Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2021/00060

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр Дугаар 136/ШШ2020/0060 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ......сумын ....дугаар баг, ... гудамжны ...тоотод оршин суух, Е овогт Д.О//-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн ...сумын ..дугаар баг, ... айлын ...тоотод оршин суух, Э овогт А.Б//-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч А.Б, нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие нь А.Бтай 2010 онд танилцсан. Бид 2010-2013 оны 03 дугаар сар хүртэл үерхэж, нөхөрлөж байдаг байсан ба бидний дундаас охин О.Н2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. А.Б нь анх надтай танилцаж байхдаа гэр бүл болно гэж байсан ба охин төрснөөс хойш охин бид 2 дээр ирэхээ ч больж, сүүлдээ үр хүүхдээ хайхрахаа больсон. Одоогоор миний охин 8 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцдаг. Би охиноо өдийг хүртэл ганцаараа өсгөн, асран халамжилж, ам бүл хоёулаа амьдарч байна. Иймээс А.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 онд хариуцагч Б танилцсан. Мөн 2010-2014 оны хооронд 3 жилийн хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Н төрсөн. Буянжаргал нь охин төрөхөөс өмнө болон төрсний дараа хүүхэдтэйгээ уулзахаа больсон. Охиндоо эцэг хүний үүргийг гүйцэтгэхээ байсан. Одоогоор Б.Н охин Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС 2-р арван жилийн 3-р ангид сурдаг. Энэ хугацаанд Оюундалай охиноо өөрөө асран халамжилж ирсэн. Энэ хугацаанд ааваас ямар ч хайр халамж дэмжлэг тусламж үзүүлж байгаагүй. Ийм учраас хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. гэв.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Надад хариу тайлбар байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч А.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч А.Б нар нь 2010 оноос 2013 он хүртэл хоорондоо харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин О.Нтөрсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн 0000834553 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх ба гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудын дундаас гарсан хүүхдийн эцэг, эх мөн адил дээрх үүргийн хүлээнэ.

Нэхэмжлэгч Д.О нь охин О.Н тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцохгүй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин О.Н16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Баар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207400/2=103700*12=1244400-650,000=594400*2,4=14265.2+20150=34415.6/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 34 416 /гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Е овогт О.Н //-ийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг А.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Од үүрэг болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Баас 34 416 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА