Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгч М.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт М-ийн Х-д холбогдох эрүүгийн 2313000000067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны ....... дугаар сарын ..........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, эхнэр, ........ хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ........ сумын ........... дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, М.х овогт М-ийн Х-, регистрийн дугаар: БЭ...................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Х- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн ................ сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах биллиард тоглоомын газарт хамт тоглох явцдаа У.Е-тай мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү цохих үед У.Е- хойшоо унахдаа хана мөргөсний улмаас биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хавантай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр болох 1,350,650 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Цаашид баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн зүгээс өнөөдрийн байдлаар 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ талаар баримт байхгүй учраас шүүгдэгчээс 2,000,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох боломжгүй. Хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв.

 

2. Шүүгдэгч М.Х- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгээ дэмжиж байгаа. Гэмт хэргээ хүлээж байгаа. Хохирогчийн биед санаатай гэмтэл учруулна гэж бодоогүй. Урьд нь хохирогчтой сайн харилцаатай байсан. Тоглоомын газарт хэдэн үгнээс болж маргалдаж хохирогч халамцуу байсан. Намайг удаа дараа хэл амаар доромжлоод байхаар нь “боль” гэж хэлсэн боловч болиогүй. “Болиоч” гэж хэлэхэд хохирогч болиогүй болохоор нь уурлаад хагас нударгаар цохисон. Муу зүйл санаагүй. Санаатай хийгээгүй. Гэхдээ энийг хуулийн дагуу санаатай гэж үздэг юм байна. Үүнийг ойлгож байна. Хохирогч болон хамаатан садны хүмүүстэй уулзсан. Эмчилгээний зардлыг чадлаараа төлж өгье гэж хэлсэн. Эхлээд эрүүл мэндээ бодъё гэж хэлсэн. 1,350,650 төгрөгийн хохирол гарсан талаар мөрдөгч хэлсэн. Эхлээд 1,000,000 төгрөг дараа нь 4-5 хоногийн өмнө 350,650 төгрөгийг бэлнээр өгсөн” гэв.

 

3. Хохирогч У.Е- мэдүүлэхдээ: “Биллиардын газарт мөнгөнөөс болж ийм асуудал гарсан. Намайг цохисон. 1,350,650 төгрөгийн хохирол төлж өгсөн. Баян-Өлгий аймагт ирж, буцсан зардал байгаа. Эмчийн бичиж өгсөн эмийг авч чадаагүй. Хэдэн төгрөг гарахыг нь мэдэхгүй байна. 36,000 төгрөгөөр томограф зураг авхуулсан боловч баримтыг нь аваагүй. Мөн таксинд гарсан зардлын баримтыг аваагүй. Биеийн байдал маань гайгүй. Эмчид үзүүлэхдээ 3 сарын дараа дахиж эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэх хүртэл хэрэглэх эмийг бичиж өгсөн. Одоо хүртэл зовуурьтай байна. Гомдол санал байхгүй. Одоо 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000067  дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

6. Хохирогч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

7. Хохирогч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

8. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

9. Гэрч М.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

10. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

12. Яллагдагч М.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

13. Шүүгдэгч М.Х-, хохирогч У.Е- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч М.Х- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн ................ сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах биллиард тоглоомын газарт хамт тоглох явцдаа У.Е-тай мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү цохих үед У.Е- хойшоо унахдаа хана мөргөсний улмаас биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хавантай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

18. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

19. Хохирогч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12-оос 13 цагийн үед сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Маден гэх хүний биллиард тоглоомын газарт очиж биллиард тоглосон. Энэ үед би хожсон ба мөнгөө авах гэхэд манай сумын иргэн М.Х- нь хэрүүл маргаан гаргаж, улмаар миний нүүрэн тус газраас нэг удаа цохих үед би хойшоо савж унасан. Энэ үед би толгойгоороо хана мөргөж газар унасан байсан ба анх унасан үед ухаан алдсан байна. Нэг мэдэхэд би гэртээ ирсэн. Энэ үед ухаан орсон. Тус өдөр М.Х- уучлалт гуйж, болгоомжгүй ийм юм боллоо гэхээр нь би түүнийг уучилсан. Маргааш нь толгой өвдөж болохгүй байхаар нь сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд “бид сайн мэдэхгүй байна, яаралтай аймаг руу очоорой” гэхээр нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд “толгойндоо хүчтэй гэмтэл авсан байна, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэхээр нь эмнэлэгт хэвтсэн. Тэгээд өнөө өглөө хүү маань ирээд “танд юу болсон юм бэ, надад хэлээч” гэж хүч өгөхгүй байхаар нь энэ тухай бүгдийг нь хэлсэн. Тухайн үед миний биед ил гэмтэл учраагүй. Толгойндоо битүү гэмтэл авсан байна. М.Х- намайг нэг л удаа нүүрэн тус газраас цохисон. Тухайн үед зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. М.Х- намайг зодсоны дараа надаас уучлалт гуйж архи авч өгсөн. Тухайн архийг М.Х-, К.С- бид гурав хувааж уусан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

20. Хохирогч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...М.Х- намайг зодсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэж нийтдээ 1,385,150 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг баримтыг хүү Е.Д-аар өгүүлсэн. Өөр хохиролтой холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. М.Х- нь миний хохиролд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны ............... тоот данс руу М.Х- гэсэн утгаар шилжүүлсэн. Үлдэгдэл 385,150 төгрөгийг “боломжтой болохоороо төлж барагдуулах болно” гэж хэлсэн. Миний үлдэгдэл хохирол болох 385,150 төгрөгийг төлж барагдуулж өгөхийг хүсэж байна. Мөн цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ямар нэгэн эм тариа хэрэглэхээр болбол тухайн хохирол буюу цаашид миний эрүүл мэндтэй холбоотой хохирлыг нээлттэй нэхэмжлэх эрхийг минь хангаж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. М.Х- надаас уучлалт гуйсан. Гэхдээ би одоогоор уучилж чадахгүй эрүүл мэндийн байдлаасаа болох болно гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

21. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед М.Х-, У.Е- руу хандаж чамаас авах ёстой мөнгө байгаа, миний тоглоомын мөнгийг чи хийгээдэх гэхэд У.Е- хийхгүй гээд маргалдаад байсан. Тухайн үед М.Х- эхлээд У.Е-ын бөгс рүү хөлөөрөө өшиглөсөн. У.Е-ын хувьд М.Х-д гар хүрээгүй юм. Тэрний дараа М.Х- У.Е-ыг гараараа эрүү, цээжний хэсэгт нэг удаа цохиход У.Е- хойшоо савж дагзаараа хана мөргөж унаж ухаан алдсан. Тэнд тоглож байсан хүмүүс У.Е- М.Х- хоёр маргалдаж байхад зарим нь гараад зугтсан байсан ба ойрхон үлдсэн хүмүүс гэвэл би болон Ж- нар юм. Тухайн үед 10-20 минутын дараа У.Е- ухаан орж М.Х- түүнийг дагуулаад гарсан ба тэрнээс хойш биллиардын гадна М.Х- намайг дуудсан. Намайг дуудаад би сая буруу зүйл хийлээ, одоо яах уу, У.Е-аас уучлалт гуйж архи авч өгье, та хамт яваад өгөөч гэснээр У.Е-ыг дагуулж дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрээс нэг шил архи аваад М.Х- У.Е-аас уучлалт гуйж тухайн архиа задалсан ба У.Е- нь за уучиллаа хэмээн хэлснийг би сонссон. Тэгэхэд М.Х- У.Е-ын малгайг аваад дагз хэсгийг нь үзэхэд ямар нэгэн цус гарсан зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

22. Гэрч М.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед У.Е-, М.Х- нар тоглоомоос болж хоорондоо маргалдсан. М.Х- У.Е- руу хандаж “чамаас авах ёстой мөнгө байгаа, миний тоглоомын мөнгийг чи хийгээдэх” гэхэд У.Е- хийхгүй гээд маргалдаад байсан. У.Е-ын хувьд М.Х-д гар хүрээгүй юм. Тэрний дараа М.Х- У.Е-ыг гараараа эрүү, цээжний хэсэгт нэг удаа цохиход У.Е- хойшоо савж дагзаараа хана мөргөж унаж, ухаан алдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

23. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед М.Х- нь У.Е-ад хандаж “чамаас авах ёстой мөнгө байгаа, миний тоглоомын мөнгийг чи хийгээдэх” гэхэд У.Е- хийхгүй гээд маргалдаад байсан. У.Е-ын хувьд М.Х-д гар хүрээгүй юм. Тэрний дараа У.Е- хойшоо савж дагзаараа хана мөргөж унаж ухаан алдсан. У.Е- ухаан алдаж унахаар би бас сандраад гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

24. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай “Иргэн У.Е-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал /хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хавантай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд /хохирлууд/ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд /хохирлууд/. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх. Иргэн У.Е-ын дээрх гэмтлүүд/хохирлууд/ нь амь насанд аюултай тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т, 3.1.2-т, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

25. Яллагдагч М.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би уг тогтоолтой танилцахад У.Е-ын биед санаатай хүнд хохирол учруулсан байна гэдэг үгийг хараад санаатай гэдгийг нь намайг албаар тухайн У.Е-ыг зодсон байна гэж ойлгоод хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлсэн. Гэхдээ одоо бодоод байхад хүнийг цохиж байгаа үйлдэл маань шууд санаатай гэдгийг ойлгож мэдсэн учраас тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би У.Е-ын эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөгийг Хаан банкны ............. тоот данснаасаа түүний Хаан банкны ............... тоот данс руу “Ноsау” гэсэн утгаар шилжүүлсэн. Тэрээр надаас баримтын дагуу 1,380,000 орчим төгрөг гарсан гэж хэлсэн надад тухайн үед байсан мөнгөний боломжоороо 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 380,000 орчим төгрөгийг төлж барагдуулах болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

27. шүүгдэгч М.Х-ы хохирогч У.Е-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.

28. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2 дахь заалтад зааснаар “гэмтлийн хүнд зэрэг”-т гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч У.Е-ын эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал /хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хаван” бүхий хүнд гэмтэл нь энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

29. Шүүгдэгч М.Х- нь хохирогч У.Е-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой байх ба шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа хохирогчийн эрүүл мэндэд дээрх байдлаар халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Х-ы энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

31. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хохирогч У.Е-ын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

33. Шүүгдэгч М.Х-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Е-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

34. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

35. Хохирогч У.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 3.385.150 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Х- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 1.350.650 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч У.Е-аас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 2.000.000 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

 

37. Хохирогч У.Е-аас “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй”,

 

38. Шүүгдэгч М.Х-аас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

 

39. Шүүгдэгч М.Х- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцохоо мэдэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

40. Шүүгдэгч М.Х- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

42. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд М.Х- нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-81 дэх тал/  зэргээр нотлогдож байна.

 

43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан байна.

 

44. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

46. Шүүгдэгч М.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

47. Шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.х овогт М-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- нь 1.350.650 /нэг сая гурван зуун тавин мянган зургаан зуун тавь/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч У.Е- нь нэхэмжилж буй 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК