| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0161/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000638 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, 32 дугаар брак байрны 01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 10 хоногийн хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 2 сарын хорих ял оногдуулж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 142 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 1 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 11 сар, 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 3 жил, 1 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасган 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө хянан харгалзсан, З*******
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэр, 15 дугаар сургуулийн хажууд үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар ******* нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим би дэлгүүрээс 0.5 литрийн 2 ширхэг пиво худалдаж аваад Төмөр замын 10 дугаар байрны гадаа ганцаараа сууж уучхаад дараа нь 0.33 литрийн хэмжээтэй архи дахин худалдаж аваад мөн л ганцаараа уусан. Тэгээд гэр рүүгээ харих санаатай ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн ойролцоо замын хажуугаар алхаж явтал миний өмнөөс 2 танихгүй согтуу залуу гарч ирээд намайг мөрлөсөн. Тэгээд яаж байгаа юм гээд тэндээ жаахан маргалдаж байхад малгайтай залуу нь миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед нь би юу ч хэлээгүй. Тэгээд нөгөө 2 залуу цаашаа яваад өгөхөөр нь би цаашаа зам дагаад алхаж явтал араас хөөе гэх чимээ гарахаар нь би эргээд хартал нөгөө малгайтай залуу гарандаа тэлээ ороочихсон байсан ба шууд миний эрүүний зүүн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 залууг зам дээрээс бариад авсан. Тэгээд намайг дуудаад энэ залуу таныг цохисон залуу мөн үү гэж асууж байх хооронд нөгөө залуу гараас нь мултраад зугтаасан. ...Намайг цохисон малгайтай залуу нь хар өнгийн малгайтай, хар өнгийн хүрэмтэй, саарал өнгийн өмдтэй, доогуураа пүүзтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-06/,
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 15-16/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 40 минутад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ирж жагсаж үүрэг чиглэл авч цагдаагийн дэд ахлагч хамт Дархан сумын 4, Өргөө багийн нутаг дэвсгэрт шөнийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. 23 цаг өнгөрч байхад шуурхай удирдлагын төв 102-оос Дархан сумын Өргөө баг 18-ын буудлын харалдаа зам шалгуулах зүйл байна гэж станцаар зарлан мэдээлсний дагуу очиж шалгахад 25-30 орчим насны залуу дөнгөж сая 20-25 орчим насны хоёр залуу намайг зодчихлоо, одоо тэр зам гарч байна гэж заасан, тэгэхээр нь зам гарч байсан хоёр залууг араас нь очиж шалгахад *******, гэгч залуучууд байсан. Тэгээд тухайн хоёр залуугийн биед үзлэг хийхэд ******* нь өмднийхөө арын халаасанд тэлээгээ ороогоод хийчихсэн байсан. ******* нь санаандгүй маргалдсан уучлаарай гээд нөгөө цохиулсан гэх залуугаас уучлалт гуйсан. Нөгөө зодуулсан гэх залуу гомдолтой гэхээр нь эргүүлийн 131 пролтой станцтай эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч хүлээлгэн өгөх гээд машин дуудтал Цогтбаяр гэх залуу “Сутай” баарны тийшээ зугтаасан. Тэгээд араас нь би хөөгөөд брак байрны тэнд очоод алдчихсан. Тэгээд эргэж ирээд үлдсэн нөгөө залуу Сансар гэгчийг эргүүлийн офицер дэслэгч хүлээлгэн өгсөн. Тухайн зодуулсан гэх залуу эрүү хэсэг нь хавдсан өөрөө амандаа хуруугаа хийгээд цус гаргаж харуулж байсан өөр зодуулсан шарх сорви бол харагдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед фэйсбүүкээр видео калл хийхэдтай хамт байсан, ингээд тэр хоёр манай дүү ирсэн ба би архи уугаад тасарчихсан. Ингээд орой 18 цагийн үед фэйсбүүкээр Цогтбаяр руу залгахад “Жаспер буудалд 502 тоотод байна” гэхээр нь би ганцаараа очиход , нар болон 2 үл таних эмэгтэй нартай хамт байсан ба тэнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэй буудлын гадаа муудалцаад зодолдсон ба зүүн хацраас нь цус гарсан байсан. Ингээд хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна, Цогтбаяр бид хоёрыг Шүтээн буудалд хүргэж өгчхөөд Цогтбаяр намайг гэрт хүргэж өгөх гээд төв зам дагуу 01-02 цагийн үед бид хоёр алхаад явж байхад үл таних согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байсан тул Цогтбаяр түүний нүүр хэсэг рүү нэг удаа цохисныг би харсан, тухайн хүн газар унасан зүйл байхгүй ба би тухайн хүнээс салгаад аваад явсан. Ингээд Цогтбаяр бид хоёр Шүтээн буудал руу алхаж байгаад намайг хүргэж өгнө гээд байхаар нь буцаад төв зам дагуу алхаж байхад цагдаа нар зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1068 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр: “******* биед зүүн эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 35-36/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч Г.Төрмөндах: “...эмчилгээний төлбөр баримттай 660,000 төгрөгийг, баримтгүй 2,000,000 гаруй төгрөг байгаа, үүнийг нэхэмжлээгүй. Эв эе эдүкон ХХК-д угсралтын техникч ажилтай, 25 хоног ажилдаа явж чадаагүй тул энэ хугацааны цалин болох 3,750,000 төгрөг, нийт 4,410,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол төлбөр нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Иргэний нэхэмжпэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...хохирогч Г.Төрмандахад 2023 оны 10 дугаар сарын 23-аас 26-ны өдрийн хугацаанд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 145,000 төгрөгийн төлбөр гарсан байна. Дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь тухайн иргэнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэсэн заалтад хамаарах тул дээрх иргэний авсан тусламж үйлчилгээний төлбөр болох 145,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна” гэжээ. /хавтаст хэргийн 24/,
Улсын яллагч: “...Хохирогчоос нэхэмжилсэн 660,000 төгрөг, 25 хоногийн цалин болох 3,750,000 төгрөг, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл жишиг аргачлалын 1 дүгээр хавсралтаар хохирогч ******* гэмтлийг 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тооцож, 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэхэд нийт 2,750,000 төгрөг, нийт 660,000+3,750,000+2,750,000=7,160,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах, хохирогч цаашид эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж байгаа тул Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 145,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэжээ.
Иргэний хуулийн 497, 505, 511 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор болон сэтгэцэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.
Иймд шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 8,955,000 төгрөг гаргуулж, (эмчилгээний зардал 660,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,750,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлж, 550,000*8=4,400,000 төгрөг) хохирогч Г.Төрмандахад 8,810,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 145,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Г.Төрмандах нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь урьд өмчийн эсрэг гэмт хэрэг удаа ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.
Иймд *******ын хувийн байдал, өмнө нь удаа дараа гэмт хэрэг холбогдож ял шийтгүүлж байсан ч түүндээ дүгнэлт хийхгүй байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил, 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил, 11 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 10 /арван/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 15 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. З*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 10 /арван/ сарын хугацаанаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш гарахгүй байхаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 10 /арван/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арван/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг хорих ялын 15 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 8,955,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух -д 8,810,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс /РД:6263305, утас: 70377505/, 100900020080 тоот дансанд 145,000 төгрөг тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД