| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/00069/ |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн 2415000000038 дугаартай 163/2024/00069/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ** суманд 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн ** сумын 5 дугаар багийн А хэсгийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 53 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.*******ыг 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн А хэсгийн 6-5 тоотод К.*******, Э.******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас К.*******гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөл хэсэг рүү нь галын дэгээ төмрөөр цохиж биед нь халдаж зодсон,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нь “дахин архи уулаа” гэж эхнэр К.*******г уурлахад дургүйцэн түүний нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн А хэсгийн 6-5 тоот гэртээ К.*******, Э.******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж К.*******гийн нүүр хэсэгт нь гараараа, хөл хэсэгт нь галын дэгээ төмрөөр цохиж биед нь халдаж зодсон,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нь “дахин архи уулаа” гэж эхнэр К.*******г уурлахад дургүйцэн түүний нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, духны дунд, баруун чихний ар чамархайн хэсэг, баруун гарын бугалганы дотор дунд, зүүн хөлийн тавхайн дээд хэсэг болон шагайн гадна хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ архи уучихаад орсон. Тэгэхэд манай эхнэр ******* намайг архи уулаа гэж утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгэхээр нь би галын дэгээ төмөр бариад эхнэрээ цохисон. Миний цохисон үйлдлийн улмаас эхнэрт гэмтэл учирсан нь үнэн гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч К.*******гийн өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр гэртээ орж ирэхдээ 200 граммын хэмжээтэй архи барьчихсан тэрнээсээ уусан бололтой орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд үлдэгдэл архиа уусан. Яагаад архи уусан талаар асуухад нойр хүрэхгүй байхаар нь уулаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уулаа гэж жаахан үглэсэн. Тэгээд унтах гээд хэвтэх гэж байхад миний ард ирсэн ба намайг эргээд хартал миний дух хэсэгт нэг удаа алгадсан. Мөн галын дэгээ төмрөөр миний хөл рүү цохисон. Ингээд намайг гэрээс хөөж гаргаад хаалгаа цоожлоод 30 минутын лараа хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэрт ороод ямар нэгэн юм ярилгүй шууд унтсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амарч өнжсөн бөгөөд ******* үдээш хойш 17 цагийн орчимд гэрээс гарч яваад удалгүй 200 грамм хэмжээтэй архи авч орж ирээд тэр архиа уучихаад шилээ ширээн дээр тавихаар нь энэ шилээ гаргаж хаяач гээд шилийг нь гараараа түлхтэл ******* босч ирээд миний хоёр нүдний гол хэсэгт гараараа хоёр удаа цохьсон. Мөн толгой хэсэгт гараараа хоёр удаа цохьсон. Мөн энгэр хэсгээс базаж түлхэх үед цээж хөхөрсөн, мөн гарнаас базаж хөхрүүлсэн. ...Би өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2. Гэрч Э.*******ын өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн орчимд дуудлага ирсний дагуу очиход *******, ******* нар байсан ба эхнэр *******гийн биед цус хуралтууд үүсч алхаж чадахгүй доголж хөл нь хавдаад гишгэж чадахгүй байна гэж байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр ******* амралтын хоёр өдөр зодоод ийм болголоо, өнөөдөр бол зодоогүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
3. Гэрч Н.*******ийн өгсөн: Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна дэлгүүр орчихоод гэртээ харих гээд явж байхад ******* таараад “эгчээ манайд бууз хийлцээд өгөөч, ******* нүүр ам нь хавдаад хөл нь өвдөөд явж чадахгүй байна” гэж гуйсан. Тэгэхээр нь би гэртээ харьчихаад 19 цагийн оримд *******ынд очиход *******, ******* нар байсан бөгөөд *******гийн нүүр хавдаад хөхөрсөн, явж чадахгүй доголоод байсан. ******* нь ******* намайг ийм болгосон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
4. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай: Магадлуулагч К.*******гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, духны дунд, баруун чихний ар чамархайн хэсэг, баруун гарын бугалганы дотор дунд, зүүн хөлийн тавхай дээд хэсэг болон шагайн гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-оос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх 2024 оны 01 дүгээр сарын 27-ны цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чавдарыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тухайн цус хуралт гэмтэл нь нийлээд биеийн 1 хувийг эзэлж байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
6. Яллагдагч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тунгаа гэх эмэгтэй намайг унт гээд ор луу түлхсэн. Тэгээд Тунгаа гэрээс гарч явахад ******* намайг Тунгаа гэх эмэгтэйтэй хардаж миний зүүн гарын бугалга хэсэгт утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгээд миний толгой руу цохихоор нь би гараараа хамгаалсан. Тэгээд зуухны дэгээ төмрөөр намайг цохих гэж далайж байгаад гэрлийн чийдэн хагалсан. Тухайн үед нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд ******* гэрээс гарч зугтаасан. Тухайн өдөр намайг Тунгаатай хардаж цохиж зодсон болохоор нь би тэсэлгүй *******г цохьсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч К.*******, гэрч Э.*******, Н.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн А хэсгийн 6-5 тоотод К.*******, Э.******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж К.*******гийн нүүр хэсэгт нь гараараа, хөл хэсэг рүү нь галын дэгээ төмрөөр цохиж биед нь халдаж зодсон,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр К.*******г “дахиад архи уулаа” гэж уурлахад нь дургүйцэн түүний нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, духны дунд, баруун чихний ар чамархайн хэсэг, баруун гарын бугалганы дотор дунд, зүүн хөлийн тавхайн дээд хэсэг болон шагайн гадна хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 40 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.*******, хохирогч К.******* нар нь 1993 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан гэр бүлийн гишүүд юм.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Б.*******ын гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч К.*******, гэрч Э.*******, Н.******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 73-80 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч К.******* болон 3 хүүхдийн хамт Булган суманд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад сануулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зуухны дэгээ төмөр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад сануулсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч К.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зуухны дэгээ төмөр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ