Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1602

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00788 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Г-, Ц.У- нарт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 809 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 10 586 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч А.Г-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.О-э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г-, Ц.У- нар нь миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруугийн 103 тоотод орших Ү-2204018631 тоот Улсын бүртгэлийн дугаартай Үйлчилгээний зориулалттай барилгын 150 м.кв талбай бүхий хагас подвалын давхарыг караоке пабын зориулалтаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээсэлж ажлын байрны зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, ажиллуулж байгаад 2016 оны 12 дугаар сараас болон 2017 оны 8 cap хүртэл түрээсийн төлбөрөө өгөхгүй хохироож байсан ба түрээсийн төлбөрөө удаа дараа нэхэмжлэхэд хаалгаа түгжээд оруулахгүй, утсаа авахгүй, зугтаасан. Хариуцагч нар нь ажлын байр, эд зүйлийг хүлээж авчихаад, хүлээлгэж өгөөгүй зарим эд зүйлээ орхиод явсан. Төлбөрөө өгөөд өөрсдийнхөө эд зүйлийг аваач гэж гуйсан боловч одоог хүртэл түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу ашиглаж ажиллуулсан хугацааны төлбөр 14 809 500 төгрөгийг өгөхгүй байна. Иймд А.Г-, Ц.У- нараас 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн ажлын байр түрээсэлсэн түрээсийн болон ашиглалтын гэрээний дагуу 2016 оны 12 сараас 2017 оны 8 cap хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэл түрээсийн төлбөрт 14 809 500 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Г-, Ц.У- нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч А.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.О-ээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Их тойруу гудамжны 103 тоот хаягт байрлалтай 150 м.кв талбайтай хагас подвалийн давхарыг караоке, пабын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн боловч караоке, пабын зөвшөөрлөө өгөөгүй, ресторан ажиллуулах зөвшөөрлийн бичиг өгөхөөр нь бид нэг хоног ч ажиллуулж чадаагүй, тэрхүү бичгийнх нь хугацаа дууссан байна гээд тус дүүргийн Цагдаагийн байгууллагаас ирээд хаагаад, нөгөө ресторан ажиллуулах зөвшөөрлийн бичгийг хураагаад аваад явсан тул бид тэр байрыг огт ашиглаагүй. Энэ талаар амаар санал тавихад караоке, паб ажиллуулах тусгай зөвшөөрөл одоо гарах гэж байгаа, хүлээж бай гээд өдийг хүртэл хүлээлгэж байна. Караокены дагуу түрээсэлсэн боловч тусгай зөвшөөрөл нь байгаагүй. Ажиллуулах гэж бэлдсэн боловч ажиллуулж чадаагүй. Бид нарт тусгай зөвшөөрөл өгнө гэсэн боловч өгөөгүй, рестораны зөвшөөрөл өгсөн. Гэтэл хугацаа нь дуусчихсан байсан. Бид нар үйл ажиллагаа явуулаагүй. Иймд түрээсийн төлбөрт 14 809 500 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч А.Г-, Ц.У- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон А.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О-э нь өөрийн өмчлөлийн 150 м.кв талбайтай хагас подвалийн давхарыг бид хоёртой караоке, пабын зориулалтаар ажиллуулах тусгай зөвшөөрлөө авъя гэхэд ресторан ажиллуулах зөвшөөрөл өгөөд, энэ зөвшөөрлөөр түр нээгээд ажиллуулж бай, караоке, пабын зөвшөөрөл удахгүй авчирч өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөн уг орон сууцыг түрээслэх гэрээг байгуулахдаа Иргэний хуульд зааснаар Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Түрээслэгч О.О-э нь бидний эд хөрөнгө болох нийт 10 586 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар барьцаанд авсан тул хариуцагч О.О-ээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч нар 2017 оны 10 дугаар сард караокены хуучин 10 гаруй эд зүйлсийг орхиод явсан. Түрээсийн төлбөрөө төлөөд буцаан авах болно гээд барьцаа болгож үлдээсэн. Өөрсдийн үлдээсэн эд зүйлс нь бүгд караоке, пабын зориулалтаар ашигладаг зүйлс. Ашиглах зүйлс нь байгаа учир караоке, пабыг ажиллуулж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг бол өөр зүйл хэрэглэх зүйл заалт. Үл хөдлөх хөрөнгийн бүх объектыг түрээсэлсэн бол улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх байсан. Гэтэл тус объектын хагас буюу подвалыг ажлын байрны зориулалтаар түрээсэлсэн. Иймд улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл байхгүй. Гэрээ үчин төгөлдөр учир түүний дагуу түрээсийг нэхэмжлэх нь зүйтэй. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, ямар эд зүйлийг хэдэн төгрөгөөр бодож нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь хууль бусаар тухайн зүйлийг өөрийн эзэмшилдээ аваагүй. Хариуцагч нар барьцаа болгож үлдээсэн. Үлдээсэн учир өөрсдийн гараашдаа хадгалсан. Цаашид эд хөрөнгийн хадгалсны хөлсийг нэмж нэхэмжлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-ээс 4 500 000 төгрөгийг, хамтран хариуцагч Ц.У-аас 4 500 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.О-эд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 809 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-ээс нийт 6 000 000 төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмжийн иж бүрдэл 5 ширхэг, нийт 300 000 төгрөгийн үнэ бүхий бүслэл /тэк/-ийн чулуу, нийт 400 000 төгрөгийн үнэ бүхий караокены хайрцаг 5 ширхэг, нийт 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурагт, нийт 7 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг шилэн аяга, нийт 80 000 төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн өрөөний угаалтуурын хайрцаг, нийт 50 000 төгрөгийн үнэ бүхий бүслэл /тэк/-ийн холигч болон тосгуурыг тус тус гаргуулан хариуцагч А.Г-, хамтран хариуцагч Ц.У- нарт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн бүгд 2 749 500 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгөөс 231 997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас илүү төлсөн 1 003 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч О.О-эд олгон, хариуцагч А.Г-, хамтран хариуцагч Ц.У- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г-, хамтран хариуцагч Ц.У- нараас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-эд, нэхэмжлэгч О.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 140 342 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Г-, хамтран хариуцагч Ц.У- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Г- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хариуцагч бид нар хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Учир нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус ба хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа ба мөн Иргэний хуульд түрээсийг гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдаг ба эд хөрөнгийг тодорхой зориулалтаар шилжүүлсэн бол түүнээс гарах үр шимийг олж авах эрхтэй. Тиймээс түрээсийн зүйлийн зориулалт болох караоке, пабын зөвшөөрлийг түрээслэгч тал түрээслүүлэгчид өгөх үүрэгтэй байсан. Гэтэл бид хоёрыг түрээсийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй зугтаасан гэж худлаа ярьж 9 сая төгрөг бид хоёроос гаргуулахаар шийдвэрлүүлсэнд гомдолтой байна. Бид 2 тодорхой хаяггүй, түрээсийн хашаа байшин болон энд тэндгүй явдаг. Гэтэл бид 2-ыг зориуд зугтаагаад байсан мэтээр шүүхэд танилцуулж байсан. Бид 2-той хуулийн шаардлага хангаагүй гэрээ байгуулж, караоке, пабын зөвшөөрлөө ч өгөөгүй байж ийм их хэмжээний мөнгө төлүүлэх нь шударга биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заалтыг зөрчсөн байтал анхан шатны шүүх 103 тоот 3 давхар 720 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 150 м.кв талбайтай хагас зоорийн давхар нь 103 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул зохигчийн байгуулсан гэрээг үл хөдлөх эдх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь О.О-э, А.Г- нарын хооронд байгуулсан гэрээ нь Хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх тухай гэрээ байгуулагдсан нь өөрөө үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн болох нь харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн тодорхой м.кв-ыг түрээслэх бол үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэхээр тодорхой зохицуулсан. Зохигч нарын түрээсийн гэрээний хувьд хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч А.Г-, Ц.У- нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 14 809 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч О.О-э нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 10 586 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай Хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 103 тоот, 3 давхар, 720 м.кв талбайтай хувийн сууцны зарим хэсэг болох 150 м.кв талбай бүхий хагас зоорийн давхрыг караоке, пабын зориулалтаар хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь түрээсийн төлбөрт хүйтний улиралд буюу 08 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 000 000 төгрөгийг, дулааны улиралд буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 7-19 дүгээр тал/

 

Хариуцагч төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн санаачилгаар 2017 оны 05 дугаар сард дээрх гэрээ цуцлагдаж, түрээсийн зүйлийг мөн оны 10 дугаар сард буцаан хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу гудамж, 103 тоот, 3 давхар, 720 м.кв талбайтай хувийн сууцны зарим хэсэг болох 150 м.кв талбайг хариуцагчид караоке, пабын зориулалтаар түрээслүүлсэн тул уг гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалт хамаарахгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, уг үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох түрээсийн 150 м.кв талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээгүй тул бүртгүүлэх шаардлага үүсэхгүй юм.

 

Иймээс хариуцагч А.Г-, Ц.У- нар нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ. Нөгөө талаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч нар нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хагас зоорийн давхрыг шилжүүлэн өгсөн боловч тусгай зөвшөөрлийг өгөөгүй, бид нар үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт тусгай зөвшөөрөл шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байна. Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэхэсгт заасны дагуу мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч нар хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй талаар зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан Хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх гэрээний төлбөр болох 9 000 000 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 7 837 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                  С.ЭНХТӨР