Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0501

 

 

 

 

       2022          06           22                                   128/ШШ2022/0501

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Н************

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: В.Г***

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б***

        Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Улаанбаатар хотын *** дүүргийн .***дүгээр хороонд баригдсан үйлчилгээтэй 16 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г***,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “Хотын стандарт, хяналтын газрын амины орон сууцны барилга ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын комисс ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Иргэн Н.Н******-д Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2018/16-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн улсын бүртгэлийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Г-220402*** . дугаар шийдвэртэй,18645310.*** дугаар нэгж талбарын дугаартай ***дүүргийн .*** дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Консулын 13 гудамжны *** дугаар хашаанд иргэн Н.Н-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 589 м.кв газрыг үндэслэн олгосон,

2.2. Н.Н******* өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, ***   дүүргийн *** дүгээр хороо, Консулын 1*** тоот 589 м.кв газартаа үйлчилгээ бүхий 5 давхар орон сууцны барилгыг иргэдтэй захиалгын гэрээ хийж хөрөнгө оруулалт хийлгэн 2021 онд барьж дуусгаж, дээрх орон сууцанд гэрээ байгуулсан иргэдийг оруулжээ.

2.2. Хотын стандарт, хяналтын газарт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Консулын 13 гудамжны 343 тоот хаягт байрлах газар дээр барьсан үйлчилгээтэй 16 айлын орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан,

2.3 Хотын стандарт, хяналтын газраас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж орон сууцны барилгыг ашигласан байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж хүсэлт гаргагч Н.Н-тай утсаар холбогдож “хууль журмын талаар мэдээлэл өгч, тайлбар, фото зугийг хавсарган хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн байна.

            2.4. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 10 дугаар зүйлийн 10.3-д ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасан тул шүүхээр шийдвэрлүүлж бидэнд ханд гэдэг хариуг утсаар мэдэгдсэн.              

          2.5. Тус шүүх иргэн Н.Н***-аас Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан “Барилга байгууламж ашиглалтад орсон тул улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, улсын комисс оруулах акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасныг тус шүүх хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.6.Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3495 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Тус шүүх иргэн Н.Н***-ын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, улсын комисс ажиллуулах акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Нэхэмжлэгч Н.Н*** миний бие 2020 оноос эхлэн өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, *** дүүргийн *** дүгээр хороо, Консулын *** тоот 589 м.кв газартаа үйлчилгээ бүхий 5 давхар орон сууцны барилгыг иргэдтэй захиалгын гэрээ хийж хөрөнгө оруулалт хийлгэн 2021 онд барьж дуусгасан. Хөрөнгө оруулсан иргэдтэй 2020 ондоо ашиглалтад оруулна гэж гэрээлсэн боловч цар тахлын хорио цээрийн нөхцөл байдлаас болоод хойшилж 2021 онд ашиглалтад оруулсан бөгөөд иргэд гэрээний дагуу орон сууцандаа орох аргагүй байдлыг тайлбарлан хэлж хүсэлт шаардлагыг тавьсан тул бүх захиалагч нарын энэхүү хүнд байдлыг харгалзан байр сууцанд нь оруулсан болно. Ингээд хуулийн дагуу Хот байгуулалт стандарт хяналтын газарт уг барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасанд хариуцагч нь 70118*** . гэсэн утаснаас Монгол Улсын засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10 дугаар зүйлийн 10.3-д /Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна./ гэж заасан тул шүүхээр шийдвэрлүүлж бидэнд ханд гэж хариу тайлбарыг амаар гаргасан болно. Үүнээс болж миний болон байр орон сууц захиалсан иргэд бид "Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4, 32.1.5-д заасны дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах, түүний дагуу үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулж бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж хуулийн дагуу стандарт дүрмийн шаардлагад нийцсэн орон сууцанд, аюулгүй амьдрах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа болно. Энэхүү байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хариуцагчаас шинээр ашиглалтад орсон тус барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв.

             4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид барилга байгууламж ашиглалтад оруулах комисс оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хариуцагч Барилгын тухай хуульд заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтын 13 дугаар хүснэгтийн 13.1-д зааснаар ашиглалтад орсон барилга байгууламжид комисс оруулахыг даалгахыг хориглосон бөгөөд шүүхээр шийдвэрлүүлсний дараа ашиглалтад орох комисс оруулна гэдэг хариу өгсөн. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан. гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажилтай танилцсан. Танилцах явцад барилгын тухай хууль болон Засгийн газрын 212 дугаартай тогтоолоор барилга байгууламжийг ашигласан нь тогтоогдсон байх тул барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглодог. Үүнийг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах шаардлагатай тул үүний дагуу шаардлагаа тавьж тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ажилсан байгаа. Тухайн газрын даргын батлагдсан А/15 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсэг дээрх дүгнэлтийг гарган тухайн үед мэдэгдсэн байгаа. гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Нармандах нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, *** дүүрэг, ***   хороо, Консулын ***   тоот 589 м.кв газартаа үйлчилгээ бүхий 5 давхар орон сууцны барилгыг иргэдтэй захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийлгэн 2021 онд барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

3. Дээрх барилгын угсралтын ажилд хийсэн зураг төслийн зохиогчийн дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна.

4. Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хотын стандарт, хяналтын газарт барилгыг хүлээн авах улсын комисс ажиллуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ.

5. Дээрх хүсэлтүүдэд хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас 2022 оны 03 дугаар сарын 11, утсаар, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/207 дугаартай албан бичгээр маргаан бүхий барилгад улсын комисс ажиллуулахаас татгалзсан хариунуудыг өгсөн байна.   

            6. Дээрх албан бичигт “*** Тус газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/239 дүгээр захирамжийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Иргэн Н.Н***-ын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн B0110-220***   дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн *** дүүргийн *** дүгээр хороонд баригдсан үйлчилгээтэй 16 айлын орон сууцны зориулалттай барилгад тус газрын Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*** 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад орон сууцны барилгыг ашигласан байгаа "Барилгын тухай хуулийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дах заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Иймд хүсэлт ирүүлсэн иргэн Н.Н-тай 99027404 дугаараар холбогдож хууль, журмын талаар мэдээлэл өгч, тайлбар, фото зургийг хавсарган хүсэлтийг буцаасан болно гэжээ.

7. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий барилгад улсын комиссыг ажиллуулсан байх бөгөөд тус газрын Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад орон сууцны барилгыг ашигласан байгаа "Барилгын тухай хуулийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалт, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дах заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Иймд хүсэлт ирүүлсэн иргэн Н.Н-тай 9902***   дугаараар холбогдож хууль, журмын талаар мэдээлэл өгч, тайлбар, фото зургийг хавсарган хүсэлтийг буцаасан болно гэжээ.

8. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл. “Захиалагчийн чиг үүрэг”, 37.6. “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ын 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахын хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж тус тус заажээ.

9. Хууль болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, дуусаагүй болон дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон байх бөгөөд ашигласан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар зохицуулсан байна.

10. Нэхэмжлэгч компанийн зүгээс үйлчилгээтэй 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ашиглах болсон үндэслэлээ “Захиалагч иргэдтэй 2020 онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” буюу цар тахлын энэ үед манай улс нь ихэнхдээ хатуу хөл хорионы дэглэмтэй байсан тул энэ үеэр хүсэлт гаргаж улсын комисс ажиллуулах боломжгүй байсан. Иргэд гэрээний дагуу орон сууцандаа орох аргагүй байдлыг тайлбарлан хэлж хүсэлт шаардлагыг тавьсан тул бүх захиалагч нарын энэхүү хүнд байдлыг харгалзан 2021 онд байр сууцанд нь оруулсан.

Ингээд хуулийн дагуу Хот байгуулалт стандарт хяналтын газарт уг барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан” гэж тайлбарласан байна.

11. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашигласан гэх үйлдэл хүндэтгэж үзэх шалтгаантай байсан байна гэж үзэхээр байна.

Учир нь манай улс нь 2020, 2021 онд “Ковид-19” буюу цар тахлын улмаас хатуу хөл хорионы болон хэсэгчилсэн хөл хорионы дэглэмтэй байсан тул цар тахлын улмаас улсын комисс ажиллуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Мөн өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу захиалагчийн хүсэл зоригоос шалтгаалан орон сууцуудыг ашигласан гэх тайлбарыг ч мөн үгүйсгэх боломжгүй юм.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх тул нэхэмжлэгчийн “Хотын стандарт, хяналтын газрын амины орон сууцны барилга ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н***-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын *** дүүргийн *** дүгээр хороонд баригдсан үйлчилгээтэй 16 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ГАНБАТ