Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар  2024/ШЦТ/397

 

 

 

 

 

2024         04          16                                     2024/ШЦТ/397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг /тээврийн прокурор/,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “................”-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монелын 27-606 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 ....... овогт Б.Э /РД:*******/.

           

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу  2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнийн 03 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын замд Toyota Camry маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой Б.Тамирын 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дахь хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан төлөвтэй /хх-ийн 8 дахь хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 48 дахь хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /хх-ийн 51 дэх хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн баримт бичгийг хураан авах тухай тогтоол /хх-ийн 52 дахь хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг түр саатуулах шийдвэр /хх-ийн 53 дахь хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл /хх-ийн 54 дэх хуудас/,

- Гэрч Б.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оройн 18 цагийн орчимд үеэл дүү буюу Б.Э-тэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “......” сургуулийн байранд уулзсан. Тэр байранд амьдарч байгаад нүүх гэж байсан болохоор Б.Э-г дуудан хамт зөөж дуусаад 1 шил виски байсныг задалж Б.Э-тэй хамт уусан. Тэгээд халдварт руу явахаар болоод Б.Э-гийн машинаар танил дүү болох Д-өөр жолоодуулан очоод Д хүнтэй уулзах гээд машинаас буусан. Тэр үед машин гарцны хажууд байрласан байсан ба араас машин сигнал дарахаар нь Б.Э машинаа асаагаад холдуулсан. Тэгэхэд цагдаа ирсэн. Б.Э машинаа жолоодоод хол яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь хуудас/,

- Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-ний шилжих шөнө манай үеэл ах болох М  “....” сургуулийн оюутны байрнаасаа нүүхээр болоод намайг дуудсан. Тэгээд ахын нүүлгэлтийг хийж өгчхөөд дуусаад М  ах 1 шил виски задлаад тэрийг нь бид 2 хувааж уусан. Хамт байсан Д дүү машин бариад халдвартад хүнтэй уулзана гэхээр нь бид гурав Монелоос хөдөлсөн. Тухайн үед Д архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болохоор миний эзэмшлийн Toyota Camry маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би хойд жолоочийн суудал дээр суугаад М  урд суудал дээр суугаад Халдварт орсон. Машинаа зогсоол дээр байрлуулаад Д хүнтэй уулзахаар явсан. Тэр хооронд М  бид хоёр үлдсэн. Вискигээ уухаар би урд жолоочийн суудал дээр суусан. Тэгээд байж байтал машин ирээд сигнал дараад байхаар нь гарах гэж байгаа юм болов уу гээд би машинаа асаагаад жоохон урагш хөдлөхөд гарах гэж байсан машин зөрж урд гараад зогсоод дотроос нь цагдаа бууж ирсэн. Тэгээд драгер багаж үлээлгэсэн 1.55 хувийн согтолттой гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дахь хуудас/,

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 69-70 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 71-72 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Э-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Б.Э нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Б.Э-г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ