Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар  2024/ШЦТ/391

 

 

 

 

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Эрдэнэтулга нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Б.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын Иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймаг ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ******** мэргэжилтэй, ******** хийдэг, ******** дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, ам бүл *, **** хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

Ж овогт Б-ы Б, регистрийн дугаар: (**************)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б нь Сонгинохайрхан дүүргийн "Буурал Ээж" нэртэй автобусны буудлын замд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 цаг 45 минутын орчимд ******* маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, гэсэн заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед үзэгдэх орчин харанхуй байсан. Явган зорчигч гэрлийн тусгалд ороод ирэхэд нь тоормос гишгэсэн. Одоо  хохирогчтой холбоотой байгаа. Биеийн байдал хэвийн хичээлдээ явж байгаа гэсэн. Сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 785,000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,422,000 төгрөгийг төлнө. Би хувиараа ажил эрхэлдэг. Одоо ажил эхлээгүй байна. Тогтмол орлого олдог зүйл байхгүй, улирлын чанартай ажилладаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дахь тал)

Насанд хүрээгүй хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 40 минутын орчим өөрийн амьдардаг ****** дүүргийн ** дугаар хороо **** гудамж **** тоот гэрээсээ ганцаараа гараад сургууль уруугаа явсан. Гэрээсээ гарч алхаад замын эсрэг талын автобусны буудал орохоор хойноосоо урагш чиглэлтэй явган хүний гарч явах үед баруунаас зүүн чиглэлтэй 2 эгнээ замын 1 дүгээр эгнээнд намайг нэг машин ирээд баруун хөл талаас мөргөөд зогссон. Би унахдаа урагшаагаа унаад боржур духаараа мөргөөд уначихсан. Тухайн үед намайг мөргөсөн машины жолооч гарч ирээд зүгээр үү гайгүй юу гээд машиндаа суулгасан. Яаралтай түргэн тусламж ирж үзээд толгойн хэсэг хавантай байна, гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээрэй гээд явсан. Цагдаа нар ирж хэмжилт хийгээд явсны дараа би аавыгаа дуудаад КТГ-н зураг хувийн эмнэлэгээр авахуулаад тэрний дараа гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт цээжний зураг, хэвлийн эхо хийлгүүлэхэд толгойдоо хүнд гэмтсэн байна яаралтай хэвтэх хэрэгтэй гээд ГССҮТ-н гавал тархины тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14652 дугаартай шинжээчийн 1. Н.Б-ын биед гавлын дух ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, баруун ухархайн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамарт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Иргэний  нэхэмжлэгч Д.Г-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Буурал ээж"-н автобусны буудлын замд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 цаг 45 минутын орчимд *******маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч Н.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,422,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “*******маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун урд крыло хойд хэсгээрээ хонхойж сэвтсэн, баруун гар талын толины гэр хагарч гэмтсэн, зүүн гар талын гэрлийн бүрхүүл цуурсан, зүүн урд оврын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Уг автотээврийн хэрэгслийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн Cosber брэндийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -1,8 мм/м байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,12кН, баруун талдаа 1,81кН, зөрүү нь 14,6% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,34кН, баруун талдаа 1,22кН, зөрүү нь 8,9% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормос хэвийн. Итали улсад үйлдвэрлэгдсэн 12999/L2/R маркийн гэрлийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 37300 cd, ойр дээрээ 16000cd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 17000cd, ойр дээрээ 16000cd (стандарт 10000-225000 cd) байна. Автотээврийн хэрэгслийг суваг дээр STENHОЈ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Урд зүүн болон баруун амортизатор хөлөрсөн тос хаясан байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2,0-4,0мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь тэнхлэг тус бүр дээрээ өөр өөр байна.

Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс ижил, боловч марк, хээ нь тэнхлэг тус бүр дээрээ өөр өөр байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Урд тэнхлэгийн зүүн болон баруун амортизатор хөлөрч тос хаясан байна. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун урд крыло хойд хэсгээрээ хонхойж сэвтсэн, баруун гар талын толины гэр хагарч гэмтсэн, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурсан, зүүн урд оврын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Хариулт 2. Баруун урд крыло хойд хэсгээрээ хонхойж сэвтсэн, баруун гар талын толины гэр хагарч гэмтсэн, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурсан, зүүн урд оврын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн зүүн болон баруун амортизатор хөлөрч тос хаясан, нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс ижил, боловч марк, хээ нь тэнхлэг тус бүр Дээрээ өөр өөр байна зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Хариулт 3. Зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурсан, урд тэнхлэгийн зүүн болон баруун амортизатор хөлөрч тос хаясан, зүүн урд оврын гэрэл асахгүй байгаа нь ослоос өмнө үүссэн хуучин эвдрэл байх боломжтой. Харин баруун урд крыло хойд хэсгээрээ хонхойж сэвтсэн, баруун гар талын толины гэр хагарч гэмтсэн зэрэг нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Хариулт 4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна. Хариулт 5. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. Хариулт 6. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-31 дэх тал),

- Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1303 дугаар “Б.Б нь Монгол Улсын замын хөдөлөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Балжинням нь Монгол Улсын замын хөдөлөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал),

- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр осол болсон гэх өдөр Н.Балжинням нь 15 нас 1 сар 27 хоногтой байсан байна...” (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

- Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Бумбатын рашаан гэдэг лагераас өөрийн эзэмшлийн *******маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод жолоочийн арын суудал дээр өөрийн төрсөн охин Мөнх-Учрал /9 настай, эмэгтэй/-г суулгаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байдаг 6 дугаар сургуульд хүргэж өгөхөөр явсан. Машинтайгаа баянхошууны замаар хойноосоо урагш чиглэлтэй тэс шатахуун түгээх станцын орчим явж байтал явган хүний гарц өнгөрөх гэж байхад урдуур нэг хүн гэнэт ороод ирсэн. Тухайн үед үзэгдэх орчин муу харанхуй бүрэнхий байсан, мөн гадаа цас орж байсан болохоор тэр хүнийг хараад шууд тормос гишгэсэн боловч гулгасаар байгаад нөгөө хүнийг машины урд талын баруун талаар толиороо мөргөөд унагачихсан. Нөгөө мөргүүлсэн хүн унахдаа машины баруун талд уначихсан. Би бууж ирээд нөгөө мөргүүлсэн хүүхдийг машиндаа суулгаад 103-т дуудлага өгсөн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн имра зураг авахуулахад 300,000 төгрөг, эм тарианд нийт 500,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр суурьнаас хэргийг шийдвэрлүүлэхээр оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн Буурал ээж нэртэй автобусны буудлын замд ******* маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Н.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Н.Б-ын мэдүүлэг, шинжээчийн 14652 дугаар дүгнэлт, мөрдөгчийн 1303 дугаар магадлагаа, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулснаар үндсэн шинж хангагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Шүүгдэгч Б.Б-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн хохиролд 785.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15.000.000 төгрөг, нийт 15.785.000 төгргийг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. (шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт) тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.422.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-өөс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн зорилгын дагуу Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол төлж барагдуулсан, гэмт хэргийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн. Миний үйлчлүүлэгч болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед цаг агаарын нөхцөл байдал хүнд, үүрээр 06 цагт гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед осол гарсан. Б хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна. Хувийн байдлын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь 7 сартай хүүхдээ гэртээ хардаг, Б нь хувиараа барилгын ажлыг 4-өөс 11 дүгээр саруудад хийдэг, ажилгүй үедээ дуудлагаар сантехникийн ажил хийдэг, одоо 33 настай. Улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэх боломжгүй болох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.” гэсэн тус тус саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (33 настай, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлыг нөхөн төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа хаягаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-ы Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа хаягаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 1.422.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

 

            7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР