| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/00444/И |
| Дугаар | 183/ШШ2021/00787 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2021/00787
| 2021 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2021/00787 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.М миний бие 2008 онд Д.Б-тай танилцаж, 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон. 2012 оноос хойш гэр бүлийн таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Д.Б-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Би одоо өөрийн гэсэн амьдралтай болсон бөгөөд урьд нь салсан байх хугацаандаа би өөр газар амьдарсан боловч араас олж ирээд намайг зодож байсан тохиолдол байгаа. Иймд эвлэрэх боломжгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2007 онд В.М-тай хамт амьдарч 2008 онд хүү А төрсөн. Үүнээс хойш гэр бүлийн жижиг сажиг маргаан гарч байсан. 2012 онд В.М гадаадад сурахаар явж харилцаагаа сайжруулах боломж гараагүй. 2015 онд В.М Монгол ирж очин байсан. Энэ хугацаанд утсаар ярьж хааяа энгийн харьцаатай уулздаг байсан. миний хувьд хүүхдийн тэтгэмж өгнө. Эхнэ хүүхэдтэйгээ эргээд хамт амьдрах сонирхол байгаа. В.М салах санал гаргасан учраас миний хувьд амьдралаа өөд нь татах гэж хөдөө уул уурхайн ажил хийж байгаа. Хүүхдээ насанд хүртэл өөрөөр овоглох хүсэлттэй байна. шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.М нь хариуцагч Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
В.М, Д.Б нар 2008 онд танилцаж, гэр бүл болж 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.А-ын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-9/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.А-ыг эх В.М-гийн асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх В.М нь хүү Б.А-ыг эцэг Д.Б-тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч Д.Б-д шүүх хуралдааны товыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр түүний 00000 дугаарын утсанд мэдэгдсэн бөгөөд хөдөө байдаг тул оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай тайлбарыг ирүүлсэн байна.
Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Б.А-ыг эх В.М-ын асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн ба эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэцэн сартуул овогт В.М, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны төрсөн хүү Б.А-ыг эх В.М-гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны төрсөн хүү Б.А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Б-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Д.Б-ыг хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх В.М-д даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 53 081 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ