Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0124/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн” зочид буудлын 203 тоот өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ ******* буудалд үйлчлүүлээд гарахдаа орхиж явсан 910,000 төгрөгийн үнэ бүхий Вонпласс-10 маркийн гар утсыг авч завшсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз ******* хамт 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад Төмөр замд байрлах “Шүтээн” нэртэй зочид буудалд орж архи ууж хоноод маргааш өглөө нь 12 цаг өнгөрч байхад “Шүтээн” буудлаас гарахдаа өөрийн эзэмшлийн Вонплас маркийн гар утсаа гээсэн байсан. Тэгээд 03 дугаар сарын 03-ны өдөр “Шүтээн” буудал дээр очиж тухайн буудлын рецейпшнээс асуухад чи манай буудлаас гарахдаа ямар нэг гар утас үлдээгээгүй, би таны хоносон өрөөг цэвэрлэхдээ тогоочийн хамт орж цэвэрлэсэн ямар нэг эд зүйл үлдээгээгүй гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа олоогүй учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09/,

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад 16 цаг 30 минутын үед шар үстэй 40 орчим насны эмэгтэй хүн манай лангуун дээр ирээд энэ гар утасны дэлгэцийн код гаргуулах гэсэн юм гэж хэлээд надад цайвар ногоон өнгийн Вонпласс-10 маркийн гар гаргаж ирж харуулахаар нь би 10,000 төгрөгөөр гаргаж өгнө хэлэхэд надаар тухайн гар утасны дэлгэцийн кодыг гаргуулчхаад энэ гар утас ямар үнэтэй байдаг вэ гэж асуухаар нь би сайн мэдэхгүй ямар учиртай гар утас бэ гэж асуухад буудлын барьцаанд тавиад нэг сар орчим болсон, хүн нь ирж авахгүй байна тооцоогоо хийх гэсэн юмаа, би 200,000 төгрөгөөр зарна гэж хэлчхээд би найздаа үзүүлчхээд ирнэ гэж хэлээд яваад 15-20 минутын дараа нөгөө эмэгтэй буцаж манай лангуун дээр ирээд манай найз зээлээр авна гэж байна, надад бэлэн мөнгө хэрэгтэй байна, чи авах юм уу гэхээр нь би авна гэж хэлээд 90,000 төгрөг бэлнээр өгөөд 110,000 төгрөг Хаан банкны дугаарын данс руу гүйлгээний утга дээр ONEPLUS10M UTAS гэж бичээд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,

Гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15/,

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээгээний: “...Вонпласс-10 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 910,000 төгрөг байна...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь бусдын орхиж явсан эд хөрөнгийг олсон атлаа эзнийг олох буцааж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй шунахайн сэдлээр өөртөө авч завшсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Вонпласс-10 маркийн гар утсаа биет байдлаар нь хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 15/, иргэний нэхэмжлэгч 200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 57/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн ам бүлийн тоо, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******д 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД