| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04521/И |
| Дугаар | 183/ШШ2021/00685 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/00685
2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/00685 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, тоот хаягт байрлах, А..УТҮГ /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, , Э.. ХХК, өөрийн байранд байрлах, Э.. чөлөөт бүс ХХК /РД:.../-д холбогдох
2020 оны газрын төлбөрт 3 221 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сард Э.. чөлөөт бүс ХХК-ийн гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/30 дугаартай эрх шилжүүлэх тухай, газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/31 дугаартай захирамжаар 5га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17/04 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдрийн 17/04 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Э.. чөлөөт бүс ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, мөн гэрээний 4.2.4-т газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх гэх гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 21 ны өдөр А/94 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 4.2.4-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. А..бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Э.. чөлөөт бүс ХХК-иас газрын төлбөрийн хуваарийн дагуу 2020 оны 3 221 000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж, гэрээний үүргийг хангуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө. Э.. чөлөөт бүс ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ. 7.4.11. газрын төлбөр гэж тус тус заасны дагуу Э.. чөлөөт бүс ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”... А..бүсийн нэхэмжлэлтэй Э.. чөлөөт бүс ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг мэдэгдэж байна...” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А..бүс УТҮГ нь хариуцагч Э.. чөлөөт бүс ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3 221 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Э.. чөлөөт бүс ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д Газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 4.2.4-т Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул 2020 оны газрын төлбөр 3 221 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байна.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Э.. чөлөөт бүс ХХК-ийн 2017 оны 4 сарын 04-ны өдрийн хүсэлтийн дагуу Алтан булаг чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 04 сарын 14-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар барилгын материал үйлдвэрлэлийн зориулалтаар хариуцагч Э.. чөлөөт бүс ХХК-д 50 000 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, мөн өдөр 17/04 тоот газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай, газрын төлбөр жилийн 4 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг шаардах эрхтэй.
Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаарх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийн зөрчил нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2015, 2016 онуудад хариуцагчид мэдэгдэл хүргүүлж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйгээс 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/94 тоот А..бүсийн захирагчийн захирамжаар гэрээг цуцалж, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч гэрээг цуцлах хуульд заасан журмыг баримталсан гэж үзэхээр байна. /хх-26-30/
Хариуцагч Э.. чөлөөт бүс ХХК нь гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаагүй ба Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ”, 7 дугаар зүйлийн 7.4-т “Улсын их хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараах татвар орон нутгийн татвар хамаарна”, 7.4.11-т “газрын төлбөр” гэж зааснаар хариуцагчаас 2020 оны газрын төлбөр буюу гэрээ цуцлагдсан 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах төлбөрт 3 221 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А..бус УТҮГ-т олгох нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг баримтлан хариуцагч Э.. чөлөөт бүс ХХК-иас 3 221 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А..бүс УТҮГ-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 66 486 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ