Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 2020          06            25                                           2020/ДШМ/823                                                  

 

С.Б-, Н.М-, А.О- нарт                                                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

            шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Г.Оюунцэцэг, Д.Батбаяр,

шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр,

П.Одонтунгалаг,

            шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б-, Н.М-, А.О- нарт холбогдох 1705013090273 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн С-ын Б, Улаанбаатар хотод 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:000000000/

 

 

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон.

2. Б овгийн Н-ын М, Завхан аймгийн Цагаанчулуут суманд 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Зүүн Нарангийн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:00000000/

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалт, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 6 жил 4 сар хорих ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх заалтуудад зааснаар 3 жил 5 сар хорих ял,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлсэн.

3. О овгийн А-ийн О, 1978 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:00000000/

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б дэх заалтад зааснаар 20 жил хорих ял шийтгүүлж, 2008 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн ялыг 15 жил хорих ял болгон өөрчилж, 2012 оны 05 дугаар сарын 09-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 22 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж, суллагдсан.

С.Б-, Н.М- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” үйлчилгээний төвийн үүдэнд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

мөн тэд бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

С.Б-, Н.М-, А.О- нар нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Б-, Н.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, С.Б-, Н.М- А.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.Б-, Н.М- нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг, шүүгдэгч С.Б-, Н.М-, А.О- нарыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Б-, Н.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-, Н.М- нарт оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон 30 хоногийг хорих ялуудтай нэмж нэгтгэн тэдний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-өд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Castle” баарны камерын бичлэг бүхий “CD” 1 ширхэг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын хяналтын камерын бичлэг бүхий “CD” 2 ширхэг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэлд хавсаргасан цагаан өнгийн “CD” 1 ширхэг, “Sony” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332-201 тоотоос №8-1 гэж дугаарласан 6 см диаметртэй, дээд хэсэгтээ 2 цоолсон хуванцар таг, №8-2 гэж дугаарласан шаргал өнгийн гадаргуутай дээд хэсэгтээ 2 цорго бүхий нүхтэй бонго мэт зүйл, №8-3 гэж дугаарласан дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн 2 цорго мэт зүйлтэй шилэн бонго мэт зүйл, №8-4 гэж дугаарласан дотроо дугуй хэлбэртэй олон тооны цоолсон нүхтэй хуванцар тогтоосон, лонх хэлбэртэй таггүй шилэн зүйл, №16-1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсгийг нь хагалсан тарианы усны шил, №16-2 гэж дугаарласан 15 см урттай өнгөгүй, хуванцар соруул мэт зүйл, №17 гэж дугаарласан 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут, №22 гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, жижиг тасархайн хамт, №24 гэж дугаарласан “Үзэмний шүүс” гэсэн бичиглэл бүхий шошготой дотор талдаа олон тооны тамхины иш бүхий хуванцар сав, №7 гэж дугаарласан 10 ширхэг зиплок түгжээ бүхий уут, 59-19 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан тарианы усны шилний хагархай толгой, ахуйн хэрэглээний газ, асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамжны 142д тоотоос хураан авсан 58,7 см урттай, 15,3 см бор хүрэн өнгийн бариултай, 43,4 см урт ажлын хэсэгтэй сэлэм, хуйны хамт, 68 см урттай, 16 см бариултай, 52 см урт ажлын хэсэгтэй хуванцар сэлэм хуйны хамт, хар өнгийн 13 см иштэй, 16.5 см ажлын хэсэгтэй заазуур 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй 75,8 см урттай “BAT” гэсэн бичиглэл бүхий цохиур 1 ширхэг, 24,5 см хар өнгийн сунадаг бороохой 2 ширхэг, Ц.Амарзаяагаас хураан авсан 13 см урт бариултай, цагаан болон улаан өнгийн цэцгэн хээтэй, 19 см урт ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэг, С.Б-оос хураан авсан “Tommy нelfiger” гэсэн шошго бүхий эрэгтэй хүрэм, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “River beach” амралтын газрын өмнөх замд хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан хүрэн зүйлээр бохирлогдсон цагаан, цэнхэр даавуунуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгаласан гэх хэргийн тухайд анхаарч үзээгүй дараах нөхцөл байдлууд байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын яллах дүгнэлт, шүүх хуралдаанд судалсан баримтуудаас үзэхэд сэтгэцэд нөлөөт нэг ч грамм бодис байхгүй нь батлагдсан. Эд мөрийн баримтаар хураагдсан лонх, тарианы усны шил, хуванцар соруул мэт зүйлийг хар тамхитай адилтган буруутгах үндэслэл байхгүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод би амьдардаггүй нь гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан. Уг байранд хойшлуулашгүй ажиллагаа явуулсан гэх атал цаг тухайд нь прокурорт танилцуулж зөвшөөрөл аваагүй болно.

“Castle” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж буруутгасан. Энэ хэрэгт шүүх хэт яллах талыг барьж нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж дүгнэлгүй Н.М-, С.Б- нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Н.М- нь уг хэрэгт ямар ч холбоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдээр нотлогдож байгаа.

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд би худал мэдүүлэг өгөөгүй. Шүүх прокурорын яллах дүгнэлтэд хэт хөтлөгдөж хэрэгт цугларсан нотлох баримтыг үл харгалзан, энэхүү мэдүүлэг хэзээ, хаана эхлээд өгөгдсөн, өгөгдсөн цаг хугацааг анхаарахгүй. Миний хохирогчоор шүүхэд өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийн үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болсон. Гэтэл шүүхэд өгсөн мэдүүлэг худал бол хохирогчоор татагдсан хүмүүст хэн гэмтэл учруулсныг нарийн тогтоох ёстой. Би торгуулийн ялыг биелүүлэх ёстой байтал шүүх хорих ял руу шилжүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулсан, 63 хоног цагдан хоригдсон байхад буруу тооцсон. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Б- намайг байрны төлбөрийг төлөөд амьдарч байсан гэж худал мэдүүлэг өгчээ. Тухайн байрны түлхүүрийг авч хэд хоносон нь үнэн. Түлхүүр нь Мөрөн, Бямбацогт нарт байдаг. Надад байсан түлхүүрийг гээгдүүлсэн тул Мөрөн, Бямбацогт нартай л очдог байсан. Тиймээс байрнаас гарч ирсэн бодис хэнийх болохыг би мэдэхгүй. Надаас авсан шээснээс нэг тод, нэг бүдэг зураас гарахад байцаагч эмнэлгийн ажилтнаар цус авхуулсан ба надаас хар тамхи илрээгүй гэж хэлсэн. Дараа нь намайг дуудаж байцаалт авахдаа мансууруулах бодис илэрсэн гэж хэлсэн. Би хар тамхи хэрэглэдэггүй.

“Castle” баарны үүдэнд С.Б-той очсон боловч хүнтэй маргаж муудалцаагүй. Харин С.Б-ыг тайвшруулж, холдуулсныг минь турхирсан гэж буруутган ял оногдуулж хэлмэгдүүллээ.

Худал мэдүүлэг өгсөн гэх хэргийн хувьд би ардаа шарх авсан. Ямар шарх учирсан ч мэдэхгүй зөвхөн цус гарч байсныг л мэднэ. Тийм учраас Ганхуяг гартаа хутга барьсан болохоор хутгалсан гэж бодсон. Гэтэл Ганхуяг уг хутгыг Мөрөнгийн хутга гэсэн. Мөн хэрэгтэй танилцахад шинжээч хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохилтоос үүснэ гэсэн болохоор шүүх хурал дээр унахдаа өөр зүйлд зүссэн талаараа мэдүүлсэн. Намайг урьд ял шийтгүүлсэн гэдгээр ор үндэсгүй сэрдэж ял оногдуулсан. Би хийгээгүй хэрэгт 3 жил 30 хоног хорих ял шийтгүүллээ. Эхнэр минь 2 дахь хүүхдээ 6 сард төрүүлэхээр үлдсэн. Иймд үнэн зөвийг олж надад холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Н.М- нь С.Б-той бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод метамфетамины агууламж бүхий бодисыг хадгалсан үйлдэл хийгээгүй, нотлогдоогүй тул буруутгах үндэслэлгүй. Хэрэглэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Н.М- нь С.Б-ын эзэмшлийн дээрх байранд түр амьдарч байсан. Цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амьдрахаа больсон байсан. Нэгжлэг хийх үед хураан авсан гэх эд зүйлсийн дотор ямар ч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байгаагүй. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10769 дугаартай дүгнэлтээс тодорхой харагдах ба шүүхэд хэргийг шилжүүлэхэд ямар ч бодис хамт ирүүгүй, мөн яллах дүгнэлтийн хавсралтад тусгаагүй нь үүнийг давхар нотолно.

Нэгжлэгээр хураагдсан гэх бонго, соруул, гялгар уут, тарианы шилний хагархай, хуванцар сав зэрэг нь Мөрөнгийнх байхад Н.М-д ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн.

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтээр Н.М-ын шээсэнд метамфетамины агууламж илэрсэн нь хэргийн нотолгоо биш тул түүнд ял оногдуулах үндэслэл байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй ба хууль зөрчиж хийгдсэн аливаа ажиллагаа хүчингүйд тооцогддог. Н.М-ыг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332-201 тоотод нэгжлэг хийсэн, хураан авсан гэх эд зүйлс, уг нэгжлэгтэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлтүүд, үүнд холбогдох бүх баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн тул нотлох баримтаар үнэлэх учиргүй. Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасны дагуу явагдсан тухай баримт байхгүй. Энэ талаар шүүхэд танилцуулсан боловч хүлээж аваагүй. Прокуророос нөхөж гаргасан, нэгжлэг хийх ажиллагааг хүчинтэйд тооцсон агуулгатай тогтоолыг шүүх хуулийн дагуу хүлээж аваагүй боловч хууль бусаар цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэн Н.М-, С.Б- нарт ял шийтгэсэн нь алдаатай шийдвэр болсон.

Шүүхээс С.Б-, Н.М- нарыг хэрхэн бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Угаас шүүхээс энэ талаар дүгнэх боломжгүй бөгөөд үүнд хамаарах нотолгоо хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэсэн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгахаар зохицуулсан байхад Н.М-, С.Б- нар хэрхэн хамтран оролцсон талаар нотолж, дүгнээгүй нь хууль хэрэглээний алдаа төдийгүй тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх хуульд заасан үндэслэл мөн.

Шүүх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Н.М-ын үйлдсэн гэх гэмт хэрэг нууц эх сурвалжаас, гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн гэсэн агуулгаар дүгнэжээ. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцоор хэнийг ч хууль бусаар мөрдөж мөшгиж, хилсээр ял тулгахыг хориглосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч хавтаст хэрэгт нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэжээ. Гэтэл хэрэгт нууц ажиллагааны магадлагаа авагдаагүй, энэ талаар бидэнд мэдэгдээгүй. Нууц ажиллагааны магадлагаа хийгдээгүйг прокурор хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт ийм ажиллагаа явагдаж, нууц ажиллагааны магадлагаа авагдсан бол оролцогчдод танилцуулан түүнийг үгүйсгэн мэтгэлцэх боломж олгох ёстой байсан.

Иймд Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Н.М- үйлдээгүй:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь бүлэглэн гүйцэтгэх юм. С.Б-ын үйлдэлд Н.М- оролцсон нотлох баримт байхгүй. Эд мөрийн баримт болох CD нь Н.М-ыг цагаатгах гол баримт юм. Бичлэгийг анхааралтай үзвэл Н.М- маргаанд оролцоогүй, С.Б-ыг холдуулан авч явсан байдал харагдана. Гэтэл энэ бичлэгийг шүүх хэрхэн үнэлж, Н.М-ын оролцоог шууд үгүйсгэж байгаа уг баримтыг няцаасан талаар дүгнэлт хийгээгүй. Яг ямар үйлдлээр Н.М- хамтран оролцсон гэж үзсэнээ тогтоолдоо тусгаагүй.

Шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч С.Б-, Н.М- нар нь ... тухайн шөнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд тодорхой ямар нэг асуудлаар үл ойлголцсон, нэгнийгээ доромжилж маргалдсан асуудал гараагүй байхад шүүгдэгч нар шууд хүч хэрэглэн, тодорхой зорилгогүй, хэн нэг этгээд рүү чиглэсэн биш, хэн ч хамаагүй өртөгдөхөөр эмх замбараагүй үйлдлийг бүлэглэж хийсэн нь нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх хүч хэрэглэсэн үйлдэл нь хүний амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна” гэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад маргаан тодорхой хугацаанд үргэлжлээд С.Б- буцаж автомашиндаа суух үед “Castle” баарны хамгаалагчид хайч, хутгаар зэвсэглэн дахин маргаан үүсгэсэн. Үүнийг Н.М-, С.Б-, гэрч Ч.Батбаяр, Э.Нандин-Эрдэнэ, Д.Зулхүү нарын мэдүүлэг нотлох ба тухайн баарны хамгаалагчдын үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн.

Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан хэрэгт бүлэглэн оролцсон гэж баримт, үндэслэлгүй дүгнэснээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүний үйлдлийг зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Н.М- тухайн үйлдэлд хамтран оролцоогүйгээр барахгүй ямар ч зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглээгүй байхад хэргийн бодит байдалд огт нийцээгүй, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжээр шийтгэсэнд асар их гомдолтой байна.

3. Шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэх тухайд:

 

 

Н.М- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээ үнэн гэж удаа дараа илэрхийлж, сүүлд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ч хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.М- “... Би өөрөө унасан. Зам дээр зодоон болсон нь үнэн, олон хүн байсан болохоор хэн нь яаж зодолдсоныг мэдэхгүй. Би төмөрөнд авсан юм болов уу гэж бодож байна” гэж мэдүүлснийг үндэслэн яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд үйлдлийн шинж нь зориуд худал мэдүүлэг өгөх үйлдэл байна.

Гэтэл түүнийг зориуд худал мэдүүлсэн гэдгийг нотлоогүй, шалгаагүй, зөвхөн хоёр мэдүүлгийн зөрүүгээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг гарсан байдлын тухайд Н.М- нь бусдад гааздуулсны улмаас тухайн орчныг тодорхой харах боломжгүй, мөн харанхуй байснаас хүмүүсийг ялган хараагүй зэрэг орчны болон бусад нөхцөл байдал, мөн өөрөө гэмтсэн зовиурласан эрүүл мэндийн байдал зэргээс үүдэн түүнд хэн гэмтэл учруулсан байдлыг андуурч бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн. Гэхдээ худал мэдүүлсэн гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед авсан мэдүүлэг тул одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан /Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн/ эсэх асуудал яригдах учиртай.

Н.М-ыг буруутгаж байгаа 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй агуулга ижил мэдүүлгийг прокурор үнэлж А.О-, Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор гэмт хэргийн шижгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэг агуулгатай мэдүүлгийг прокурор, шүүх хоёр талаас нь ялгаатай дүгнэсэн нь тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй.

Шүүхээс Н.М-, С.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 30 хоногийн хугацаагаар тогтоожээ. Торгох ялыг шууд 30 хоногт тооцож, нэмж нэгтгэн шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэхээр заасан боловч хорих ялын нэг хоногтой дүйцүүлэх талаар тухайлан заагаагүй байна. Хуулийн энэ хэсгийн заалт нь зөвхөн тодорхой төрлийн ялуудыг жагсаан бичснээс бус чухам ямар /хорих/ ялыг ямар хэмжээтэй дүйцэх талаарх зохицуулалтыг орхигдуулсан нь эрх зүйн хийдлийн шинжтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн нь хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахад нэмж нэгтгэх хуулийн зохицуулалтаас зарчмын ялгаатай юм. Дээрх тохиодол нь торгох ялыг сайн дураар биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээлгэх замаар ялыг хүндрүүлэн өөрчилж, эрх зүйн байдлыг дордуулах зохицуулалт бөгөөд торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлэх талаар зөрчил алдаа гаргаагүй, Н.М-, С.Б- нарын ялыг нэмж нэгтгэх нэрийдлээр дээрх заалтад дүйцүүлэн төсөөтэй хэрэглэж байгаа нь Эрүүгийн эрх зүйн зарчмуудын эсрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийг бусад хуультай төсөөтэй хэрэглэхгүйгээс гадна тухайн хууль дахь ойлголт, агуулгыг өөр хооронд нь төсөөтэй хэрэглэхгүй байхыг давхар илэрхийлдэг.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... торгох ялын 10 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцвол 45 хоног болж байна. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Н.М-ын шээснээс дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл үйлдсэн боловч уг тестээр авсан шээсэнд шинжилгээ хийгдээгүй. Мөрдөгч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинжээч томилсон тогтоолын дагуу хийгдсэн шинжилгээ нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шээс байдаг. H.Мөнх-Учрал тест өгч байгаа тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Харин тест шалгасан тэмдэглэл нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийнх байдаг. Тестээр шалгаж тэмдэглэл үйлдсэн шээсэнд шинжилгээ хийлгүй 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Намсрайжавын Мөнх-Учрал” гэсэн нотлох баримтаар бэхжүүлэгдээгүй шээсэнд шинжилгээ хийгджээ. Шинжээчийн шинжилгээ хийсэн шээс хэний шээс болох, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн H.Мөнх-Учралын шээс хаачсан болох, яагаад 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тест аваад сарын дараа шинжээч томилсон, нотлох баримтыг хэн устгав, нотлох баримтыг хэн үрэгдэв. Нотлох баримтыг хууль ёсны дагуу бэхжүүлээгүй байхад ял шийтгэл оногдуулж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. C.Бямбацогтын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайлбал, уг байранд H.Мөнх-Учрал нь Мөрөн, C.Бямбацогт нартай хамт очиж бусдад зодуулж бэртсэн цусаа угаахаар орж гарч байсан нь үнэн боловч, C.Бямбацогтын мэдүүлсэн эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдарч байгаагүй. Мөн C.Бямбацогт уг бодис гэх зүйл нь H.Мөнх-Учралынх гэдгийг шууд нотлоогүй. Бодисыг “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод хэн авч очиж, хадгалсан болохыг нотлоогүй.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоот C.Бямбацогтын орон сууцанд нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрөл аваагүй, мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ”, З дахь хэсэгт “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байхад хуулийн шаардлага хангаагүй нотлох  баримтаар ял шийтгэсэнд гомдолтой байна.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн тухайд: Хэрэгт авагдсан камерын бичлэгээр C.Бямбацогт 3 хаалганы шил хагалсан. Хар цамц, хар өмдтэй залуу шил хагалсан бөгөөд, шил хагалсан хар цамц, хар өмдтэй хүн бол H.Мөнх-Учрал биш. Камерын бичлэгээс үзэхэд H.Мөнх-Учрал нь цагаан саарал өмдтэй явсан байна. Гэтэл C.Бямбацогтоос гадна хар цамц, хар өмдтэй шил хагалсан залуугийн өмнөөс саарал өмдтэй H.Мөнх-Учралд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Тухайн үед, H.Мөнх-Учрал машин жолоодож явсан бөгөөд C.Бямбацогт түрүүлэн буусан байдаг. Гэтэл гэрч Сүхбаатар автомашинаас бууж ирсэн залуу нэг цохисон гэж мэдүүлжээ. Уг мэдүүлэгт заасан цохисон гэх залуу нь H.Мөнх-Урал биш юм. Харин камерт авагдсан бичлэгээр C.Бямбацогтыг сэлэм шиг зүйл барьсан байх үед H.Мөнх-Учрал түүнтэй байгаа бичлэг байдаг. Түүнээс биш гараас нь зулгааж, хүмүүс рүү зааж элдэв үйлдэл хий гэсэн, эсхүл элдэв үйлдэл хийхийг уриалсан үйлдэл огт гаргаагүй. Харин уг зөрчил маргааныг болиулахаар C.Бямбацогтыг тайвшруулж хориглож байсан. Дуугүй, зөвхөн дүрс бүхий камерын бичлэгт C.Бямбацогттой ярилцаж байгаа үйлдлийг өдөөн турхирсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй.

Хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийн тухайд: Н.М-ын биед гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1481 дугаартай дүгнэлтэд зүүн даланд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр шарх үүссэн гэсэн байдаг. Дараагийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 991 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зүүн далны шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ. Тусгай мэдлэг бүхий шинжээч хүртэл хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүснэ гэж андуурсан байхад H.Мөнх-Учрал нь хэргийн нөхцөл байдлыг өөрийн мэдэх хэмжээнд мэдүүлсэн байна. Би өөрөө унасан гэж мэдүүлсэн байдлыг прокурор, шүүхээс ямар учраас худал гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Газдуулсан хүн орчны байдлыг харах боломжгүй бөгөөд орчноо харж чадахгүй байгаа хүн өөрөө унах боломжтой. Иймд H.Мөнх-Учралд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Castle” үйлчилгээний төвийн өмнө хамгаалагч нартай уулзаж, иргэн Д.Зулхүүгийн тоглоомын газарт эд зүйл эвдэж, танхайрсан хүмүүсийг хайж асууж байгаад машиндаа суун хөдлөх гэхэд хамгаалагч Б.Батбаяр гэгч нь цэнхэр бариултай хайч, бусад залуус нь хутга, заазуур барьж гарч ирэн дуудсанаар маргаан эхэлсэн болох нь гэрч Д.Даваацэрэн, Б.Батбаяр, Э.Нандин-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогддог. С.Б- хутга, хайч барьсан хүмүүсийн өөдөөс гар хоосон буух эвгүй санагдсан тул сүнсний баяраар хэрэглэж байсан хүүхдийн тоглоомон сэлмийг барьж буусан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн гарт байсан зэвсэг нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд айлаас хурааж авсан багаж хэрэгслүүдийн дотор байсан том хутга мөн эсэхийг шинжлүүлсэн. Шинжээчийн 6142 дугаар дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн ... этгээдийн зүүн гарт байгаа хар өнгийн хавтгай зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн балиусны хуйтай, бор хүрэн өнгийн бариултай хавтгай саарал өнгийн зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн балиустай хэлбэр хэмжээ, хийцээрээ төстэй байна” гэж туйлын тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэлт гаргасан тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахад хангалгүй, шинжээчээс мэдүүлэг авсан байсан. Шинжээч мөрдөн байцаалтад “... Б этгээдийн гарт байгаа хавтгай зүйлийг яг тодорхойлох боломжгүй ... дүрс бичлэгт дүрслэгдсэн этгээдийн гарт байгаа хар өнгийн хавтгай зүйлийг харьцуулах загварт өгсөн зүйл мөн байна, тохирч байна гэж дүгнэлт өгөх боломжгүй...” гэж мэдүүлжээ. Цагдаагийн ажилтнууд ямар нэгэн мэдээлэл, болон бусад эх сурвалжгүй, нотлох баримтгүйгээр хаа хамаагүй айлаас хурааж авчирсан багаж хэрэгслүүдийн дотор байсан том хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Б-ын зэвсэг гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй байдалд яллагдагчид ашигтайгаар шийддэг хуулийн заалт бий ч анхан шатны шүүх үүнийг хэрэглээгүй. Эрүүгийн хуульд “... иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэглэлийг ойлгоно” гэж заажээ. Яллагдагчийн гарт байсан сэлэм нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд гэмтэл учруулах зориулалтгүй, хүүхэд тоглоом байсан. Иймээс С.Б- нь “Castle” үйлчилгээний төвийн өмнө зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж яллаж байгаа нь түүний үйлдэлд огт тохирохгүй байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрч Э.Нандин-Эрдэнээс дахин мэдүүлэг авч, С.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг гэдгийг заалгаж байгаа мэт боловч шинжээчийн 6142 дугаар дүгнэлт, мэдүүлэг болон гэрч Э.Нандин-Эрдэнийн мэдүүлэг хоёр харилцан зөрүүтэй байхад гэрч Э.Нандин-Эрдэнийн мэдүүлгийг гол нотолгоо болгож авсан үндэслэлээ анхан шатны шүүх тогтоолдоо заасангүй.

2. Аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй. Энэ талаар нэг ч хүнээс байцаалт аваагүй, ямар нэгэн өргөдөл гомдол гараагүй. Харин ч “Castle” цогцолборын захирал Ж.Лосолмаа 034/17 дугаар албан тоотоор мэдэгдэж, зохион байгуулагч Т.Энхтуяагийн хамтаар “... санал, гомдолгүй, цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн тухайн үед дуудлагаар очсон цагдаа Д.Баярбат дотор баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэж мэдүүлсээр байхад аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэлгүй. Иргэн Д.Зулхүүгийн эрхлэн ажиллуулдаг тоглоомын газарт 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим үл таних 2 залуу хэрүүл маргаан үүсгэж, эд хөрөнгө эвдэж, хэл амаар доромжилж, заналхийлсэн тул хамгаалалтыг хариуцаж байсан С.Б- учирсан хохирол төлбөрөө олж авахаар “Castle” бааранд очсон болохоос, ямар ч шалтгаангүйгээр эвдэн түйвээх зорилго агуулж очоогүй. С.Б-ын дээрх үйлдэлд нийгмийн эсрэг сэдэлт байхгүй, зөвхөн хувийн сэдэлт байгааг харж болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон С.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

       Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийн тухайд:

       Хэргийг судалж үзэхэд С.Б-ыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтаар хангалттай батлагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлт, шүүх хуралдаанд судлагдсан баримтуудаас үзэхэд бодис нэг ч грамм байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан лонх, тарианы усны шил, хуванцар соруул мэт зүйлийг хар тамхитай адилтгаж буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. С.Б- энэ үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн нь бусад нотлох баримтаар давхар батлагдсан. Мөн тухайн хаягт С.Б- амьдардаггүй, өөр хүмүүс амьдарч байсан нь гэрчүүдийн мэдүүлэгтт тусгагдсан байгаа. Уг байранд хүчний байгууллага хойшлуулшгүй ажиллагаа хийсэн гэж тэмдэглэсэн атал прокурорт цаг тухайд нь танилцуулж, зөвшөөрөл аваагүй тул уг үзлэгтэй холбоотой бүх үйл ажиллагаа хууль бус болж, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болохгүйг анхааран үзнэ үү.

       2. “Castle” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчсөн, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх хэргийн тухайд:

       Уг зүйлээр хүнийг буруутгах гол шинж нь бүлэглэсэн үйлдэл байх ёстой. Гэтэл Н.М- нь уг хэрэгт ямар ч холбоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад бүлэглэсэн гэж үзсэн нь зөвхөн миний үйлчлүүлэгчийг буруутгах зорилго агуулсан байна.

       3. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Шүүх, прокурорын яллах дүгнэлтэд хэт хөтлөгдөж хэрэгт цугларсан нотлох баримтыг үл харгалзан, энэхүү мэдүүлэг хэзээ, хаана эхлээд өгөгдсөн, өгөгдсөн цаг хугацааг анхаарахгүй байна. Хохирогчийн шүүхэд өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт холбогдсон бусад хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг худал бол хохирогчоор татагдсан хүмүүст хэн гэмтэл учруулсныг тогтоох ёстой байх.

       Шүүх торгох ялыг шууд хорих ял руу шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн С.Б-ын цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож С.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ нууц эх сурвалжаас олсон мэдээлэл гэж тэмдэглэсэн байна. Хүнийг хууль бусаар мөрдөж мөшгиж болохгүй. Мөрдөж мөшгих бол прокуророос зөвшөөрөл авах ёстой. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тогтоол байхгүй. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 26.8 дугаар зүйл, 22.3 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн. Хууль зөрчсөн тул нотлох баримтаас хасах ёстой. Мөн шинжээчийн дугнэлт хууль зүйн үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хугацаа алдсан. Мөрдөгч шинжээч томилсон тогтоолдоо 6x1.5 см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут байх ба дотор нь цагаан өнгийн нунтаг зүйл байна гэж дурдсан. Гэтэл 17069 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь заалтад 17 гэж дугаарласан 6x1.5см урттай нэг талыг нь хайлуулж наасан өнгөгүй уут гэжээ. Нунтаг зүйл хаачсан нь мэдэгдэхгүй байна. Иймд С.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч А.О- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.О-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байсан боловч өөрөө зөвшөөрөөгүй учир гомдол гаргаагүй. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учир А.О-ийг цагаатгана гэж найдаж байна. Шүүх, прокурор “Өмнө нь ийм мэдүүлэг өгч байгаад дараа нь өөрөөр мэдүүлж байгаа тул худал мэдүүлсэн” гэж дүгнэсэн. Гэтэл аль мэдүүлэг нь худал болох, ямар баримтаар нотлогдож байгаа юм. Мөн олон хүн зодолдож байхад хэн, юу барьж, хэнд гэмтэл учруулсан тогтооход хэцүү. Эдгээр залуучууд хоорондоо зодолдсондоо шаралхаж эхэндээ худал мэдүүлсэн. Дараа нь тайвширч үнэнийг мэдүүлсэн. Хуулийн тайлбарт “Хэрэв хүн андуурч мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн байна. Мөн худал мэдүүлэг өгсөн нь хэн нэгний эрх ашгийг хөндсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч нар худал мэдүүлснээр хэний ч эрх ашгийг хөндөөгүй. Харин цагдаагийн байгууллага ажлаа хийж чадаагүйгээс болж олон залуучууд хохирч байна. Ийм тодорхой хэргийг одоог хүртэл нотолж чадахгүй, шүүх шийдэж чадахгүй байгаад гомдолтой байна. Цаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон байхад үүнийг мэдүүлсэн мэдүүлэг нь худал гэж үзэж шалгаж байгааг гайхаж байна. Иймд шүүгдэгч нарыг бүгдийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол хэрэгт байхгүй. Өмгөөлөгч нар энэ ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож, нотлох баримтаас хасах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдаан завсарласан. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоолыг хэрэгт хавсаргаагүй байсан учир Нийслэлийн прокурорын архивын газраас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоолыг шүүхэд өгсөн боловч хүлээж аваагүй. Өмгөөлөгч нар “Castle” бааранд болсон үйл явдал олон нийтийн амгалан тайван байдал, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй, бүлэглэн үйлдээгүй, Н.М- өдөөн турхираагүй гэж үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн үндсэн шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэж зөрсөн байхыг шаарддаг. Н.М- нь үйлдлийг салгасан гэж тайлбарладаг боловч өөрийн өмсөж явсан хувцсаа “Цагаан кет, саарал өмд, бичигтэй футболк, хар куртик” гэж мэдүүлсэн ба уг хүн санаа зорилгоор нэгдэн оролцож байгаа нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Иймд камерын бичлэгээр С.Б-, Н.М- нар бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, эд хөрөнгө устгасан болох нь тогтоогдож байх тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед “Castle” бааранд үйлчлүүлж байсан нэг ч хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй боловч тухайн баараар үйлчлүүлээд гарч байсан хүмүүс рүү дайрч давшлан, биед нь халдаж байгаа нь камерын бичлэгээс харагддаг. Хэвийн үйл ажиллагаа алдагдах гэдгийг зөвхөн баарны үйл ажиллагаагаар дүгнэхгүй. Баарны гадна олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “River beach” амралтын газрын орчим болсон зодооны үеэр Н.М-, С.Б- нарт гэмтэл учирсан. Тухайн үед С.Б-ын гар утсанд үзлэг хийхэд Н.М-ын болон өөрийнхөө биед учирсан гэмтлийн зургийг авч хадгалсан байсан. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Мөрөн шүүгдэгч нартай хамт явсан болох нь тогтоогддог боловч хилээр гарсан учир шалгагдаагүй. Мөн С.Б-ын шээснээс метафитамин илэрсэн боловч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Н.М- мэдүүлэхдээ “Би С.Б-ын байранд түр амьдарч байсан. Сүүлд түлхүүрээ хаясан байсан учир С.Б-, Мөрөн нартай ярьж байж очдог байсан” гэдэг. Энэ нь зөвхөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг. Мөн өмгөөлөгч нарын зүгээс тухайн байранд үзлэг хийхэд нэг ч грамм мансууруулах бодис илрээгүй, эд мөрийн баримтаар хураагдаагүй гэлээ. Тухайн байранд үзлэг хийхэд тунгалаг ууттай 0,1 грамм бодис илэрсэн. Үүнийг гэрэл зураг болон шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхээс 2 дахь удаагаа хэрэг прокурорт буцсаны дагуу Нийслэлийн прокурорын газар хэргийг хүлээж авахад “Тунгалаг уут нь 2 талаасаа наасан, нүдэнд харагдах зүйлгүй байна” гэж тэмдэглэл үйлдэн хүлээж авсан байсан. Тухайн бодист шинжээч эмч дүгнэлт хийхэд 0,1 грамм жинтэй байсан. Гэхдээ уг бодисыг шинжилгээний дээж болгон аваад шинжээч эмч энэ талаар дүгнэлтдээ тусгаагүй орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Өмгөөлөгч нар нууц ажиллагааны магадалгаа яриад байдаг. Энэ хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл авахдаа нууц эх сурвалжаас гэдэг үг орсныг мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан мэтээр ойлгоод байна. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн албанд нууц мэдээллэгч нар байдаг. Үүнд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, нууц мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Иймд зөвхөн нууц аргаар гэдгийг үндэслэж нууц ажиллагаа явуулсан учраас магадалгаа гаргах ёстой гэж дүгнэж болохгүй. Н.М-, А.О-, С.Б- нар хутгалуулж биедээ гэмтэл авсан талаар тогтвортой мэдүүлж байсан. “River beach”-д болсон хэрэгт оролцсон хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Н.М-, С.Б- нарын мэдүүлэгт үндэслээгүй. Үүнийг танхайн сэдэлттэй бус хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн маргаан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд С.Б-, Н.М-, А.О- нар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээ өөрчилж Н.М-аас “Би төмөр дээр унаад өөртөө гэмтэл авчихсан юм шиг байна” гэж мэдүүлсэн. Иймд шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг зохицуулсан тул шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд ямар нэгэн байдлаар буруу хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн хуванцар сэлэм хэрэглэсэн тухай дурьдаж байна. Мөн С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ баяраар хэрэглэж байсан хуванцар сэлмийг авч явсан гэдэг. Тухайн хуванцар сэлмийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан. Тухайн камерын бичлэг болоод Энхбаяр гэдэг хүний гэрээс хурааж авсан балиус бүгдийг шинжилгээнд явуулахад “Бичлэгт гарч буй гартаа барьсан сэлэм мэт зүйл нь шинжилгээнд хүргүүлсэн балиус мэт зүйлтэй хэлбэр дүрсийн хувь төсөөтэй байна. Харин хуванцар сэлэм нь бичлэгт гарч буй сэлэм мэт зүйлтэй хэлбэр дүрсийн хувьд тохирохгүй байна” гэх дүгнэлт гарсан. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 сэлмийг харьцуулахад гэрч Нандин-Эрдэнээс мэдүүлэг авахад төмөр сэлмийг заагаад “Хамгийн анх гартаа барьж байсан сэлэм нь энэ байна. Гартаа бариад далайхад нь би болиулсан юм. Төмөр сэлэм байсан” гэж мэдүүлсэнтэй тохирсон болно. Мөн “Castle” баарны цонхыг хуванцар сэлэмээр хагалж үзэхээр мөрдөн шалгах туршилтын ажиллагаа хийхэд хуванцар сэлэм нь хугарч унасан. Энэ ажиллагааг зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлж хавтас хэрэгт хавсаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-, Н.М-, А.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Castle” баарны үүдэнд шүүгдэгч С.Б-, Н.М- нар бүлэглэн, 58,7 см урттай балиусаар зэвсэглэн бусдад хүч хэрэглэж, баарны шилэн хаалгыг хагалж гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:

гэрч Т.Энхтуяагийн “Камер хараад сууж байтал баарны үүдэнд хар өнгийн “Lexus-570” загварын автомашин ирж зогсоод 5 хүн бууж ирсэн. Арын автомашинаас 3 хүн, түүний ард зогсож байсан автомашинаас 3 хүн бууж ирээд баарны үүдэнд зогсож байсан хамгаалагч Сүхбаатарыг автомашинаас хамгийн түрүүнд бууж ирсэн залуу цохиод, үүдэнд зогсож байсан үйлчлүүлэгч нар руу учир зүггүй дайраад байсан. Нэг залуу нь автомашинаасаа сэлэм авч ирээд баарны хаалганы 2 шилийг хагалаад, гараараа дахин нэг шилийг нь хагалсан” /3-р хх 1-2/,

гэрч Б.Батбаярын “... баар хааж байхад хоёр залуу ирээд “Хүн харах хэрэгтэй байна, оруулчих” гэхээр нь “Манайх хааж байна, дотор хүн байхгүй” гэхэд “Хүчээр орно” гэж үг сөргөсөн. Тэр залуу бусадтайгаа ирээд ямар ч шалтгаангүй орох гээд дайраад маргалдсан ... Автомашин дотроос нэг залуу хуйнаас сэлэм сугалаад авч ирээд сэлмээрээ хаалганы шил хагалж маргаан үүсгэж байгаад бөөндөө автомашиндаа суугаад явцгаасан. Тэдгээр залуучууд манай баар руу орох гээд замд тааралдсан хүн болгон руу дайрч байсан” /3-р хх 6-7/,

гэрч Б.Сүхбаатарын “... баарны үүдэнд 3 автомашин зогсоод уг машинаас буусан хүмүүс манайх руу чиглэж ирээд үл таних залуу ямар ч шалтгаангүй “Та нар юу юм” гээд намайг 2 удаа цохих гэж далайсан боловч би бултаад цохиулаагүй. Тэр залуу бусад хүмүүстэйгээ хамт баар руу орох гээд байхаар нь бид хориглосон боловч манай хамгаалагч нарыг түлхэж, над руу дайрдаг залуу үүдний шилэн хаалгыг хагалсан. Тэр залуу сэлэм гаргаж ирээд уг сэлмээрээ дахин нэг хаалганы цонх хагалсан” /3-р хх 8-9/,

 гэрч Э.Нандин-Эрдэнийн “... юунаас болж маргаан гарсныг мэдэхгүй. Манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс “Вип Бямбаа байна, болиоч” гээд байсан. Тэр Бямбаа гэгч “Та нар миний тоглоомын газар очиж яасан” гэх мэт ойлгомжгүй зүйл яриад байсан ... Нөгөө хүмүүс буцаж ирсэн. Шил хагалдаг залуу хар өнгийн хуйнаас сэлэм гэмээр ойролцоогоор 30-40 см урт зүйл гаргаж ирээд над руу далайсан. Би түлхсэн чинь сэлэм шиг зүйлээрээ шил хагалаад тэнд байсан хүмүүс рүү далайж, “муу сайн ...” гэж орилж байгаад машиндаа суусан. Хуванцар сэлэм барьсан зүйл огт байхгүй. Хэрэв хуванцар сэлэм барьсан бол мэдэх байсан. Учир нь балиусаа бариад ирэх үед хамгийн түрүүнд би очиж балиустай гарнаас нь барьж авч салгах гээд чадалгүй цааш явсан.” /3-р хх 11-12, 7-р хх 210-211/,

гэрч Д.Батбаярын “... ахмад С.Бандицэрэн бид хоёр камер шүүж үзэхэд гурван автомашинтай хэсэг бүлэг хүмүүс баарны үүдэнд зогсож байсан хамгаалагч нартай маргалдаж байгаад сүүлдээ том ангийн хутга шиг зүйл гаргаж ирээд далайж хүмүүсийг айлгаж байгаад цонхны шил хагалаад машиндаа суугаад явж байгаа бичлэг байсан” /3-р хх 20-21/,

гэрч Ч.Эрдэнэбатын “... Оргил нь автомат тоглоомын газар ажиллуулдаг ба эвдэрсэн хуучин машинуудаа гражид хураадаг. Оргил ажлынхаа 2-3 залуутай ирээд эвдэрсэн тоглоомоо хийж л байдаг. Хаана юу хийснийг нь мэдэхгүй. Уг сэлэм, цохиур, заазуур, 2 ширхэг сунадаг бороохой зэргийг би урьд өмнө нь харж байгаагүй. Минийх биш” /3-р хх 25-26/ гэх мэдүүлгүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 219-228, 7-р хх 177-181/,

Сонгинохайран дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 142д тоот хаягт байрлах гражнаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 58,7 см урттай балиус болон бусад зүйлсийн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 231-237/,

Хагарсан шилэн хаалганы үнэлгээ /2-р хх 244/,

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн, гэрэл зургийн үзүүлэлтэд “Б” гэж тэмдэглэсэн этгээдийн зүүн гарт байгаа хар өнгийн хавтгай зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн барлиусны хуйтай, “Б” гэж тэмдэглэсэн этгээдийн баруун гарт байгаа бор хүрэн өнгийн бариултай, хавтгай саарал өнгийн зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн балиустай хэлбэр хэмжээ, хийцээрээ төстэй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6142 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 36-40/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар сэлэм шилэн хаалгыг цохиж хагалах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор туршилт хийсэн тэмдэглэл /7-р хх 167-168/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Б-, Н.М- нарын хутга мэсээр зэвсэглэж, үйлчилгээний газарт олон хүний нүдэн дээр маргаан зодоон үүсгэн, хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө гэмтээсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрдэлийг хангасан байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-, Н.М- нарт хоёр жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба ялын төрөл, хэмжээний талаар талуудаас санал, гомдол гараагүй тул хуульд заасан ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан “Castle” баарны камерын бичлэгээс харахад шүүгдэгч нараас гадна тэдэнтэй хамт явсан бусад хүмүүс гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байхад мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж, зарим хүмүүст ял завшуулах нөхцөл бүрдүүлсэн болохыг зориуд тэмдэглэж байна.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн талаар шүүгдэгч, өмгөөлөгч нараас “тухайн гэмт хэрэгт Н.М- хамтран оролцоогүй, тэрээр зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, С.Б-ын гарт хүүхдийн тоглоомон сэлэм байсан тул зэвсэгт хамаарахгүй, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдоогүй, С.Б- хохирол, төлбөрөө төлүүлэх зорилготой байсан тул хувийн сэдэлттэй” зэрэг үндэслэлүүдийг заан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулахыг хүсч давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд засан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн заавал байх шинж нь бүлэглэн үйлдсэн байхыг шаарддаг.

Тухайн үед шүүгдэгч Н.М-ыг автомашин жолоодож явсан талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлснийг үндэслэн 7 дугаар хавтаст хэргийн 176 дугаар талд хавсаргасан камерын бичлэгийг судалж үзвэл автомашины зүүн талын урд хаалганаас буюу жолоочийн талаас цагаан гутал, саарал өмдтэй, энгэртээ цагаан бичиглэл бүхий бараан фудболктой, бараан богино хүрэм өмссөн дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн бууж ирснийг Н.М- мөн гэж үзсэн бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар хувцас өмсөж явсанаа тодорхой тайлбарласан нь тохирч байна. Камерын бичлэгт тэрээр хаалгаар орох гэж дайрч давшлан, хүмүүсийг цохиж зодох, дугтарч унагах зэргээр маргаан зодоонд идэвхтэй оролцож байгаа нь бичигдэн үлдсэн байх тул нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хуульчилсан бөгөөд 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.М- нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчин хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан С.Б-той үйлдлээрээ нэгдэж, хамтран оролцсон байх тул дээрх хуулийн үндэслэлийн дагуу түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэснийг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 58,7 см урттай балиусыг шүүгдэгч С.Б- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь гэрч Э.Нандин-Эрдэнийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, бусад гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилт, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ гэмт хэрэг нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахуун, зан заншил, уламжлалыг үл ойшоож үйлчилгээний газар, олон хүний нүдэн дээр хутга мэсээр зэвсэглэн хүний халдашгүй эрх, эд хөрөнгөд халдан, олныг хамарсан маргаан зодоон үүсгэж, ичгүүр сонжуургүй авирласан байх тул хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байсан ч хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч С.Б-, Н.М- нарт холбогдох олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, үүнтэй холбоотой гарсан давж заалдах гомдлуудын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэнээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул тусгаарлан прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаа явуулан цуглуулж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрөл хүсч прокурорт хандсан /1-р хх 37, 49/ байхад прокурор тодорхой шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэрлэсэн боловч хэрэгт хавсаргаагүйн улмаас нотлох баримт болж чадах эсэхэд эргэлзээ гарч, энэ талаар талууд маргалдах үндэс болжээ.

Гэтэл анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнээр дээрх асуудлыг хэлэлцсэн атлаа огт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, түүнд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль ёсны шаардлагад нийцэхгүй.

Прокурорын хайнга, хариуцлагагүй алдааны улмаас мөрдөгчийн хойшлуулшгүй ажиллагаагаар олж авсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүд шүүхэд үнэлэгдэх боломжгүй байдалд хүргэж болзошгүй тул нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг дахин нягталж шалгах шаардлагатай.

Мөн шүүгдэгч С.Б- нь дээрх хэргээс гадна 2018 оны 04 дүгээр сард 61-97 УБМ улсын дугаартай автомашинд 0,5 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан /5-р хх 221/ байхад бусад хүмүүсийн үйлдлийг тусгаарлаж, уг хэргийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул нэгтгэн, нэг мөр шалгах нь зүйтэй.

2.  С.Б-, Н.М-, А.О- нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан  боловч хэргийн ямар нөхцөл байдлыг хэрхэн зөрүүтэй, худал мэдүүлж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл “... шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэж шүүгдэгч нарыг хэргийн үйл баримтаар бус, хуульд заасан гэмт хэргийн хуульчилсан шинжийг дурьдаж яллагдагчаар татаж, шүүх гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, тайлбар, мэдүүлэг өгөх эрхийг хязгаарласан зөрчил гэж үзнэ.

Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь хэргийн бодит байдлыг гуйвуулах, эсхүл болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлэх идэвхитэй үйлдлээс гадна өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдүүлэхгүй байх эс үйлдэхүйгээр илэрдэг тул мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох нь чухал ач холбогдолтой.

Хэрэгт цугларсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтуудаас үзвэл хоёр талаас хутга, заазуур, бороохойгоор зэвсэглэсэн олон хүмүүс “River beach” амралтын цогцолборын орчимд газар товлон уулзан, зодолдсон. Уг зодооны улмаас хэд хэдэн хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийн шинжийг давхар агуулж байхад прокуророос хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэж илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, зөвхөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээр зүйлчлэн, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд худал мэдүүлэх гэмт хэргийг дахин шалгахдаа хэргийн бодит байдал, зүйлчлэлийг зөв тогтоох, хэргийн байдлыг бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон зориуд худал мэдүүлэх гэмт хэргүүдийг тусгаарлан, прокурорт буцаасантай холбогдуулан энэ талаар шүүгдэгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч С.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 28 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 57 хоног, нийт 85 хоног цагдан хоригдсон байхад шүүх “... 30 хоног цагдан хоригдсон ...” гэж буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Б-, Н.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.Б-, Н.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Б-, Н.М-, А.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгон, хэргийг тусгаарлаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... С.Б-ын цагдан хоригдсон 30 хоног ...” гэснийг “... С.Б-ын цагдан хоригдсон 85 хоног ...” гэж өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч А.О-өд урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН