| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2020/00504/И |
| Дугаар | 136/ШШ2021/00023 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 136/ШШ2021/00023
| 2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 136/ШШ2021/00023 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ... тоотод оршин суух, Х овогт Н-ийн О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймаг, Гурвансайхан сум, ... гэх газар оршин суух, Г овогт С-ийн Э-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О миний бие 2020 оны 06 сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржиж хүү төрүүлсэн. Хүү маань одоо 4 сартай, мөөмөөр хооллодог. Мөн би бие муутай ээжийгээ асарч хамт амьдардаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг өөрийн оршин суудаг Дорноговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. С.Э бид хоёр 2019 онд танилцаад хэсэг хугацаанд найзалж байгаад салсан бөгөөд салснаас хойш 20 орчим хоногийн дараа би жирэмсэн гэдгээ мэдсэн. Ингээд мэдсэн даруй утсаар болон фэсбүүк чатаар хэлсэн боловч ямар ч хариу өгөөгүй. Мөн дараагаар нь эмнэлгийн үзлэгийн хуудасны зургийг хүртэл явуулсан ч хариу өгөөгүй. Үүний дараа 2020 оны 03 сард хэсэг хугацаанд холбоотой байсан бөгөөд байр авахаар зээл хөөцөлдөж байгаа тухайгаа надад хэлсэн. Энэ хугацаанд хүүхдийн тухай ярилцмаар байгаагаа хэлэхэд тэр тухай ярихыг хүсээгүй. Удалгүй зээл нь бүтээгүй, өөрийн гэсэн гэр оронгүй байж чамайг зовоогоод яахав ойлгоорой гэсэн чат бичээд дахиж холбоо бариагүй. Миний зүгээс амьдрах байр нэхэж байгаагүй болно. Иймд С.Э-ыг хүүгийнхээ эцэг болохыг нь тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг хүний үүргийг нь гүйцэтгүүлэх хүсэлтэй байна. С.Э нь Эм Си Эс ХХК-д барилгын ажил хийдэг байсан, одоогоор ямар ажил хийж байгааг мэдэхгүй гэв.
Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод танилцаж улмаар хэсэг хугацаанд холбоотой байсан нь үнэн, нэг л удаа уулзаж байсан. О.Т-г өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч С.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.От хариуцагч С.Э нарын дундаас 2020 оны 06 сарын 24-ний өдөр хүү О.Т төрсөн болох нь түүний 440.... бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч С.Э нь хүү О.Т-ийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч түүнд хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө гэж тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүү О.Т-ийн эцэг С.Эн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд хариуцагч С.Э-аас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар гаргуулан хүү О.Т-ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Н.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д, 33.105 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Х овогт О-ын Т-ийн эцэг Г овогт С-ийн Э болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү О.Т-ийг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Э-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Н.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Э-аас 70.200 төгрөгийг гаргуулан Н.О-д, 33.105 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ