| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
2024 02 20 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-т холбогдох эрүүгийн 2325003190035 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Б аймаг Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ххх” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С- овогт О-ы О- /рд: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот гэртээ хохирогч Х.Б-ын нүүрэн тус газар мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч О.О- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Х.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 он 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед У- нь над руу фейсбүүк чатаар "чи хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэсэн чинь уулзах юм уу гэхээр нь би чи хаанаа байгаа юм гэсэн чинь говилд байна гэхээр нь би очиж чадахгүй чи харин наашаа дөхөж ирээд уулз гэж хэлж хэлсэн". Тэгээд хэсэг хугацааны дараа над руу У- өөрийнхөө утаснаас залгаад 0-ын 17 дугаар сургуулийн энд хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь У- нь согтуу мөн найз гэх О- нь адилхан согтуу байсан. Тэгээд би У-тай уулзаад зогсож байхдаа найз А-ийг утсаараа дуудчихаад зогсож байхад "О-" гэж дуудаж байсан санагдаж байна тэр хүүхэд нь би чиний найзыг чинь ирэнгүүт нь шууд цохиод авна шүү гээд байсан. Удалгүй А-э ирээд бид нар юм яриад сууж байсан чинь О- гэх хүүхэд нь А-э хэл амаар доромжилж байхад У-тай цуг явж байсан хүүхэд нь намайг "Чи хэн юм бэ намайг таних уу" гэх зэргийг асуугаад байхаар нь би чамайг танихгүй юм байна гэсэн чинь нөгөө хүүхэд нь хоёулаа гарах уу гэхээр нь О-, А-э хоёр барилцаад авсан байхаар нь би А-ийг салгаад аваад гэрийн гадаа зогсож байсан чинь О- нь А-ийг зодох гэж дайрахаар нь салгах гээд дундуур нь орсон чинь О- нь миний хамар руу цохичихсон би газарт унаад хэсэг хугацаанд босож чадаагүй. Тэгээд би А-ийг дагуулаад явах гэтэл У- миний машин руу очоод машины түлхүүрийг сугалж аваад явуулахгүй гээд түлхүүр өгөхгүй байхаар нь түлхүүрээ авах гэтэл О- нь хүрч ирээд заамдаад миний нүүр лүү 4, 5 удаа цохисон. Тэгээд байж байтал У- гэр рүү гүйж ороод хутга авч гарч ирээд А-ийг ална гээд хөөхөөр нь А-э машиндаа суугаад яваад өгсөн. Тэр хооронд О- бас зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
-Гэрч Д.А-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний орой над руу найз Б- залгаад О-ын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт дуудсан. Тэгээд найз охин А-тай цуг яваад очсон. Очтол О-, Б-, У-, С- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бүгд согтуу байсан. С- нь согтоод тасраад унтчихсан байсан. О- нь намайг хэл үгээр өдөөд байсан. Өмссөн хувцас хунар хараад юу өмсөөд яваа, яаж сандал дээр суугаад байгаа юм гэж янз бүрийн юм ярьж яриа өдөөд байсан. Би өөрийг нь чи яагаад байгаа юм бэ хөгшөөн гэж хэлсэн. Тэгсэн чинь О- унтаж байсан С-ыг хүчээр алгадаж сэрээсэн. Нөгөөдөх нь босож ирээд сандал дээр ширээний ард суусан. Намайг харснаа чи чинь хэн билээ хөгшөөн муухай хараад байна уу? хоёулаа гараад нэг зодолдчих уу гэсэн. Би зодолдох гэж ирээгүй найз охинтойгоо явна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б- С-од хандаж яах юм бэ хөгшөөн гэж хэлсэн. Тэгсэн чинь С- Б-ыг хоёулаа гараад үзчих үү гэж хэлсэн. Б- урдаас нь яах юм бэ гарч юм ярьцгаая гээд тэр хоёр гарсан. Би байшинд найз охинтойгоо сууж байтал хажуугаар О- дагаж гарахдаа цохих гэхээр нь би босож ирээд зүгээр салъя хөгшөөн би Б-ыг аваад явлаа гэхэд ахиж цохих гэхэд нь би хоёр гарын бариад авсан. Би У-т хандаж энэ хоёр яагаад байгаа юм бэ? гэхэд надад хамаагүй өөрсдөө учраа ол гэж хэлсэн. О- эргэж харснаа Б-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж авсан. О- хашаан дотор гараараа Б-ын хамар руу цохиж байсан. Тэгээд би найз охин А-гийн хамтаар машинтайгаа зугтаад буцаад ирсэн харин явсан хойгуур юу болсон талаах мэдэхгүй байна. Ямар ч байсан О- цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
- Гэрч Н.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр О- бид хоёр О- буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэрнээс гараад У- дээр очиж архи уусан. Дараа нь Дээдэс караокед орсныг санаж байна. Нэг мэдсэн найз О-ын гэрт сэрсэн. Б- намайг гэрт байхад гараад ир гэсэн. Гадаа гараад Б-т хандаж би хүн амьтантай муудалцаад байдаг хүн биш гээд эвлэрчихээд орж иртэл А-э, О- хоёр босоод зогсчихсон муудалцаж байсан. О- чи миний гэрийн хойморт гуталтай гарлаа гээд маргалдаад байх шиг байсан. Тэр хоёр гарч зодолдоно гээд Б- бид хоёр араас нь гарсан. А-ийн урдаас О- дайраад байхаар нь би салгасан. О-ын хажууд Б- очоод зогсож байхад эргэж хараад мөргөөд унгаачихсан...О- Б-ыг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
-Гэрч Ө.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд би найз залуу А-этэй гэртээ байж байхад Б- найз залуу руу залгаад Баян-Өндөр уулын доод талд байна хүрээд ир гэхээр нь бид хоёр гэрээсээ гараад яваад очсон чинь байхгүй байхаар нь Б- руу хаана байгаа талаар нь асуухад 0ын 17 дугаар сургуулийн ойролцоо нэг айлд байна гэхээр нь тухайн байгаа гэсэн айлд нь очсон чинь У-, О-, С-, Б- дөрөв байж байсан. Тэгээд орсон С- гэх нэртэй өндөр залуу нь согтуу унтаж байсан. Тэгсэн чинь У-, О- унтаж байгаа найзыгаа алгадаад сэрээсэн чинь нөгөө залуу нь босож ирээд миний найз залуу А-э рүү чи надтай яаж харьцаад байгаа юм гээд хэрүүл өдөөд байсан чинь А-э яаж ярьчихаад байгаа юм зүгээр л мэндэллээ ш дээ гэсэн чинь С- Б-т хандаж хоёулаа гараад учраа олох уу гээд гарч яваад тэр хоёр буцаад зүгээр ороод ирсэн чинь О- нь А-э бид хоёрыг халуун зунаар тэди /үстэй цамц/ өмсчихсөн хоёр хүүр чинь халууцдаггүй юм уу гэхээр нь А-э хүүр мүүр гээд яаж яриад байгаа юм гэж хэлсэн чинь яасан ч яадаг юм гэж хэлээд О- нь шууд А-ийг цохих гээд дайраад байхаар нь би А-ийг дагуулаад гэрээс нь гараад хашааных нь хаалганы ойролцоо очоод зогсож байсан чинь О- нь Б-ын хамар руу цохисон. Б-ын хамраас цус нэлээн гарч байсан. Тэгсэн А-э намайг чи машиндаа сууж бай гэхээр нь би түрүүлж очоод машиндаа сууж байсан. Удалгүй А-э машин дээрээ ирээд асаагаад зугтчихсан. Б-ыг У- бол цохиж зодож байсныг бол хараагүй харин О- Б-ыг нүүр рүү хамраас нь цус гартал нь цохисныг харсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06- ны өдрийн 749 дугаартай
1.5.Х.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27х/,
-Шүүгдэгч О.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот гэртээ хохирогч Х.Б-ын нүүрэн тус газар мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, доод уруулд цус хуралт, шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч О.О- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.О-аас 150,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Б-т олгож, хохирогч хагалгаанд орсоны дараа баримтаа бүрдүүлж хохирлоо нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С- овогт О-ы О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ы О-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч шүүхээс тогтоосон уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.О-аас 150,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух Б овогт Х-ын Б- /РД:, утас /-т олгосугай.
6. Хохирогч Х.Б- нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.О-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ