Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тугшин Хамнигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000930089 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Тугшин Хамнигин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн ******* нүүрэн тус газарт нь сандлаар цохиж ******* биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Тугшин Хамнигин овогт ******* ******* нь 2024 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* нүүрэн тус газарт нь сандлаар цохиж, түүний биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...энэ үед хамаатны ах нь одоо хохирогч болсон хоёр хоорондоо малын бэлчээрээс болж маргалдаад байхаар нь тэнд байсан хүмүүс болиулсан бөгөөд миний хувьд гэрээс гарч гадаа гараад буцаж ороод хамаатны ах ыг өмөөрч ын зүүн хөмсөг орчимд модон сандлаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...2024 оны 02 дугаар сарын 11-ний шөнө буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хөрш зэргэлдээ айл өрхөөрөө гэр бүлийн хамт шинэлж явсан ба тухайн өдөр 00 цаг өнгөрч байсан байхад манай гэрээс баруун хойд зүгт байдаг Д. гэх айлд би эхнэрийн хамт, мөн ******* эхнэр, хүүхдийн хамт, Х. ах бид хэд шинэлсэн. Тэр үед ахтай бэлчээрээс болж хэсэгхэн зуур маргалдсан. ахыг өмөөрч цуг явж байсан ******* намайг цохисон талаар эхнэрээс сонссон. гийн гэрээс эхнэр намайг аваад гарсан ба би эхнэрийнхээ үгэнд орж гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхдаа эхнэрээс асуухад “чамайг ******* сандлаар цохисон” гэж хэлсэн. Би 1 цагийн дараа байх *******ын гэрт очиж “чи намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд “би эхнэртээ загнуулсан, миний буруу” гэж хэлсэн бөгөөд сум орж намайг эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд цагдаа нар намайг очих юм бол явуулахгүй гээд яваагүй. ...******* бид хоёр ойлголцсон бөгөөд миний зүгээс ******* гаргах гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22/,

гэрч “...2024 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг өнгөрч байхад /яг хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна/ хамтран амьдрагч болон ах эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ хөрш зэргэлдээ нутагладаг настай хүмүүсийг хүндэлж золгож явсаар байгаад гэх айлд очсон. гэх айлд өөрөө байхгүй хүргэн нь эхнэртэйгээ хамт байсан. Бид хэд сууж шинэлсэн ба тухайн үед манай хамтран амьдрагч нь ахтай бэлчээрээс болж хоорондоо муудсан. Тэр үед ******* нь ахыг өмөөрсөн байх, шаргал өнгөтэй лакдсан модон сандал авч ын нүүрэн тус газар нь цохисон. ...******* манай хамтран амьдрагч ыг ахыг зодож байна гэж бодоод модон сандлаар цохисон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26/,

гэрч “...2024 оны 02 дугаар сарын 11-ний шөнө буюу цагаан сарын шөнийн 02-ны өдөр манай гэрийн ойролцоо байх айлууд гэр бүлийн хамт нэг нэгнийдээ очиж шинэлсэн бөгөөд хамгийн сүүлд Өлзийбат гэх айлд шинэлж байхад ах хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэр үед тэнд байсан хүмүүс болиулсан ба манай нөхөр ******* гаднаас орж ирж гэх хүнийг өмөөрөөд гэх хүнийг модон сандлаар цохисон гэсэн. Тухайн үед би хараагүй бөгөөд харин ахын эхнэр Буянаа хэлэхдээ ******* модон сандлаар ыг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиж машинаа асаах гэсэн боловч асааж чадаагүй ба ахаас “Та машинаа асаачих, би бензинийг нь хийгээд сумын төв орж үзүүлж боолгуулъя” гэхэд “үгүй, маргааш болъё” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 141 тоот “...******* биед зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг модон сандлыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугшин Хамнигин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг модон сандлыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА