| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
2024 04 11 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Цны Цд холбогдох эрүүгийн 2435000000071 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20...... оны 10 дугаар сарын 09-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... төвд галч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн ...........сумын ......... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ш овогт Цны Ц /РД:......................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Цнь 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Цнь 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Быг зодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай “Үзүүлэгч Б.Бын биед тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын зүүн хэсгийн салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан байх тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)-ээр хохирогч Б.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Цнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Цнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.Цоггэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Ц.Ц нь миний биед хөнгөн хохирол учруулж хохиролд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг өгч хохирол барагдуулсан тул надад гомдол санал байхгүй ” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 79 дэх тал)-г үнэлээд шүүгдэгч Ц.Цээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Цнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Цнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Цнь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Цийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Цны Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Цд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ