Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/420

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Ж.Ж-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2408001580231 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л овогт Ж.Ж нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Н ХХК-д инженер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан байдал: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, уг ялыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Ж.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байрны орцонд хохирогч Г.Т-ыг орцонд шээлээ гэх шалтгаанаар боох, чирэх, түлхэж унагаах зэрэг идэвхтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, уруул, зүүн алганд зулгаралт, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ж.Ж хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад манай эхнэр бункэр лүү хогоо хаях гэж гарахад  гэх эмэгтэй согтуу хогийн бункэрын хажууд шээсэн байсан ба манай эхнэрийг шаардлага тавихад хэл амаар доромжлоод байсан. Би Т-ны биед халдсан зүйл байхгүй. Харин түүнийг чирч шээсээ арч гэсэн шаардлагыг тавьсан. Намайг чирэх явцад гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л овогт Ж.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л овогт Ж.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (тавин зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Т-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА