Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/73

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н      

Шүүгдэгч: П.А   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Пийн Ат холбогдох эрүүгийн 2412000000042 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат  ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Пийн А/РД:АЙ............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн .......гэх газраас шүүгдэгч П.А нь ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр 20 килограммыг түүсэн, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн ......... гэх газар байх гэртээ хадгалж байгаль орчинд 2.534.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч П.Бын “...Уулын зэрлэг сонгино буюу Алтайн сонгино түүж бэлтгэх зөвшөөрөл тухайн онд Засаг даргын тамгын газраас гараагүй байгаа. Миний зүгээс байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-76 дугаар тал/, гэрч Х.Б “...Миний нөхөр П.А нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Тариат ........гэх газраас ганцаараа явж уулын зэрлэг сонгино 1 шуудайг хүнсэндээ хэрэглэх гэж түүсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр бид хоёр Архангай аймгийн Төвд 1 шуудай зэрлэг сонгиноо зарах гээд зах дээр байж байтал цагдаа ирээд та хууль бусаар уулын зэрлэг сонгино түүсэн байна гээд сонгиныг хураан авсан. Миний нөхөр зэрлэг сонгино түүхдээ зэрлэг сонгино түүх зөвшөөрлийн бичгийг эрх бүхий албан тушаалтан болон байгаль хамгаалагчаас аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/, гэрч Ч.И..н”...Байгалийн зэрлэг улаан сонгино нь байгалийн нэн ховор ургамал буюу Алтайн сонгино нэршлээр нэрлэгддэг. Хангайн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт болон тухайн зэрлэг сонгино түүх зөвшөөрөл олгодоггүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар бол Байгаль орчин аялал жуулчлалын газраас ахуйн зориулалтаар зэрлэг сонгино түүх эрхийн бичгийн дагуу олгоно...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-57 дугаар тал/, П.М.....ын”...Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулснаар ховор ургамлыг хүнсний болон ахуйн хэрэгцээнд сумын засаг даргаас олгосон зөвшөөрлөөр түүж бэлтгэнэ. Аж ахуйн нэгжид ховор ургамал учраас зөвшөөрөл олгодоггүй. Иргэнд бол ахуйн зориулалтаар түүхийг зөвшөөрдөг...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/, гэрч Л.Н..”...Архангай аймгийн Хангай сумын ........ гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Мөн тухайн газар нь Алтайн улаан сонгино ургадаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Аын мэдүүлэг/хх-ийн 129-130 дугаар тал/, *Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай: “...Архангай аймгийн Тариат сумын иргэн П.А нь зохих зөвшөөрөлгүйгээр 20 кг Алтайн сонгино бэлтгэсэн хэргийн байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ дахь заалтыг үндэслэн тооцоход ургамлын аймагт учирсан хохирлын хэмжээ 12.670.000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 47-48 дугаар тал/, *Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АЦ24-42 дугаартай “...20 килограмм Алтайн сонгинын үнэлгээг 2.534.000/хоёр сая таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 113-115 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Аын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч П.Аыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүж, хадгалж ургамлын аймагт хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөөр илэрхийлсэн болно.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.534.000 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /2534.000*5=12.670.000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 12.670.000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч П.Аыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүж, хадгалж ургамлын аймагт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн  төлөхөд зарцуулна гэж заасан.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар 20 килограмм сонгиныг хураан авч, уг эд мөрийн баримтаар хураасан сонгиныг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах, устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргаж болно..” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх саналыг прокурор гаргаагүй байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20  килограмм сонгиныг ашиглах боломжтой эсэхийг шүүх хуралдааны явцад тогтоох боломжгүй тул хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

          Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ашиглах боломжтой тохиолдолд улсын орлого болгохоор, мөн эд мөрийн баримтаар хураан авсан төмөр лоом нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Х овогт Пийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч П.Ат хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д зааснаар шүүгдэгч П.Ааас 12.670.000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 20/хорь/ килограмм сонгиныг улсын орлого болгохоор Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан төмөр лоом 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР