Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 136/ШШ2021/00066 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 39-21 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт А.У/РД:ЕП83110908/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 39-21 тоотод оршин суух, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бажиг овогт Б.Б/РД:ЕЮ84101515/-т холбогдох,     

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.У миний бие нь өөрийн нөхөр болох Б.Бтой 2005 онд танилцан гэрлэлтээ 2006 онд батлуулан хууль ёсны гэр бүл болж амьдрах хугацаандаа 2006 онд хүү Б.М, 2011 онд охин Б.М, 2014 онд охин Б.М, 2018 онд охин Б.Ннар төрж, бид өнөр өтгөн гэр бүл болж бусдаас дутах зүйлгүйгээр эв найртай сайхан амьдарч ирсэн билээ. Энэ хугацаанд нөхөр маань огт ажил төрөл хийж үзээгүй бөгөөд гэр орондоо байнгын архи, дарс уух болж энэ асуудлаа таслан зогсоож гэр орон, үр хүүхдүүддээ нэмэр тустай элэг бүтэн сайн сайхан амьдрахыг өчнөөн гуйж гувшиж, хэлж яриад засал авахгүй сүүлдээ хэл амаар доромжилдог байдал нь газар авч надад гар хүрэх болсон төдийгүй манай хамгийн том хүү маань энэ жил 14 настай шилжилтийн насанд яваа болохоор гэр орны ийм тав тухгүй байдал хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж ээжийгээ өмөөрч хамгаалан аавтайгаа зодолддог болсон. Миний хувьд дөрвөн хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нөхрөө янз бүрийн байдлаар хамгаалж, архинаас гаргах талаар гомдлоо тасартал явж, өчнөөн арга хэмжээ авсан боловч нөхөр маань улам архинд нэвширч миний эрх чөлөөнд халдаж, үр хүүхдүүдээ элдэв дээдээр доромжлон, тохуурхаж, гэр орны уур амьсгал байнгын хэвийн бус, орой болгон хэрүүл, зодоон, уйлаан майлаантай болж, миний хоолойг боох асуудал ч байнга давтагддаг болсон нь бидний амьдралын баталгаагүй байдлыг бий болгож байнгын түгшүүртэй амьдрах болсон нь эцсийн эцэст энэ хүнээс салж цаашдын амьдрал, үр хүүхдээ элэг бүтэн авч явах эх хүний үүргээ ганцаараа үүрэхээс өөр аргагүй байдалд хүргээд байна. Бид амьдрах хугацаандаа манай нөхөр болох Б.Бийн аав, ээжээс өгсөн 2 өрөө байр болох 4-р 58 айлын 27 тоотод амьдарч байсан. Нөхөр маань биднийг өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй миний байранд байгаа юм чинь намайг тэжээхгүй яахав гээд илтэд тохуурхан байнгын хөөж туудаг байсан болохоор миний бие нь 2019 онд өөрийн дүүгээсээ хувь лизингээр 109 мкв талбай бүхий 4 өрөө байрыг 75 000 000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл сарын 15 000 000 төгрөгийг ганцаараа сар бүрийн орлогоосоо байрныхаа төлбөрт төлж явж байгаа болно. Мөн 2016 онд Тоёота маркийн машиныг 17 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд ямартай ч энэ хүн ажил төрөл хийж бидэнд амьдралын ямар ч нэмэр тус болдоггүй байнгын архи ууж сэтгэл санааны дарамтад учруулдаг байсан боловч миний хувьд бүхнийг болгож бүтээхийн төлөө чармайж амьдарч ирсэн билээ. Бидний амьдрах хугацаанд буй болсон хөрөнгө болох одоогийн амьдарч буй байр, машинаа нийт 92 000 000 төгрөгөөр үнэлж байгаа болно. Иймд бидний гэрлэлтийг хууль ёсоор цуцалж, 03-14 насны дөрвөн хүүхдийг минь эх миний асрамжид үлдээж, хүүхдүүдийг минь 18 нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлгийг аав Б.Боос нь гаргуулах, бидний хамтран амьдрах хугацаанд буй болсон дундын хөрөнгө болох машин, үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, нийт 92 000 000 төгрөгийн эд хөрөнгийг 6 ам бүлд хувь тэнцүүлэн хуваарилж , 5 ам бүл болох бидэнд оногдох 76 666 666 төгрөгийн хөрөнгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэгдүгээрт, Б.Б миний бие нь үр хүүхдээ өнчрүүлээд, гэр бүлээ салгах хүсэлгүй байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлд намайг огт ажил хийж байгаагүй гэжээ. 2010 оныг хүртэл хэд, хэдэн газарт ажиллаж байсан. Үүнд 20072008 оны хооронд Монгол шуудан банкинд мөнгө хураагч, нярав, 2009-2010 оны хооронд Чойр-Сайншанд сум хүртэл авто замын ажилд хэмжилтийн инженер тус тус хийж байсан. 2010 оноос /энэ үед 1 хүүхэдтэй байсан/ 2020 он хүртэл үнэхээр ажил хийгээгүй. Учир нь гэвэл том охин 2011 онд Б.М, 2014 онд охин Б.М, 2018 онд охин Б.Ннар төрсөн. Охидууд маань бүгд угжаар хооллодог байсан. Бид хоёрын хэн нэг нь гэрт хүүхэд харж, өсгөх хэрэгтэй болсон. /энэ үед бизнесээ эхэлж байсан/ Том охин овоо цэцэрлэгт яваад эхлэх үед дунд охин төрсөн гэх мэтээр явсаар байгаад арваад жил өнгөрчихөж. Түүнээс миний ажил хийхээс зугтаж байсан удаа байхгүй. Одоо харин бага охин маань 3 нас хүрч байгаа болохоор өнгөрсөн зун ЗүүнбаянТавантолгой төмөр замын ажилд геодезийн техникчээр 3 сар ажиллаад 09 дүгээр сарын 15-нд ажил дуусаад ирсэн. Одоо ч 03 дугаар сар гараад ажилдаа явна. Гуравдугаарт, эд хөрөнгө 50 000 000 төгрөг өг гэдэг бол А.Уийг давж гарах, дийлэх гэсэн санаагаар хэлж байсан. Надад ямар ч эд хөрөнгийн сонирхол байхгүй. Дөрөвдүгээрт, би эхнэртээ нэг ч удаа гар хүрч байгаагүй ээ. Үр хүүхдүүдээ ч тэр, гэр бүлийн жижиг сажиг маргаан гардаг. Тэр үед нэг нэгнээ муу үгээр хэлдэг л байсан. Түүнээс биш зодож гар хүрсэн нэг ч зүйл байхгүй ээ. Тавдугаарт, эр хүн арваад жил гэрт хүүхэд хараад ажилгүй байгаадаа жоохон гутарч архи уудаг болсон. Гэрийн санхүүгийн мэдэл бүгд эхнэрт байдаг байсан. Надад архинд ороод гэр бүл, үр хүүхдээ хайхралгүй орхиж байсан өдөр байхгүй. Гэр орон, ажил төрөл дээрээ хийх ёстой ажил төрөл бүгдийг л зохицуулж ирсэн. Би эхнэр хүүхэд, гэр бүлдээ их хайртай. Тэрийгээ ч байнга хэлдэг. Ийм хайртай хүмүүсээсээ салж, хагацаж, хүүхдүүдээ өнчин өрөөсөн өсгөхийг хүсэхгүй байна. Харин сэтгэл зүйчтэй уулзуулж эвлэрүүлэн, гэр бүлийг минь элэг бүтэн үлдээж өгөхийг хүсэж байна. Мөн надад ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хамт амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөнөөс татгалзаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би амьдрахын тулд ажиллах ёстой гэж хүүхдүүдээ хүчээр хөхнөөс нь гаргаж ажилдаа явдаг байсан. Намайг орой ажлаа тараад ирэхэд гэртээ согтуу байж байдаг. Архи уучихсан байгаа үед хүүхдүүд яаж байгаа бол гэж өдөрт 3-4 удаа очдог байсан. Одоо ч гэсэн энэ хүн дээрдээгүй байгаа. Намайг сална гэж нэхэмжлэл гаргахаар үнэхээр би өөрчлөгдөх ёстой гэж бодож байгаа боловч амьдрал дээр энэ хүн тийм биш. Би шилжилтийн насны 15 насны нэг хүүтэй. Энэ хүн хүүхдүүдтэйгээ үеийн юм шиг байнгын зодолдож, ноцолддог. Хүү маань зан аашны хувьд эрс өөрчлөгдсөн. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Ууганчимэгийн хувьд эвлэрэх боломжгүй өөрөөр хэлбэл гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсний дагуу гэр бүл цуцлуулах үндэслэлтэй байна. Гэр бүл цуцлуулахтай холбоотой хүүхдийн асрамж тогтоолгох Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.7 дах заалтуудыг үндэслэн 15 настай хүү Б.М, 9 настай охин Б.М, 6 настай Б.М, 3 настай Б.Минжмаа нарыг эх А.Уийн асрамжид үлдээх саналтай байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг үндэслэн 15 настай хүү Б.М, охин Б.М нарт амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Охин Б.М, Б.Ннарт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоолгож хариуцагч Б.Боор тэтгүүлэх саналтай байна. гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би байнга архи уудаггүй. Бид хоёр гэр бүл юм чинь бие биедээ тусалж байгаа гэж бодож явдаг байсан. Намайг ажил хийдэггүй гэж байна. Би ажил хийж байсан. 2010 оноос Чойр-Замын-Үүдийн чиглэлд геодезийн чиглэлээр ажиллаж байсан. Үүнээс хойш 10 жил ажил хийгээгүй нь үнэн. Заавал намайг буруутгах гээд яриад байгаа нь хэцүү байна. Гэр бүл салах нь хүүхдүүдийн хүмүүжилд халтай. Тиймээс гэр бүлээ салгамааргүй байна. Цаашид дахин хамт амьдрах итгэл үнэмшил байгаа гэж үзэж байна. Архины хувьд би ганцаараа архи уудаггүй А.У хамт уудаг. Гэвч согтохоороо намайг цагдаа дуудаад өгчихдөг. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 76 666 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, дарамттай байдаг тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд зохигчдын хоорондын харилцаа, гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байх тул иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 76 666 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр уг шаардлагаас татгалзсаныг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШЗ2021/00378 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.У хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүх хуралдаанд гаргаж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч А.У болон хариуцагч Б.Б нар нь 2005 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэний гэрлэсний бүртгэлд 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлтгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 0005/000079 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

А.У болон Б.Б нарын дундаас дундаас 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М /РД:ЕЮ06251814/ төрсөн нь 0008152 дугаартай /хх-8/, 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.М /РД:ЕЮ11292608/ төрсөн нь 0000700392 дугаартай /хх-7/, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин Б.М /РД:ЕЮ14260447/ төрсөн нь 4401000297 дугаартай /хх-10/, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Н/РД:ЕЮ18270303/ төрсөн нь 4401000564 дугаартай /хх-9/ төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт дэмжсэн, дахин хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарласан бөгөөд хариуцагч Б.Б нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, түүнээс шалтгаалан гэр бүлийн орчинд үл ойлголцол, хэрүүл маргаан байнга гардаг болох нь хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2020 онд 8 орчим удаа эрүүлжүүлэгдсэн байхаа гэх тайлбар, Дорноговь аймгийн цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.У болон Б.Б нарыг гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн асрамж дээр маргаагүй болохыг дурдаж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар Б.М, Б.М, Б.М, Б.Ннарыг эх А.Уийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба талууд тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Мийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М, Б.М, Б.Ннарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Боор тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ут олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207 400+(207 400/2=103 700*3=311 100)=518 500*12=6 222 000-1 300 000=4,922,000%1.6= 78,752+35750= 114 502/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 114 502 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт А.У, Бажиг овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж хүү Б.М, охин Б.М, Б.М, Б.Ннарыг эх А.Уийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Мийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М, Б.М, Б.Ннарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Боор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч А.Ут үүрэг болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.У, хариуцагч Б.Б нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ут олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэмжийн улсын тэмдэгтийн хураамж болох 114 502 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэнд даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА