Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2021/0698/З |
Дугаар | 128/ШШ2022/0497 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0497
2022 06 21 128/ШШ2022/0497
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:М*** ХХК /РД: /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:М.А***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Б***
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д*** , Х.Н***
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай” тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124***дугаар “Тусгай шаардлагын нөхцөл шалгалтын биелэлтийг дүгнүүлэх тухай” тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-ийн 79/201***7*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М*** ” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*** , Х.Н***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюу*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагаар маргасан.
2.Маргаан бүхий үйл баримтыг дурдвал:
2.1. Эрчим хүчний зохицуулах хорооноос “М " ХХК-д Эрчим хүчний тухай хулийн 9, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг үндэслэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын /50 мегабайт/ эх үүсгүүр барих 79/201*** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон,
2.2. “М " ХХК-аас дээрх 79/201*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан,
2.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124*** дугаар “Тусгай шаардлагын нөхцөл шалгалтын биелэлтийг дүгнүүлэх тухай” тогтоолоор “М " ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 50 мегабайт хүртэл нарны цахилгаан станцын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн 2019 оны нөхцөл шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн,
2.4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “М*** " ХХК-д олгосон 79/201*** дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/96 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн,
2.5. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолоор “М***" ХХК-д олгосон 79/201*** дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.6. “М*** " ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн,
2.7. Тус шүүх “М*** " ХХК-аас 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.8. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124*** дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” гэж өөрчилж, нэмэгдүүлснийг тус шүүх хүлээн авсан.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: "... Нарны цахилгаан станцын эх үүсгүүр барихад хөрөнгө, мөнгө санхүү маш шаардлагатай байдаг тул 79/201*** дугаар тусгай зөвшөөрлийг авахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б*** Улсын "Х.К.С*** " ХХК-ийн тэргүүн С.В***.с байгуулсан.
Хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу тус хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгон байгуулсан. Гэтэл "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль"-д нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурлаас 2019 онд хийснээс шалтгаалан Хөрөнгө оруулалтын гэрээнд зайлшгүй нэмэлт өөрчлөлтийг хөрөнгө opyyлaгч С.В***.с хэлэлцэж тохиролцох хэрэгцээ, шаардлага тулгарсан.
Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээгээр нийт 97,000,000 (ерэн долоон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчийн зүгээс оруулахаар тохиролцсон байсан тул яах ч аргагүй Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулагч хийхээр зөвшөөрөхдөө 2007 оны “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-д үндэслэж зөвшөөрсөн байсан боловч 2019 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хөрөнгө оруулагчтай дахин ширээний ард сууж хэлцэл хийхээс өөр аргагүй болсон. Мөн Эрчим хүчний яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 101/2017/22 дугаар олгосон "М*** " ХХК-ийн *** аймгийн ***сумын нутагт баригдах 50 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөл"-ийг шалтгаангүйгээр сунгаж өгөхгүй байсны улмаас бидний дараа дараагийн ажил хийгдэхгүй шууд саатсан. Энэ нь ч мөн адил хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх хугацааг хойшлуулах шалтгаан болж өгсөн юм. Мөн 2019 оны 12 дугаар сараас дэлхий нийтэд учирсан цар тахлаас шалтгаалан манай компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, дэлхий нийтийн ялангуяа Монгол Улсын бизнесийн орчин өөрчлөгдсөн. Энэ мэтчилэн дотоод болон гадаад олон хүчин зүйлсээс болж манай төсөл хойшлогдох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлагатай болсон. Ингээд “Эрчим хүчний тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.” гэж заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан.
Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй хугацаа авч байснаа бүхэл бүтэн 10 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/96 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор манай компанид олгосон 79/201*** дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдэгдлийг ирүүлсэн. Бидний өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай Тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 11 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт буюу тогтоол нь “Эрчим хүчний тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэснийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байгаа зэрэг тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно. гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй хугацаа авч бүхэл бүтэн 10 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/96 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор манай компанид олгосон 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдэгдлийг ирүүлсэн. Бидний өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 11 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт буюу тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэснийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байгаа зэрэг тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 146 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “М ***” ХХК эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж өгнө үү. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирсон, биелүүлэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой асуудлууд Монгол Улсын хэмжээнд ач холбогдолтой төсөл ажлууд хэрэгжиж байсан. Ковид-19 цар тахлын үед тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар бодлого барьж ажиллаж байсан талаарх зохицуулалт тодорхойгүй байсан. 2020 оны цар тахлын үед тусгай зөвшөөрөл сунгуулахаас гадна, өөрсдөө ч гадагшаа гарч чадахгүй байдалтай байсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй шийдвэрүүд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг зөрчиж байсан. 2020 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн эсэх тал дээр хариуцагч тал маргаагүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын хэсэг ажиллуулах журам гаргасан байдаг. Тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хугацаа дуусгавар болсноор дуусна гэж заасан. Хугацаандаа Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрээ гаргаагүй тул араас нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хийж хуульд заасан ажлаа хийсэн мэтээр харагдаж байгаа юм.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 301 дүгээр тогтоолоор “М ***” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дууссан учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэг буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлийг баримталсан.
“М ***” ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа түүний нөхцөл, шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийг хэрхэн биелүүлснийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу дүгнэдэг. Энэ дүгнэлтээр “М ***” ХХК нь 53 хувь буюу "Хангалтгүй" үнэлгээ авсан нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд уг тогтоолоор барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх шаардлагыг биелүүлэхийг даалгаж 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 20-ны 05/20 тоот албан бичгээр хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар хувийг ирүүлсэн бөгөөд харин барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг хангаагүй юм.
“М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын нэг нь “Д*******” ХХК-тай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгасан байдаг бөгөөд уг компани 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сэргээгдэх эрчим хүч 14/2017 дугаар бүхий цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь тусгай зөвшөөрөл олгохоос өмнө уг гэрээг байгуулсан байдаг. Мөн түүнчлэн энэхүү худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 356 дугаар тогтоолоор баталсан...” гэж заасан тогтоол нь Эрчим хүчний зохицуулах хороонд байхгүй. Харин уг компанийн тарифыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан ба дээрх гэрээг энэ хугацаанаас өмнө байгуулсан байгаа. Эдгээрээс үзвэл уг гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна.
“М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн нь уг компанийн ирүүлсэн тайланд үндэслэсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байсан учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/96 тоот албан бичгээр “М ***” ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд хариу тайлбар ирүүлээгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтын дагуу мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногт багтаан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Эрчим хүчний зохицуулах хороо дээрх шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж шийдвэр гаргах тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд харин нэхэмжлэгч талаас эдгээр албан бичигт дурдсан асуудлаар ямар нэг тайлбар өгч байгаагүй. Нөгөө талаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 146 дугаар тогтоол нь дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу гарсан бөгөөд хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байх шаардлагатай холбогдох байх, эс үйлдэхүй бол даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад хамаарна. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 124 тогтоолоор “М ***” ХХК-ийн тусгай шаардлагын нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн. Хангалтгүй гэдэг үнэлгээг гаргаж, “М ***” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх журмыг баталсан. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын шаардлага буюу журмын 4.1-4.1.7-д заасан шаардлагуудыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд биелүүлэх ёстой байдаг. Энэ шаардлагыг хангалтгүй биелүүлсэн учраас Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн хэлтсийн дүрмийн дагуу үнэлж дүгнэсэн. Хугацаа хоцроосон асуудалд эс үйлдэхүй байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тодруулах зайлшгүй шаардлага байдаг. Үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хэсэг гарсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хангалтгүй үнэлэгдсэн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 8 компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг судалж дүгнэлт гаргахыг даалгасан ажлын хэсгийн удирдамж байгаа. Удирдамжийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос ажлын хэсэг ажиллан удирдамжид “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй үнэлсэн нь үндэслэл бүхий байна гэсэн дүгнэлт гарсан. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 7 шаардлагаас 6 үзүүлэлтээр үнэлсэн байгаа. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлсэн зөвшөөрөлтэй бол 50%, барилга угсралтын ажил дуусаж улсын комиссын дүгнэлт гарсан бол 50% гэж үнэлэхээр заасан байгаа. Энэ хоёр заалтын алийг нь ч биелүүлээгүй тул 0 оноо, журмын 4.2-д зураг төсөл боловсруулах зөвшөөрөл дүрэм болон холбогдох бусад дүрэм журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах батлагдсан зураг төслийн нийт эзлэхүүнд ногдох хувиар нь 100% гэж заасан үүнд биелэлт байхгүй 0 оноо, журмын 4.3 буюу зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрмийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх дүрэмд магадлалын дүрэм гарсан зургийн нийт хувьд эзлэгдэх хувийг 100 хувиар тооцох ёстой үүнд гүйцэтгэсэн ажил байхгүй тул 0 оноо, журмын 4.4 буюу тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчдын саналыг үндэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх ба үүнд цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулсан бол 20 оноо, хөрөнгө оруулагч талтай гэрээг эцэслэн байгуулсан бол 20 оноо, худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзээд 100 оноог өгсөн байгаа. Худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл олгохоос өмнө энэ гэрээг байгуулсан байгаа.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч компани цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан баримт илэрсэн. Гэхдээ Эрчим хүчний зохицуулах хороон тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон байхад тусгай зөвшөөрөл олгохоос өмнө энэ гэрээг байгуулсан байгаа. Худалдах худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн цахилгаан эрчим хүчний тарифын дагуу гэрээг байгуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 357 дугаар тогтоолоор батлагдсан тарифын дагуу гэж тарифын хэмжээг тогтоосон байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөл олгохоос өмнө Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан актыг баталсан мэтээр эдгээр гэрээнүүдийг байгуулсан байгаа. Хууль бус үйлдэл илэрсэн хэдий ч Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна гэж үзээд 100 оноог өгсөн байгаа. Журмын 4.5-д барилга байгууламжийн барилга угсралтын ажлын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулагдах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх шаардлагад 3 үзүүлэлт байдаг. Эх үүсвэрийг барих газрын гэрчилгээтэй бол 10 оноо, Эрчим хүчний яамнаас барилгыг ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөлд олгосон бол 40 оноо, зөвшөөрлүүд үзсэний дараа барилга угсралтын ажил эхлүүлсэн бол 10 оноо, барилгын ажлын ачааллаас хамааран 50 оноо, эдгээр шаардлагад нэхэмжлэгч компанид газрын гэрчилгээтэй тул 10 оноо, журмын 4.6-д барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ажлын ил далд акт баталгаажуулах дээр 2 үзүүлэлтээр дүгнэдэг. Нэгдүгээрт техникийн нөхцөл олгосон бол 50 оноо, захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд гэрээ байгуулсан бол 50 оноо өгдгөөс 50 оноог өгсөн. Үүнд тодруулга хийхэд авсан гэж үзээд 50 оноо өгсөн гэтэл техникийн нөхцөлийн хугацааг 2017 онд аваад 2018 онд хугацаа дууссан боловч Эрчим хүчний зохицуулах хороо бодит нөхцөл байдалд техникийн нөхцөл авсан гэж үзээд 50 оноо өгсөн. Эдгээр 6 үзүүлэлтийн дунджаар 53 оноо буюу хамгийн хангалтгүй үнэлэгдсэн байгаа. Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн дагуу 6.7-д зааснаар 60 онооноос доош оноо авсан тул хангалтгүй үнэлэгдсэн. Хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Хангалтгүй үнэлэгдсэний дараагаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг авч үзээд өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн байгаа нь техникийн нөхцөл дууссан тохиолдолд цаашид техник, технологийн хувьд ажиллах боломжгүй гэж үзээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байгаа.
Хүчингүй болгосон актын тухайд нэгэнт хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн учир хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 144*** дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан актууд нь хуульд үндэслэж гарсан. Эдгээр актыг гаргахдаа нэхэмжлэгч компанид холбогдох мэдэгдлүүдийг өгч байсан. Хангалтгүй үнэлгээг гаргахдаа захирал Б.Д***, менежер н.Б*** нар оролцсон. Мөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуралд менежер н.Б*** оролцсон. Иймд “М ***” ХХК-ийн оролцоог хангаж, шударга ёсны дагуу эдгээр актуудыг гаргасан. ... Нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ аваад хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх нь нээлттэй. Гүйцэтгэх боломжгүй тул гарсан үнэлгээний дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүйгээр хүчингүй болгох эдгээр актуудыг гаргасан тул эдгээр нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой актууд. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа гэж бодоход “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан шаардлагыг хангаж байна уу гэдэг асуудлыг авч үзэх шаардлагатай болно. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө танай компани ямар нэгэн хийсэн ажил байна уу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал арилахгүй. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэсэн дүгнэлт өөрчлөгдөхгүй. Ковидын халдвараас шалтгаалсан мэтээр нэхэмжлэгч тал хэлж байна. Гэхдээ энэ хугацаанд нэхэмжлэгч талаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Ковидын нөхцөл байдал 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ үед компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сард дууссан. Бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй гэдэг тайлбарт санал нийлэхгүй байна. Захиргааны актуудыг хариуцагч талаас бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэж биелэгдэх боломжтой шийдвэрүүдийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Бидний өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 11 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт буюу тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэснийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байгаа зэрэг тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно. ... маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирсон, биелүүлэх боломжгүй гэж ...” гэж, хариуцагч “Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 124 тогтоолоор “М ***” ХХК-ийн тусгай шаардлагын нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн. Хангалтгүй гэдэг үнэлгээг гаргаж, “М ***” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх журмыг баталсан. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын шаардлага буюу журмын 4.1.1-4.1.7-д заасан шаардлагуудыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд биелүүлэх ёстой байдаг. Энэ шаардлагыг хангалтгүй биелүүлсэн учраас Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн хэлтсийн дүрмийн дагуу үнэлж дүгнэсэн байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хэсэг гарсан. Удирдамжийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос ажлын хэсэг ажиллан удирдамжид “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй үнэлсэн нь үндэслэл бүхий байна гэсэн дүгнэлт гарсан. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 7 шаардлагаас 6 үзүүлэлтээр үнэлсэн байгаа. Эдгээр 6 үзүүлэлтийн дунджаар 53 хувь буюу хамгийн хангалтгүй үнэлэгдсэн ...” гэж тус тус маргажээ.
3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай шаардлагын нөхцөл шалгалтын биелэлтийг дүгнэх тухай” 124 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай” 08 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 146 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох мөн нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд;
4. Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актууд болон захиргааны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.7.“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заасан захиргааны акт илт хууль байх шинжийг агуулсан гэж маргажээ.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ шаардлагуудаар тодорхойлсон маргаан бүхий захиргааны актууд болон маргаан бүхий захиргааны үйлдэл нь захиргааны акт илт хууль байх шинж болох “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” шинжийг асуулсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
6. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.4-т зааснаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерын зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, энэ чиг үүргийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерын зохицуулалт хийх, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хянах, тарифыг батлах, тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийг батлах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд маргаан бүхий тушаалд баримталсан хуулийн зохицуулалтаас үзвэл Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3-т эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргахаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хуульчилжээ.
7. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны дотор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнахаар, уг мэдээллийн үнэн зөвийг хариуцахаар, Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж дүгнэхээр, дүгнэхдээ нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын үзүүлэлт бүрийн дунджаар үнэлэхээр, 60 онооноос доош үнэлэгдвэл хангалтгүй гэж дүгнэхээр, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, барилга угсралтын ажлын зөвшөөрөл авах, барилгын зураг төслийг батлуулах, зураг төсөлд магадлал хийлгэх, барилга байгууламжийг барих хөрөнгийг санхүүжүүлэх гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулах, барилга угсралтын ажлын явц зэргээс хамааран тодорхой хувьд тодорхой үнэлгээ өгч дүгнэхээр журамласан байна.
8. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь анх нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийг олгохдоо уг тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан, үүгээр тоног төхөөрөмж техник хэрэгсэл, мэргэшсэн хүний нөөц, хэмжих хэрэгсэл, программ хангамж, тайлагналын систем, төлөвлөгөө, хяналт, шинжилгээ гээд тодорхой нөхцөлүүдээс гадна, тусгай зөвшөөрлийн хугацаанд хийж гүйцэтгэх ажил, үе шатны шаардлага тавигдсан, тухайлбал эрчим хүчний барилга, байгууламжийг барих, ашиглалтад оруулах, зураг төслийг гүйцэтгүүлж батлуулах, зураг төсөлд магадлал хийлгэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, техникийн хяналт бичиг баримтыг баталгаажуулах, барилгын ажлын явцыг хянуулах шаардлагыг тогтоосон байна.
9. Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 01 дүгээр сарын 10-ны дотор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнах үүрэгтэй. Удирдамжийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос ажлын хэсэг ажиллаж нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 53 хувь буюу хангалтгүй үнэлжээ.
10. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж дүгнэхээр аж ахуйн харилцааны дүрэмд заасанчлан нөхцөл, шаардлагын биелэлтийг маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 2019 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн байна.
11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй, нөхцөл, шаардлагыг хангасан эсэх биелэлтийг жил бүр дүгнэхээр, энэ үнэлгээг буюу нөхцөл, шаардлагыг биелүүлсэн байдлыг харгалзаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд, мөн техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр байх тул хуулийн энэ шаардлагыг хангаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзэхээр байна.
12. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 11 дүгээр зүйл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М ***” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
13. Нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор хангалтгүй гэж дүгнэсэн мөн тус хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолууд нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
14. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.7.“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заажээ.
16. Дээрх хуульд заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэдгийг маргаан бүхий захиргааны актаар бодит нөхцөл байдалд тохирохгүй, биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг ойлгох бөгөөд маргаан тохиолдолд тухайн актууд болон хариуцагчийн үйлдэл нь хуулийн дээрх заалтын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт, захиргааны үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.
17. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
18. Нэхэмжлэгчийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
19. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллаж чадаагүй болох нь тогтоогдсон түүний улмаас эзэмшиж байсан тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсан үйл баримт нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид нөхөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгохыг хариуцагчид даалгах боломжгүй юм.
20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “М ***” ХХК-ийн 79/201*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М ***” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ