Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба,

Шүүгдэгч Т.Б,     

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын Бт холбогдох 2428000590052 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт:                                       

Шүүгдэгч Т.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын . . .  тоотод оршин суух өөрийн гэртээ төрсөн охин болох 1 сар 22 хоногтой Б.Г-г хэвтэж хөхүүлж байхдаа хөхөөрөө дарж амьсгалын хурц дутагдалд оруулж болгоомжгүй амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач миний төрсөн охин байсан юм. Талийгаач 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт төрсөн. Нас барах үедээ 1 сар 22 хоногтой байсан... Төрөхдөө түнхний мултралтай төрсөн, түүнээс өөр өвчин байгаагүй. Төрсөн цагаасаа хойш ханиад ч хүрээгүй. Төрөхдөө ямар нэгэн хүндрэл гараагүй. Ээж нь өөрөөр төрсөн.” /хавтаст хэргийн 19-21 дэх тал/        

Гэрч М.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Т.Бтэй 2022 оноос хойш үерхэж байгаад 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж 2023 оны 06 дугаар сараас тусдаа гарч нэг гэрт орсон. Бид хоёр 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны охин Г-г төрүүлсэн. Манай эхнэр төрөхдөө ямар нэгэн хүндрэлгүй төрсөн бөгөөд манай охин төрөхдөө түнхний мултралтай төрсөн, үүний улмаас охиндоо түнхний аппарат авч зүүсэн. Эмч түнхний аппаратыг сар зүүгээд ир гэж хэлсний дагуу сар зүүгээд очиход дахиад нэг сар зүү гэж хэлсэн. Охин эрүүл, саруул, сэргэлэн цовоо бойжиж байсан. Манай эхнэр ер нь ядраад байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой эхнэр охиноо хөхүүлчихээд 22 цаг өнгөрч байхад унтсан, би хүүхдээ хуурайлах байсан тул унтахгүй хүлээж байгаад 02 цагийн үед хүүхдээ хуурайлсан, тэгчихээд хүүхдээ ээжийнх нь мөөмийг хөхүүлсэн. Би хараад хэвтэж байгаад нэг мэдэхэд унтаад өгсөн байсан, өглөө 05 цаг өнгөрч байхад манай эхнэр намайг дуудаад хүүхэд чинь амьсгалахгүй байна гэж хэлсэн. Тэгээд босоод хүүхдээ харсан чинь манай охин хөхөрчихсөн байсан, бариад үзсэн чинь хүйтэн болчихсон байсан. Тэгээд би гараад хажуу айлдаа ороод түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн, удалгүй түргэний эмч орж ирж үзээд нас барсан байна одоо арга хэмжээ авахаас өнгөрсөн байна уучлаарай гэж хэлсэн, удаагүй цагдаа нар хүрээд ирсэн ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 22-25 дахь тал/     

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Б.Г-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Б.Г-гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач Б.Г нь ам хамар дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна.” /хавтаст хэргийн 32-34 дэх тал/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд болон гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

Шүүгдэгч Т.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын . . .  тоотод оршин суух өөрийн гэртээ төрсөн охин болох 1 сар 22 хоногтой Б.Г-г хэвтэж хөхүүлж байхдаа хөхөөрөө дарж амьсгалын хурц дутагдалд оруулж болгоомжгүй амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, гэрч М.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-15 дахь тал/, ам хохирогчийн өмсөж явсан хувцсанд болон гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.  

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан атал хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Г нь амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хандан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.     

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух газар буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.                                                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч Т.Б-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.          

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овгийн Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.                   

3. Шүүгдэгч Т.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ