Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,  

Шүүгдэгч Т.Б,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Т-ийн Б-т холбогдох 2428000000027 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:    

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Т.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагаан булаг хорооллын Өвсний фонд гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед иргэн Р.М-тай маргалдан хөл рүү нь өшиглөж, биед нь баруун  талын шаант ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг болсон өдрийн урд өдөр 5 гар тоглоё гээд дуудсан. Архи уусан. Тоглож дуусахад машин хүрээд ирсэн. Хамт байсан ах дэлгүүр ороод ирье гэж хэлсэн. Явж ирээд унтаад өглөө босоод ирэхэд утас байхгүй байсан. Тэгээд утас яасан бэ? гэхэд машинд үлдээсэн байх гэж хэлсэн. М-ын гэр рүү нь очиж үзэхэд гэртээ байхгүй байсан. Өөр айлд архи ууж байна гэхээр нь явж очоод ахаа машинд нь утсаа үлдээсэн байна уу? харчихъя гэхэд би чиний утсыг авах юм уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь өөр утсаар залгаад сонсогдохгүй байхаар нь байхгүй юм шиг байна гэхэд би чиний утсыг авах юм уу? пизда минь гээд намайг нэг цохисон. Миний архи гараагүй байсан учраас  заамдаж гаргаж ирээд хавирсан. Тэгэхэд хөл хугарчихлаа гэж хэлсэн. Нэг ахаар жолоогоо бариулаад би айл руу орж хувцсаа солиод гараад ирэхэд явсан байсан гэв.    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Отгоо гэх таньдаг хүнийхээ гэрт очсон. Тэнд 5-6 хүн байсан. Тэдний нэг нь Б гэх залуу, тэгээд би тэр хүмүүстэй нийлж 2 ширхэг 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Архиа ууж байхдаа О-ийн гэрийн хойно гэр нь байдаг Мэ гэх найзыгаа дуудаад өөрийн машинаа өгөөд манай гэрт хүргээд өгчих гээд Мэт машинаа өгөөд гэр рүүгээ явуулсан. Тэгээд О-ийнд байсан хүмүүстэй би архиа ууж дуусчихаад байж байтал манай эхнэр ирээд намайг аваад явсан. Би гэрээсээ мөнгө аваад дэлгүүр ороод 500 граммын Хараа нэртэй архи аваад Ц /М байх аа одоо цагдаагийн газарт баривчилгаанд байгаа/-ийн гэрт очоод М-ийн дүүтэй хувааж ууж байхад араас Б /хоч нь Мундаг/, У /хоч нь Д-ийн У/, А гэх хүмүүс ирээд Б нь намайг М-ийн гэрт байж байтал миний утсыг хулгайлчихлаа гээд Мийн гэрээс авч гараад хөл рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хөл хугарчихлаа гэхэд тоохгүй байсан. Тэр хэд машиндаа суугаад явсны дараа би найзыгаа дуудаад эхнэрээ дуудаад эмнэлэг явсан. Тэгээд хөл хугарсан талаараа Б-т хэлэхэд зохицъё гэж хэлсэн. Б надад эмнэлгийн зардал, эмийн зардал, банкны төлбөр гээд нийт 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь би ажлаа хийж чадахгүй байгаагийн хохирол гээд 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг нь Б надад өгнө гэж хэлсэн. Б одоо мөнгөгүй болчихсон байгаа. Намайг очиж уулзахад согтуу байсан. Тэгээд явдаг газраар нь явъя даа гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Б нь миний эмчилгээний зардал гээд нийт 2,500,000 төгрөгийг өгсөн. Тэр нь эмнэлгийн зардал, эмийн мөнгө, банкны лизингийн мөнгө зэрэг нийт төлбөрийг барагдуулсан. Миний бие ажлаа хийж чадахгүй байгаа. Тэрнийхээ зардлыг 3,500,000 төгрөгөөр тооцож байгаа. Б-т хэлэхэд өгнө гэж хэлж байсан, тэгээд Б өгөхгүй байна. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаагийн хохирол 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр хохирол байхгүй.” /хавтаст хэргийн 15-21 дэх тал/

Гэрч М.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр 11-12 цагийн хооронд байх Р.М над руу залгаад миний машиныг ирээд авчих, тэгээд гэрт хүргээд гэрээс очоод манай эхнэрийг дагуулаад ир гэхээр нь би манай гэрийн урд Р.М-ын байсан гэрт очоод М-ын цагаан өнгийн “Бонго 3” загварын машиныг аваад тэжээлийн боомтын баруун талд байх гэрт нь очоод машиныг эхнэрт өгсөн. Тэндээсээ Р.М-ын эхнэртэй хамт буцаад явсан. Би гэртээ бууж үлдсэн. Р.М-ын машин дотор 2 гар утас байсан. Нэг шар өнгийн тагтай “Нокиа”, нэг нь мэдрэгчтэй хар өнгийн гар утас байхаар нь би машиных нь түлхүүртэй хамт тэр хоёр гар утсыг Р.М-ын эхнэрт нь өгсөн. Би тэр утаснуудыг хэний утас болох талаар мэдэхгүй байсан.” /хавтаст хэргийн 22-25 дахь тал/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Р.М бид хоёр хамт Портерийн зогсоол дээр машинтайгаа зогсож ачаа ачих хувийн ажил хийдэг. Цалин хөлсний хувьд өдөрт 80,000 төгрөгөөс дээшээ байдаг. Нүүрс нэг удаа ачихад 1 тонн нь 40,000 төгрөг, 2 тонн 80,000 төгрөг болдог. Өдөрт нүүрсийг нэгээс хоёрын хооронд ачиж зөөдөг. Харин хог ачвал нэг айлаас 60,000 төгрөгөөр ачдаг. Түлшний үнэ ихсэх тусам ачаа тээврийн үнэ дагаж өсдөг. Зун ногоо тарьдаг, өөрийн гэсэн үхэртэй. Хэдэн тооны үхэр байдаг талаар би мэдэхгүй. Өөр ажил хийдэггүй. М-ын биед гэмтэл байдаггүй байсан байсан. Сүүлд хөлөө хүнд цохиулаад хугалуулсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 26-29 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Р.М-ын биед баруун талын шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнээс 3,500,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэмшиж байна, нааштайгаар шийдэж өгнө үү, хохирол төлнө гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булаг хорооллын Өвсний фонд гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед иргэн Р.М-тай маргалдан хөл рүү нь өшиглөж, биед нь баруун  талын шаант ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-21 дэх тал/, гэрч М.Мэ-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дахь тал/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-29 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-ын эрүүл мэндэд баруун талын шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Б-ын зүгээс хохирогчийг өшиглөөгүй, хавираад унагаасан гэх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М “...Б нь намайг М-ийн гэрт байж байтал миний утсыг хулгайлчихлаа гээд М-ийн гэрээс авч гараад хөл рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хөл хугарчихлаа гэхэд тоохгүй байсан.” /хавтаст хэргийн 12-21 дэх тал/, гэрч Б.М “...М-ын биед гэмтэл байдаггүй байсан байсан. Сүүлд хөлөө хүнд цохиулаад хугалуулсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 26-29 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Т.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-ын эрүүл мэндэд баруун талын шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Б нь миний эмчилгээний зардал гээд нийт 2,500,000 төгрөгийг өгсөн. Тэр нь эмнэлгийн зардал, эмийн мөнгө, банкны лизингийн мөнгө зэрэг нийт төлбөрийг барагдуулсан. Миний бие ажлаа хийж чадахгүй байгаа. Тэрнийхээ зардлыг 3,500,000 төгрөгөөр тооцож байгаа. Б-т хэлэхэд өгнө гэж хэлж байсан, тэгээд Б өгөхгүй байна. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаагийн хохирол 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр хохирол байхгүй.” /хавтаст хэргийн 12-21 дэх тал/ гэж мэдүүлсэн болно.

Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин 3,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан нөхөн төлөхөө илэрхийлсэн ба энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч Т.Б-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-т олгохоор шийдвэрлэв.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд ээж нас бараад 4 жил болж байна, аав бага байхаас байгаагүй, манай 2 дүүгийн эцэг нь Солонгос улсад байж байгаад нас барсан гэж сонссон,  эгчийн хүүхэд болон өөрийн төрсөн 2 дүүгээ асарч хамгаалдаг байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье. Би энэ сарын 25-наас “Ноёны теран энержи” ХХК-д сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажилд орохоор болсон тул торгох ялыг биелүүлэх боломжтой, харин уг ялыг 5 сарын хугацаанд төлмөөр байна гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажилд орохоор болсон гэх тайлбар, дүү нараа асарч хамгаалдаг хувийн байдал, бага насны хүүхдүүдийн язгуур эрхийг тус тус харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-т 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Т овгийн Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-аас 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-т олгосугай.        

6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.М-т 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ