Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0065

 

Ховд аймгийн Дуут сумын Ардчилсан намын

хорооны  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ховд аймгийн Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 07 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонгод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хороо нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна

Нэг. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэжээ.

Нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хороо нь хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байдаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Дуут сумын Ардчилсан намын хорооны дарга солигдсон, хуучин дарга нь Ховд аймгийн төвд амьдарч байсан нь яав ч хүндэтгэн үзэх шалтгаан биш.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 6-т заасан “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй” гэсэн зохицуулалтыг баримтлан Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Сонгуулийн тухай хуулиар тогтоосон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргадаг.

Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байдаг.

Иймдээ ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий сумын сонгуулийн хорооны тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар дурдаагүй байна.

Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонготой өрсөлдөн ялагдсан нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ, Д.Алтанхуяг, Н.Найдан, Н.Нанзаддорж нарын хэн аль нь эрх зөрчигдлөө шүүхэд гомдол гаргаагүй байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх Дуут сумын Босго багийн сонгогчдын саналыг үл хүндэтгэж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байхад маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдэд надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчлөө.

Гурав. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ.

Энэ нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан шударга ёсыг сахих зарчмаас үүдэлтэй зохицуулалт юм.

Дуут сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, суралцагч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Б.Эрдэнэсолонго нь Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн мэргэжил дээшлүүлэх 2 жилийн хугацаатай сургалтад хамрагдсан.

Сонгуулийн жил эхэлснээс хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүн гарч, төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах хугацаанд Б.Эрдэнэсолонго нь Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлыг гүйцэтгээгүй, төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхдөө ямар нэг давуу байдал эдлээгүй.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэдэгт албан үүргээ гүйцэтгэж буй этгээдийг л хамааруулан ойлгохоор байгаа бөгөөд үүний баталгаа нь нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх гэснээр тайлбарлагдана.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэжээ.

Нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хороо нь хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонго надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байдаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Дуут сумын Ардчилсан намын хорооны дарга солигдсон, хуучин дарга нь Ховд аймгийн төвд амьдарч байсан нь яав ч хүндэтгэн үзэх шалтгаан биш.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасан “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй” гэсэн зохицуулалтыг баримтлан Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Сонгуулийн тухай хуулиар тогтоосон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргадаг.

Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байдаг.

Иймдээ ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий сумын сонгуулийн хорооны тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар дурдаагүй байна.

Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго надтай өрсөлдөн ялагдсан нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ, Д Алтанхуяг, Н.Найдан, Н.Нанзаддорж нарын хэн аль нь эрх зөрчигдлөө шүүхэд гомдол гаргаагүй байдаг.

Харин ч Дуут сумын Босго багийн сонгогчдын 56,47 хувийн буюу 123 хүний саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Эрдэнэсолонго надад баяр хүргэж, ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа болно.

Ийм байхад анхан шатны шүүх Дуут сумын Босго багийн сонгогчдын саналыг үл хүндэтгэж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байхад маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдэд надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчлөө.

Хоёр. Сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ.

Энэ нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан шударга ёсыг сахих зарчмаас үүдэлтэй зохицуулалт юм.

Дуут сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, суралцагч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Б.Эрдэнэсолонго би Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн мэргэжил дээшлүүлэх 2 жилийн хугацаатай сургалтад хамрагдсан.

Сонгуулийн жил эхэлснээс хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүн гарч, төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах хугацаанд Б.Эрдэнэсолонго миний бие сумын Эруүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлыг гүйцэтгээгүй, төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болно.

Б.Эрдэнэсолонго миний бие 2 жилийн өмнө Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан ажлаа хүлээлгэн өгсөн тул 2016 оны Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхдөө ямар нэг давуу байдал эдлээгүй.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэдэгт албан үүргээ гүйцэтгэж буй этгээдийг л хамааруулан ойлгохоор байгаа бөгөөд үүний баталгаа нь нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх гэснээр тайлбарлагдана.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

1. Хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  Ховд аймгийн Дуут сумын Ардчилсан намын хорооны дарга С.Ганзориг нь анх Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэж авсныг хүчингүй болгуулах, Б.Эрдэнэсолонгын “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байна.

 Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 193 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 болон 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ. Шүүгчийн 193 дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй харин нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй, харин Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зөрчлийг арилган дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хариуцагчийн маргаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Гомдолд дурдсан хөөн хэлэлцэх хугацааны тухайд дүгнэж үзэхэд: Нэхэмжлэгч 07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч анх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу 9 дэх хоногтоо нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу  хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 193 дугаар захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход дахин нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нь 7 дахь хоногтоо нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй байна.

2. Мөн давж заалдах гомдолд дурдсан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргадаг.

Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байдаг” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар нам нь ...улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн бөгөөд шат шатны сонгуульд нэр дэвшүүлэх замаар оролцож бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үндсэн зорилготой байдаг. Дээрх эрхийг нь бататгаж  Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”, Улс төрийн намын тухай хуулийн “Намын эрх” гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох”, 14.1.3-д “намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж тус тус заасан байна. Түүнчлэн сонгуулийн дүнгээр олонхи болсон эсхүл хамгийн олон суудал авсан нам Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй ...” гэх зэргээр  заажээ.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд аль ч шатны сонгуульд сонгуулийн хууль зөрчиж, хууль бусаар өрсөлдөгч намын нэр дэвшигч ялах нь тухайн нэр дэвшин өрсөлдсөн иргэний төдийгүй уг иргэнийг нэр дэвшүүлэх замаар хуульд заасан эрхийнхээ дагуу сонгуульд оролцож буй нам, эвслийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих юм.

3. Түүнчлэн давж заалдах гомдолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх” гэж заасныг зөрчөөгүй талаар дурдаж байх бөгөөд талуудын маргаан гол нь хуулийн энэхүү заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар маргажээ.

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн сонгууль улс даяар явагдсан бөгөөд гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонгын тухайд Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан байна. Талууд Б.Эрдэнэсолонго нэр дэвшин  өрсөлдсөн, сонгуулийн сурталчилгаа явуулсан, саналын хуудас тоолсон, дүн гаргасан гэх зэрэг үйл баримтын талаар маргаагүй гагцхүү Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг хэрхэн ойлгох талаар, тодруулбал хууль хэрэглээний талаар” маргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв. Учир нь хэрэгт авагдан нотлох баримтаас үзэхэд Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 28 тоот шийдвэрийн дагуу Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/07 дугаар тушаалаар Б.Эрдэнэсолонгыг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилсон байна. Түүнээс хойших хугацаанд түүнийг чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан, халах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг ямар нэгэн тушаал, шийдвэр, захирамж огт гараагүй байна.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Эрдэнэсолонго нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газрын гэрээний дагуу мэргэжил дээшлүүлэхээр 2 жилийн хугацаатай суралцаж байгааг түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Учир нь Б.Эрдэнэсолонго нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасны дагуу төрийн албан хаагч бөгөөд төсвийн санхүүжилтээр суралцах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” баталгаагаар, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна” гэж заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаагаар хангагдаж, суралцах хугацаандаа албан тушаалын цалингийн 70 хувиар цалинжиж, байгууллагаас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтад суралцагчтай байгуулах гэрээ / гэрээний 3.4.2 дахь заалт/, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ, Б.Эрдэнэсолонгын нийгмийн даатгалын дэвтэр болон түүний цалингийн цэс зэргээр нотлогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Нэмж тайлбарлахад Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал”-д хамаардаг тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх шаардлага Б.Эрдэнэсолонгод үйлчлэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:         

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР