Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2021/00011

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2021/00011

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух, Б овогт Х-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Дорноговь аймаг, Сайншанд сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, Боржигон овогт Чойжилсүрэнгийн Өлзийхутаг /РД:ЕЙ77100912/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие Ч.Ө-тай 2013 оны 5-р сарын 21-ний өдөр гэрлэлтийн 44 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2017 оны 7-р сарын 5-ны өдөр охин А төрсөн. Нөхөр Ө нь архи их уудаг ба согтсон үедээ чанга зандарч хүүхдүүдээ айлгаж, намайг хэл амаар доромжилж, амгалан тайван байлгахаа больсон. Архи уусан үедээ гэрийнхэндээ ёс журам зааж зааварлаж, шүүмжлэгчийн байр суурьтай хандлага илэрхийлж, огцом хурц зан авиртай болдог ба ажлын газар согтуу ирж хүндрэл үүсгэдэг. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэлийг өмнө нь гаргаж өгсөн ч нөхөр маань гэм буруугаа ойлгосон, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй хэмээн уучлал гуйж хамт амьдрахыг хүссэн ба миний бие үр хүүхдээ эцгээс нь хөндий өсгөөд яах вэ хэмээн бодож хүлээн авч эвлэрсний улмаас 2019 оны 7-р сарын 23-ны өдөр эвлэрлийг баталсан шийдвэрээ авсан. Үүнээс хойш үргэлжлүүлэн хамт амьдарч чадаагүй муудалцсан учраас тусдаа амьдарч байгаа. Бидний үзэл бодол хоорондоо нийцэхгүй байх тохиолдол элбэг бөгөөд байнга маргалдаж байдаг тул тус тусдаа амьдрахыг харилцан ярилцаж зөвшилцөлд хүрсэн ч архи уусан үедээ гэр болон ажлын газар ирж агсарч үг хэлээр доромжилж сэтгэлийн дарамтыг байнга үзүүлдэг. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд цаашид Ө-аас санхүүгийн болон эд материалын аливаа туслалцааг огт авахгүй, харин охинтойгоо уулзуулахыг хязгаарлахыг хүсэж байна. Иймээс цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө миний бие Х.Б-тай 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Ө.А төрсөн. Би эхнэртэйгээ хамт байхыг боддог. Архи уухаараа агсам зан гаргадаг. Халтуурын ажил хийхдээ ийш тийшээ яваад өгдөг болохоор удаан хамт байж чадаагүй. Одоо хүүхдүүдээ л бодож байна. Гэр орноо сайхан болгож, архинаас гарчихаад эргэж хамт амьдрах бодолтой байгаа. Эцэст  нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ч.Ө холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Ч.Ө нар нь 2011 оны 03 сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 05 сарын 21-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 44 дүгээрт бүртгүүлсэн, тэдний дундаас 2017 оны 07 сарын 05-ны өдөр охин Ө.А төрсөн болох нь 0171373 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 4401000261 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид 2017 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн охин Ө.А-ийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдаж, охин Ө.А-оог эх Х.Б-ын асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ө-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч-гийн Ө, Б овогт Х-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн Б овогт Ө-гийн А-г эх Х.Б-ын асрамжид үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Ө-аас 70.200 төгрөгийг гаргуулж Х.Б-д олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ