| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Ж.*******,
хохирогчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох эрүүгийн 2315003690009 дугаартай 163/2024/0061/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, ******* аймгийн *******- ******* сумын ******* багийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, байгаль, экологи судлаач мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 45 настай, эмэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Намсан” амралтын газарт хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003690009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Нийтийн ахуй үйлчилгээний ажилчдын мэргэжлийн өдөр”-ийг ажлын хамт олноороо тэмдэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Намсан” амралтын газарт хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдсаны улмаас Ж.*******гийн биед баруун чихний дэлбэнд шарх, зүүн бугалга, сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******гийн өгсөн: Би ******* эгчтэй эгч, дүүгийн холбоо үүсгээд 10 жил орчим болж байна. Хоёулаа хамтдаа хоол унданд ордог бөгөөд бид хоёрын харилцаа их сайн байсан. Би үйлчлэгч нарын ажлыг хянадаг, шалгадаг, урамшуулал өгдөг албан тушаалтай байсан. Тэгтэл ******* эгч хүмүүстэй нийлж гарын үсэг зураад ямар ч шалтгаангүйгээр миний ажлыг өөрчлүүлэх зүйл хийсэн. Би энэ асуудал дээр нь ганц ч үг дуугараагүй. Тэр өдөр ажлын хамт олноороо зугаалаад явж байтал ******* эгч надад хандан “ бол хогийн авгай, эгч нь чиний ажлыг хураалгаж чадсан, одоо бол би чиний хүссэн албан тушаалд чинь тавиулж чадна гэж хэлсэн. Өдөржингөө ардаас дагаад янзан бүрээр хэлээд байхаар нь зугтаагаад байсан. Би бодохдоо гийн эсрэг намайг сумлаад явсан. Өдөр 15, 16 цагийн архи, дарс дууссан байсан. Гадаа өөр хүмүүс ч гэсэн архи ууя гэж яриад байсан. Гэр дотор ******* эгч ******* чи арчаагүйдээ өнөөдөр ингэж явж байгаа юм, энэ ширээгээ хар, ууж идэх зүйлгүй гуйлгачин байгаа биз дээ гэж хэлэхээр нь өөдөөс нь үг сөрсөн. Тэгэхэд над руу аягатай ус цацсан. Тэгээд бас ундааны сав шидсэн. Тэр нь бол миний нүүрэн тус газарт оносон. Тэгээд бид хоёрын хооронд жаахан маргаан болсон. Тэгэхэд Долзодмаа, Өсөхжаргал нар байсан. Тэгэхэд Долзодмаа цаг болоогүй байгаа юм чинь эндээ жаахан байж л байя гэж хэлэхээр нь би дэмжсэн. Ингэж байтал г орж ирэнгүүт зохион байгуулагчийнхаа үгэнд оръё гэж хэлсэн. Үүнээс өмнө ******* эгч намайг чи бол айлын гэр бүл үймүүлсэн гэж ирээд л хэлэх хэлэхгүй муухай үгээр дайрч давшилсан. Тэгэхээр нь би гараад явсан. Намайг гараад явангуут ******* эгч би энийг өнөөдөр энд дуусгана, ална, хядна гээд ардаас хашгираад хүрээд ирсэн. Би өдөржингөө хүнээр доромжлуулсан хүн яаж дуугүй байх вэ дээ өөдөөс нь хэдэн үг хэлсэн. Араас гүйж ирээд үснээс зуулгахад нь би бас адилхан үснээс нь зулгаасан. Үснээс зулгаахад байсан тэр газар нь их налуу газар байсан учраас хоёулаа хамт хажуу талаараа унасан. Унангуут хоёр эрэгтэй хүн хүрч ирээд үснээс зуурсан гарыг маань хүчээр дарж салгасан. Тэгэхэд би ******* эгчийн чихэнд хүрч татаж чангаасан зүйл болоогүй. Миний гарч гэсэн хөхрөөд бугуй хэсгээрээ сар гаруй хугацаанд өвдсөн. Бид хоёр салаад байж байтал ******* эгч над дээр ирээд ******* чи эгчийнхээ чихийг ийм болгочихлоо гэхээр нь үгүй эгчээ би тэгээгүй, яагаад ийм зүйл болчихов оо, аягүй муухай зүйл боллоо гээд тэврэлдээд сууж байсан. Тэр амралтын газраас буцахдаа машин дотор хамтдаа хойд талын сандал дээр суугаад Эрдэнэт ирээд ******* эгчийн чихийг эмнэлэг рүү орж эмчлүүлсэн. Тэгээд цааш яваад ******* эгчийн гадаа ирэхэд ******* эгч надад хандан ******* чи надад муу санасан зүйл байгаа юу? гэж асуухад үгүй, та бид хоёр чинь эгч дүүс шүү дээ гэж хэлэхэд за би энэ удаа саяны болсон асуудлыг хэнд ч хэлэхгүй дуугүй өнгөрөөе гэж хэлсэн. Маргааш нь ажилдаа ирээгүй ба өвчтэй гэсэн. Намайг утсаар залгахад утсаа авахгүй байсан. Неорон гэсэн мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхад нь би эргэлтээр очиж уулзсан. Тэгэхэд бид хоёр нэлээн удаан уулзаад хоёулаа хэн аль нь буруу зүйл хийлээ, залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэж ярилцсан. Дараагийн хоногуудад ажилдаа бас ирэхгүй байсан ба нэг хүнээс ******* эгчийг Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хэвтсэн гэж сонссон. Тэгэхэд ******* эгчийн чих нь үхэжсэн байна гэж Отгонтуяа хүмүүст яриад яваад байсан. Тэгэхээр нь би Отгонтуяаг дуудаад чи юу яриад яваад байгаа юм бэ? гэж хэлэхэд Нараа эгчийн бие нь өвдөөд аягүй муу байгаа гэж байна, бараг нэг чих нь доороосоо үхжээд байхгүй болж байгаа гэж байна гэж хэлэхээр нь тийм огт болоогүй, чихийг нь их цэвэрхэн оёулж эмчлүүлсэн байсан гэж хэлсэн. Хойшдоо ажил дээр очоод элдэв янзын зүйл битгий яриарай гэж хүсмээр байна. Над руу ална, хядна гэж орилж хашгираад гүйж ирээд үсдэлцээд унаагүй байсан бол чихний гэмтэл үүсэхгүй байх байсан. Би чихнээс нь татаагүй. Үснээс нь татсан. 1.500.000 төгрөгийг өгөхдөө гомдлоо буцаагаад татаад авчихна гэсэн ойлголтыг надад төрүүлсэн. ******* эгч надад хэлэхдээ чи надад 1.500.000 төгрөг өгвөл би ямар ч гомдол, саналгүй болно гэж хэлсэн. Би ч гэсэн ******* эгчид гомдолтой байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, тэр мэдүүлгээ дэмжиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Ж.*******гийн өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын хамт олон ахуй үйлчилгээний баяр тэмдэглэх гээд Булган аймгийн ******* сумын нутагт байдаг "Намсан" амралтын газарт очсон. Бид нар оройны 17 цаг хүртэл баяраа тэмдэглэж, наргиж цэнгэсэн. Тэгээд манай байгууллагын зохион байгуулагч “үйл ажиллагаа өндөрлөлөө одоо бүгдээрээ юм аа хурааж цэгцлээд явах тийшээ хандъя” гэж хэлсэн. Тэгтэл манай ажилчин ******* гэх эмэгтэй босож юм аа цэгцлэх шинжгүй, эндээ бүгдээрээ үлдэж үргэлжлүүлье гэсэн. Тэгэхээр нь би “зохион байгуулагчийнхаа саналыг хүндэтгэе бүгдээрээ буцъя” гэж хэлсэн. Намайг буцъя гэхэд ******* үргэлжлүүлж үлдэх санаатай байсан болохоор надад хандаж “авгай минь дуугүй байгаарай” гэж хэлээд бага насанд чинь чамайг эцэг, эх чинь өлмөн зэлмэн өсгөсөн гэх зэргээр доромжилсон. Чи надаас өчнөөн олон дүү хүн байж чи миний өссөн бага насыг мэдэх ёсгүй, эцэг эхийг минь хүртэл чи доромжилдог хэн бэ? гэж хэлтэл ******* над руу гүйж ирээд үснээс зулгаагаад зүүн гар мушгиад хойш нь савуулж унагаасан. Тэгээд газарт унаад чих гэнэт маш их өвдөхөөр нь гараараа үзтэл чихнээс цус гарч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
2. Гэрч Ш.ын өгсөн: Тухайн өдөр манай байгууллага амарч зугаалж явж байсан ба тус өдөр арга хэмжээ дуусч байна бүгдээрээ өндөрлөе гэж хэлтэл ******* амралтын өдөр юм чинь үлдэх нь үлдээд, явах нь яв гэж хэлсэн. Тэгтэл ******* бүгдээрээ явцгаая, чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад тэнд байсан байсан хүмүүс та хоёр больцгоо гэж хэлтэл ******* амралтын гэрээс гараад машины зогсоол руу явж байгаад буцаж гүйж ирээд *******тай үсдэлцсэн. Тухайн маргааныг бол ******* эхлүүлсэн. Тэр хоёр хоорондоо үсдэлцээд нэг нэгнээ тавихгүй байсан ба манай ажлын хүмүүс салгах гээд чадахгүй байсан. Тэгээд тэр хоёр үсдэлцэж байгаад хоёулаа газар уначихсан. Тэр газраа унаад үсдэлцэж байхад га, нар салгасан. Тэр хоёр бие биеэ үсдэлцээд газарт унаад манай ажлынхан салгасан. Хэсэгхэн зуурын л юм болсон. Өөрөөр бие биеийнхээ биед халдаж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
3. Гэрч Л.ийн өгсөн: Тэр хоёрыг гэр дотор маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг гадаа сууж байхад ******* даавуун үүрдэг цүнх үүрээд гэрээс гарч ирж байгаа харагдсан. ******* гарч ирчихээд *******д хандаж “чи миний аав, ээжийг мууллаа” гэж хэлээд гүйж очоод мөрнөөсөө цүнхээ мултлаад *******г цохиж байгаа харагдсан. *******г оносон оноогүйг мэдэхгүй байна. Тэгээд шууд ******* руу гүйж очоод тэр хоёр хоорондоо үсдэлцээд газарт унасан. Газар унаад нээх удаагүй байхад манай ажлын газрын га, Болдоо, Жавзаа нар салгасан. Тэр хоёр босож ирэхэд *******гийн чихнээс цус гарсан байсан. Тэгээд ******* болон ******* нар хоорондоо учир зүйгээ олж эвлэрээд нэг машинд суугаад эмнэлэг явсан. ******* нь гэрээс гарч явж байгаад *******г гэрээс гарч ирж байхад гүйж очоод үсдэлцээд тэр хоёр газарт унаад манай ажлынхан салгасан. Нэг нэгнээ цохиж, зодсон зүйл байхгүй. Харин газарт унахдаа ******* нь чулуу, шороотой газар унаад чихээ гэмтээсэн байж магадгүй. Тэрнээс биш ******* нь *******г зодож гэмтээсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
4. Гэрч Д.гын өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын хамт олон амралтанд явсан юм. Тэгээд өндөрлөхөөр болоод орой 17 цагийн үед байх би ажлын хэдэн хүмүүсийн хамт гэрийн гадаа сууж байтал гэр дотор чимээ, шуугиан гараад хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь гэрт ороод хартал *******, ******* нар маргалдсан байдалтай байж байсан. *******гийн нүүр нь норчихсон байсан. Тэгээд юу болов гэсэн чинь ******* ууж байсан, ундаагаа цацаад савыг нь шидчихлээ гэж байсан. Тэр хоёр гэрийн хоёр талын орон дээр суучихсан хэрүүл хийгээд болихгүй байхаар нь би *******г аваад гэрээс гарсан. Аваад гарч байхад би *******тай нэгнийгээ үзэлцэнэ, одоо алалцъя гээд байсан. Тэгэхээр нь би та нар чинь одоо яагаад байгаа юм бэ? ингэж болохгүй, одоо угаасаа тарах цаг нь болсон юм шиг байна гэж хэлтэл ******* намайг тавь гээд маргалдах гээд хэсэг гэрийн гадаа байж байгаад тайвшраад чимээгүй болсон. Тэгээд ******* гэр лүү цүнхээ аваад гарч ирээд гадаа зогсож байсан. Манай ажлынхан ч гэсэн бүгд гарч ирж байсан. Тэгэхээр нь би *******, ******* хоёрыг ахиж маргалдахгүй байх гэж бодоод үлдсэн аяга, таваг, эд зүйлээ цуглуулаад явж байтал ******* гүйж очиж *******тай үсдэлцээд тэр хоёр хамт газар унасан. Газарт унангуут нь Болдоо бид хоёр шууд гүйж очоод тэр хоёрыг салгасан. Болдоо бид хоёр салгах гэж нэлээд ноцолдсон. Тэр хоёр бие, биеийнхээ үснээс тас зуурчихаад тавихгүй байсан тул Болдоо бид хоёр хуруунуудыг нэг нэгээр нь дэлгээд, гарыг нь татаад бараг чирэх шахуу хоёр тийш нь салгаад аваад явсан. Тэр өдөр ******* бага зэрэг согтчихоод ******* дээр очоод би чамайг албан тушаалаас чинь буулгаж чадсан, буцаж тавьж чадна, чи арчаагүй шүү дээ гэх зэргээр *******д юм хэлээд байсан. Тэгээд тэрнээс болоод л хэрүүл эхэлсэн гэж бодож байна. Тухайн өдөр ******* болон ******* нар нь үсдэлцээд, үсдэлцсэн чигээрээ газарт унаад босож ирсэн, өөр ямар нэг байдлаар бие биеийнхээ биед халдаж, цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
5. Гэрч А.гийн өгсөн: Тухайн өдөр манай байгууллагын хамт олон “Нийтийн ахуй үйлчилгээний ажилчдын мэргэжлийн өдөр”-ийг тэмдэглэж аялал зугаалганд явсан. Тус арга хэмжээг миний бие хариуцаж явсан. Амралтын газарт очиж арга хэмжээ орой 16 цагийн үед дууссан тул одоо бүгдээрээ өндөрлөе гэж хэлсэн. Тэгтэл ******* би архи уумаар байна. Ийм архи, дарс байхгүй, идэх ч юм байхгүй зугаалга гэж юу юм бэ гэж хэлсэн..., ...Тэгсэн чинь ******* эргэж хараад чи юу гээд байгаа юм бэ? гэтэл *******гийн хажуу талаар ******* гараад 10 метр орчим түрүүлж явж байгаад эргэж хараад гартаа барьж явсан гялгар ууттай аяга тавгаа ******* рүү шидчихсэн. Тэгээд орилоод ******* рүү гүйж очтол га дундуур нь ороод тэврээд авсан. Тэгтэл ******* нь үүрч явсан үүргэвчээ мөрнөөсөө салгаад гын толгой руу цохиод түүнийг холдоход нь ******* рүү гүйж очоод үснээс нь шууд зуурч аваад газар шидчихсэн. *******г ******* үсдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Үйл явдал хурдан болоод өнгөрсөн болохоор сайн анзаараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-64 дэх тал/
6. ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 951 дугаартай: Магадлуулагч Ж.*******гийн баруун чихний дэлбэнд шарх, зүүн бугалга, сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
7. Яллагдагч П.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. *******гийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг түүний дансаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.*******, гэрч Ш., Л., Д.га, А. нарын өгсөн мэдүүлэг, ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 951 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч П.******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Намсан” амралтын газарт хамт ажилладаг хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдсаны улмаас Ж.*******гийн биед баруун чихний дэлбэнд шарх, зүүн бугалга, сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч П.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, зүүн бугалга, сарвуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 951 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
******* Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь ******* улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Гэм буруу гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан өөрийн гэмт зан үйл, гэмт ажиллагаа болох нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршгийг хэрхэн ойлгож ухамсарласан сэтгэхүйн харьцааг хэлдэг бөгөөд оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас хамаарч санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэрт ангилдаг байна.
Гэм буруугийн санаатай хэлбэрийг гэмт этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учрах хор уршигт хэрхэн харьцаж байгаа оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас шалтгаалан гэм буруугийн шууд ба шууд санаа гэсэн хоёр төрөлд ангилдаг.
Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.
Иймд шүүгдэгч П.*******гийн уурлаж бухимдсан үедээ Ж.*******тэй маргалдаж улмаар биед нь халдахад хохирол хор уршиг учрах боломжтойг оюун санааны хувьд урьдаас мэдэх хэдий ч гэмтэл учруулахыг хүсээгүй, хохирогчтой үсдэлцэх /үснээс зулгаах/ үйлдэл хийсний улмаас хохирогчийн баруун чихний дэлбэн ээмэгтэйгээ татагдаж сэтэрсэн, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...******* миний үснээс зулгаах үед л ээмэгтэй чих татагдаж чих сэтэрсэн байх, үснээс зулгаах агшинд л надад өвдөлт мэдрэгдсэн...” гэж өөрт учирсан гэмтэл хэний, ямар үйлдлийн улмаас учирсан талаар тогтвортойгоор мэдүүлж ирсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг гэрч Ш., А., Л., Д.га нар дараах байдлаар давхар гэрчилж мэдүүлдэг.
Тодруулбал, гэрч Ш.ын өгсөн: “...Тэр хоёр хоорондоо үсдэлцээд нэг нэгнээ тавихгүй байсан ба манай ажлын хүмүүс салгах гээд чадахгүй байсан. Тэгээд тэр хоёр үсдэлцэж байгаад хоёулаа газар уначихсан. Тэр газраа унаад үсдэлцэж байхад га, нар салгасан. ...” гэх, гэрч Л.ийн өгсөн: “...******* нь гэрээс гарч явж байгаад *******г гэрээс гарч ирж байхад гүйж очоод үсдэлцээд тэр хоёр газарт унаад манай ажлынхан салгасан. Нэг нэгнээ цохиж, зодсон зүйл байхгүй. ...” гэх, гэрч Д.гын өгсөн: “...Тухайн өдөр ******* болон ******* нар нь үсдэлцээд, үсдэлцсэн чигээрээ газарт унаад босож ирсэн, өөр ямар нэг байдлаар бие биеийнхээ биед халдаж, цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэх, гэрч А.гийн өгсөн: “...Тэр хоёр маргалдсан ба бид нар салгаад тэр хоёр босч ирэхэд *******гийн чихнээс цус гараад чих нь сэтэрчихсэн байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж санаатайгаар гэмтэл учруулаагүй тул гэмт хэргийн шинжгүй, хохирогчийн халдлагаас хамгаалж, аргагүй хамгаалалт хийсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.*******, хохирогч Ж.******* нар нь “Нийтийн ахуй үйлчилгээний ажилчдын мэргэжлийн өдөр”-ийг ажлын хамт олноороо амралтын газарт очин тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “арга хэмжээ дууссан явъя” гэсэн зохион байгуулагчийн шаардлагыг шүүгдэгч П.******* эсэргүүцэж, хохирогч Ж.******* үйл ажиллагааг дуусгахыг дэмжсэний улмаас таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, маргаан үргэлжлэх явцад харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатайгаар үсдэлцэж хохирогчид гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ж.*******гийн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан хүний биед халдах зөрчлийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай албан бичиг хүргүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан юм.
Энэ хор уршгийг арилгахаар хохирогч ******* аймгийн Нейрон гэх мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 22 хоног ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.320.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 420.000 төгрөг нийт 1.740.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжилж шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.500.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогчийн иргэний нэхэмжлэлийн талаарх “Энх мөнх” мед эмнэлгийн үйлчилгээ гэх 420.000 төгрөгийн үнийн дүнтэй 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ибаримт, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хугацаанд ажлаас чөлөөлсөн Нийцэл өрхийн эрүүл мэндийн төв ХХН эмнэлгийн магадлагаа, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Эрдэнэт” сувиллын цогцолборын амбулаториор 12 хоног эмчлүүлсэн гэх Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэрэг баримт хавтаст хэргийн 56-58 дэх талуудад авагдсан байх ба шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянавал хохирогч нь Нейрон нэртэй мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх боловч Энх мөнх мед нэртэй эмнэлгийн үйлчилгээ гэх төлбөрийн баримт ирүүлсэн, мөн Ж.******* нь сард хэдэн төгрөгийн цалин авдаг болон “Эрдэнэт” сувилалын цогцолборын амбулаториор 12 хоног өдрөөр эмчлүүлсний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж хэдэн төгрөг авсан, цалингийн зөрүү нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, Нейрон эмнэлэгт ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдийн аль цаг хугацаанд нь хэдэн хоног хэвтэн эмчлүүлсэн зэрэг нь тодорхойгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.740.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Харин сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд: ******* улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг 2-р зэрэглэлд тооцон хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 2.750.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Дээрх мөнгөн дүнгээс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1.250.000 төгрөгийг шүүгдэгч П.*******гаас гаргуулж хохирогч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналыг дэмжиж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 80-90 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.******* нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ******* аймаг амьдардаг, *** ажилтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч П.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
******* Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******гээс сэтгэцэд учирсан хор уршигт нийт 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******* аймгийн *******-******* сумын Их Хаадын цуваа хотхоны 7а-9-93 тоотод оршин суух хаягтай Ж.******* /РД: ФБ70121800/-д олгож, хохирогч Ж.*******гийн эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.740.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ