| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/00376/И |
| Дугаар | 183/ШШ2021/00617 |
| Огноо | 2021-03-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/00617
2021 оны 03 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2021/00617 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, байрлах, Н.../РД:.../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт байрлах, Х ХХК /РД:..../-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохиролд 3 442 300 төгрөг, торгууль 1583 650 төгрөг, нийт 5 025 950 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөрт 5 080 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н..ХХК болон Х ХХК нарын хооронд 2019 оны 12 сарын 28 өдөр NR19/*** дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу ажлын үр дүнг УБИ лед дэлгэцийн самбар хийх ажил байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэг талаас захиалагч буюу Н..ХХК нь ажлын үр дүнг хүлээж авч тохирсон хөлсийг төлөх, нөгөө талаас ажил гүйцэтгэгч ********** ХХК нь доголдолгүй ажлын үр дүнг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн. Мөн гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь гэрээт ажлын төлбөр болох 60 хувь 7 620 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу 2019 оны 12 сарын 03-ны өдөр буюу ажил эхлэхээс өмнө манай компани хариуцагчид урьдчилгаа төлбөр болох 7 620 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Голомт банк дахь *********дугаарын дансаар хариуцагчид шилжүүлсэн. Гэвч ажил гүйцэтгэгч Х ХХКХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа дутуу орхиж явсан тул манай компани 2019 оны 12 сарын 24-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох хөрөнгийн үнэлгээний төвд хандсан ба үүний дагуу тус компанийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр ********** ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Орбитын гудамжинд байршилтай ********* ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах лед дэлгэцтэй самбарын төмөр бүтээц хийц техникийн чанарын шаардлага хангахгүй, төмөр хоолойг тулгуур болгон ашиглах боломжгүй байна. Лед дэлгэцтэй самбарт хийсэн суурийн ажлын гүйцэтгэл 4 452 700 төгрөг болно гэж тогтоосон. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг өөрөө бүрэн хийж дуусгасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцалсантай холбоотойгоор нийт 4 452 700 төгрөгийн ажил гүйцэтгэсэн Х ХХКХХК-д 7 620 000 төгрөгийн хөлсийг төлж манай компани хохирсон байх тул хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлс болох 3 167 300 төгрөгийг, мөн хариуцагчийн хийсэн ажилд үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 275 000 төгрөг нийт 3 442 300 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 7.6-т зааснаар гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхдаа гэрээг цуцалсан, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээг цуцалсан, гэрээний 7.7-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ гэж, мөн иргэний хуулийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 1 583 650 төгрөгийн торгууль, хохирол болох 3 442 300 төгрөг нийт 5 025 950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч батлагдсан зурагт заасан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримтлаагүйгээс лед дэлгэц угсрах боломжгүй гажсан байсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтойн улмаас манай байгууллага өөрсдөө доголдлыг арилгасан.Ажил гүйцэтгэх гэрээний явцад нэхэмжлэгч тал ажлыг хүлээж аваад, ажил хүлээлцэх явцад гүйцэтгэгч талыг дуудаж ирүүлсэн. Гүйцэтгэгч тал ажил хүлээлцэхдээ өөрсдөө ирээгүй, оролцохгүй явсан. Ажлыг хүлээж авахад гэрээнд заасны дагуу шалгахад чанарын шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон. Тухайн үед хийсэн самбар дээр лед дэлгэцийг гаргаж байрлуулахад, ямар ч байрлуулах боломжгүй, самбарын хэмжээ алдагдсан байсан. Босгосон багана нь чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн болох нь тогтоогдсон учраас гүйцэтгэгч талыг доголдлоо арилгаж, энэ алдаагаа зас гэсэн үүргийг сануулсан боловч гүйцэтгэгч тал тухайн үед ирдэггүй, тэр чигээрээ явсан. Захиалагч талын ажил нь цаг хугацаатай байсан тул захиалагч тал ажлыг өөрсдөө үргэлжлүүлж гүйцэтгэж хийсэн. Гүйцэтгэгч талын хийсэн ажлын чанарын шаардлага ямар байсан, манайх үргэлжлүүлээд, ашиглаад хийгээд явсан ажлын үнэлгээ хэр зэрэг байх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа: .... Нэхэмжлэгч талаас утасдаад гуйгаад байсан болохоор Н..ХХК-тай гэрээ хийж, ажлыг хийж гүйцэтгэсэн, тендерээр ороогүй. Нэхэмжлэгч талын үнийн саналтай танилцаад, манай компаниас өөрсдийнхөө үнийн саналыг явуулсан. Манай компани 14 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн ч жич гээд доор нь үнэлгээ ороогүй ажлыг зааж өгсөн. Гэрээ хийхэд ********* гэдэг хүн байхгүй тул өөр хүнтэй хийсэн. 12 сарын 02-ны өдөр ажлын талбай дээр очиж ажил үйлчилгээг явуулах гэтэл доогуур нь явуулж байсан кабель, далд ажлын шугам сүлжээг мэдээгүй байсан. Үүний доогуур янз бүрийн утас явж байгаа, би өмнө нь энд ажиллаж байсан тул мэдэж байна гээд 7 хоног ажлаа хойшлуулсан. Ажлаа хойшлуулсны дараа доод талын утас, кабелийг зохицуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь баримт бичихдээ 380-ын баримт явж байгаа, тэр нь ямар түвшинд явж байгаа вэ гэхэд надад зураг өгсөн. Тэнд өгсөн баримтаараа 20-30 см-ын доогуур кабель утас явж байгаа. Бодит байдал дээр 5 см-ийн доор явж байсан. Манай ажилчин 380-ийн тогонд цохиулсан. Суурийг нь гар зургаар нь хийчих гэсэн хүсэлт тавихаар нь Н..ХХК-ийн инженер ******, ****** нартай уулзаад, энэ гар зургаар хийх үү, эсвэл бид нарт өгсөн албан ёсны зургаар хийх үү гэхэд үндсэн зургийн дагуу хийнэ гээд ****** гарын үсгээ зураад өгсөн. Нэхэмжлэгчийн захирал Батсүхэд би хуучин ажиллаж байсан гараар зурсан зураг нь үндэслэлгүй, энэ зургийн дагуу хий гээд ****** нь гарын үсгээ 12 сарын 12-ны өдөр зурж өгсөн. 12 сарын 24-ний өдөр хүртэл бүр ажлаа хийсэн. Манайд ажилладаг байсан хүүхэд бидний хийсэн самбарыг буулгасан байна гэж надад хэлсэн. Түүний дагуу би нэхэмжлэгчийн захирал, холбогдох хүмүүстэй төсвөө үзүүлээд уулзсан. Зургийн дагуу бэхэлгээ зэрэг зүйл байхгүй гээд нэхэмжлэгч компанийн ажилтан залуу гуйгаад байсан болохоор манайх компани өөрийн зүгээс 600 000 төгрөгийг гаргаж нэмэлтээр ажил гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 60 хувийн төлбөр 7 260 000 төгрөгийг авсан боловч үлдэгдэл 40 хувийн төлбөр 5 080 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бидний зүгээс УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н..ХХК нь хариуцагч ********** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохиролд 3 442 300 төгрөг, торгууль 1 583 650 төгрөг, нийт 5 025 950 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын хороонд 2019 оны 11 сарын 28-ны өдөр 19/*** тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ********** ХХК нь захиалагч ********* ХХК-ийн захиалга буюу ажлын даалгаврын дагуу УБИ лед дэлгэцэн самбар хийх засварын ажлыг 2019 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 сарын 24-ны өдөр хүртэл хуанлийн 20 хоногийн дотор бүрэн гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээт ажлын хөлс болох 12 700 000 төгрөгийн 60 хувь буюу 7 620 000 төгрөгийг урьдчилан, үлдэгдэл төлбөрийг гэрээт ажил дуусаж, актаар бүрэн хүлээлцсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-8/
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд ажил гүйцэтгэгч буюу ********** ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын даалгаварт заагдсан 14 нэр төрлийн ажлыг бүрэн хийж дуусгасан боловч ажлын даалгаварт заагдсан телевизийн металл жааз бэлтгэх ажлыг зурагт заагдсан хэмжээ үзүүлэлтийг нарийн баримтлаагүй, доголдолтой хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөл зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан шаардлагыг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд гэрээт ажил доголдолтой боловч бэлэн болсон, мөн хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид доголдлыг арилгах хугацаа тогтоогоогүй, гэрээг цуцалж өөрсдийн зардлаар доголдлыг арилгасан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээг ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба үүргийн зөрчил бүр гэрээг цуцлах үндэслэл болохгүй, зөвхөн ноцтой зөрчил байх, мөн нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах зэргээр хуульд заасан журмыг баримтлах учиртай.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөний улмаас захиалагч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бол захиалагч зөрчлийг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоон өгч, энэ хугацаанд ажил гүйцэтгэгч нь зөрчлийг арилгаагүй бол гэрээг цуцлах үндэслэл үүсэх байхад нэхэмжлэгч ********* ХХК нь доголдолтой боловч нэгэнт бэлэн болсон ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид шаардлага гаргаж, хугацаа тогтоолгүй 2019 оны 12 сарын 23-ны өдрөөр гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй байна.
Түүнчлэн гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир гэрээний үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог тул нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6-д Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхдаа гэрээг цуцалсан, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээг цуцалсан, гэрээний 7.7-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ. гэж заасныг үндэслэн хариуцагч ********** ХХК-иас торгууль 1 583 650 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н..ХХК-ийн хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохиролд 3 442 300 төгрөг, торгууль 1 583 650 төгрөг, нийт 5 025 950 гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан бөгөөд гэрээт ажлын хөлс 12 700 000 төгрөгийн 60 хувь болох 7 620 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч нь дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч буюу захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсний үлдэгдэл 5 080 000 төгрөгийг захиалагч болох ********* ХХК-иас гаргуулахаар шаардсаныг үндэслэлгүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н..ХХК-ийн хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан 5 025 950 гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ********** ХХК-ийн нэхэмжлэгч Н..ХХК-д холбогдуулан 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 366 төгрөг, хариуцагчаас төлсөн 97 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ