэрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

Хохирогч С.Нарантуяа нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 142/ байх тул шүүгдэгч Д.Надмидцэрэнг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.Надмидцэрэн нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, хохиролоо сайн дураараа төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.      

Шүүх шүүгдэгч С.Надмидцэрэнгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулав. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Надмидцэрэнгийн В ангиллын 1080538 дугаарын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.Надмидцэрэнд буцаан олгов.    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Надмидцэрэнгийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн телевизор, гэм хэрэг үйлдэхдээ унаж явсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Бэрсүд овогт Сэрээнэнгийн Надмидцэрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч С.Надмидцэрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Надмидцэрэнгийн эдлэх 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.                                                                             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Надмидцэрэнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнссэн ялтан С.Надмидцэрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.          

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Надмидцэрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хураагдсан шүүгдэгч С.Надмидцэрэнгийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн телевизор, гэм хэрэг үйлдэхдээ унаж явсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож 2016 оны 11 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Надмидцэрэнгийн В ангиллын 1080538 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.Надмидцэрэнд буцаан олгосугай.

10. Шүүгдэгч С.Надмидцэрэн нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Надмидцэрэнд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА