Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2021/00058/И |
Дугаар | 152/ШШ2021/00164 |
Огноо | 2021-04-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2021/00164
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: К овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуульд холбогдох,
Увс аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот Б-ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, гэрч Б, У, А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан аймаг дахь салбар сургуулийг санхүү-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2016 оны 11 дүгээр сараас Увс аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуульд няраваар ажиллаж эхэлсэн. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуульд няраваар томилогдон ажилласнаас хойш 4 захиралтай хамтран ажиллаж байсан. 2019 оны 11 дүгээр сард тус сургуулийн захирлаар Б томилогдсноос хойш намайг “Няравын ажлаа өг” гэж ил далдаар удаа дараа дарамталсан. Улмаар Увс аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал Б 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаал гарган намайг “Ажлын байрандаа ажлын цагаар согтуу байсан, шалтгаангүй ажил таслах, өгөгдсөн даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй байх” зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх бодит байдалд нийцэхгүй, шалтгаан зааж няравын ажлаас халсаныг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай. Гэтэл Б би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. Мөн түүнчлэн ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, архидан согтуурсан гэх зөрчил гаргаагүй. Ажилтны ажил олгогчийн итгэлийг алдсан, ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл Б би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтныхаа тухайд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд Б миний Увс аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуульд холбогдох гомдлын шаардлагыг хангаж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар тус сургуулийн нярав Б-г ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэ тал дээр яг хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь тус сургуулийн захирал болон Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Ажил олгогч нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Б-г ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын зөрчлийн давтан гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох талаар заасан байгаа. Гэтэл өнөөдөр шүүхэд цугларсан баримтуудад Б хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч болох хариуцагч талууд өөсрдийн тайлбар, татгалзлаа нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байгаа. Дээрх заалтад орсон тусгайлан заасан нөхцөл гэдэг нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх ёстой. Гэтэл хэрэгт талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хариуцагч талаас нэг байгууллагын ажилчидын хөдөлмөрийн гэрээ ижил нөхцөлтэй байгуулагдана гэж үзээд тус сургуулийн 2 ажилтны хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байсан. Тухайн 2 хөдөлмөрийн гэрээг Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайн ажлын байр буюу ажилтны албан тушаал, түүний цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тодорхой тусгасан байх ёстой. Иймд бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээ ижил нөхцөлтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч ажилтан хоёр ямар тохиолдолд ажилтанг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх вэ гэдгээ тухайлан зааж өгсөн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй хэрнээ хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир Б-г ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь Б-г хөдөлмөрийн гэрээгээ өөрөө аваад явчихсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй. Ер нь хөдөлмөрийн гэрээ 2 хувь үйлдэгдээд нэг нь ажилтанд нөгөө нь ажил олгогчид хадгалагдах ёстой. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлын байран дээрээ согтуу байсан гэж тайлбарлаад байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй. Хэрэгт Увс аймаг дахь Цагдаагийн газрын албан тоот авагдсан байгаа боловч уг албан тоотод Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан л гэсэн байгаа. Түүнээс биш ажлын байран дээрээ согтуу байсан гэдгийг нотолсон зүйл биш. Хариуцагч талаас мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Быг ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхгүй гаргасан болох нь тогтоогдсон гэж заасныг Монгол улсын дээд шүүхийн 3 дугаар тогтоолоор “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхгүй гаргасан болох нь тогтоогдсон гэдгийг хууль санхүү болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт болон байгууллагын дотоод шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно” гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч Б нь ажил олгогчийн итгэлтийг алдсан үйдэл эс үйлдэхүй гаргасан гэдгийг тусгай санхүүгийн хяналт шалгалтын байгууллагаас тогтоосон зүйл огт байхгүй. Хариуцагч нь Б-г ажлаас халсан тушаалын үндэслэлээ нотолж чадахгүй байгаа тул Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Б-ын гаргасан гомдлын шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Б нь манай байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа ажлын цагаар болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ажил таслан байгууллагын эд хөрөнгө дутаах зөрчлийг удаа дараа гаргасан учраас захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас халсан болно. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад нэмэлт тайлбар, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгнө” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаал гарах үед эмнэлэгт хэвтэж байсан гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дугаар сургуулийн цагийн бүртгэл гэх баримтаас харахад 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирсэн. 2021 оны 1 дүгээр сарын 6-нд тушаалаа аваад явсан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил олгогчоос нэхэмжлэгч Б-г ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан байгаа. Ингэхдээ Б нь ажлын байран дээр согтуу байсан, шалтгаангүй ажил тасалдаг, ажил үүргээ гүйцэтгэдэггүй зэрэг сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Б нь ажлын байран дээрээ согтуу байсан гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Увс аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа. Мөн удаа дараа ажил тасалсан, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэсэн үндэслэлийн хувьд байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэж үзэж байгаа. Байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод журмыг баталж мөрдүүлэх эрхтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажилтан бол байгууллагын дотоод журмыг чанд мөрдөх үүрэгтэй гэж заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгууллагын дотоод журмыг хүчингүй болгох гэдэг зүйл байхгүй тул үүн дээр шүүх дүгнэлт хийхгүй. Хариуцагч талын хүсэлтээр шүүхээс ерөнхий боловсролын дугаар сургуулийн дотоод чат группт үзлэг хийлгэсэн. Уг группт сургуулийн удирдлагын зүгээс Бын гаргасан алдаа дутагдал, түүн дээр санал сэтгэгдэл, мөн Б-ын Би алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан баримтууд байгаа. Б нь ажлаа хүлээлгэж өгөхдөө хөдөлмөрийн гэрээ болон өөрт холбогдогч баримтуудаа аваад явчихсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Б-с ажил хүлээлцэхэд дутагдсан хөрөнгийн жагсаалт байгаа. Энэ актаар 27.922.650 төгрөгийн хөрөнгө сургуулийн хөрөнгөнөөс дутагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ асуудлаар мөн Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гараагүй байгаа учир хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй. Багш нарын нөүтбүүк алга болчихсон байж байгаад нярав Б-г ажил хүлээлцэх үед шүүгээнээс нь гарч ирсэн асууудал бас гарсан байгаа. Сургуулийн захиргаанаас Б-г хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, алдаа дутагдал гаргаад байсан тул өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг хүссэн болохоос биш Б-д ямар нэгэн шахалт дарамт үзүүлсэн зүйл байхгүй гэдгээ хэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуульд холбогдуулан Увс аймгийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот Б-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...Б-г ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Б Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуульд няраваар ажиллаж байгаад Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот Б-г ажлаас халах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1.13.3, 11.1.13.4, 11.1.14 дэх заалтуудыг тус тус үндэслэн Нярав Б-ийн Б-г ажлын байрандаа согтуу байсан, шалтгаангүй ажил таслах, өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй байх зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 1 дүгээр сарын 06-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас нь халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлүүдээр ажлаас халсан ба 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нярав Б-ын алдаа дутагдлууд гэх баримтад захирал Б, хүлээлгэж өгсөн У, танилцсан Б хэмээн гарын үсгүүд зурагдсан бөгөөд өөр байдлаар нотлоогүй, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Улаангом сумын ЕБ-ын сургуулийн нярав Б-с ажил хүлээлцэхэд дутагдсан хөрөнгийн жагсаалт гэх баримтаар түүнийг 27.922.650 төгрөгийн хөрөнгө дутаасан гэж байгаа боловч гэрч А-ийн “2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр жилийн эцсийн тооллогын комисс байгуулагдаж тооллого хийсэн. Нэгтгэл дүнг гаргахдаа ашиглагдахгүй байгаа хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөөд тайландаа тусгасан. Мөн тооллого явагдаж байхад багш нар Lenovo нөүтбүүкээ бүрэн авч ирээгүй. Тэгээд тооллогын тайландаа тусгаагүй юм. Байгууллагын эд хөрөрнгийн тооллого хөл хорионы үе таарсан тул нэг бүрчлэн дуудах боломжгүй байсан тул сүүлд тайландаа нэмэлтээр тусгая гэж үзээд тайландаа тусгаагүй. Харин бусад нөүтбүүкний хувьд зарим нь актлах хөрөнгө, актлагдсан хөрөнгүүдийн жагсаалтад орсон байгаа. Энэ бүх нөүтбүүкнүүд нярав Б-д ямар ч хамааралгүй...” гэх мэдүүлгээр үгүйсгэгджээ.
Мөн Гэрч Б “Нярав Б хагас бүтэн жилийн тайлангуудыг цаг тухайд нь бүрдүүлж өгөхгүй байж байгаад сүүлд нь нэг дор бүгдийн гаргаж өгдөг. Бын хувьд ажлын байранд архи уух асуудал байдаггүй. Харин ажлаас хоцрох, ажилдаа ирэхгүй алга болох зүйл байсан. Манай сургуулийн жилийн эцсийн тооллогоор 27.922.650 төгрөгийн эд хөрөнгө дутагдсан нь үнэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээн мэдүүлжээ.
Гэрч Б-ийн мэдүүлэг болон хариуцагчийн өмгөөлөгчийн “Б-с ажил хүлээлцэхэд дутагдсан хөрөнгийн жагсаалт байгаа. Энэ ажил хүлээлцсэн комиссын гаргасан баримтаар нийт 27.922.650 төгрөгийн хөрөнгө сургуулийн хөрөнгөнөөс дутагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ асуудлаар Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гараагүй байгаа учир хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй” гэх тайлбараас үзэхэд Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн хөрөнгөөс дутагдсан 27.922.650 төгрөгийн асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй учир одоогийн байдлаар тухайн эд хөрөнгийг нярав Б дутагдуулсан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилдаа согтуу ирсэн гэх ба тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээжээ. Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын протоколын дүгнэлт хэсэгт “Нярав Б нь 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээр 0.28% согтолттой байсан нь ёс зүйг зөрчсөн гэж үзлээ” /Дотоод журмын 11.1.13-ын 4-р заалтын дагуу/ гэжээ.
Гэтэл Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь 1.2.1-д Хөдөлмөрийн дотоод журам нь Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захиргаанаас өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн, мөн журмын 1.2.4-т Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ, 1.2.5-д журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөх-өөр зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хариуцагч талаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тэрээр гэрээгээ өөрийн хувийн хэргээсээ аваад явсан гэж маргаж байгаа боловч хэрэгт Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал болон Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй ба ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
Хэдийгээр гэрч У “Сургуулийн захирлын зүгээс нярав Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би сургуулийн бүх багш, ажилчдын гэрээний төслийг бэлдсэн тул мэдэж байна” гэж мэдүүлж байгаа боловч түүний хувьд нярав Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш байна. Хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, нэрлэн заасан байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байхгүй тул нэхэмжлэгч Б-г ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот Б-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах-аар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ, мөн хуулийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хавсаргана” гэж заасан ба тэрээр хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэзээ хүртэл хэдэн төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн ямар хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзав.
Нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн хуудас №1536128, хариуцагч талаас гаргасан цагийн бүртгэл, Ц-ийн хөдөлмөрийн гэрээ, А-ийн хөдөлмөрийн гэрээ гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй, мөн 130.000 төгрөг Б-с авав гэх баримт, Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тоот Б-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б-г Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР