Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2021/00023

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай 2 дугаар баг, 18-08 тоотод оршин суух хаягтай, Хоньчин овогт Дэлгэрдалайн Лхагвабаяр /РД:АЗ86101501/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай 2 дугаар баг, 18-41 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт, Цэмбэлийн Батбаяр /РД:НО80091473/-т холбогдох

Автомашины гражийг хариуцагч Ц.Батбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвабаяр, хариуцагч Ц.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Үржинханд, гэрч Ц.Гантөгс, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Лхагвабаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хань Бат-Очир нь Цемент Шохой үйлдвэрт ажилладаг байсан. Энэ гражийн газрыг 2009 онд авсан. 2011 онд хоёр машины гражийн газар дээр блокоор их биеийг нь босгоод орхичихсон байсан. Би тухайн үед ажилтай байсан. Тэгээд гражаа барьж байх хугацаанд нэг удаа хоол хийж аваачиж өгсөн. 2016 юм уу 2017 онд Батбаяр гэдэг ийм найз байдаг. Батбаяр нь манай нөхрийн удирдлага дор гагнуур хийдэг юм уу ажилладаг байсан. Манай байранд байдаг гээд явдаг байсан. Би тухайн үед ажилтай байсан учраас нарийн асуугаагүй өнгөрсөн. Тэгэхэд манай нөхрөөс гражийг зараач, ашиглуулаач гэсэн гэхээр нь би тухайн үед өөрөө мэдээрэй гээд орхисон. Би тухайн үед жирэмсэн байсан. Манай нөхөр 2018 оны 03 сард нас барсан. Тэгээд миний нэр дээр бичиг баримт нь шилжсэн. 2016 онд Дархан-Уул аймгийн кадастрын компаниар гражийн газрынхаа кадастрыг нь хийлгэсэн байж байгаад орхичихсон байсан. Тэгээд кадастрын компанитайгаа холбоо бариад гэрчилгээгээ гаргуулсан. Гэрчилгээгээ гаргуулаад жил болсны дараа Ц.Батбаяр нь эхнэртэйгээ орж ирсэн. Тэгэхдээ энэ гражийн газрыг шилжүүлж өг, та нар энэ газраа зарсан гэж хэлсэн. Та нар тооцоогоо хийгээгүй байхад би яагаад шилжүүлэх юм бэ? гэж хэлсэн. Тэгсэн намайг эхнэртэйгээ зүй бус үгээр олон удаа доромжилсон боловч би тухайн үед чимээгүй орхисон. Гэтэл Засаг даргын орлогч Үүрдмөнхөөр энэ газрыг чөлөөлж өг гэсэн утгатай бичиг манай хаягаар явуулсан. Тэгэхэд нь би зөвшөөрөөгүй. Манай нөхөр нас барахаасаа арваад хоногийн өмнө балконаа цэвэрлэж байхдаа Батбаяр тооцоогоо хийхгүй байна. Тооцоогоо хийчихвэл чамайг төрөхөөс өмнө төрөхийн чинь бэлтгэлийг хиймээр байх юм гэж байсан. Миний зүгээс гражийг чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нэхэмжлэл гаргахдаа 206 тоот гэж бичсэн байна. Хариуцагчийн машинаа тавиад байгаа граж 207 тоот учир тухайн гражийг чөлөөлүүлнэ ...” гэв.

Хариуцагч Ц.Батбаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2011 онд банкнаас зээл авсан. Тэгээд Алтансүх гэдэг хүнээс 2,000,000 төгрөгийн граж авах гэж байсан. Гэтэл Бат-Очир ах “би Д.Даваахүү захиралд 1,000,000 төгрөгөөр гражаа зарчихсан байсан юм. Чи 1,000,000 төгрөгөөр энэ гражийг авчихаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 1,000,000 төгрөгөөр гражийг нь авсан. Тэгээд мөнгийг нь эхнэртэйгээ хамт оруулж өгсөн. 2012 оны 06 сард гражаа барьж эхэлсэн. Торх байсныг нь 120 блок авч голоор нь тасалсан. Алтансүх ахаас дээврийнх нь төмрийг авсан. Спорт заал ажиллуулдаг Ганбаа ахаас дээврийн модыг нь худалдаж авсан. 60,000 төгрөгөөр авсан байх. Хаалганых нь материалыг би өөрөө Дархан явж авч байсан. 2018 онд байх кадастрын зургийг нь гаргуулчихсан байсан. Тэгээд газрын алба дээр очсон чинь янз бүрийн шалтаг хэлээд буцаагаад байсан. Дараа нь нээлттэй хаалганы өдөрлөгөөр очсон чинь нөгөө эмэгтэй чинь гэрчилгээгээ гаргуулаад авчихсан. Та хоёр хоёулаа явж очоод нотариатаар батлуулаад салгуулаад авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь манай эхнэр бид хоёр хоёулаа очсон. Гэтэл нэхэмжлэгч дунд хуруугаа гаргаад мөнгө авсан гэдгийг чинь хэн нотлох юм бэ? гээд надтай хэрүүл хийсэн. Тухайн гражийг би 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Олон материал авчихсан байсан. Энэ маргаад байгаа граж бол 207 тоот граж мөн юм...” гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

 ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Лхагвабаяр нь хариуцагч Ц.Батбаярт холбогдуулан хууль бус эзэмшлээс граж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сайхан сумын 2-р баг ЗДТГ-ын ар талд байрлах 206 тоот автомашины гражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж дурдсан боловч шүүх хуралдааны шатанд 207 тоот гражийг чөлөөлүүлнэ гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 207 тоот граж болгож өөрчилж байгаа тул хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар авах ажиллагаа хийх нь зүйтэй гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч гаргаж байна.

 Нэхэмжлэгч маргаан бүхий гражийн дугаарыг өөрчлөн тайлбар гаргаж байх бөгөөд хариуцагч 207 тоот гражийг эзэмшиж байгаа талаар маргаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдөөгүй гэж үзсэн болно.

Хариуцагч Ц.Батбаяр маргаан бүхий гражийг нэхэмжлэгч Д.Лхагвабаярын нөхөр М.Бат-Очироос 2011 онд 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөхтэй холбоотойгоор эзэмших эрхийн бүртгэлийг дараа нь хийлгэхээр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.Батбаяр болон нэхэмжлэгч Д.Лхагвабаярын гэр бүлийн хүн болох М.Бат-Очир нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, М.Бат-Очир 2018 онд нас барсан, хариуцагч 207 тоот гражийг 2011 оноос хойш эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Лхагвабаяр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А276 тоот шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг ЗДТГ-ын ар талд 206, 207 хаягт байрлах 4313003048 нэгж талбарын дугаар бүхий 45 м2 газрыг “автомашины гражийн зориулалтаар” 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн 000001116 дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 04331-2019/00034 тоот гэрээ, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 25, 28-29/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж,

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэж тус тус заасан.

Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй эзэмшлийг олж авсан эзэмшигчээс хөрөнгөө шаардах, мөн тус эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Хариуцагч талын хүсэлтээр Д.Ганбаатар, Д.Алтансүх, Д.Даваахүү, Ж.Түмэн-Одод, Л.Анхбаяр, Ц.Гантөгс нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д  “...бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах...”-аар заасан тул гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Засаг даргын Тамгын газрын ар талд 207 тоот хаягт байрлах автомашины гражийг хариуцагч Ц.Батбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Эд хөрөнгийн эзэмшлийг хууль ёсны бөгөөд хууль бус гэж ангилдгаас гадна хууль бус эзэмшил нь дотроо шударга болон шударга бус гэж хуваагддаг.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасан шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэх заалтыг нэхэмжлэгчид хамаатуулан ойлгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Лхагвабаярын “...Ц.Батбаяр гражид засвар үйлчилгээ хийсэн болохыг 2018 онд мэдсэн...” гэх тайлбарыг хариуцагч өөр баримтаар үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч эзэмших эрхээ зөрчигдсөн болохыг 2018 онд мэдсэн үеэс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

 Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Засаг даргын Тамгын газрын ар талд 207 тоот хаягт байрлах автомашины гражийг хариуцагч Ц.Батбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА