Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/00752

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2021        03        23  

                           184/ШШ2021/00752

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ц/-ийн

Хариуцагч:  Ц.Ц

Хариуцагч:  Б.Б нарт холбогдох  

            Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц, Б.Б нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.    

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Солонготуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч 3.Ц-ын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот амины орон сууцыг эхнэр Б.Буянжаргалын хамт утсаар холбогдон ирж үзэж танай хаусыг авъя хэмээн хоорондоо ярилцаад 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, төлбөрийн нөхцөлийг зээлээр төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5739041373 тоот дансанд хийж, үлдэгдэл 245.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан. Гэтэл тухайн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнд заасны дагуу урьдчилгаа 5.000.000 төгрөг төлөхөөс 4.000.000 төгрөгийг төлөн үлдэгдэл 246.000.000 төгрөгийг төлөлгүй байсаар улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн хийж үлдэгдэл төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнд Б.Б-ын нөхөр Ц.Ц- гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Ц.Ц нь үлдэгдэл 246.000.000 төгрөгөө гэрээнд заасан хугацаандаа мөн л төлж барагдуулаагүй. Дахин 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-аас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Ц.Ц нь нийт 48.000.000 төгрөг төлсөн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлтөд үлдэгдэл төлбөрөө 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Хэрэв төлбөрөө төлж дуусгахгүй тохиолдолд гэрээг цуцлан худалдагч талд орон сууцыг саадгүй хүлээлгэн өгөхөөр, мөн гэрээний 4 дүгээр зүйлд хоногийн 0,1 хувийн алданги өдөр бүрээр тооцох буюу 174 хоногийн алдангид 34.800.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутган авч гэрээг цуцлан худалдан авагч нь уг орон сууцыг тухайн өдөр саадгүй чөлөөлж өгнө гэж гэрээнд тусгажээ. Гэтэл гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөлгүй хариуцагч Б.Буянжаргал, Ц.Ц нар нь анх гэрээ байгуулснаас хойш 27 сар буюу 2 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид энэ хоёр хүний үгэнд итгэн хохирохын дээдээр хохирч маш хүнд байдалд байна. Бид энэ 3 жилийн хугацаанд дээрх хариуцагчаас авах мөнгөө цаг тухайд нь авсан бол эргэлтэд оруулж өсгөх, орох оронтой, унах унаатай болох байлаа. Манай орон сууц шинж чанарын хувьд 3 давхар 5 өрөө 80 м.кв газартай 192 м.кв талбайтай хаус юм. Иймд хариуцагч Ц.Ц, Б.Б нартай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ. Анх 2016 онд Н.С миний бие нь хариуцагч Ц. Б.Б нартай уулзаж худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд үүний дараа хийсэн 2 гэрээг мөн миний бие хариуцагч нартай хийсэн байдаг. Бид бие биенээ маш сайн таних бөгөөд анх гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд миний зүгээс хариуцагч нарт бүх боломжийг олгосон. Анх гэрээ байгуулаад хариуцагч нараас 4 сая төгрөг авсан бөгөөд үүнээс хойш жилийн дараа 50.000.000 төгрөг авсан. 2 жилийн өмнө би энэ асуудлаа шүүхээр шийдье гэхэд Б.Б нь над руу яриад би авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, хэрвээ чи намайг шүүхэд өгөх юм бол би шууд шоронд орох гээд байна гээд уйлаад гуйгаад байсан болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Н.Буянжаргал надтай нэг ч удаа уулзъя гэж байгаагүй, дандаа мессеж бичдэг байсан. Нөхөр нь надтай уулздаг байсан. Би сүүлдээ гэрт нь очоод уулзах гээд очиход намайг цагдаад хэлж байсан. Банканд хандаад зээл аваад ингээд төлчихөө гэхээр миний саналыг хүлээж авдаггүй. Хариуцагч нар нь миний сэтгэл санаанд маш их хохирол учруулсан хэдий ч би хариуцагч нараас сэтгэл санааны хохирлоо шаардаагүй. Бид нар бүх тавилгаа гарааж түрээслээд тавьсан боловч ус алдаад бүх тавилга маань усанд норчихсон байсан. Гэсэн хэдий ч би тавилгынхаа мөнгийг нэхэмжлээгүй бөгөөд хариуцагч нарт олон удаа боломж олгож байхад мөнгөө төлөхгүй хүний байранд амьдарчхаад байрыг маань чөлөөлж өгөхгүй, утсаа ч авахгүй байгаа гэв.

Хариуцагч Ц.Ц, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь Ц.Цр, Б.Б бид нэхэмжлэгч З.Ц-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж,  Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт тавин дөрвөн сая төгрөг шилжүүлсэн байна. Бид орон сууцаа худалдаж авч байгаа учраас орон сууцыг засварлахад тавин сая орчим төгрөгийн урсгал болон их засварыг хийж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнийг банканд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авч зээл гаргуулж, зээлийн мөнгийг З.Цэ-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр аман тохиролцоотой байсан боловч банкнаас зээл судлагдаж зээлийн барьцаанд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл өгөхийг 3.Ц-с шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн худалдан авагч бид үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 54 сая төгрөг төлсөн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ц.Ц, Б.Б бидэнд шилжих эрх үүссэн боловч энэ худалдагч З.Цэрэннамжил үүргээ биелүүлээгүй бидний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг гаргах ёстой этгээд гаргасан уу. Нэхэмжлэлийг Ц.Ц, Б.Бнарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн  225, 264 дэх зүйлүүдийг үндэслэж байна. Гэхдээ гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан. Анх гэрээг хийхдээ талуудын хүсэл хүсэл зориг нь Иргэний хуулийн 39, 43 дугаар зүйлд заасан шаардлагад үндэслэдэг бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн нөхцөлүүдийн хувьд худалдагчийн зүгээс орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээд, өмчлөл шилжүүлсний дараа орон сууцыг барьцаан тавиад гэрээний үүргийг биелүүлнэ гэсэн тохиролцоотой байсан юм. Гэрээнээс татгалзах татгалзлын хувьд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 225 дугаар зүйл буюу гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар гаргасан. Гэтэл гэрээний нэг тал нь үүргээ биелүүлээгүй буюу анх гэрээ байгуулах талуудын хүсэл зоригийн хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Ц-ын нэр дээр шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй юм. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Ц.Ц, Б.Б гэсэн 2 хариуцагчтай явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батзолбоо гаргасан байдаг. н.Б нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 10 минутад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат н.Нарантуяагийн баталсан итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа дээрх итгэмжлэл дээр худалдан худалдан авах гэрээ хүчингүй болгуулах, орон сууц чөлөөлүүлэх гэж бичсэн байдаг. Гэтэл итгэмжлэл дээр бол Ц.Ц-ын нэхэмжлэлтэй Ц.Ц 46.810.000 төгрөг гаргуулах иргэний хэрэг нэхэмжлэгч талыг төлөөлөх гэж бичигдсэн байдаг. Тухайн итгэмжлэл дээр хариуцагч гэж ганц Ц.Ц-ыг бичсэн байхад н.Батзолбоо өөрт олгосон итгэмжлэлээсээ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрх хэмжээнээсээ давсан эрх эдэлж Ц.Ц Б.Б нарт холбогдуулан гэж нэхэмжлэл гаргасан байна. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэхдээ зөвхөн Ц.Ц-д холбогдох үүрэг гүйцэтгэх гэж бичсэн байдаг. Тэгэхээр Б.Б-д холбогдох хариуцагчаар оролцуулах, үүрэг гүйцэтгүүлэх харилцаа үүсээгүй нэхэмжлэлээр энэ хэрэг үүссэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд энэ нэхэмжлэлийг гаргаад явсан байна. Өөрөөр хэлбэл н.Б-д ганц Ц.Ц-д холбогдох нэхэмжлэлийг гаргах итгэмжлэл олгосон байхад Б.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаад, хэрэг үүсээд явж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэнэ гэж тодорхой хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг нэхэмжлэлийн хууль зүйн үндсэн шаардлага нь н.Б-д олгосон итгэмжлэл дээр зөвхөн Ц.Ц-т холбогдох хэрэгт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байхад хоёр хариуцагчид хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэл дээрээ 3 гэрээнээс татгалзаад, амины орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад анх иргэний хэрэг үүсэхдээ нэг хариуцагчтай байсан юм. Энэ чинь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хэрэг үүсэхдээ нэг хариуцагчтайгаар иргэний хэрэг үүссэн байгаа шүү. Нотлох баримт шинжлэн судлахад энэ нь өөрөө тодорхой болно. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангана гэв.

Хариуцагч Ц.Ц, Б.Бнар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ,,,, тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл нь Ц.Ц, Б.Б бид нэхэмжлэгч З.Ц-тай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 50 гаруй сая төгрөгийг З.Ц шилжүүлсэн. Бид орон сууцаа худалдаж авч байгаа учраас орон сууцыг засварлахад урсгал болон их засварыг хийж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнийг банканд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд зээл авч зээл гаргуулж, зээлийн мөнгийг З.Ц-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр аман тохиролцоотой байсан боловч банкнаас зээл судлагдаж зээлийн барьцаанд худалдаалж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл өгөхийг З.Цэрэннамжилаас шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн худалдан авагч бид үл хөдлөх эд хөрөнгийн хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ц.Ц-ийн нэр дээр шилжих эрх үүссэн боловч энэ худалдагч З.Цүүргээ биелүүлээгүй бидний эрхийг зөрчсөн. Мөн Ц.Ц, Б.Б бид хамтран амьдарснаас хойш нэхэмжлэлд дурдсан байрыг 2017 оны 06 сарын 16-ны өдөр худалдан авахаар тохиролцож Сонгиохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцанд амьдарсан хугацаанаас хойш охин Ц/, хүү Ц.И/, хүү Ц.Т/, хүү Ц.И нас/, охин Ц.И5 нас/ нар нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэгт явж байгаа. Нэхэмжлэгч З.Ц Өнөр хороолол 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцны гэрээнээс татгалзах нь эрхгүй бөгөөд Гэр бүлийн тухай. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцeд заасан хүүхдийн эрх"-ийг ноцтойгоор зөрчих, хүүхдийн ээнэгшиж дассан орчныг солих нь хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй эрсдэлтэй. Иймд тус амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын утга нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр худалдан авахдаа 50 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Орон сууцаа худалдан авахад, засварлахад, урсгал зардалд, хэвийн амьдрахад шаардагдах бүх засварыг хийсэн. Ийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасны дагуу хариуцагч нарыг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан орон сууцандаа урсгал болон их засварыг хийж үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн, банкнаас зээл авч, гэрээний үүргийг биелүүлэхээр аман тохиролцоо хийсэн, нэхэмжлэгч Э.Цгэрээний үүргээ биелүүлээгүй учир Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай дурджээ. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа хариуцагч Б.Б-тай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үнэ бүрэн төлөгдсөн нөхцөлд худалдагч худалдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээн бичгээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн билээ. Улмаар худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир харилцан тохиролцож, нэмэлт хугацаа тогтоон 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гэрээ байгуулан үнийг төлөх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон. Ийнхүү тогтоосон хугацаанд мөн л худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул дахин нэмэлт хугацаа тогтоон 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гэрээ байгуулан 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөр үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоон, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг цуцлан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно. Дээрх бичгээр байгуулсан гэрээнд талууд төлбөр бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд түүнээс өмнө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцсон зүйл байхгүй байхад амаар харилцан тохиролцсон гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн худалдан авсан эд хөрөнгөд урсгал болон их засвар хийж үнийг нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд худалдагчийн худалдсан орон сууц нь анхнаасаа их засвар хийх шаардлагагүй, шинээр засвар хийсэн, тавилга эд хогшил нь ч шинээрээ байхад, худалдан авагч нь дур мэдэн орон сууцны зохион байгуулалтыг өөрчлөн засвар хийж бидний тавилгыг гаражид хадгалан бороонд норгож гэмтээсэн билээ. Худалдан авагч нь анхнаасаа банкны зээлэнд уг орон сууцыг барьцаанд тавьж, зээл аван үнийг төлөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд худалдагчийн хувьд орон сууцны үнийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой. Мөн банкнаас зээлийн хорооны шийдвэр гарсан нөхцөлд өмчлөх эрхээ шилжүүлэх боломжтой талаар удаа дараа мэдэгдсээр байхад хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ амаар харилцан тохиролцсон мэтээр үндэслэлгүй зүйл бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ түүний гэр бүлийн 5-16 насны 5 хүүхэд уг орон сууцны ойр сургууль, цэцэрлэгт явдаг учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй тухай дурджээ. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд огт хамааралгүй тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарт орон сууцаа хүлээлгэж өгөхөөс яг нэг жилийн өмнө бүрэн засвар хийсэн байдаг. Хариуцагч нар ч анх орон сууцыг ирж үзэхдээ ихэд тааламжтай байсан. Талууд анх гэрээ байгуулахдаа орон сууцанд засвар хийсэн зардлыг худалдагч тал төлөхгүй гэдгийг амаар тохиролцоод, үүнийхээ дагуу гэрээн дээрээ тусгаж өсгөн байдаг. Хариуцагч нар ямар ч засвар хийх шаардлагагүй газар засвар хийсэн байж бид засвар хийсэн учир биднийг  өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Миний зүгээс хариуцагчийн яриад буй сөрөг нэхэмжлэл дээр тайлбар гаргахад хариуцагч нар нь зээл авах ямар ч нөхцөл, боломжгүй болчхоод зээлтэй холбоотой асуудал дээр ямар нэгэн идэвх санаачилга гаргахгүй байсан гэж харж байгаа. Мөн Б.Буянжаргал өөрийн ажилтай холбоотойгоор шүүх, цагдаагаар нэлээн явсан. Одоо хариуцагч нар нь ямар ч төлөх мөнгөгүй болчхоод хэргийг удаашруулж маргаан бүхий орон сууцанд байх сонирхолтой байгаа гэж харж байна. Гэрээн дээрээ худалдан авагч тал мөнгөө бүрэн төлж байж худалдагч өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж тодорхой заасан байхад 2016 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хариуцагч талаас надтай уулзсан ч удаа байгаагүй юм. Бидний зүгээс энэ хугацаанд хариуцагч нар дээр  очиж дарамт, шахалт учруулж, орон сууцнаас гар гэж шахаагүй юм. Хариуцагч нарын зүгээс 4 жилийн хугацаанд ямар ч мөнгөө өгөх сэтгэл гаргахгүй байгаа учир одоо орон сууцаа эргүүлж аваад 4 хүүхэдтэйгээ өөрсдөө амьдаръя гэсэн бодолтой байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                    Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч  З.Ц нь хариуцагч Ц.Ц, Б.Б нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнээс татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага болгон тодруулан өөрчилсөн, хариуцагч нар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан.

Хариуцагч Ц.Ц, Б.Б нар нь нэхэмжлэгчээс маргаж буй орон сууцыг 250.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч З.Цэрэннамжилд шилжүүлсэн, орон сууцыг хүлээн авсны дараа урсгал болон их засварыг хийж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн, үлдэгдэл үнийг өмчлөх эрхийн гэрчилгээг нэр шилжүүлсний дараа банканд зээлийн барьцаанд тавьж зээл авч төлөхөөр аман тохиролцоотой байсан, банкнаас зээл судлагдаж зээлийн барьцаанд барьцаалах зөвшөөрөл өгөхөөс нэхэмжлэгч тал татгалзсан үндэслэлээр 4 жил шахуу хугацаа өнгөрч өнөөдрийг хүрсэн, мөн тус орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдардаг, хүүхдүүд гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэгт явж байгаа тул гэрээнээс татгалзах эрхгүй, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчих, хүүхдийн ээнэгшиж дассан орчныг сольж эрхийг нь зөрчиж болзошгүй эрсдэлтэй учраас өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж, харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон үндэслэлтэй гэж маргажээ. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

,,,, хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 192 м.кв талбайтай, Ү-2201016511 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр З.Цэрэннамжил бүртгэгдэн 000244721 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон байна./ХХ-ийн 14 дүгээр тал/

Өмчлөгч З.Ц нь Б.Б дээрх маргаж буй орон сууцыг 80 м.кв талбайтай газрын хамт 250.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ,,,,өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5739041373 тоот дансаар, үлдсэн 245.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэн төлж барагдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон болох нь тэдний хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар баталгаажуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр тогтоогддог./ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

Зохигчид тус гэрээний үүрэгт 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 4.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 46.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг төлөгдсөн, 200.000.000 төгрөг төлөгдөөгүй талаар маргаагүй.

Зохигч талууд маргаж буй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ дутуу төлөгдсөн, түүнээс үүдэлтэй өмчлөх эрх шилжүүлж, гэрчилгээ гараагүй 4 жил орчим хугацаанд маргасан тул нэхэмжлэгч тал гэрээг цуцлах эрхтэй, хариуцагч тал өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж маргаж байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасны дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нарын эзэмшилд нэхэмжлэгч тал шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шинэ өмчлөгч Ц.Ц, Б.Б нарт шилжээгүй гэх үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа хэн аль нь гаргах эрхтэй байхаар, мөн зүйлийн 109.2-т үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр хуульчилсан байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнүүдэд өмчлөх эрхийг эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгахаас өмнө шилжүүлэн банкинд барьцаалах замаар зээл авсны дараа төлөхөөр тохиролцсон гэх тохиролцоо тогтоогдоогүй тул хариуцагч тал татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Харин талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой 1683 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т үнийг 2 хувааж урьдчилгаа 5.000.000 төгрөг болон 245.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихээр заасан төдийгүй мөн зүйлийн 112.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэжээ.

Иймээс нэхэмжлэгч талын 200.000.000 төгрөг төлөгдөөгүй 3 жил 7 сарын хугацаа болж байгаа гэх тайлбар болон хариуцагч талын 50.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл үнэ төлөгдөөгүй талаар талууд маргаагүй тул хариуцагч нарыг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй, харин нэхэмжлэгч талын үнэ төлөгдөөгүй үндэслэлээр гэрээ цуцлах эрхтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иргэний хуулийн Ерөнхий үндэслэлд заасан гэрээнээс татгалзах ерөнхий журам буюу Иргэний хуулийн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа мэдэгдэх, 205 дугаар зүйлийн 205.1-д аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх, 205.7-д гэрээний үүргийг биет байдлаар харилцан буцаах үүргийг гэрээний талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу З.Ц болон Ц.Ц нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” гэх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр үлдэгдэл үнэ 246.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар арын 01-ний өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон байх төдийгүй, З.Ц болон Ц.Ц нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт” гэх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн огноотой гэрээгээр үлдэгдэл 246.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон, төлөөгүй тохиолдолд 0,1 хувийн алданги төлөх болон орон сууц чөлөөлөх, гэрээ цуцлахаар тохиролцсон зэргээс үзвэл гэрээнээс татгалзах санал гаргаж хариуцагч талд мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна./Хавтаст хэргийн 9-11, 12-13 дугаар тал/

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар нэхэмжлэгч үнэ бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг цуцлах эрхтэй, гэрээ цуцалсантай холбогдуулан талууд гэрээний үүргийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх тухай тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч З.Цэрэннамжил нь С.Б-д 2019 оны 08 дугаар сарын 22, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, Н.С-д 2020 оны 08 дугаар сарын 29, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус 4 удаагийн итгэмжлэл олгосон, хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Н.С-д  2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлд тус үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт төлөөлөх бүрэн эрх олгосон байна.

Нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгч З.Цэрэннамжилын  төлөөлөгч С.Б болон Н.С нарт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах үндэслэлгүй юм. 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг амаар олгож болохоор заасан төдийгүй Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсөн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар заасан учраас тус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн төлөөлөгч Н.С-д олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээс эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон учраас бүрэн эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна, өөрөөр хэлбэл З.Цбүрэн эрхээ хожим итгэмжлэлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна./ХХ-ийн 5, 37, 38, 41, 152, 160 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1383 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг тус тус цуцалж, ,,,,,тоот хаягт байршилтай орон сууц болон 80 м.кв талбай бүхий газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч З.Ц-аас 50.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Ц, Б.Бнарт буцаан олгож, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан нэгэн зэрэг гүйцэтгэхийг зохигч талуудад даалган шийдвэрлэж, Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1-т заасан маргаан бүхий хөрөнгийн үнэ бүрэн төлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй урчаас хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв. 

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ,,,,, дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ,,,,,,-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-нүүдийг тус тус цуцалж, З.Ц-ын өмчлөлийн ,,,,,, тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон 80 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ц.Ц, Б.Б нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч З-аас 50.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Ц, Б.Б нарт буцаан олгож, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан нэгэн зэрэг гүйцэтгэхийг зохигч талуудад даалгасугай.

2.Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.2-т заасан үнэ бүрэн төлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч З.Цэрэннамжилд холбогдох хариуцагч Ц.Ц, Б.Б нарын ,,,,,, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийг шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц, Б.Б нараас 210.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цэрэннамжилд олгож, хариуцагч Ц, Б.Б нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаж гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАЯРМАА