| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0074/э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Иргэдийн төлөөлөгч Б.Гантуяа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өрлүүд овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2421000000010 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг 1413 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өрлүүд овогт ******* ******* /РД: ЖИ 75071771/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халх овогт ******* ******* /РД: ЖЯ95101510/.
Шүүгдэгч Б.******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” хорооллын 1413 тоотод *******тэй маргалдан хутгалж, түүний биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,
шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” хорооллын 1413 тоотод *******тай маргалдан зодож, түүний биед зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, цээжний цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булан орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарыг бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэв.
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: ”...2023 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хамт найз замаасаа аваад ******* сумын 1 дүгээр баг хороолол орж /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэрт очиж архи уух гээд такси бариад явж байх замдаа дэлгүүрээс Хараа гэх шошготой, 0.75 литрийн 2 шил архи авч очсон. Бид нарыг очиход гэрийн эзэн гэртээ байхгүй, түүний хамаатан бололтой настай ах ганцаараа байсан. Бид нар авч очсон архиа задлаад ууж байхад гаднаас нэг ах /*******/ ганцаараа орж ирсэн бөгөөд бид нарын ууж байсан архинаас хамт уугаад архи дууссаны дараа ******* гэх ах гэрээс гарч /хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна/ “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи авчраад ууцгаасан юм. Ингээд архи уугаад сууж байхад миний хувьд өмнөх орой нь уусан архи гараагүй байсан дээрээс нь нэмж уугаад нэлээд согтсон. Тэгээд миний санаж байгаагаар гэрийн хойд талын орон дээр ******* суугаад би гэрийн гол хэсэгт үүд рүү хараад сууж байсан ба яг юунаас болж маргаж муудснаа санахгүй байна. Тухайн үед ******* гэх ах хаанаас ч юм хутга аваад миний зүүн дал хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан бөгөөд жирс хийх мэдрэмжээр намайг хутгалчихлаа гэдгийг нь би мэдсэн юм. Ингээд би газар сууж байснаа дээш босоод “намайг хутгалчихлаа” гэхэд хамт байсан миний өмсөж явсан хувцсан доогуур гараа хийгээд цус гарч байна гэж хэлэхээр нь би уурлаад хойд орон дээр сууж байсан *******ыг хөлөөрөө өшиглөх гэхэд хий өшиглөөд дээрээс нь нүүр болон бие хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон ба яг хэдэн удаа цохисноо хэлж мэдэхгүй байна. Энэ үед хажууд байсан хуурай ах , найз нар намайг хорьж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэжээ. /хх-ийн 26-28, 30-31/
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн орчимд хөрш гэрт ороход хорооны дүү нар болох , , ******* нар ирчихсэн, ах тай архи задлаад ууж байсан юм. Тухайн үед би бас тэд нарын архинаас хамт уусан бөгөөд нийтдээ “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи 2 шилийг уусан юм. Ингээд сүүлийн архи дуусах гэж байхад ******* надад хандан “би ахаас архи ууж байгаагүй юм байна” гээд жоохон шоглосон янзтай хэлэхээр нь би гэрээс гарч ойролцоох дэлгүүр лүү явж “Хараа” гэх шошготой 0.75 литрийн 1 шил архи авчраад ууж байхад ******* намайг дээрэлхсэн өнгө аястай үг хэлээд бараг л доромжлоод байсан. Архи дуусах үед /11 цагийн орчимд гэж санаж байна/ ******* гэрийн гол хэсэгт үүд рүү хараад газарт, би *******гийн хойно буюу орны наад талд газарт, хувьд урд хананд байх ширээний хажуу дахь сандал дээр, ах гэрийн баруун урд булангийн орон дээр, / яг хаана байсныг нь хэлж мэдэхгүй байна/ тус тус суучихсан байсан. Энэ үед ******* намайг “пизда минь” гэж хэлэхээр нь би “юу гэнээ” гэж хэлээд босоход үгийн зөрүүгүй миний зүүн хавирга орчимд хөлөөрөө маш хүчтэй нэг удаа өшиглөхөөр нь би “яагаад байна” гээд дээш босоход мөн гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод буцаад сууж байсан газраа доош суухаар нь би уурандаа цааш явж хоолны шүүгээнд байсан цагаан хуванцар иштэй хутгыг аваад газарт сууж байсан түүний ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгалсан юм. Би түүнийг хутгалаад гэрийн хойд орон дээр сууж байхад ******* нь хутгалуулсандаа улам уурлаад миний нүүр лүү хөлөөрөө маш хүчтэй өшиглөж дээрээс хоёр гараараа ээлжлэн цохиод байсан ба хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 34-35/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өглөө зочид буудлаас *******гийн хамт гарч замаараа хуурай дүү аваад ******* сумын 1 дүгээр баг “ ” хороололд байх гэрт очиж архи уух гээд такси бариад явах замдаа дэлгүүрээс “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи аваад очсон юм. ...бид нарыг архиа ууж байхад гаднаас нэг ах /*******/ ганцаараа архи уусан байдалтай орж ирсэн бөгөөд бид нарын ууж байсан архинаас хамт уугаад мөн тухайн архи дууссаны дараа тэр ах гэрээс гарч /хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна/ “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи авчраад ууцгаасан юм. Ингээд архи уугаад сууж байхад буюу намайг хойд талын орон дээр хэвтэж байхад ******* гэх ах ширээний хажууд усны шар өнгийн хуванцар саван дээр сууж байсан хуурай дүү *******тэй гэнэт маргалдаад орноос босоод хоолны шүүгээний зүгт явсан юм. Тухайн шүүгээнээс /сүүлд бодоход/ хутга аваад дүү *******гийн өөдөөс очиж байсан. Ингээд буцаад миний хэвтэж байсан орон дээр ирээд *******гийн сууж байсан газрын хажуу талын ширээний доод хэсэг рүү цагаан өнгийн хуванцар иштэй хутга шидсэн бөгөөд тэр үед дүү ******* нь “миний нуруу халуу дүүгээд байна” гэж хэлэхээр нь би орноос босож очоод өмсөж явсан цамцан доогуур нь гараа хийгээд гаргаж ирэхэд миний гар цус болчихсон байсан ба тэр үед дүү ******* уурлаад миний боссон орон дээр хэвтэж байсан ******* гэх ахын нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж зодсон юм. Тухайн үед хажууд байсан хуурай дүү Батмөнх болон гэрт байсан настай ах бид нар салгаад би гэрээс гарч шууд түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх-ийн 37-38/
Гэрч мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...бид нарыг архиа уугаад сууж байхад гаднаас ******* гэх ах ганцаараа архи уусан байдалтай орж ирсэн бөгөөд бид нарын ууж байсан архинаас хамт уугаад мөн тухайн архи дууссаны дараа ******* ах гэрээс гарч “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи авчраад ууцгаасан. Ингээд архиа уугаад сууж байхад найз ******* нь яг юунаас гэдгийг нь мэдэхгүй байна, ******* ахтай маргалдаад хоёр биенээ заамдалцаад намайг салгах гээд очиж байхад ******* нь ******* нүүрэн тус газарт гараараа хүчтэй цохисон бөгөөд тэр үед би найз *******г хориод орны хажууд суулгахад ******* гэх ах миний харснаар хоолны шүүгээний зүгт явж байсан. Тухайн үед намайг хориод байж байхад ******* гэх ах найз *******гийн нуруу орчимд нь хутгалсан юм...” гэжээ. /хх-ийн 40-41/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг гэртээ ганцаараа байхад гаднаас *******, , гэх танихгүй гурван залуу архи уусан байдалтай орж ирээд дүү г асуугаад мөн архи уугаад гаръя гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. Ингээд “Хараа” гэх шошготой 0.75 литрийн 2 шил архи гаргаад ууцгаасан ба миний хувьд мөн архинаас нь хамт уусан юм. Бид нарыг архи уугаад сууж байхад хөрш ******* гэх залуу ганцаараа орж ирсэн ба архи уусан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ер нь миний хувьд тэд нартай юм яриагүй зүгээр л өгсөн архийг нь уугаад байсан бөгөөд хоорондоо юм яриад ууцгаасан гэж хэлэхэд болно. Мөн архи дуусаж байхад хөрш ******* гэрээс гарч хаанаас гэдгийг нь мэдэхгүй байна, “Хараа” гэх шошготой 0.75 литрийн 1 шил архи авчраад ууцгаасан. Ингээд архи уугаад сууж байхад өндөр нуруутай залуу ******* нь хөрш *******тай маргалдсан ба яг юунаас гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан гэрийн хойд орон дээр ******* суучихсан түүний өөдөөс жоохон зайтай газар ******* нь суучихсан байсан юм. Би галдаа нүүрс хийх гээд гэрээс гарч гадаа 10 гаруй минут нүүрс хагалж хувинд хийгээд орж ирэхэд ******* нь ******* гэх залууг хутгалчихсан гээд хоорондоо хэрэлдэж маргалдаад дуу чангатай байсан. Харин сүүлд нь ширээний хажууд газарт манай гэрийн хуванцар цагаан өнгийн иштэй хутга байхыг харсан...” гэжээ. /хх-ийн 43-44/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 54-55/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд:
1. ******* биед зүүн талын 6-р хавирганы хугарал, цээжний цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булан орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Зүүн талын 6-р хавирганы хугарал нь дангаараа, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны цус хуралт нь дангаараа, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 58-59/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...архи дуусах үед 11 цагийн орчимд гэж санаж байна. ******* гэрийн хойд талд буюу орны наана газарт, хувьд урд хананд байх ширээний хажуу дахь сандал дээр, ах гэрийн баруун урд булангийн орон дээр тус тус суучихсан байсан. Харин яг хаана байсныг нь хэлж мэдэхгүй байна. Энэ үед ******* намайг “пизда минь” гэж хэлэхээр нь би “юу гэнээ” гэж хэлээд босоход үгийн зөрүүгүй миний зүүн хавирга орчимд маш хүчтэй хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би “яагаад байна” гээд дээш босоход мөн гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод буцаад сууж байсан газраа доош суухаар нь би уурандаа цааш явж хоолны шүүгээнд байсан цагаан хуванцар иштэй хутгыг аваад газарт сууж байсан түүний ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгалсан...” гэжээ. /хх-ийн 80-81/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...******* хаанаас ч юм хутга аваад миний зүүн дал хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан бөгөөд жирс хийх мэдрэмж төрж намайг хутгалчихлаа гэдгийг нь би мэдсэн юм. Харин би газар сууж байснаа дээш босоод “намайг хутгалчихлаа” гэхэд хамт байсан ах миний өмсөж явсан хувцсан доогуур гараа хийгээд цус гарч байна гэж хэлэхээр нь би уурлаад хойд орон дээр сууж байсан *******ыг хөлөөрөө өшиглөх гэхэд хий өшиглөөд түүнийг дээрээс нь буюу орон дээр дараад нүүр болон бие хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон ба яг хэдэн удаа цохисноо хэлж мэдэхгүй байна. Энэ үед хажууд байсан , найз нар намайг хорьж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэжээ. /хх-ийн 83-85/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53/
*******гээс хохиролтой холбогдуулан гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 102/
******* хохирол төлсөн тухай банкны орлогын мэдүүлгүүд /хх-ийн 104/
*******ад холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 86-89/
*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 94-97/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 98/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Өрлүүд овогт ******* *******, Халх овогт ******* ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг 1413 тоотод архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан зодолдож,
******* нь *******г хутгалж, түүний биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт бүхий хүнд хохирол,
******* нь *******ыг зодож, түүний биед зүүн талын 6-р хавирганы хугарал, цээжний цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булан орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн *******гийн “...гэрийн хойд талын орон дээр ******* суугаад би гэрийн гол хэсэгт үүд рүү хараад сууж байсан ба яг юунаас болж маргаж муудснаа санахгүй байна. Тухайн үед ******* гэх ах хаанаас ч юм хутга аваад миний зүүн дал хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан бөгөөд жирс хийх мэдрэмжээр намайг хутгалчихлаа гэдгийг нь би мэдсэн...” гэх, ******* “...******* намайг “пизда минь” гэж хэлэхээр нь би “юу гэнээ” гэж хэлээд босоход үгийн зөрүүгүй миний зүүн хавирга орчимд маш хүчтэй хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би “яагаад байна” гээд дээш босоход мөн гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод буцаад сууж байсан газраа доош суухаар нь би уурандаа цааш явж хоолны шүүгээнд байсан цагаан хуванцар иштэй хутгыг аваад газарт сууж байсан түүний ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгалсан юм. Би түүнийг хутгалаад гэрийн хойд орон дээр сууж байхад ******* нь хутгалуулсандаа улам уурлаад миний нүүр лүү хөлөөрөө маш хүчтэй өшиглөж дээрээс хоёр гараараа ээлжлэн цохиод байсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...******* гэх ах ширээний хажууд усны шар өнгийн хуванцар саван дээр сууж байсан хуурай дүү *******тэй гэнэт маргалдаад орноос босоод хоолны шүүгээний зүгт явсан юм. Тухайн шүүгээнээс /сүүлд бодоход/ хутга аваад дүү *******гийн өөдөөс очиж байсан. Ингээд буцаад миний хэвтэж байсан орон дээр ирээд *******гийн сууж байсан газрын хажуу талын ширээний доод хэсэг рүү цагаан өнгийн хуванцар иштэй хутга шидсэн бөгөөд тэр үед дүү ******* нь “миний нуруу халуу дүүгээд байна” гэж хэлэхээр нь би орноос босож очоод өмсөж явсан цамцан доогуур нь гараа хийгээд гаргаж ирэхэд миний гар цус болчихсон байсан ба тэр үед дүү ******* уурлаад миний боссон орон дээр хэвтэж байсан ******* гэх ахын нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх, гэрч ийн “...найз ******* нь яг юунаас гэдгийг нь мэдэхгүй байна, ******* ахтай маргалдаад хоёр биенээ заамдалцаад намайг салгах гээд очиж байхад ******* нь ******* нүүрэн тус газарт гараараа хүчтэй цохисон бөгөөд тэр үед би найз *******г хориод орны хажууд суулгахад ******* гэх ах миний харснаар хоолны шүүгээний зүгт явж байсан. Тухайн үед намайг хориод байж байхад ******* гэх ах найз *******гийн нуруу орчимд нь хутгалсан...” гэх, гэрч гийн “...орж ирэхэд ******* нь ******* гэх залууг хутгалчихсан гээд хоорондоо хэрэлдэж маргалдаад дуу чангатай байсан. Харин сүүлд нь ширээний хажууд газарт манай гэрийн хуванцар цагаан өнгийн иштэй хутга байхыг харсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан зодолдож, шүүгдэгч ******* хутга хэрэглэсэн үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч *******гийн зодсон үйлдлийн улмаас ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот ”...******* биед зүүн талын 6-р хавирганы хугарал, цээжний цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булан орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн талын 6-р хавирганы хугарал нь дангаараа, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууны цус хуралт нь дангаараа, зүүн чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот “...*******гийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандахын гаргасан “*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ад 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч *******гийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, түүний харилцаа, хандлагын улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусдад төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь хоорондоо харилцан зодолдож шүүгдэгч ******* нь *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч ******* нь ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул *******, ******* нарыг хэн алиндаа төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* хувьд монгол хэл, бичиг мэдэхгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын өмгөөлөгч Б.Туяамандахыг оролцуулан явуулсан бол шүүгдэгч *******гийн хувьд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт бичгээр гаргасан учраас түүний хүсэлтээр өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар бариултай нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өрлүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Халх овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар бариултай нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Г.НАМУУНТУЯА