Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

 2020           07           02                                          2020/ДШМ/869                                                    

 

Э.Б-, С.М-, Д.О- нарт                                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис,

            шүүгдэгч С.М-, Д.О- нарын өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б-, С.М-, Д.О- нарт холбогдох 1802005080255 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Э-ын Б, Улаанбаатар хотод 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баатарсайханы 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн.

2. Ц овгийн С-ийн М, Улаанбаатар хотод 1966 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ханара март” дэлгүүрийн няраваар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

3.  Б овгийн Д-ын О, Булган аймгийн Рашаант суманд 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Ханара март” дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 00 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Б- нь “Ханара март” ХХК хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулж байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхдээ тус компанийн захирал Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн бага хэмжээгээр торгуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэх, хуулийн үндэслэл бүрдээгүй байхад хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шалгалтаар илэрсэн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан, борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаас бага хэмжээгээр торгууль ногдуулахаар урьдчилан амлан хийх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан өрөөндөө “Ханара март” ХХК-ийн ажилтан С.М-, Д.О- нараас 1,500,000 төгрөгийн хахууль авсан,

С.М-, Д.О- нар бүлэглэн Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Б-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,500,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.М-, Д.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Э.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг, С.М-, Д.О- нарыг бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-, Д.О- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М-, Д.О- нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-, С.М-, Д.О- нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 500,000 төгрөг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улаанбаатар хотын банк дахь 2611038142 тоот данснаас 1,000,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгож, ZVW305062633 аралын дугаартай, 67-88 УБЛ улсын дугаартай “Toyota pruis” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгожээ.

            Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй. Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “Нягтлан бодогч Батхүү ах мэргэжлийн хяналт яваад ирсэн юм билээ. Тэрээр “Торгуулийн 1,000,000 төгрөг төлөх ёстой, хэн ч явсан яахав” гээд бид явахаар болсон. Эмэгтэй захирал 1,000,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. /2-р хх 100-102/ С.М-, Д.О- нарын гэрч, яллагдагчийн мэдүүлэгт “Торгууль төлөхөөр очсон, төлсөн” гэдэг. Шийтгэлийн хуудсын дагуу 1,000,000 төгрөгийн торгуулийг Улаанбаатар хотын банкны Нийслэлийн Мэргэжлийн хяналтын 2611038142 дугаар дансанд тушаасан. /1-р хх 94-95/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн б/483 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан /1-р хх 69-70/ байна. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Э.Б- нь хууль ёсны дагуу ажиллаж, “Ханара март” ХХК-ийн зөрчилд төлсөн торгуулийн мөнгийг авсан болох нь нотлогдсон ба бусдаас хахууль авах, өгөхийг шаардсан нөхцөл байдал харагдахгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд эргэлзээ бүхий энэ нөхцөл байдлыг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.  

            Шүүгдэгч С.М-, Д.О- нарын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ханара март” ХХК-ийн захирал Парк Хьюн Сукийн аль болох бага мөнгө өгөөрэй гэсэн хүсэлтээр очиж өгсөн. Дараа нь 1,000,000 төгрөгийн баримт бичиж өгсөн. Уг үйлдэлдээ гэмшиж, ойлгож байгаа тул давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Оюунгэрэлийн гаргасан гомдлоор хяналт шалгалт хийсэн Э.Б- байцаагч нь ямар нэг зөрчлийн хэргийн материал бүрдүүлээгүй, торгуулийн мөнгө өгсөн гэх боловч төрийн тусгай дансанд тушаасан баримтыг бус, өөрөө гар дээрээ авсан. Мөн дансанд мөнгийг тушаасан гэдэг ч эхнэр нь тушаасан байдаг. Эндээс үзэхэд шүүгдэгч Э.Б-ыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдлээ хийгээгүйн хариуд бусдаас хахууль авсан. Гомдол гаргагч иргэний хөдөлгөөнд хандан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасны дараа баримт нөхөн бүрдүүлсэн. Иймд хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж, түүнийг гэм буруутайд тооцсон гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-, С.М-, Д.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Б- нь “Ханара март” ХХК хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулж байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхдээ тус компанийн захирал Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн хуульд зааснаас багаар торгуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийлгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан өрөөндөө “Ханара март” ХХК-ийн ажилтан С.М-, Д.О- нараар дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч О.Оюунгэрэлийн “... би уг дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан. Энэ дэлгүүр Солонгос хүнсний бүтээгдэхүүн зардаг. Дэлгүүр дотроо байдаг гал тогооны өрөөнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн бууз, банш, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, амтлагч, соус, үсний шампунь гэх мэт бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг ацетоноор арилгаж, шинээр хэрэглэх хугацааг засаж тавьдаг байсан. Бас хүчинтэй хугацааг арилгаж шүдний чигчлүүрийн мод болон бэх ашиглан өөрчилдөг байсан. Би энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Шалгахгүй 6-7 хоног өнгөрсөн учир дахин лавлахад Баасанбат гэж хүн дээр байгаа гэсэн. Тэр хүнтэй утсаар холбогдож хугацаа дууссан бүтээгдэхүүн болон хугацаа засдаг зүйлс хаана байгааг хэлэхэд “Би ажлаа мэдэж байна” гэсэн. Мөнхцэцэг, Пүрэвдорж нараас тодруулахад олигтой шалгаагүй гэсэн” /2-р хх 89-90/

гэрч Ц.Пүрэвдоржийн “... манай бүх ажилчид энэ талаар ярьдаг. Оюундарь эгч энэ талаар мэргэжлийн хяналтын бүх шатанд хандаад, хүлээж авахгүй байгаа тухай хэлж байсан. Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж шалгалт хийхдээ олигтой шалгаагүй гэсэн. 2018 оны 10 дугаар сарын дундуур Мөнхцэцэг дэлгүүрээс гарахдаа Батхүү ахаас мөнгө авсан. Би Мөнхцэцэг эгчтэй хамт Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналт руу явсан. Замдаа Оюундарь эгчийг “За болохоо байлаа” гээд мэргэжлийн хяналтын гадаа дуудсан. Оюундарь, Мөнхцэцэг нар гарч ирэхдээ эмэгтэй захиралтай солонгосоор яриад, хоорондоо “Санаа амарлаа” гэж байсан. Би Мөнхцэцэг, Оюундарь хоёрын ярианаас Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч Баасанбат гэдэг хүнд мөнгө өгөөд асуудлаа шийдүүлчихлээ гэж ойлгосон” /2-р хх 97-98/,

гэрч Д.Батхүүгийн “... Баасанбат гэдэг байцаагч дэлгүүр дээр ирж шалгалт хийсэн. “Танайд шалгалт хийхэд хугацаа дууссан бүтээгдэхүүн байна, мөн бичиг баримтууд дутуу байна, нэгэнт ийм зөрчил илэрсэн учраас танай асуудлыг дарга удирдлагад танилцуулна, торгож таарна шүү, ирж уулз” гэсэн. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр өрөөнд нь очиж уулзсан. Тэрээр “Танай компанийг шалгасан. Бичиг баримтын бүрдэл хангалтгүй байна. Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж байсан нь тогтоогдсон. Тийм болохоор 3,000,000 төгрөгөөр торгоно. Хөнгөрүүлж үзэж магадгүй. Бид удирдлагадаа ажлаа танилцуулсан. Шийдвэр гарахаар хэдэн төгрөгөөр торгох нь шийдэгдэнэ. Компанийг төлөөлөх хүнээ явуул” гэсэн. Энэ бүхнийг захирлуудад хэлсэн” /2-р хх 112-113/, 

гэрч Б.Батшагайн “... “Ханара Март” ХХК-тай холбоотой гомдол анх Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст очсон байдаг. Хэлтсийн дарга М.Баасандоржийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналтын улсын байцаагч Э.Б- шалгалт хийсэн. Тухайн хүнсний дэлгүүрт хаяг, шошго зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа дууссан олон нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүн байхад Э.Б- нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийлгүй, “Ханара март” ХХК-ийн хүнсний дэлгүүртэй холбоотой гомдлыг хялбаршуулсан журмаар хааж шийдвэрлэсэн байсан. Үүний дараа Оюунгэрэл гэх эмэгтэй дэлгүүрийн талаар зохих байгууллагад хандсан боловч арга хэмжээ аваагүй гэсэн агуулгатай гомдол гаргаж, дахин шалгалт явуулахад хэвлэл, мэдээллээр цацагдаж нилээн асуудал үүссэн. Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Э.Б- байцаагчийн шалгасан “Ханара март” ХХК-тай холбоотой материалыг авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын хуулийн хэлтэст өгсөн” /2-р хх 183-184/,

гэрч Х.Чимгээгийн “... Оюунгэрэлийн гомдлыг яаралтай шалга гэсний дагуу О.Нямдаваа бид хоёр шалгалт хийсэн. Агуулах дотор байсан хөргүүрт их хэмжээний хугацаа нь дууссан, дуусаагүй далайн гаралтай бүтээгдэхүүн нэг дор байсан. Дараа нь дэлгүүрт очиж шалгалт хийхэд мөн хугацаа дууссан, хугацаа засварласан, гарал үүслийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн байсан. Э.Б- байцаагч хяналт шалгалт хийсэн бол тухайн зөрчлийг бүрэн илрүүлэх боломжтой байсан. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг Баасанбат хэрэгжүүлэх ёстой. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар хяналтын улсын байцаагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхдээ удирдамжид зааснаас өөр зөрчил илэрвэл хойшлуулшгүй ажиллагаа явуулах үүрэгтэй” /2-р хх 187-188/,

гэрч О.Нямдаваагийн “... Хугацаа дууссан, хугацааг засварласан бараа бүтээгдэхүүнүүд их хэмжээтэй байсан. Э.Б- бидний илрүүлсэн зөрчлийг илрүүлэх боломжтой байсан. Удирдамжид заагдаагүй зөрчил илэрсэн нөхцөлд энэ тухай удирдах албан тушаалтан, прокурорт мэдэгдэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан зөрчлийг таслан зогсоож, баримтжуулах, гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой.” /2-р хх 192-193/

гэрч С.М-ийн “... захирал торгуулийн мөнгийг буулгаарай гэсэн ...” 4-р хх 207/,

гэрч Д.Оюундарийн “... захирал бид хоёрыг аль болох торгуулиа бага төлөөрэй гэсэн ...” /4-р хх 208/ гэх мэдүүлгүүд,   

шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хяналт, шалгалтын тэмдэглэл /1-р хх 23, 24/,

“Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн илэрсэн зөрчил байгаагүй болно. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Б-” гэсэн тэмдэглэл /1-р хх 24/,

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С.М-ийг зөрчилд холбогдогчоор тооцож мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх 25/,

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1-р хх 28-29/,

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэлийн хуудас /1-р хх 30/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-14/199 дугаартай “Гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх тухай” удирдамж /1-р хх 21-22/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал /1-р хх 185/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтын дагуу нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тусгай субъектэд хамаарна.

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Б- нь хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхдээ хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг засварлаж, худалдан борлуулж байсан “Ханара март” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх байтал торгуулийг хуульд зааснаас багаар тогтоолгох гэсэн зөрчил гаргагчийн ашиг сонирхлын үүднээс бараа, бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэнтэй холбоотой асуудлыг дарагдуулж, бусад зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар хариуцлага хүлээлгэсний төлөө хахууль авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ... ял шийтгэнэ” гэжээ.  

Шүүгдэгч Э.Б- нь хүчинтэй хугацаа дууссан, хугацааг засварласан илэрхий зөрчлийг илрүүлж, хууль бус хөрөнгө, орлогыг хураах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байтал зөрчил гаргагч “Ханара март” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, бусад гаргасан зөрчилд нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцлага хүлээлгэсэн болж гомдлыг хаасан байх тул түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.Б- нь хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлсэн, ноцтой зөрчлийг илрүүлж, таслан зогсоон хуулийн хариуцлага хүлээлгэх байтал хахууль авч дарагдуулаад, тухайн зөрчил олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болж, дээд шатны мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалтгалтаар нотлогдож, таслан зогсоогдсон хойно шийтгэлийн хуудсыг нөхөн гаргаж, гэр бүлийн хүнээрээ торгуулийн мөнгийг төрийн дансанд тушаалгасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүхэд гаргасан “... Э.Б-ын хуулийн дагуу ажилласан. Авсан мөнгө нь торгуулийн мөнгө ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Б-ад холбогдох хэсгийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хахууль өгөх гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар дор дурьдсан асуудлуудыг шалгалгүй орхигдуулснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.М-, Д.О- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгаарлан прокурорт буцаах нь зүйтэй. Үүнд:

1. Прокуророос шүүгдэгч Э.Б-ыг “Ханара март” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хийх ёсгүй үйлдлийг хийсний төлөө хахууль авах гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялласан атлаа тус хуулийн этгээд болон эрх бүхий албан тушаалтныг хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Хуульд зааснаас бага хэмжээтэй торгууль төлөх нь “Ханара март” ХХК буюу захирал Парк Хьюн Сукын хүсэл сонирхол байтал мөнгийг хүргэж өгсөн нярав, худалдагч нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтын дагуу хахууль өгөх гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэж үзнэ. 

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Баасандорж нь хахууль авах гэмт хэрэгт оролцоотой, мөнгөний тодорхой хэсгийг авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Баасандорж нь Э.Б-аас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, заруулахаар өгсөн номны мөнгө гэж ойлгосон талаар мэдүүлжээ. Прокуророос Н.Баасандоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь дан ганц Э.Б-ын мэдүүлгээс өөр нотлох баримтгүй гэж дүгнэжээ. Гэтэл Э.Б- өгсөн номыг нь зараагүй ба тэр мөнгө “Ханара март” ХХК-аас авсан мөнгө байсан талаар гэрч, яллагдагч нарын мэдүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаны шалгалтын тайлан баримт бичиг давхар баталж байхад прокурор энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргажээ.

Иймд хахууль өгөх, авах гэмт хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шүүгдэгч С.М-, Д.О- нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.М-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч С.М-, Д.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН