Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

  2024        02          26                                                  2024/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0011/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогч, шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ө.Ганзориг,

Хохирогч, шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318002380554 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2024  оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн,******* овогт************** / РД: /, -ны өдөр аймгийн суманд төрсөн, , , , мэргэжилтэй, хэсэгт зүтгүүрийн засварчин ажилтай, , , хүүхдүүдийн хамт сумын дугаар хороолол тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.   

 

2.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, -ны өдөр суманд төрсөн, , , боловсролтой , мэргэжилтэй, хэсэгт ажилтай, , , хамт сумын, хороолол тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхийн -ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан.

 

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед сумын гадна хувийн маргааны улмаас*******гийн гарыг хазаж эрүүл мэндэд нь баруун сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр үед язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь мөн цаг хугацаанд гар хазсан гэх шалтгааны улмаас  хамрыг хазаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мөгөөрсний үзүүр, баруун талын самсаа мөгөөрс, арьс, зөөлөн эдийн тасрал, хамрын үзүүрийн арьс зөөлөн эд, баруун самсаа мөгөөрс нөхсөн хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* , бид гурав орой уулзсан. гэрийн ойролцоо урд машин дотор архи уусан. Улмаар үйлчилгээний төвөөс 1 шил архи, пиво аваад орсон. , гэрт нь оруулахаар гэрийн гадна ирээд оруулах гэтэл орохгүй байна гэж хэлсэн. Би оруулах гэтэл ******* миний нуруунаас тэврээд байсан. Би гараараа эрүүг нь түлхсэн. Гэтэл******* миний гарыг хазсан. Би газарт унахдаа хамрыг хазсан. Тухайн үед хамрыг нь хазсан эсэхийг нь мэдээгүй. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэг дээр маргах зүйл байхгүй. Надад мөн*******ас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. *******д гэмтэл учруулсандаа харамсаж байна. Өөрийн амьдралд хар толбо үлдээж байгаад харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Одоо миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Гоо сайхны хувьд өмнөх шигээ байхгүй байгаа.*******ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.*******гийн өмгөөлөгчийн саналтай санал нэг байна.*******д торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,  шүүгдэгч ******* нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ө.Ганзориг гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч*******д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо харилцан адилгүй гарсан. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй.******* анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой байсан гэж харж байна.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр өөрөө маргадаггүй.******* хохирогчоор шүүх хуралдаанд орж байгаа. Хохирол төлбөрийн хувьд *******д анх 3,000,000 төгрөг, сүүлд 22,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийг өгсөн. Талууд хохирол төлбөр дээр эвлэрсэн. Эмчилгээний зардалтай холбогдуулан гарах зардлыг шүүгдэгч ******* цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч хувьд*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл дээр маргах зүйлгүй. Нийт 25,000,000 төгрөгийн хохирол төлбөр авсан боловч цаашид хийгдэх эмчилгээ тодорхойгүй байгаа. Цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч******* , ******* нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч******* , ******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед сумын гадна хувийн маргааны улмаас*******гийн гарыг хазаж эрүүл мэндэд нь баруун сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр үенд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч******* нь мөн цаг хугацаанд гар хазсан гэх шалтгааны улмаас  хамрыг нь хазаж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мөгөөрсний үзүүр, баруун талын самсаа мөгөөрс, арьс, зөөлөн эдийн тасрал, хамрын үзүүрийн арьс зөөлөн эд, баруун самсаа мөгөөрс нөхсөн хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-6, 7-10 дахь тал/,

 

Л. мөрдөн байцаалтад 2023 оны 08-ны өдөр хохирогчоор, 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр найз******* , нарын хамтаар дугаар баг урд зогсоол дээрийн машинд нь нэг шил архи уусан. Ингээд 01 цаг 30 минутын үед дуудлагын жолооч дуудаад тэгээд машинаа бариулаад бид нар дугаар баг дээр зогсоод нэг шил 0.75 литрийн архи, 1 том савтай пиво аваадийн таньдаг айлын гадаа очоод тэндээ уучхаад гэр рүүгээ хүрүүлээд гэрийнхээ үүдэнд найз*******тэй буусан. Тэгээд*******тэй маргалдаад хүзүүнээс нь тэвэрсэн чинь миний хамраас хазаад хамрын үзүүр тасдчихсан юм. Тэгээд эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Миний биед хамар тасарснаас өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. ... Би 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамрын үзүүр хэсгийг нөхөх хагалгаанд орсон. Уг хагалгаа нь духны арьсны хэсэг, чихний мөгөөрсөн хэсгүүдийг авч  нөхөх хагалгаа болсон. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь хагалгаандаа орсон. Уг хагалгаагаар миний хамрын үзүүр нөхөх анхны хагалгаа хийхдээ духны арьсыг тасалж салгахгүйгээр нугалж хамрын үзүүртэй холбосон байсныг салгаж духны болон хамрын үзүүр хэсгийг оёсон. Одоогоор ерөнхийдөө гадна ил шарх байхгүй. Тос түрхэж байгаа. Хамар хэлбэргүй үзүүр дээрээ үстэй, арьсны өнгө өөр, эргэн тойрон сорвитой. Одоо дахин гоо сайхны хагалгаанд орох шаардлагатай байна. Би гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд миний хамранд гоо сайхны хагалгаа хийж болно гэсэн. Гэхдээ нэг удаа хагалгаа хийгээд зүгээр болохгүй хэд хэдэн удаа хагалгаа хийх шаардлагатай. Тийм болохоор хэдэн төгрөг шаардлагатай гэдгийг хэлээгүй. Өнөөдрийн байдлаар би*******ээс эмчилгээний зардал гэж гурван сая төгрөг авсан. Би энэ мөнгийг эхний хоёр хагалгаандаа зарцуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг*******ээс бүрэн гаргуулан авах болно.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 135 дахь тал/,

 

Ц.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор, 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найзтой 18 цагийн үед уулзаад 21 цагийн үед хамт ажилладаг гэрийнх нь гадаа очоод******* гарч ирээд бид гуравийн машинтай Парк тауны дэлгүүр ороод тэндээс 1 литрийн Эдэн нэртэй архи, гурван лааз пиво, ундаа аваадийн байрны ойролцоо хорооллын голд ойролцооийн машин дотор авсан архиа хувааж уусан. Ингээд ууж байхад хуучин хамт ажилладаг байсан ирчихсэн гэж утсаар ярихаар нь хаана байгаа талаараа хэлэхэд машинтай бид гурав дээр ирчхээд яваад өгсөн. Үүний дараа******* хорооллын дэлгүүрээс дахин нэг шил 1 литрийн Эдэн нэртэй архи аваад түүнийг бид гурав хувааж уусан. Ингээд ууж дуусчхаад байж байхад хамт ажилладаг залгаадд хүрээд ирээч гэсэн. Ингээд дээр очих гээд 01 цаг 30 минутын үед дуудлагын жолооч дуудаад түүгээр машинаа бариулаад эхлээд ороод тэндээсээ дэлгүүрээс 1 шил 1 литрийн Эдэн архи, 2 том савтай пиво аваад рууийн байгаа газар очиход дутуу баригдсан хашаатай байл байсан. Ингээд тэнд ажлын хүмүүстэйгээ байсан тэр үед хамт суух гэсэн чинь******* тэр  хүмүүс рүү агсраад байсан. Тэгэхээр нь бид хоёр дуудлагын жолоочийг гэрт нь хүргэж өгөөд буцаад хүрээд ир гэсэн чинь явахгүй гээд машинаас үрээд буугаад ирсэн. Тэгэхээр нь аваад явах гэсэн чинь бас явахгүй гээд байсан болохоор биийн хамтаар дуудлагын жолоочоор машин бариулаад 03 цаг өнгөрч байхад гэрийн гадаа очоод******* гэртээ ор гэхэд орохгүй гээд байсан. Тэгээд машин зогсож байхад манай аавыг хэл амаар доромжлоод байсан. Мөн хоолой бас боогоод ер нь л агсан тавиад байсан. Ингээд машинаас буугаад*******а алив боль ор гээд буулгаж байсан би тэр үед нэлээн их согтсон болохоор бүх зүйлийг нарийн тодорхой санахгүй байна. Ямарч байсан******* миний гарыг хазаад би орилоод байсан чинь дуудлагын жолооч 2 ирж салгаж байсан.******* яг миний гарыг хазахад хажууд, дуудлагын жолооч нар зайтай байсан. Ер нь 3-4 машины зайтай байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23-24, 21, 45 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 08-ны өдөр мэдүүлсэн: "...Холбогдогч, хохирогч хоёр хоорондоо ажлын талаар яриад дуу өндөрсөж ярьж байгаад холбогдогч хохирогчийг тэврэх шиг л харагдсан. Тэрнээс яг хажууд нь байгаагүй учраас хохирогчийн хамар яагаад тасарсан талаар мэдэхгүй байна. Ямарч байсан хамаргүй болчихлоо. Наадах чинь миний хамрыг тас хазаад идчихлээ гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би найз******* ,******* нартай найзлаад 8 жил болж байна. Бид гурав 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар багт байрлах гадаа 22 цагийн үед уулзаад миний машинд бид эхлээд нэг шил нэг литрийн архи хувааж уусан. Ингээд уучхаад байж байгаад би дуудлагын жолооч 01 цаг өнгөрч байхад дуудаад бид нар жолоочоор машин бариулаад үйлчилгээний төв ороод тэндээсээ дэлгүүрээс нэг шил архи хоёр том савтай пиво аваад дугаар багы эцэс рүү очиж тэндээ найзийн гэрт ороод авсан архийг*******,******* бид  гурав уусан. Ингээд хэсэг байж байхад*******,******* нар хоорондоо ажил мэргэжлийн талаар маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би******* гэрт нь хүргэж өгөх гээд дуудлагын жолоочид хэлээд******* машинд суулгасан чинь машин хөдлөнгүүт буучихсан. Тэгээд******* ,*******д хандаж нааш ир хамт явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр нэлээн согтсон дахиж ууж чадахгүй юм байна гээд эхлээд******* гэрт нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очсон. Тэгээд машинаас буулгах гэсэн боловч буулгахгүй**************д хандаж би хоёр дугаар зэрэгтэй чи гуравдугаар зэрэгтэй гээд маргалдаад байсан. Тэгж байхдаа эхлээд**************ийн хоёр гарыг хамаад бүсэлхий хэсгээр нь нугаслаад тэврээд байхаар нь******* өвдөөд байна болиоч гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийн хамт очоод салгасан. Тэгээд би жолоочийн хамт салгачхаад машинд ирээд тамхи татаад сууж байхад дахиад************** түрүүнийх шиг нугаслаад тэвэрсэн байсан. Тэгээд та хоёр ямар ядаргаатай юм бэ гээд яваад очих хооронд******* орилоод хамар байхгүй болчихлоо гэж байсан. Тэгээд очоод харахад хамраас цус гарахаар нь хамрыг нь чихчихлээ гэж бодсон. Тэгээд сайн харсан чинь хамрын үзүүр нь байхгүй яс харагдаж байхаар нь 103 дуудсан. Ингээд бид нар асуудал болсон газраас цагдаа, эмнэлэг иртэл явж чадахгүй хүлээгээд эмнэлэг ирээд цагдаа ирээд******* аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: "...Манай нөхөр гэмтэл авсан өдрөөсөө хойш ажилдаа очоогүй байгаа. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл харьяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлж байх хугацаандаа хамрын үзүүрийн тасарсан хэсгийг дух, чихний хэсгээс авч нөхөх хагалгаанд орсон. Уг нь хагалгаанд ороход тухайн хүний зулай духны хэсгийн судастай арьсыг эргүүлж таслахгүйгээр хамар дээр залгасан. Хэрэв энэ арьс цаашид биед сууж ирвэл дараагийн хагалгаа товлогдож эргүүлсэн хэсгийн арьсыг таслах болно. Хэрэв энэ арьс үхсэн тохиолдолд дахин хамрын махыг нөхөх ямар нэг эмчилгээ байхгүй болох юм байналээ." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 820 дугаартай: “...*******гийн биед баруун сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр үенд язарсан шарх зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тухай гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

 

Л. өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс засал мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 84-90, 212 дахь тал/,

 

Л. эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 93-114, 2 дахь хавтаст хэргийн 75-82 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 208-208, 213-219, 222-224 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай: “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 818, 820, 878 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна. биед учирсан хамрын таславчийн мөгөөрсний үзүүр, баруун талын самсаа мөгөөрс, арьс, зөөлөн эдийн тасрал /2023.08.21-ний өдрийн хамрын үзүүрийн арьс зөөлөн эд, баруун самсаа мөгөөрс нөхсөн хагалгааны дараах байдал/ бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.9.10.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40 хувь алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 40-44 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ц.*******ийн биед учирсан баруун сарвууны 3 дугаар хурууны 1 дүгээр үед язарсан шарх зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг,

хохирогч биед учирсан хамрын таславчийн мөгөөрсний үзүүр, баруун талын самсаа мөгөөрс, арьс, зөөлөн эдийн тасрал, хамрын үзүүрийн арьс зөөлөн эд, баруун самсаа мөгөөрс нөхсөн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан  “нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах” хүнд гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан үйлдлүүд хамаарах бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******ийн гарыг хазаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хамрыг хазаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, шүүгдэгч*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******г  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч******* нь хохирогч *******д 25,000,000 төгрөг төлсөн, хохирогч ******* ,******* нар нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ. Хохирогч ******* нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид нэмж гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 135,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Мөн******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Ө.Ганзориг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.*******гийн үйлдсэн гэмт хэргийн хариуцлага нь сонгох санкцитай.******* нь, 3 хүүхдийн хамт, ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй.******* 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Улаанбаатар төмөр замд тогтвортой ажилласаар ирсэн. Ажилдаа сайн. Гэр бүлээ халамжилдаг сайн нөхөр, сайн эцэг хүн.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлыг нь харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр 10,000,000 төгрөгөөр торгож, оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.******* нь гар дээрээ 4,300,000 төгрөгийн цалин авдаг. Байрны зээлд сард 570,000 төгрөг, цалингийн зээлд сард 991,000 төгрөг төлдөг. Үлдэгдэл 2,000,000 төгрөгөөр хангалттай амьдрах боломжтой учир хамгийн багаар торгож өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч******* нь урьд нэг удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүхээс шүүгдэгч ******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 36 сарын хугацаанд сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хамрын мөгөөрсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 10,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч*******д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 36 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хамрын мөгөөрсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч ******* нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид нэмж гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР