Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0505

 

 

 

 

     2022            06           22                                    128/ШШ2022/0505

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул,  шүүгч Л.Өлзийжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г.Ү г*** " ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.Д***

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д***

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-1447**** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах хүсэлт өгснийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК  нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь ашигт малтмалын XV-145*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлт өгснийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Төрийн захиргааны байгууллага Ө*** аймгийн Т*** сумын нутагт байрлах С*** ам нэртэй 2446.96 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.

2.2. Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусах хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг 2136.11 га болгон багасгасан байна.

2.3. “Г.Ү г*** " ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “...Дэлхий нийтээр тархаад байгаа шинэ төрлийн коронавирус Coved-19 цар тахлаас болж сүүлийн 2 жил хөрөнгө оруулалт хийх гадаадын иргэд, аж ахуй нэгж байгууллага Монгол Улсын хил хаалтай учир ирж чадаагүй. Мөн орон нутаг руу зорчих боломжгүй байгаа тул Улсын онцгой комиссоос зарласан бүх нийтийн бэлэн байдлын зэрэг сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/206 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар 22.1-д ... заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг геологи уул уурхайн кадастрын хэлтэст гаргаагүй дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах эрх зүйн боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгчээ.

 2.4. “Г.Ү г*** " ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “...дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын улмаас хөрөнгө оруулалт тасалдсан учир 2020 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ө*** аймгийн Т*** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2021 оны 02 сарын 08-ны өдөр манай компанид "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г баталж ирүүлэхдээ албан бичгээ ирүүлсэн.

Бид "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г хүлээж авсан өдрөө Ашигт малтмал, газрын тосны газарт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлөө өгсөн боловч тус газрын Кадастрын хэлтэс бидний өргөдлийг хүлээж аваагүй. Улсын онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосноос болж бид гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн болно.

Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас болж хөрөнгө оруулалт, орон нутагт хийгдэх ажлууд бүгд зогссон зэрэг онцгой нөхцөлийг харгалзан үзэж манай 1***5Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/1416 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна” гэсэн хариу өгчээ.

2.6. Тус шүүх “Г.Ү г*** " ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын 1***5Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0672*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 685 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

3.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

3.1.”Г.Ү г*** " ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 1***5Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу дэлхий нийтээр тархаад буй Корона вируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Т*** нь орон нутаг руу зорчих боломжгүй байсан талаар тайлбарлаж хүргүүлсэн билээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тодорхойлсноор Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг нотолж байна.

Цаг үеийн дээрх нөхцөл байдлыг хариуцагч байгууллага хүлээн авахгүй, зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг баримталж бидний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

“Г.Ү г*** " ХХК нь ашигт малтмалын хайгуулын 1***5Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй тухайгаа тайлбарлан дэлхий нийтээр тархаад буй Корона вируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас тус компанийн төлөөлөл, захирал С.Т*** нь орон нутаг руу зорчих боломжгүй, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, орон нутагт зорчих хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.5-д заасныг тус тус зөрчин тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дээрх шийдвэр нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын 1***5Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Г.Ү г*** " ХХК нь 2008 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. 2012 болон 2015 онуудад Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг тухай бүрд нь сэргээж байсан. Улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад өгөх ёстой байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хүсэлтэд хавсаргах баримтуудыг тус тус заасан. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд хавсаргах нотлох баримтуудаа өгөх боломжгүй нөхцөл байдалд байсан. Мөн нэхэмжлэгч компани цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдал сулрах хүртэлх хугацаанд  тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг өгөх хугацааг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг нэхэмжлэгч компаниас гаргасан. Ковид-19 цар тахлын үед нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал нь хөдөө орон нутагт зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 181 дүгээр тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар тогтоолоор тус тус бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн байсныг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын онцгой комиссоос уул уурхай газар тариалан эрхэлдэг хуулийн этгээдүүдэд нэг удаа зөвшөөрөл олгон хөдөө орон нутагт зорчуулж байсан. Иймд “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын 14*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хойшлуулах хүсэлт өгснийг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч даалгаж өгнө үү.гэв.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-т зааснаар Г.Ү г***  ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-*** 5 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Иймд төрийн захиргааны байгууллагын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т заасныг үндэслэн Ө*** аймгийн Т*** сумын нутагт байрлах С*** ам нэртэй 2136.11 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэжээ.

“Г.Ү г*** " ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бөгөөд уг өргөдлөө хугацаанд нь өгөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн дагуу ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болохыг мэдэж байсан. Энэ нь тус компаниас төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан албан бичгүүдээр нотлогдож байгаа болно. Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн ямар ч зүйл заалтыг зөрчөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна. гэв.

5. Шүүхээс иргэдийн төлөөлөгч О.П***-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг  оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчээс “... ашигт малтмалын хайгуулын XV-..... 5 дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй тухайгаа тайлбарлан дэлхий нийтээр тархаад буй Коронавируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас орон нутаг руу зорчих боломжгүй, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, орон нутагт зорчих хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн ...” гэж, хариуцагчаас “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-д зааснаар “Г.Ү г*** " ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй” гэж маргажээ.

3.Үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон Ашигт малтмалын хайгуулын 1***5Х дугаартай тусгай зөвшөөрөлтэйгөөр Ө*** аймгийн Т*** сумын нутаг дэвсгэрт “С*** ам” гэх нэртэй газарт 2446.96 гектар талбайг 3 жилийн хугацаатайгаар анх эзэмшиж байжээ.

3.2. Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

3.3. Нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах тухай өргөдлөө хариуцагч байгууллагад гаргахаар байжээ.

3.4. Нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлт гаргах нь” 01 дүгээр албан бичгээр “... “Г.Ү г*** " ХХК нь Ө*** аймгийн Т*** сумын “С*** ам” нэртэй газарт 2446.96 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд 2008 оноос хойш ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн.

Дэлхий нийтээр тархаад байгаа шинэ төрлийн корона вируст буюу COVID-19 цар тахлаас болж сүүлийн 2 жил хөрөнгө оруулалт хийх гадаадын иргэд, аж ахуй нэгж байгууллага Монгол Улсын хил хаалттай учир ирж чадаагүй. Мөн орон нутаг руу зорчих боломжгүй байгаа тул Улсын онцгой комиссоос зарласан бүх нийтийн бэлэн байдлын зэрэг сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг хойшлуулж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст гаргажээ.

3.5. Дээрх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/206 дугаар албан бичгээр “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах хариуг хүргүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана.” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргаагүй дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд танай хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах эрх зүйн боломжгүйг үүргээр мэдэгдье.” гэх хариуг өгчээ.

3.6. Нэхэмжлэгч нь мөн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/21 дүгээр албан бичгээр “... Бид “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хүлээж авсан өдрөө Ашигт малтмал, газрын тосны газарт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлөө өгсөн боловч тус газрын Кадастрын хэлтэс бидний өргөдлийг хүлээж аваагүй.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосноос болж бид гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болно.

Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас болж хөрөнгө оруулалт, орон нутагт хийгдэх ажлууд бүгд зогссон зэрэг онцгой нөхцөлийг харгалзан үзэж манай компанийн 1***5Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргажээ.

3.7. Дээрх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/1416 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах тухай танай компанийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот хүсэлтийг хүлээн авч судлан үзээд холбогдох хариуг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/206 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Ө*** аймгийн Т*** сумын “С*** ам” нэртэй 2136.11 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна.” гэх хариуг мөн өгсөн байна.

3.8. Ө*** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр албан бичигт “... Тус аймгийн Т*** сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-***5 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г.Ү г*** " ХХК-ийн 2021 оны батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө манай газарт байхгүй байгаа болно”, Ө*** аймгийн Т*** сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/61 дүгээр албан бичигт “Манай байгууллагын 2021 оны архивын баримтад “Г.Ү г*** " ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталсан баримт байхгүй болно.”, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8/3264 дугаартай албан бичигт “... “Г.Ү г*** " ХХК нь 2019-2021 оны хугацаанд өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-***5 дугаартай тусгай зөвшөөрлийн тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад ирүүлэн хянуулж, баталгаажуулж байгаагүй байна. ...” гэж тус тус дурджээ.

3.9. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж батлуулаагүй, тусгай зөвшөөрлийн тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хянуулж, баталгаажуулаагүй байна гэж үзэхээр байна.

4. Маргаан бүхий үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд;

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 22 дугаар зүйл.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”, 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1.“хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2.“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3.“байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.”хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заажээ.

4.2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, өргөдөлдөө холбогдох баримтууд болох тусгай зөвшөөрлийн хуулбар, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтууд, хайгуулын ажил гүйцэтгэсэн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт, ажил гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг хавсаргахаар байна.

4.3.Хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.“Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заажээ.

4.4.Хуулийн дээрх заалтаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэл хийхээр байна.     

4.5. Мөн хуулийн 53 дугаар зүйл. “Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл”, 53.1.“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1.“тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж заажээ.

4.6. Дээрхээс үзвэл, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байна.

4.7. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК нь одоог хүртэлх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй, тусгай зөвшөөрлийн тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хянуулж, баталгаажуулаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна.

4.8. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийг 22.1.1-22.1.4-д заасан баримт бичгийн хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх хуулийн зохицуулалттай бөгөөд “Г.Ү г*** " ХХК ямар нэгэн байдлаар тухайлбал, шуудангаар баримт материалаа хүргүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй өөрийнх нь эс үйлдэл байна.

4.9. Хуульд зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд уг хугацааг сунгах эрхтэй байх бөгөөд харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх хуулиар хариуцагчид олгогдоогүй байна.

4.10. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд төрийн захиргааны байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх, тэмцэх зорилгоор хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, шуурхай, ил тод, хариуцлагатай байх, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах, ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зарчмын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсноос бус иргэн, хуулийн этгээдэд аливаа хэлбэрээр давуу эрх олгох, хуульд заасан бүрэн эрхээс хэтрүүлэн шийдвэр гаргах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байх тул нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК-аас гаргасан “тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг хойшлуулах тухай” хүсэлтийг хариуцагч хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй юм.

4.11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хуульд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах талаар зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-1447**** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах хүсэлт өгснийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

4.12. Шүүхээс иргэдийн төлөөлөгч О.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг  оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.13. Харин нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.Ү г*** " ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “... “Г.Ү г*** " ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-1447**** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах хүсэлт өгснийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10020070*** дугаартай данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ

                                      ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ                        

      ШҮҮГЧ                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ