Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ц.Б,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, О овогт Э.А нарт холбогдох

“ 5,974,580 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Ц.Б, хариуцагч Э.А /онлайн/, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар К банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. К банк ХХК нь өөрийн өмчлөлийн Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 108 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Э.А болон түүний эхнэр Ц.Б нарт амьдрах зориулалтаар сарын төлбөр 300,000 төгрөг / гурван зуун мянган/ төгрөг байхаар харилцан тохиролцож, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №ЗҮ/04/БЭХА-109 дугаартай  “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Гэвч иргэн Э.А болон Ц.Б нар нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр болох 3,900,000 /гурван сая есөн зуун мянган/  төгрөгийг төлөөгүй нь талуудын хооронд байгуулсан №ЗҮ/04/БЭХА-109 дүгээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2 “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж заасан үүргийг удаа зөрчсөн тул гэрээг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн. Мөн орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Түрээсийн төлбөрт халаалт, халуун, цэвэр, бохир ус болон ариутгал, хог, утсан холбоо, тог цахилгаан зэрэг ашиглалтын бусад төлбөрүүд багтахгүй бөгөөд түрээслэгч хариуцна” гэж заасны дагуу тухайн орон сууцны ашиглалтын зардал, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөх үүргийг тус тус хөлслөгч хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн зэргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс түрээсийн төлбөр болон бусад ашиглалтын зарлагыг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан ба 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1595 дугаар, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2370 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч Э.А болон Ц.Б нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 2020 оны 07 дугаар сарын 31-нд 2370 дугаар мэдэгдлийг эхнэр Ц.Б нь хүлээн авч төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байсан болно. Иймд Э.А, Ц.Б нараас орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээсийн төлбөрт 3,900,00 төгрөг, алданги 1,950,000 төгрөг, орон сууцны усны төлбөр 124,580 төгрөг нийт 5,974,580 / таван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун наян/ төгрөгийг гаргуулан  К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “...К банк ХХК нь өөрийн өмчлөлийн Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 108 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Э.А болон түүний эхнэр Ц.Б нарт амьдрах зориулалтаар сарын төлбөр 300,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Э.А, Ц.Б нар нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл түрээсийн төлбөр болох 3,900,000 төгрөгийг төлөөгүй. Мөн орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Түрээсийн төлбөрт халаалт, халуун, цэвэр, бохир ус болон ариутгал, хог, утсан холбоо, тог цахилгаан зэрэг ашиглалтын бусад төлбөрүүд багтахгүй бөгөөд түрээслэгч хариуцна” гэж заасны дагуу тухайн орон сууцны ашиглалтын зардал, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөх үүргийг тус тус хөлслөгч хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс түрээсийн төлбөр болон бусад ашиглалтын зарлагыг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан, мэдэгдлийг эхнэр Ц.Б нь хүлээн авч төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Иймд Э.А, Ц.Б нараас орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээсийн төлбөрт 3,900,00 төгрөг, алданги 1,950,000 төгрөг нийт 5,850,000 төгрөгийг гаргуулан К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү... ашиглалтын зардал 124,580 төгрөгийг төлсөн байсан учраас татгалзаж байна. 08 сарын 30, 31-нд байраа хүлээлгэж өгсөн...” гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд:: “... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Ц.Б нь К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 5,974,580 төгрөгийн 124,080 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 5,850,000 төгрөгийг бага багаар төлж барагдуулъя гэдгээ К банкны төлөөлөгчтэй ярьсан. Байрнаас 2020 оны 07 сард гарсан, хүлээлгэж өгөөгүй олон хоносон, цэвэрлэж янзлаад 2020 оны 08 сарын 20-д гаргаад хүлээлгэж өгсөн...” гэв.

Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...Миний бие нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болно. Хорих ялаар шийтгэгдэхээс өмнө гэр бүлийн хамт амьдарч байсан орон сууцыг түрээсийн хэлбэрээр, сард /300,000/ төгрөгөөр хөлсөлж суудаг байсан. Улмаар байрны түрээсээ төлж чадахгүй хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээг цуцалж шүүхээр нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн мөнгөн дүн дээрх 11 сарын халаалт усны төлбөр болох мөнгийг төлсөн байхад нэхэмжилсэн тул уг мөнгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасна уу. К банкны эрх хүлээн авагч байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авч хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэвч миний бие Г аймаг дахь ШШГЕГ-ын харьяа ... дугаар хорих ангид хоригдож байгаа тул ойрын хугацаанд хохирол төлбөрийг барагдуулах  боломжгүй байна. Хорих ялыг эдэлж дууссаны дараа  ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулах болно... Гэрээг би байгуулсан байхад эхнэрийг хариуцагчаар оруулж ирсэнд гайхаад байна. Би төлөх ёстой, эхнэр төлөх ёсгүй...” гэв

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Э.А, Ц.Б нарт холбогдуулан 5,974,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 124,580 төгрөгийн хэсгээс татгалзаж, 5,850,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, харин хариуцагч Э.А нь “...гэрээг би байгуулсан учраас Ц.Б төлөх ёсгүй...” гэж маргасан.

Хариуцагч Э.А нь К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай К банкны өмч болох Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 108 м.кв талбай бүхий орон сууцыг сарын 300,000 төгрөгөөр, 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай  амьдрах зориулалтаар харилцан тохиролцож, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №ЗҮ/04/БЭХА-109 дугаартай орон сууц түрээслэх гэрээг байгуулсан байна.

К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.А болон түүний гэр бүлийн эзэмшилд Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 108 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн, Э.А болон түүний гэр бүл 2020 оны 07 сар хүртэл амьдарч, 08 сарын сүүлээр орон сууцыг хүлээлгэж өгсөн, амьдрах хугацаандаа гэрээний дагуу тохирсон хөлсийг төлөөгүй үйл баримт болсон бөгөөд уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй  байна.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж,  232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна...” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Зохигчид орон сууц түрээслэх гэрээнийхээ 7.2-т “түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө” гэж тохиролцож гэрээгээ байгуулсан тул гэрээний дагуу хариуцагч Э.А нь алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу хөлс, алдангиа шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч Э.А нь “гэрээг би байгуулсан учраас эхнэр Ц.Б төлөх ёсгүй” гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.4-т “Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны  дагуу хариуцагч Ц.Б нь гэрээ байгуулаагүй боловч хөлс төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Э.А, Ц.Б нараас 5,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.А, Ц.Б нараас 5,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Э.А, Ц.Б нараас 108,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.Н