Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/00063

 

Ш ХХК, А.Х нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00398 дугаар магадлалтай,

Ш ХХК, А.Х нарын нэхэмжлэлтэй,

О ХХК, С.Т нарт холбогдох  

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, арилжааны болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, анзын төлбөрт 109,044,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Од, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ш ХХК, А.Х нар нь хариуцагч О ХХК, С.Т нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, анзын төлбөрт 109,044,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн, гуравдагч этгээд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж маргажээ.  

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ш ХХК, А.Х нарт шилжүүлэхийг хариуцагч С.Тт даалгаж, хариуцагч О ХХК-аас 109,044,000 төгрөг гаргуулах Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан үндэслэлгүй тул 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг С.Т, О ХХК нараас шаардсан В ХХК, Ц.Э нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,207,020 төгрөгөөс 1,657,950 төгрөгийг, гуравдагч этгээд ВХХК, Ц.Э нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд В ХК, Ц.Э нараас дутуу төлсөн 1,087,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, улсын төсвийн орлогоос 1,845,900 төгрөгийг, мөн хариуцагч О ХХК, С.Т нараас 1,657,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК, А.Х нарт олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00398 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-аас 210,517,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 673 дугаарттай арилжааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Нийслэлийн дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О ХХК болон А.Х нарт холбогдох Нийслэлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 4,207,020 төгрөг, гуравдагч этгээдүүдийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,210,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.17-ны өдрийн 210/МА2023/00389 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг болон шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч нар буюу Ш ХХК нь О ХХК-тай 2021.06.08-ны өдөр байгуулсан 021 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу хариуцагч С.Тийн өмчлөлд шилжүүлсэн 4 өрөө орон сууцыг иргэн А.Хы өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч С.Ттэй 2021.06.08-ны өдөр байгуулсан 0626 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021.06.11-ний өдөр байгуулсан 0673 бүртгэлийн дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өөрийн өмчлөлд байсан 4 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг С.Тт даалгах гэсэн шаардлага гаргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх энэ хоёр шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 180,159,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж шаардаагүй зүйлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 180,159,000 төгрөгийг шаардсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталж болохгүй. Магадлалын үндэслэлийн 4 дэх хэсэгт гэрээ дуусгавар болох нь нэг удаагийн үйлдлээр гүйцэтгэж дуусгавар болох шинжтэй үүрэг үүсэх гэрээний хувьд гэрээнээс татгалзах гэсэн агуулгаар, урт хугацаанд үргэлжлэх гэрээний хувьд гэрээг цуцлах гэсэн агуулгаар тус тус илэрхийлэгддэг. Талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хувьд хариуцагч О ХХК бетон зуурмаг нийлүүлэх үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон байх ба нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс 683 м.куб бетон зуурмаг нийлүүлжээ. Гэрээ цаашид үргэлжлэхгүй болоход хариуцагчийн өмнө гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлоо алдахгүй тул гэрээг цуцлах гэсэн агуулгаар гэрээний харилцаа дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах нь үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэдэг тул талууд гэрээгээр авсан зүйлээ аливаа хэлбэрээр харилцан буцаан өгдөггүй. гэж тайлбарлан нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй харин гэрээг цуцлах эрхтэй тул гүйцэтгээгүй үүрэг 180,159,000 төгрөгийг гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хуулийг зөрүүтэй хэрэглэжээ. Анхан шатны шүүх 109,044,000 төгрөгийн анзыг гэрээнээс татгалзаж дуусгавар болсон гэрээний үүргээс анз шаардах эрхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүх анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг 60,716,000 төгрөгийн 50 хувь буюу 30,358,000 төгрөгийн анзыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэр нь үндэслэлгүй буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцалсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог. Тодруулж хэлбэл, анз гаргуулах тухай асуудал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдах ёстой асуудал юм. Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээнээс татгалзаад дараа нь анз шаардаж байна уу аль эсвэл шүүхэд гэрээнээс татгалзах шаардлага гаргаж, анз шаардсан уу гэдэг асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө татгалзсан бол тухайн өдрөөр, харин шүүхэд татгалзах шаардлага гаргасан бол гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд гэрээний үүрэг буюу анзыг гаргуулах нь зүйтэй байсан. Гэрээнээс татгалзах тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн: 2021.06.08-ны өдөр О ХХК-тай байгуулсан 021 дугаартай гэрээний 5.2-т Нийлүүлэгч тал бетон зуурмагийн захиалгыг тохиролцсон хугацаанаас 3 цагаас дээш хугацаагаар хүлээлгэх /саатуулах/ тохиолдолд тухайн өдөрт захиалсан бетоны хэмжээгээр хүлээлгэсэн 1 цаг тутамд 1 м.куб бүрд 18,000 төгрөгийн төлбөр төлнө мөн гэрээний 6.6-д Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан байхад зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг буюу 353 м.куб бетоны үнэ 60,716,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тал хувь буюу 30,358,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэрээний 5.2 дугаар зүйлд анз гаргуулахаар урьдчилан тодорхой хэмжээгээр заасан байхад яагаад гүйцэтгээгүй үүргийн тавин хувийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв шүүх энэ шаардлагыг хангах бол гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан буюу тохиролцсон хугацаанаас 3 цагаас дээш хугацаагаар хүлээлгэсэн, саатуулсан тохиолдолд тухайн өдөрт захиалсан бетоны хэмжээгээр хүлээлгэсэн 1 цаг тутамд 1 м.куб бүрд 18,000 төгрөгөөр тооцох нь зөв.

Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн: Магадлалд заасан үндэслэл хэсгийн 4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болох нь нэг удаагийн үйлдлээр гүйцэтгэж дуусгавар болох шинжтэй үүрэг үүсэх гэрээний хувьд гэрээнээс татгалзах гэсэн агуулгаар, урт хугацаанд үргэлжлэх гэрээний хувьд гэрээг цуцлах гэсэн агуулгаар тус тус илэрхийлэгддэг. Талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хувьд хариуцагч О ХХК бетон зуурмаг нийлүүлэх үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон байх ба нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс 683 м.куб бетон зуурмаг нийлүүлжээ. Гэрээ цаашид үргэлжлэхгүй болоход хариуцагчийн өмнө гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлоо алдахгүй тул гэрээг цуцлах гэсэн агуулгаар гэрээний харилцаа дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах нь үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэдэг тул талууд гэрээгээр авсан зүйлээ аливаа хэлбэрээр харилцан буцаан өгдөггүй. хэмээн дүгнэн Улсын дээд шүүхээс албан ёсоор гаргасан 2016.09.05-ны өдрийн 3 дугаартай "Монгол улсын дээд шүүхийн зөвлөмж-өөс илт зөрүүтэй буюу өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээнээс татгалзах тухай ойлголт нь авсан, өгсөн зүйлээ харилцан буцаан өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлогдох бөгөөд энэ хэргийн хувьд шилжүүлэн өгсөн орон сууцыг ИХШХШТХ-ийн 69-р зүйлд заасны дагуу захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь авсан, өгсөн зүйлээ харилцан буцаан өгөх боломжтой гэж үзнэ. Харин хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь үйлдвэрээс гарсан даруйдаа буюу хэдэн цагийн дотор хэрэглэх боломжтой байдаг тул бетоны үнийг төлөх замаар буцаан өгөх боломжийг хуулиар зохицуулсан. Иймд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш ХХК нь О ХХК-тай 2021.06.08-ны өдөр байгуулсан 021 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу хариуцагч С.Тийн өмчлөлд шилжүүлсэн Хан-Уул дүүрэг  4 өрөө орон сууцыг иргэн А.Хы өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, анз гаргуулах тухай 109,044,000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаас 54,522,000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00352 тогтоолоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгч Ш ХХК болон А.Х нар нь хариуцагч О ХХК болон С.Т нарт холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 4 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах болон арилжааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анз 109,044,000 төгрөг гаргуулахаар шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн, хариуцагч О ХХК болон С.Т, гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, гуравдагч этгээд В ХХК болон Ц.Э нар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гарган маргажээ.  

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ш ХХК, А.Х нарт шилжүүлэхийг хариуцагч С.Тт даалгаж, О ХХК-аас 109,044,000 төгрөгийн анз гаргуулах Ш ХХК-ийн шаардлага болон В ХХК, Ц.Э нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч О ХХК-аас 210,517,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ болон арилжааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байна.  

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч О ХХК-ийн хооронд 2021.06.08-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-гээр нийлүүлэгч О ХХК нь нийт М250 маркаар 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч Ш ХХК нь нийлүүлэгч талд зуурмагийн нийт үнэ болох 206,400,000 төгрөгт 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 300,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, төлбөрийн зөрүү болох 93,600,000 төгрөгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 2,000,000 төгрөг, З ХХК-д төлөх 91,600,000 төгрөгийн үүргийг О ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчид 117,841,000 төгрөгийн 683 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. 

Түүнчлэн В ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.08.22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, С.Т, Ц.Э нарын хооронд байгуулагдсан 2021.07.31-ний өдрийн арилжааны гэрээ тус тус авагдсан ба худалдагч В ХХК нь миксер төрлийн тусгай зориулалтын Zoomlion маркийн ZLJ5257 загварын 6 ширхэг тээврийн хэрэгслийг худалдахаар, худалдан авагч О ХХК нь тээврийн хэрэгслүүдийн төлбөрт маргааны зүйл болж буй орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. 

9. Нэхэмжлэгч нар ...хариуцагч компани...зуурмаг нийлүүлэх гэрээнд заасан графикийн дагуу нийлүүлдэггүй хугацаа хоцроодог байсан, ...1200 м3 зуурмагаас 683 м3-ыг нийлүүлсэн, үлдэх хэсгийг нийлүүлээгүй, улмаар З ХХК-д төлөх 91,600,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, зуурмагийн төлбөрт тооцож шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулна гэж шаардлагынхаа үндэслэлээ тайлбарласан, харин А.Х С.Т нарын хооронд байгуулагдсан 2021.06.1-ний өдрийн Арилжааны гэрээ, 2021.06.08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн орон сууцыг А.Хы өмчлөлд шилжүүлэх үндэслэлтэй гэж, хариуцагч нь зуурмаг нийлүүлэх үүргээ зөрчсөн тул гэрээний 5.2-т зааснаар нэмэгдүүлсэн шаардлага болох 109,044,000 төгрөгийн анз гаргуулна гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлажээ.  

10. Хариуцагч О ХХК нь ...Ш ХХК-ийг гэрээнээс татгалзах үндэслэлгүй, зуурмагийн 60 орчим хувийг нийлүүлсэн, ... дараа авна гэсэн зуурмагаа талбай байхгүй гээд аваагүй, ... З ХХК-д төлөх төлбөр бартерын зүйлийн хувьд тохиролцож чадахгүй байгаа, ...бетон зуурмагийг орон сууцаар арилжаалсан тул арилжааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч А.Хтай гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч С.Тийн хувьд, нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.  

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нар маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргаж, ...О ХХК-тай 2020.08.22-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авсан, ...битүүмж тавигдсан учраас улсын бүртгэлд бүртгүүлээгүй... гэж тайлбарласан байна.  

12. Давж заалдах шатны шүүх ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.  

...бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хувьд хариуцагч О ХХК үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон, нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс 683 м.кубыг нийлүүлжээ. Гэрээ цаашид үргэлжлэхгүй болоход хариуцагчийн өмнө гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлоо алдахгүй тул гэрээг цуцлах гэсэн агуулгаар гэрээний харилцаа дуусгавар болно. Иймд нэхэмжлэгч Ш ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй ба харин хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 180,159,000 төгрөгийг шаардах эрхтэй тул хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэг 180,159,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглээжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн 109,044,000 төгрөгийн анз гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаас 30,358,000 төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д нийцсэн гэж үзэхгүй.  

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч О ХХК-ийн хооронд 2021.06.08-ны өдөр байгуулагдсан 021 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний дагуу үүссэн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний үүрэг гэж дүгнэсэн нь зөв, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн, авсан зүйлээ буцаах үүрэгтэй гэж үзэхдээ хэргийн баримт, зохигчийн тайлбарыг хуульд зааснаар үнэлсэн байна.  

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч О ХХК нь нэхэмжлэгчид нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч 517 м.кубыг нийлүүлээгүй, З ХХК-д төлөх 91,600,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, 683 м.куб бетон зуурмагийг нийлүүлэхдээ графикт хугацаанаас хоцроодог байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.  

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч С.Тээс орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэхийг даалгасан боловч хариуцагчаас нэхэмжлэгчид нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 117,400,000 төгрөгийг шийдвэрлэлгүй орхисныг хяналтын шатны шүүхээс залруулна.  

Түүнчлэн хариуцагч О ХХК ....үлдэгдэл зуурмагийг нийлүүлэх гэтэл нэхэмжлэгч бетон зуурмаг авах захиалга өгөөгүй, барилгын ажлын үйл ажиллагаа нь зогссон, зуурмагийг авах талбай байхгүй гэж байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчөөгүй байна.  

14. 2021.06.08-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-гээр тохиролцсоноор маргааны зүйл болж буй орон сууцыг 300,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх үүргийн дагуу буюу энэ гэрээг үндэслэн А.Х, С.Т нарын хооронд 2021.06.08-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2021.06.11-ний өдөр арилжааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч А.Х нь Ш ХХК-ийн захирлын охин, хариуцагч С.Т нь О ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. 

15. Нэхэмжлэгч А.Х болон хариуцагч С.Т нарын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээ-ний үндэслэл болсон 2021.06.08-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-нээс нэхэмжлэгч Ш ХХК-ийг татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэсэн /энэ тогтоолын 13/ тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн хариу төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн А.Х орон сууцаа буцаан гаргуулахыг хариуцагчаас шаардах эрх хууль зүйн хувьд боломжтой учраас энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.  

Харин нэхэмжлэгч Ш ХХК-ийг тухайн орон сууцны хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан эрхтэй гэж үзэх баримтгүй байхад анхан шатны шүүх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ш ХХК-д шилжүүлэхийг хариуцагч С.Тт даалгаж шийдвэрлэсэн нь буруу тул хяналтын шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулна.  

16. Улсын бүртгэлийн баримтаар хариуцагч С.Т нь маргааны зүйл болж буй хөрөнгийн өмчлөгч мөн байх боловч А.Х, С.Т нарын хооронд байгуулагдсан 2021.06.08-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.  

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд байрны өмчлөлийг хуулийн этгээдийн нэр дээр бус харин иргэний нэр дээр бүртгүүлэх нь илүү хялбар гэсэн үндэслэлээр хариуцагч компанид ажилладаг С.Тийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээг хийсэн, түүнчлэн С.Т нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.  

Иймээс үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих үед хийгдэх хэлцлийн хувьд үүргийн болон өмчийн эрх зүйн ойлголт зэрэгцэн үүсдэг бөгөөд үүнийг хийсвэрлэх, тусгаарлах зарчмын хувьд С.Тийн өмчлөл Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хамгаалагдах боломжгүй юм.

17. Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нарын ....орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага болон нэхэмжлэгчийн 109,044,000 төгрөгийн анз гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байна.

18. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00398 дугаар  магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Хд шилжүүлэхийг хариуцагч С.Тт даалгаж, нэхэмжлэгч Ш ХХК-аас 117,400,000 төгрөгийг гаргуулан хариуцагч О ХХК-д олгуулж, хариуцагч О ХХК-аас 109,044,000 төгрөг гаргуулах Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,207,020 төгрөгөөс 1,657,950 төгрөгийг гэснийг ...нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,207,020 төгрөгөөс 2,361,120 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 2,108,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН