| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00152/И |
| Дугаар | 183/ШШ2021/00794 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2021/00794
2021 оны 03 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2021/00794 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар баг, өөрийн байранд байрлах Д..ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт байрлалтай, П.. ХХК /РД.../-д холбогдох
Эрчим хүчний төлбөрт 2 216 902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.. ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумыг уурын зуухыг цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-д заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй. Төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй 2015 оныг хүргэж, 2015 оны 11 сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн актаар 2 216 902 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Дээрх байгууллагад өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд тус байгууллагаас эрчим хүчний төлбөрт 2 216 902 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч: ...Манайх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд уурын зууханд үйл ажиллагаа явуулдаг байсан. Манайх улсын 7 байгууллагыг халаадаг байсан. Эдгээр байгууллагын санхүүжилт нь цагтаа орж ирдэггүй байснаас цахилгааны төлбөрийн өр үүссэн. Цахилгааны төлбөрийн өр нь 2016 оны зардалдаа суугдаад, манай халаалтын зардлын үлдэгдэл санхүүжилт 3 000 000 төгрөг шилжсэн байдаг. 3 000 000 төгрөгийг цахилгааны төлбөр лүү шилжүүлье гэдгийг тухайн үеийн сумын удирдлага болон төрийн сангийнхантай ярилцаж тохиролцсон. Бид ийм л ойлголтой л явж байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д..ХК нь хариуцагч П.. ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 2 216 902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны хариуцагч эс зөвшөөрч маргав.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч П.. ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумыг уурын зуухыг цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүчний тухай хуулийн 30.1.2-д заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй ... гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 2.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээ, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан ба Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т ...эрчим хүч хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана. Хуулийн этгээдтэй байгуулсан эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана... гэж заасан.
Зохигчид хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулаагүй талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд уурын зуухны үйл ажиллагааг 2015 он хүртэл явуулсан. Цахилгаан эрчим хүчээр хангагдаж 2 216 902 төгрөгийн төлбөр үүссэн үйл баримтын талаар маргаагүй, харин ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2015 оны 01 сарын 01-ны өдрөөс 2015 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны өр төлбөр 2 216 902 төгрөгийг хариуцагч П.. ХХК нь 2015 оны 11 сарын 04-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцон тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлджээ. /хх-4/
Хариуцагч нь дээрх үүргийг тохирсон хугацаанд биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан. Нэхэмжлэгч Д..ХК нь хариуцагч П.. ХХК-д холбогдуулан 2016 оны 11 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 389 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13/
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т ...хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно... гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан өдөр буюу 2017 оны 02 сарын 08-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, уг хугацаанаас эхлэн шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 02 сарын 08-ны өдрөөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д..ХК-ийн П.. ХХК-д холбогдуулан гаргасан цахилгаан эрчим хүчний төлбөр 2 216 902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д..ХК-ийн П.. ХХК-д холбогдуулан гаргасан цахилгаан эрчим хүчний төлбөр 2 216 902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ