Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1571

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.А-д холбогдох

 

12 564 420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А- нь “С Э Э П” ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах ЭТӨЧ 48 дугаар байранд Solo-2 супермаркет ажилуулж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 4 693 440 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр авсан бөгөөд үүнээс 3 740 530 төгрөгийн үлдэгдэл тооцоотой. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Дандарбаатарын гудамжид байрлах Solo-3 хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 6 931 680 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр авсан бөгөөд үүнээс 4 635 750 төгрөгийн үлдэгдэл тооцоотой ба нийт 8 376 280 төгрөгийг хуульд заасан алданги болох 4 188 140 төгрөгийн хамт, нийт 12 564 420 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Э Э П” ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 хороолол ЭТӨЧ 48 байранд Соло 2 супермаркет, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Дандарбаатарын гудамж Хорго хотхонд Соло 3 супермаркетуудыг тус тус ажиллуулж байсан. Би “С Э Э П” ХХК-д 2014 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд компанийн салбар дэлгүүрүүдэд няравын албан тушаалтай ажиллаж байсан. Нэхэмжлэгч байгууллагын өмнө миний бие ямар нэг үүрэг хүлээж, хувьдаа бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан зүйл байхгүй.

Ажил үүргийн хувьд “Б х” ХХК-аас “С Э Э П” ХХК-ийн салбар дэлгүүрүүдэд ирүүлсэн барааг хүлээн авч, тооцоо нийлэхэд гарын үсэг зурж байсан болохоос, хувь хүнийхээ хувьд эрх, үүргийн харилцаанд ороогүй. Дээрх үндэслэлээр миний бие “Б х” ХХК, “С Э Э П” ХХК нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар баримтлан хариуцагч Д.А-гаас 12 564 420 төгрөг гаргуулах тухай “Б х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Б х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 981 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00885 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Д.А- нь “Б х” ХХК-ийн өмнө иргэний хувьд үүрэг хүлээсэн болох нь дараах баримтуудаар нотлогддог. Үүнд:

“Б х” ХХК болон Д.А- нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1.1-т зааснаар борлуулагч тал /Д.А-/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.

Д.А-  нь  2017  оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “Б х” ХХК-д хүсэлтдээ “төлбөр тооцооны хуримтлал үүссэн, уг төлбөр тооцоог 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 7 хоногт 100 000 төгрөг хийж сард 400 000 төгрөг хийж явах хүсэлтэй байна” гэж дурьдсан. “С Э Э П” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулж, хүсэлт гаргаж байгаа талаар дээрх баримтуудад огт дурьдагдаагүй байдаг.

“Б х” ХХК болон Д.А- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд “С Э Э П” ХХК огт хамааралгүй байхад анхан шатны шүүх Д.А-г гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээлгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь “С Э Э П” ХХК-ийн тамга тэмдэг нь гэрээ болон Д.А-гийн хүсэлтэд дарагдсанаар Д.А-г гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлж, “С Э Э П” ХХК-д үүрэг хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Д.А-гийн хүсэлтийн дагуу хэлцэл хийгдсэн ба Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1-т тус тус заасны дагуу Д.А- нь зээлээр авсан барааны үнэ болох 8 386 280 төгрөгийг төлөх үүрэгтэй.

2. Шүүх “С Э Э П” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь уг албан бичигт Д.А- нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус компанид няравын албан тушаал эрхэлж байсан компанийг төлөөлөн холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үндсэн ажлын чиг үүрэгтэй ажиллаж байсан гэж дурьдсан боловч Д.А- нь “Б х” ХХК-тай гэрээ байгуулахдаа “С Э Э П” ХХК-ийг төлөөлсөн, гэрээний дагуу үүссэн үүргийг компани хариуцна гэж огт бичигдээгүй. Уг албан бичгээр “С Э Э П” ХХК нь өөрийгөө Д.А-гаар төлөөлүүлсэн болохоо хуульд заасан журмаар илэрхийлээгүй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, итгэмжлэл, нийгмийн даатгал төлөлтийн мэдээлэл зэрэг Д.А-гийн албан тушаалын үүргийг гүйцэтгэж, хуулийн этгээдийг төлөөлсөнийг нотлох баримт хэрэгт байхгүй.

3. “Б х” ХХК нь анхнаасаа Д.А-тай хувь хүний хувьд гэрээ байгуулж, түүнд зээлээр бараа олгосон ба “С Э Э П” ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нөхөж “С Э Э П” ХХК-д ажиллаж байсан, ажил үүргийн хувьд гэрээ байгуулсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчаас 8 376 280 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Д.А-д холбогдуулан 12 564 420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Б х” ХХК гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын өмнө миний бие ямар нэг үүрэг хүлээж, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан зүйл байхгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.А- нь “С Э Э П” ХХК-ийн нэрээр дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа зээлээр бараа авч байсан ба түүний зээлээр авсан барааны үнэ 8 376 280 төгрөг, алданги 4 188 140 төгрөг, нийт 12 564 420 төгрөг болсон гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 7 дугаар талд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нийлүүлэгчээс 8 726 280 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлэх, борлуулагч тал барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нийлүүлэгч талыг төлөөлж Ц.Мөнгөнсувд, борлуулагч талыг төлөөлж Д.А- гарын үсэг зурж “С Э Э П” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан байна.

 

Дээрх гэрээ болон “С Э Э П” ХХК-ийг төлөөлж Д.А- нь бараа хүлээн авч, тооцоо нийлж, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах эрхтэй гэсэн тус компанийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолт гэх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч Д.А- нь “С Э Э П” ХХК-ийн нэрийн өмнөөс “Б х” ХХК-тай гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “С Э Э П” ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус компанид няравын албан тушаал эрхэлж байсан бөгөөд салбар дэлгүүрүүдэд бараа татан авалтыг хариуцаж, бараа материалыг хүлээн авч, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж, компанийг төлөөлөн холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үндсэн ажлын чиг үүрэгтэй ажиллаж байсан байх тул түүнийг “С Э Э П” ХХК-ийн нэрийн өмнөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагч Д.А-гийн нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байсан хүсэлтэд “С Э Э П” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан байгаагаас үзвэл түүнийг “С Э Э П” ХХК-ийн няравын албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч “Б х” ХХК нь хариуцагч Д.А-гаас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 971 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ   

                   

                                                                                       С.ЭНХТӨР