Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2021/00170

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: И овогт Д-ийн Б-ийн,

     Хариуцагч: Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Увс аймгийн х сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 онд төрсөн, ам бүл 3, ээж охины хамт амьдардаг. Манай охин одоо 2 нас 2 сартай. Би 2015 онд Анагаах ухааны Энэрэл дээд сургуульд элсэн суралцаад 2018 онд сувилагч мэргэжлээр төгссөн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд эмийн бус эмчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй мэргэжлээр 3 сар амжилттай суралцаж энэ чиглэлийн мэргэшлийн үнэмлэхтэй болсон юм. Би ажиллаж байх хугацаандаа ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа зөрчил гаргаагүй, иргэдээс ямар нэгэн гомдол гаргалгүй мэргэшлийн түвшинд ажиллаж ирсэн байхад 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлж, жирэмсний амралттай хүний оронд түр ажиллуулсан тушаал гаргасанд гомдолтой байна. Би Эрүүл мэндийн газрын дарга А-тай уулзахад үндсэн орон тоонд ажиллаж байгаа хүнийг халж өөрчлөхгүй гэж хэлсэн. Иймд намайг үндсэн ажил болох эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлт уламжлалт хариуцсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б нь 2018 онд Энэрэл дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж улмаар 2019 онд уламжлалт анагаах ухааны сувилахуй судлалын мэргэшил олгох 3 сарын курст сурч төгссөн. Тухайн үед анхан шатны байгууллага, тэр дундаа хөдөө суманд ажиллах уламжлалтын эмч мэргэжилтний хомсдолоос болж эмийн бус эмчилгээний сувилагчаар 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр томилогдон ажиллаж байсан. Уг орон тоо нь Эрүүл мэндийн газрын даргын Сумдын эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо баталсан тушаал дээр Эмийн бүс эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлт, уламжлалтын эмч, мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн. Энэ нь онош тавих болон өвчтөний биеийн байдлыг үнэлж, бие даасан эмчилгээ бичих, эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл бүхий албан хаагч ажиллах ёстой орон тоо учир ажлын байрыг өөрчилсөн. Б-ийн хувьд сувилах эрхийн тусгай зөвшөөрөлтэй сувилагч учир шаардлага хангахгүй байгаа. Иймд уг орон тоонд Увс аймгийн Эрүүл мэндийн газраас чиглэл өгсний дагуу уламжлалын эмч томилсон. Иймд Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч нь “...Б-г ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

      Нэхэмжлэгч Б Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/16 тоот Б-г ажилд томилох тухай тушаалаар эмийн бус эмчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/03 тоот Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг тус тус үндэслэн эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлт уламжлалт хариуцсан сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байгаа энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу 1 сарын өмнө мэдэгдэл өгөөгүй байна.

     Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” хэмээн заасан ба нэхэмжлэгч Б нь 3 хүртэл насны хүүхэдтэй болох нь Б-ийн Т-ын төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлт уламжлалт хариуцсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-г Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлт уламжлалт хариуцсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.БОЛОР