| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00701/И |
| Дугаар | 183/ШШ2021/00701 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2021/00701
2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2021/00701 Улаанбаатар хот
.... УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, .... овогт Ц..ын Э.. /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дугаар хороо, тоот хаягт оршин суух, .... овогт .... М.. /РД:.../-д холбогдох
Түрээс, цахилгаан төлбөр болон эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн хохиролд 1 851 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч З.М.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З.М..ад ... дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын **-р гудамж ***г тоот хаягт байрлах 64,44 м2 талбайтай 380 вольтын хүчин чадалтай цахилгаан болон галлагаагаар хослон халах шийдэлтэй 3 өрөө амины орон сууцыг 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сар хүртэл нэг сарын 120 000 төгрөгөөр нийт 11 сар түрээсэлсэн. Эхний 6 сарын түрээсийн төлбөр болох 720 000 төгрөгт тохирсон дотоод засварыг З.М.. хийж орохоор харилцан тохиролцсон. Гэвч З.М.. нь зөвхөн том өрөөний ханын обой л сольсон байсан. Энэ зардлыг нь тооцож үзэхэд хамгийн ихдээ 120 000 болж байсныг тухай үед өөрт нь хэлсэн. Мөн түрээсэлж байх хугацаандаа З.М.. нь түрээсийн болон цахилгааны төлбөрийн цаг тухайд нь төлдөггүй мөн бусдын өмч хөрөнгөнд хайр гамгүй хандаж байшингийн бүргэд хаалга, цоож зэргийг эвдэлсэн, хашаанд их хэмжээний хог хуримтлуулан хэл сураггүй өөрийн эд хогшлын хамт онгорхой орхин хаяж явсан байсан. Тухайн үед удаа дараа холбогдох гэж нэг өдөр 52 удаа залгасан байдаг, залгахад утсаа авдаггүй, өөр хүний дугаараас залгахаар худал зүйл ярьж хашаа байшинг чинь шатаана эвдэлнэ нураана гэх зэргээр ёс бус үгээр доромжилдог байсан. Иймд доорх төлөөгүй түрээс, цахилгааны төлбөр, хохирол учруулсан дараах зардлуудыг нэхэмжилж байна. Үүнд түрээсийн төлбөр болох 1 320 000 төгрөгөөс төлсөн 360 000 төгрөг, засвар хийсэн 120 000 төгрөгийг хасаад 840 000 төгрөг, цахилгааны төлбөр 769 583 төгрөг, эвдэрсэн хаалга цоожны засвар үйлчилгээ болох 142 000 төгрөг, нам даралтын зуухны сүлжээний насос эвдэлсэн 70 000 төгрөг, хог ачуулсан ** 000 төгрөг нийт 1 851 583 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие З.М.. нь ... дүүргийн дээд салхитын **-*** тоот Ц.Э..ын хашаанд 1 сарын 120 000 төгрөгийн түрээс төлж суухаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тохиролцож ярилцсан бөгөөд эхний 6 сарын төлбөр болох 720 000 төгрөгөөр засвар хийж орохоор болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 1-ээс нүүж орсон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрээ байгуулсан. Нийт түрээсэлсэн хугацаа 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл түрээсэлсэн болно. Засвар хийсэн сараа оруулаад нийт 8 сарын хугацаанд түрээсэлж суусан. Эхний 6 сарын түрээсийн төлбөр болох 720 000 төгрөгт 18 боодол обой, цемент эмульс, цагаан будаг 20кг, замаск гэх мэт зүйлүүдийг худалдаж авсан. Том өрөөнөөс бусад өрөөнд засвар хийх боломжгүй, маш их мөөгөнцөртэй, дулаан алдагдал ихтэй хана нь мөстөөд байсан тул том өрөөг боломжоороо засвар хийсэн бөгөөд үлдсэн бүх барилгын материалыг үлдээсэн. Тухайн үед Ц.Э.. надад юу ч яриагүй бөгөөд түрээсээ үргэлжлүүлэн бэлэн мөнгөөр авч байсан. Иймд нийт 8 сарын хугацаанд түрээс болох 1 080 000 төгрөг төлөх байснаас 450 000 төгрөгийг бэлнээр, 750 000 төгрөгт барилгын материал авсан. Цахилгааны төлбөр гэж нэхэмжилсэн 769 583 төгрөг ор үндэсгүй бөгөөд УБЦТС-ээс авсан дансны дэлгэрэнгүй тайланд төлбөр огт бичигдээгүй. Хамгийн сүүлд эзэнгүй байх хугацаанд хүртэл үлдэгдэл цахилгааны төлбөрийг төлөхөөр шилжүүлж байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 150 000 төгрөг шилжүүлснээр 182 **9 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Эвдэрсэн хаалганы цоожны засвар гэх 142 000 төгрөг нэхэмжилсэн нь надад хамааралгүй. Насос эвдэрсэн, хог ачуулсан зэрэг нэхэмжилсэн мөнгийг огт мэдэхгүй бөгөөд нэг ч удаа надад хэлж байгаагүй болно. Манайх эвдэлсэн зүйл огт байхгүй. Ингээд нийт Ц.Э..ын хашаанд суух 8 сарын хугацаанд цахилгааны төлбөр 182 **9 төгрөг үлдсэн бөгөөд Ц.Э..тай холбогдон уг мөнгийг шилжүүлье гэхэд гэрийг чинь зарж хохирлоо барагдуулсан гэж хэлсэн. Дээд Салхитыг **-*** тоот хашаанд байх Ц.Э..ын хашаанд байх контейнерт хураалттай байсан таван ханатай гэрийг өөрийн дураар зарж борлуулан намайг гэр оронгүй болгож хохироосон бөгөөд уг мөнгийг өөртөө завшсан болно. Одоо энэ хэрэг ... дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст Очироо гэх дэслэгч дээр шалгагдаж байгаа. Ц.Э.. нь өөрийгөө хохиролгүй болгоно гэж таван ханатай гэрийг минь зарчхаад одоо ямар хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй гомдолтой байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э.. нь хариуцагч З.М..ад холбогдуулан түрээсийн төлбөр 840 000 төгрөг, цахилгааны төлбөрт 769 580 төгрөг, эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн хохирол 212 000 төгрөг, хог ачуулсан ** 000 төгрөг нийт 1 851 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2019 оны 10 сарын 28-ны өдөр хувийн сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч болох Ц.Э.. нь өөрийн өмчлөлийн ... дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын **-*** тоот хаягт байрлах, 64,44 м.кв талбай бүхий 3 өрөө хувийн сууцыг З.М..ад сарын 120 000 төгрөгийн хөлстэй, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хөлслөхөөр, хөлслөгч болох З.М.. нь хувийн сууцны дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигчдын тайлбараар эхний 6 сарын төлбөрт тооцон хөлслөгч болох З.М.. нь тухайн хувийн сууцанд засвар хийж орохоор амаар тохиролцсон гэх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан ба талуудын дээрх тохиролцоо нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын зарчимд нийцсэн, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн **2 дугаар зүйлийн **2.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний төрөлд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлсүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн засварын зардалд хамгийн ихдээ 120 000 төгрөг зарцуулсан, цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй, бусдын өмч хөрөнгөд хайр хамгүй хандаж эвдэлж гэмтээсэн, хашаанд их хэмжээний хог хуримтлуулсан, хэл сураггүй өөрийн эд хогшлын хамт хаяж явсан... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... засвар хийх бүх материалыг худалдан авсан ба том өрөөний засварыг хийсэн. Гадаа хүйтэрсэн мөн маш их мөөгөнцөр үүснээс бусад өрөөний засварыг хийгээгүй, засварын материалыг үлдээсэн. Тухайн сууцанд 4 сарын 01-ний өдрийг хүртэл суусан тул суугаагүй хугацааны төлбөр төлөхгүй... гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн **2 дугаар зүйлийн **2.4-т орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заасан ба мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор заасан.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хөлслөгч буюу хариуцагч нь гэрээг цуцлах тухайгаа хөлслүүлэгч буюу нэхэмжлэгчид мэдэгдээгүй, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох хувийн сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан гэх 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь 480 000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь эхний 6 сар буюу 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хөлсийг засан сайжруулалт хийсэн төлбөрт тооцохоор тохирсон үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагчийн хийсэн засан сайжруулалтын өртгийг 120 000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлүүлэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.
Иймд талуудын тохиролцооны дагуу 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хөлсийг засан сайжруулалт хийсэн төлбөрт тооцон, 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 5 сар, 11 хоногийн хөлс 644 000 төгрөгийг хариуцагч буюу хөлслөгч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс төлсөн 480 000 төгрөгийг хасч тооцвол 164 000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахилгааны төлбөрт 769 580 төгрөг гаргуулахаар шаардсан ба тоолуур гэмтэлтэй үеийн тоолуургүй хэрэглэгчид 587 274 нөхөн тооцов гэх цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны *******дугаартай баримт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хэрэглэгчид үйлчлэх 4 дүгээр төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудыг үндэслэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бөгөөд цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны *******дугаартай баримт нь огноо засвартайн дээр хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй баримт байх тул хариуцагчаас гэрээнд заасны дагуу ашигласан хугацаан цахилгааны төлбөр 182 **9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь хаалганы цоож сольсон зардал 142 000 төгрөг, нам даралтын зуухны сүлжээний насос эвдэрсэн 70 000 төгрөг, хог ачуулсны ** 000 төгрөг, нийт 242 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба тэрээр дээрх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн **2 дугаар зүйлийн **2.1, **2.4, 295 дугаар зүйлийн 295.4-т заасны дагуу хариуцагч З.М..аас орон сууцны хөлс 164 000 төгрөг, цахилгааны төлбөр 182 **9 төгрөг, нийт орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 346 **9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 505 274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 44 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 039 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн **2 дугаар зүйлийн **2.1, **2.4, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.М..аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 346 **9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 505 274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11 039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ