Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00052

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00052

Дорноговь аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ... тоотод оршин суух, Б овогт О-ын Т-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, .... тоотод оршин суух, Б овогт Б-ын Ж-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, хариуцагч Б.Ж, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т миний бие нь Б.Ж-тай 2017 онд танилцаж, гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Ж.Б 2018 оны 4 сарын 14-нд төрсөн. Манай нөхөр Б.Ж гэр бүл болсноос хойш байнгын архи дарс ууж, охин бид хоёрт анхаарал хайр халамж тавьдаггүй байдаг байсан. Ж өөрөө ч архи дарс хэрэглэж байгаа байдлаа ухаарч ойлгож энэ байдлаа татах сэтгэлгүй байдаг байсан. Мөн гэр бүлийнхнийгээ сэтгэл санаагаар түгшээж зовоогоод байна гэж ч боддоггүй байсан. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид 2020 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Би охин Б-ийг өөрөө харж хандаж 2 нас хүргэсэн. 2020 оны 5 сард аав нь гэр рүүгээ авч яваад 2020 оны 6 сараас 9 сар хүртэл охиноо би өөрөө дээрээ байлгаж байсан, 2020 оны 10 сард аав нь Б-ийг цэцэрлэгээс нь авч харьснаас хойш охиныг маань надад өгөхгүй гэх боллоо. Би охинтойгоо очиж уулзахаар аавынх нь аав ээж дээр очиход охин маань намайг дагаж уйлаад л хэцүү үлддэг энэ болгонд миний сэтгэл өвдөх юм. Миний охиныг аав нь ч өөрөө хардаггүй. Аавынх нь аав л хардаг. Охин маань ч царай алдчихсан байдалтай байсан. Иймд би охин Б-ийг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд танилцаад 2017 оны 10 сарын 03-ны өдөр найраа хийж, энэ үеэс Сайншанд сумын ...  тоот хашаа байшинд тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд эндээ 2020 оны 04 сар хүртэл хамт амьдарч байсан. Т-ын нэхэмжпэл дээр бичсэн шиг 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэдэг нь худал. Охин Б маань 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, одоо 3 нас хүрэх гэж байна. Т эвлэрүүлэн зуучлалд хандсан өргөдөл дээрээ намайг архи, дарс уугаад гар хүрээд байдаггүй гэж бичсэн, шүүхэд гаргасан өргөдөлдөө намайг архи дарс ууж, охин бид хоёрт анхаарал халамж тавьдаггүй гэсэн нь түүнийг нөхцөл байдлыг худал хэлж байгааг харуулж байна.

Бидний 2 жил 6 сар хамт амьдарсан хамтын амьдралын хугацаанд би “Интертранс” ХХК-нд засварчин ажилтай байсан бөгөөд цалин хөлсөөрөө гэр орноо тэжээж, эхнэр хүүхдээ харж хандаж хүний зэрэгтэй амьдарч ирсэн. Гэтэл эхнэр О.Т 2019 оны 10 сар орчмоос гэр орондоо тогтвор суурьшилгүй, орж гарч, шөнө оройтож гэртээ ирдэг, утсаа биенээсээ салгадаггүй иймэрхүү байдал ажиглагдсан. Тэгж байтал 2020 оны 04 сард бид хоёр муудаж сайдсан зүйл байхгүй, намайг ажилдаа яваад иртэл охин Б-ийг аваад, хамаг бичиг баримтуудаа аваад явчихсан байсан, хаашаа явсныг нь тухайн үед мэдээгүй, утас руу нь залгаад холбогдох боломжгүй байсан. Хаяа нэг холбогдохоор миний хаана явах нь чамд хамаагүй гэдэг, эсхүл хотод байна гэдэг тэгснээ аймагт байж байдаг байсан. Энэ үед би Өмнөговь аймгийн Манлай суманд малчин хадам ээж О-т охиных нь байдлын талаар “охин чинь иймэрхүү зан характер гаргаад, гэр орондоо тогтохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна, охин чинь надтай л холбогдсон хань ижил юм болохоор ингэж явж байгаад ямар нэг юм болохвий гэж бодоод таньд хэлж байна” гэж би ярисан. Тэгээд байж байгаад 4 сард авч явсан охиноо 5 сард хүргэн ах Баатаржавындаа үлдээчихээд намайг аваарай гэж утсаар надад хэлсэн. Би охиноо авчихаад байж байтал 6 сард хүүхдийн баяраар ирж охиноо авсан. 8 сард над руу утсаар яриад үйлчилгээний төв дээр ирж охиноо аваарай гэхээр нь очиход өөрөө ч байхгүй, охиноо хойд эцгийнхээ охин А-д үлдээгээд явсан байсан. Тэгэхэд охин маань үс гэзэг нь бөөстчихсөн, шилэн хүзүү, ууц нуруу дээр нь тавалчихсан, орондоо шээдэг, хоол унд хийгээд тавихаар нууж хумсалж иддэг, тиймэрхүү байдалтай болчихсон байсан. Одоо бол миний охинд тийм шинж байдал ерөөсөө байхгүй болчихсон. 1 сард хүүхдийнхээ вакциныг хийлгэж эрүүл мэндийг нь үзүүлэхэд бие нь зүгээр сайхан бойжиж байна гэсэн. Тэгээд хүүхдээ орхиод явснаас хойш 8 сараас хойш хаа байгаа нь ч мэдэгдэхгүй, утсаар ч холбогдохгүй, хүүхэдтэйгээ ч ярихгүй алга болсон. Ингээд 9 сард хүүхдийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хийгээд бүртгүүлэх гэтэл бичиг баримт нь байхгүй, ээжид нь байгаа учраас гуйж ярьж байж цэцэрлэгт нь оруулсан. 10 сард хадам ээж Өмнөговиос ирээд Т-ын байгаа газрыг нь хүргэнээрээ олуулсан. Тэгээд би, манай ээж, хадам ээж, Т-ын хүргэн ах бид хэд байгаа газрыг нь олж очиход Сот-ын байранд одоо сууж байгаа нөхрийндөө байсан. Цонхоороо хүргэн ахыгаа харчихаад гэрлээ унтраачихаад хаалгаа тайлж өгөхгүй оройн 8 цагаас 23 цаг хүртэл биднийг хүлээлгэсний эцэст худал үнэн ярьж байж уулзсан. Тэгэхэд хүргэн ах Б-гаа ална, хутга аваад ир, би өөрийгөө ална гээд бархираад байхаар нь хүргэн ах нь машиндаа суулгаж аваад цагдаад авчирч өгсөн. Ийм л зан характертай хүн байгаа юм. Цагдаагийнхан хүртэл Т-ыг гайхсан, архи дарс уучихсан юм уу, барина хорино гэж хүртэл хэлж байсан.

Ер нь бол би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна, гэр бүлээрээ халуун ам бүлээрээ элэг бүтэн байвал хүүхдэд маань хэрэгтэй, алдаа гаргадаггүй хүн гэж юу байх вэ, энэ хүнийг эвлэрье гэвэл надад татгалзах юм байхгүй гэдгийг хэлье. Гэвч эхнэр Т одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай, тэр хүнээсээ жирэмсэн байгаа, үнэхээр өөрөө салъя гээд байгаа бол надад татгалзах юм алга. Харин би охин Б-ийг өөрийнхөө асрамжид үлдээх чин хүсэлтэй байна. Учир нь Туул энэ хэдэн сар, жилийн хугацаанд ямархуу байдалтай охиноо харж хандаж байсныг би болон манай гэр бүлийнхэн мэднэ, би охиноо хойд эцгийн гар харуулахыг хүсэхгүй байна.

Би хаа ганц найз нөхөд, ажлын газрынхантайгаа баяр ёслолоороо ууж идэх үе байдаг байсан ч эхнэр хүүхдэдээ гар хүрч байсан удаа байхгүй. Би “Интертранс” ХХК-нд 7 жил хагас бүтэн сайнгүй ажилласан бөгөөд одоо өнгөрсөн 10 сараас “Чандмана-илч компанид сан техникийн ажилтнаар сарын 720.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Надад өөрийн гэсэн гэр орон хашаа байшин, ажил төрөл, аав ээж байгаа, би охиноо хүний дор орохооргүй эрдэм боловсролтой, сайн хүн болгон хүмүүжүүлж эцэг хүнийхээ үүргийг биелүүлж чадна гэдгээ хэлэхийг хүсч байна гэжээ.

            Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эхнэр О.Т гэрлэлтээ цуцлуулах, бидний охин Ж Б-ийг өөрийнхөө асрамжид авах тухай нэхэмжлэлийг гаргасан. Би Т-ын гаргасан нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах асуудлыг зөвшөөрч байгаа ч охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Туул бид хоёр 2017 оны 10 сараас хойш нэг гэрт орж, айл гэр болж 2018 оны 04 сард охин Ж.Б төрж бид айлын дайтай сайхан л амьдарч байсан. Бид муудаж сайдаагүй байхад нэг л өдөр ажлаасаа ирэхэд /2020 оны 04 сард/ Т охиноо болон бичиг баримт юмаа аваад явсан байсан. Тэр цагаас хойш буюу сүүлийн 10 сар тусдаа амьдарч байна. Туулын бичсэнээр 2018 оноос хойш тусдаа амьдарч байна гэдэг худлаа юм. Ингээд 4 сард явснаас хойш 5 сард нь охиноо ав гээд би очиж аваад байж байтал 6 сарын 01-ний өдөр ирж охиноо аваад явсан, тэгээд 8 сард нь дахиад охиноо аваарай гэж хэлээд үйлчилгээний төв дээр хүнд үлдээгээд явсан байснаас хойш охин маань одоог хүртэл надтай хамт амьдарч байна. Дуртай үедээ аваад дуртай үедээ хаяад явдаг эд хөрөнгө биш шүү дээ. Охин маань аавтайгаа их ижил дасал болсон, байнга хамт байгаа болохоор аргагүй байх. Ээжтэйгээ утсаар ярих уу гэхээр ярьдаггүй. Т ирж уулздаггүй, шинэ жилээр нэг ирсэн, сая шинийн 3-нд үсийг нь авахад нэг ирсэн. Өөр ирж байгаагүй.

Би охиноо 9 сард цэцэрлэгт нь оруулах гэтэл бичиг баримтууд нь ээжид нь байсан учир бүртгүүлж болохгүй, багшид нь хэлж гуйж байж цэцэрлэгт нь оруулсан. Вакциныг нь цаг тухайд нь хийлгэж эрүүл мэндэд нь анхаарч эцэг хүний үүргээ биелүүлж байгаа гэж бодож байна. Одоогоор цар тахал гээд цэцэрлэг орохгүй байгаа учраас би ажилтай үедээ ээж аавындаа түр үлдээдэг нь үнэн. Ажилтайгаас бусад үед охинтойгоо л байдаг. Хамгийн сүүлд 8 сард очиж авахад охиноо ямархуу байдалтай болгоод орхисон байсныг тайлбар дээрээ би бичсэн байгаа. Энэ чинь бага насны хүүхэд, өөрийгөө арчилж чадахгүй, хүүхдийг тэгж харж ханддаг ээж бараг байхгүй байх гэж бодож байна.

Бидний гэрлэлт цуцлагдах болсон шалтгаан нь Туул өөр хүнтэй гэр бүл болж байгаа явдал, үүнээс болж миний охин элэг бүтэн ээж аавтайгаа хамт өсөх боломжгүй болж байна. Нэгэнт Туул өөр амьдрал зохиож гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгаа учир би охиноо өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Учир нь охин маань хэдийгээр бага насны хүүхэд ч гэсэн охин хүүхэд, би охиноо хойд эцгийн гар харуулахыг хүсэхгүй байна.

Мөн Т эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамж туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн судалгаанд байдаг зэрэг баримтаа шүүхэд өгсөн зэргээс харахад 2 хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадна гэхэд хүндрэлтэй, мөн бага насны охин хүүхдээ яаж харж хандаж, авч явж байсан талаар нь би мэдэх тул хойд эцгийн гар харуулж ээжид нь үлдээхэд эцэг хүний хувьд үнэхээр хүнд санагдаж байна. Тиймээс охин Ж.Б-ийг эцэг Ж миний асрамжид үлдээж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Б.Ж-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч охин Ж.Б-ийг аавынх нь асрамжид өгөхөөр тохиролцож байна. Тиймээс гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай, хариуцагч Б.Ж нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Т хариуцагч Б.Ж нар нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 10 сарын 23-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 440.... дугаарт бүртгүүлсэн, тэдний дундаас 2018 оны 04 сарын 14-ний  өдөр охин Ж.Б төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид охин Ж.Б-ийг эцгийн асрамжид үлдээхээр тохиролцсоныг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн охин Б овогт Ж-ын Б-ийг эцэг Б.Жын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч О.Т-ын гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт О-ын Т, Б овогт Б-ын Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн охин Б овогт Ж-ын Б-ийг эцэг Б.Ж-ын асрамжид үлдээсүгэй.

            3.         Нэхэмжлэгч О.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ