| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0060/э |
| Дугаар | 00088 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч Н.Ө-, шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А-гийн А-д холбогдох эрүүгийн 201714000168 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** аймаг *** сум *** баг 0-0 тоотод оршин суух, *** ХХК-д очоос соруулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шид овгийн А-гийн А-. //
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч А.А- нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч А.А- нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Ө-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :
1. Шүүгдэгч А.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай эхнэр бид 2 *** ХХК-д хамт ажилладаг юм. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай эхнэр Ө- ирээд У- цагаан сараар манайд ирээгүй юм чинь ажлаа тараад цай уу гэж байна гэсэн. Ингээд эхнэр бид 2 У-гийн хамт гэрт нь очоод хоол цай идэж ууж байхад У- пиво гаргаж ирэхээр нь уусан. Пиво ууж байхад манай эхнэр миний гар утсыг авчихаад өгөхгүй болохоор нь утсаа авах гэж эхнэртэйгээ ноцолдож байгаад нүд болон уруул руу нь гараараа нэг, нэг удаа цохисон. Эхнэртээ айлд хэрүүл зодоон хийгээд яахав харъя гэж хэлээд хамт гэр рүүгээ явсан. Манай эхнэр уурлаад гэр рүүгээ явахгүй гээд байхаар нь би гэр хорооллын эцсийн буудал дээр буугаад алхаад гэртээ харьсан. Эхнэр бид 2 эвлэрч учир зүйгээ олсон. Би эхнэрээсээ уучлалт гуйсан гэв .
2. Хохирогч Н.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад У- А- та 2 цагаан сараар манайд ирээгүй юм чинь шинэлэхгүй юм уу гэхээр нь нөхөр бид 2 хоорондоо ярьж байгаад У-гийн хамт гэрт нь очоод хоол цай идэж ууж байхад У- пиво өгөхөөр нь уусан. Гэтэл А- надаас хүнтэй ярьмаар байна гээд гар утсаа нэхээд байхаар нь чи аль эсвэл өөр хүнтэй болоод надаас гар утсаа нэхээд утсан дээрх зүйлээ надаас нуугаад байгаа юм уу? гэхэд уурлаад миний хөмсөгний дээд тал руу нэг удаа, уруул руу нэг удаа гараараа цохисон. Манай нөхөр бид 2 учир зүйгээ олж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтэд: Н.Ө-ын биед тархи доргилт, нүүрэн цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, шууд чиглэлээр, 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч А.А-гийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.
Хохирогч Н.Ө- нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэжээ.
Иймд шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Н.Ө- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Шид овгийн А-гийн А-г // бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан А.А-д холбогдох эрүүгийн 201714000168 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.